Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 212/МА2025/00030

 

“Г банк” ХХК-ийн Баян-Өлгий салбарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж тусгайлсан журмаар шийдвэрлэсэн, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 302/ШШ2025/00189 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч *************** тоот оршин суух, Г банкны Баян-Өлгий салбарын захирал М.М-ны нэхэмжлэлтэй, хариуцагч ************* багт үйл ажиллагаа явуулдаг, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (РД:********, дарга Н.Б )-д холбогдох,

 

“2025.01.13-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025.04.07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

            1. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн “Г банк” ХХК-ийн Баян-Өлгий салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зорилгоор тогтоосон эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

            2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.07-ны өдрийн 558 дугаар шийдвэрээр “Г банк” ХХК-ийн Баян-Өлгий салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч “Ф” ХХК, иргэн Д.Д-, С.Х-, ОХУ-ын иргэн Ю- нарт холбогдох зээлийн гэрээний төлбөр 3,100,814,531 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийн үнэ 3,100,814,531 төгрөгийг хариуцагч нар харилцан тохиролцсон хуваарийн дагуу нэхэмжлэгчид төлөх, төлбөр төлөгч нь шүүхийн энэ шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол талуудын хооронд байгуулагдсан 2020.4.23-ны өдрийн гэрээнүүдийг үндэслэж хариуцагч Д.Д-ийн өмчлөлийн 1 үл хөдлөх эд хөрөнгө, “Ж-” ХХК-ийн өмчлөлийн 6 үл хөдлөх эд хөрөнгө, 2 эзэмшил газар, “Ф” ХХК-ийн өмчлөлийн, гэрээний хавсралтад заасан 4,000,000,000 төгрөгийн үнэ бүхий бараа материал зэрэг барьцаат хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгохыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

            3. Хариуцагч “Ф” ХХК, иргэн Д.Д-, С.Х-, ОХУ-ын иргэн Ю- нар дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул нэхэмжлэгч “Г банк” ХХК-ийн Баян-Өлгий салбарын хүсэлтээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.04.25-ны өдрийн 1442 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамж гарч, мөн өдрийн 293 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн бөгөөд тэдгээрийг үндэслэж Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023.04.27-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай” 23020828 дугаар тогтоолоор хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу эхлүүлсэн байна.

 

            4. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, шүүхийн шийдвэрээр “Ф” ХХК, иргэн Д.Д-, С.Х-, ОХУ-ын иргэн Ю- нарыг хариуцагчаар тогтоосон байхад Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023.04.27-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай” 23020828 дугаар тогтоолоор төлбөр төлөгч “Ф” ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаат хөрөнгүүдийн зарим нь болох 6 үл хөдлөх эд хөрөнгө, 2 эзэмшил газрын өмчлөгч буюу эзэмшигч “Ж-” ХХК, 1 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Д.Д-, мөн  С.Х-, С.Т нар нь бүгд хариуцагч буюу төлбөр төлөгч “Ф” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн эцсийн өмчлөгчид мөн бөгөөд “Ж-” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар хариуцагч С.Х- болон ОХУ-ын иргэн, хариуцагч Ю- нар, хувьцаа эзэмшигчээр гадаадын 2, Монгол Улсын 2 хуулийн этгээд, эцсийн өмчлөгчөөр гадаадын 2 хуулийн этгээд бүртгэгдсэн нь баримтаар тогтоогджээ.

 

            5. Гүйцэтгэх баримт бичгийн үндэслэл болсон шүүхийн шийдвэрт заасан, талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар тусгасан барьцаат хөрөнгүүд болох:

1. Ү-************ тоот улсын бүртгэлийн дугаартай, ************ хаягт байршилтай, 49 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагч Д.Д-ийн өмч мөн болох нь Үл хөдлөх өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ************ дугаар гэрчилгээгээр,

2. (1) Ү-************* тоот улсын бүртгэлийн дугаартай, ******* хаягт байршилтай, 1728 м.кв талбайтай, Үйлдвэрийн /Цэмбэний үйлдвэрийн дуусаагүй барилгын складын хэсэг/ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

