Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 5260

 

   

 

                Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

               хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

    

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел плазад байрлах, “Скайтель” ХХК /РД: 2576376/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард аюушын 33 дугаар байр, 7 тоотод оршин суух, Шаргалжуут овогт Ундралболдын Мөнхбат /РД: ХБ87051995/-д холбогдох,

 

256 737 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,

                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Болор шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: У.Мөнхбат нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээг байгуулж дараа төлбөрт “ВС” үйлчилгээний 91900519 дугаарын эзэмшигч болсон.Гэтэл У.Мөнхбат нь гэрээний үүргээ үл биелүүлэн 91900519 дугаарын     2015 оны 9 дүгээр сарын байдлаарх 282 237 төгрөгийг төлөхгүй байгаа тул үйлчилгээг гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.7-д заасны дагуу хаасан Бид төлбөр төлөхийг сануулан мэдэгдэлийг өгч байсан боловч  өдийг хүртэл төлөөгүй байна. Иймд У.Мөхбатаас төлбөрийн үлдэгдэл болох 282 237 төгрөг үүнээс гэрээний 7 дугаар зүйлийн 7.4-д заасны дагуу барьцаа 30 000 төгрөгийг хасаад нийт 252 237 төгрөг нотариатын зардалд 4500 төгрөг нийт 256 737 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч У.Мөнхбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Скайтель компанийн нэхэмжилсэн 256 737 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Скайтель” ХХК нь хариуцагч У.Мөнхбатад холбогдуулан 256 737 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн түүний “...256 737 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбараар нотлогдож байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Скайтель” ХХК-ийн нэхэмжлэлтэй, У.Мөнхбатад холбогдох, 256 737  төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 256 737 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8 352 төгрөгийн тал хувь болох 4 176 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 4 176 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч төлөх 4 176 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Скайтель” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

                                                  ШҮҮГЧ                                    М.БАЯСГАЛАН