3. (2) Ү-********* тоот улсын бүртгэлийн дугаартай, ************* хаягт байршилтай, 1728 м.кв талбайтай, Үйлдвэрийн /Цэмбэний үйлдвэрийн дуусаагүй барилгын складын хэсэг/ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

4. (3) Ү-********* тоот улсын бүртгэлийн дугаартай, *********** хаягт байршилтай, 1440 м.кв талбайтай, Үйлдвэрийн /Цэмбэний үйлдвэрийн дуусаагүй барилга/ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

5. (4) Ү-************** тоот улсын бүртгэлийн дугаартай, ********* хаягт байршилтай, 772 м.кв талбайтай, Үйлчилгээний, конторын зориулалттай конторын барилга, гараж үл хөдлөх эд хөрөнгө,

6. (5) Ү-************** тоот улсын бүртгэлийн дугаартай, ************** хаягт байршилтай, 363 м.кв талбайтай, Шинжилгээний зориулалттай дез камерын цогцолбор барилга үл хөдлөх эд хөрөнгө,

7. (6) Ү-********** тоот улсын бүртгэлийн дугаартай, ************ хаягт байршилтай, 5786 м.кв талбайтай, Үйлдвэр, үйлчилгээний зориулалттай ноос угаах, утас ээрэх үл хөдлөх эд хөрөнгө,

8. (7) ************ нэгж талбарын дугаартай, *************** баг, /хуучин цэмбэний үйлдвэрийн агуулах/ хаягт байршилтай, 30795 м.кв талбайтай, Үйлдвэрийн зориулалттай эзэмшил газар,

9. (8) ************ нэгж талбарын дугаартай, ************** баг, /хуучин цэмбэний үйлдвэрийн агуулах/ хаягт байршилтай, 5441 м.кв талбайтай, Үйлдвэрийн зориулалттай эзэмшил газар зэрэг нь хариуцагч С.Х- болон ОХУ-ын иргэн Ю- нар гүйцэтгэх удирдлагаар нь бүртгэгдсэн “Ж-” ХХК-ийн өмч мөн болох нь 000*******, 000*********, 000******, 000******, 000*********, 000********** дугаартай Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, 000*******, 000******* дугаартай Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тус тус тогтоогдсон байна.

 

Харин Г банкны Баян-Өлгий аймаг дахь салбар болон “Ф” ХХК хооронд 2020.04.23-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээний зүйл болох тухайн гэрээний хавсралт 1-т тусгагдсан гэх бараа материалын талаар хэрэгт баримт авагдаагүй, зөвхөн дээрх гэрээ /хавсралтгүй/ болон “Ф” ХХК-ийн 154 тн угаасан ноосыг талуудыг байлцуулан бусдад худалдан борлуулсан талаарх Г банкны /хэргийн 1 дүгээр хавтасны 197-198 дахь тал/ болон Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын /мөн хавтасны 202, 203 дахь тал/ албан бичиг зэрэг баримтуудыг хэрэгт хавсаргасан байжээ.

           

            6. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх явцад төлбөр авагчтай шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах тухай гэрээ байгуулсан, С.Т, С.Х-, Д.Д- нарын гадаадад зорчих эрхийг нь түр түдгэлзүүлж зарим төлбөр төлөгч нарт эрх үүргийг нь танилцуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх мэдэгдэл гардуулсан, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан эд хөрөнгүүдийг битүүмжлэх, эд хөрөнгө хураах ажиллагааг явуулах тухай тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2024.12.18-ны өдрийн 23020828/03 дугаартай хоёр тогтоол, 2024.12.19-ний өдрийн 23020828/04 дугаартай хоёр тогтоол гарсны дараа шийдвэр гүйцэтгэгч тэдгээр хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах зорилгоор тухайн эд хөрөнгүүдийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг авахаар 2024.12.20-ны өдөр С.Х-, Д.Д-, С.Т болон төлбөр авагч Г банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт тус тус хүргүүлж, энэ талаар тэмдэглэл хөтөлсөн үйл баримт тогтоогджээ.

 

            7. Дээрх албан бичгийн дагуу төлбөр төлөгч “Ф” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг  хангуулахаар барьцаалсан 6 үл хөдлөх эд хөрөнгө, 2 эзэмшил газар бүхий эд хөрөнгүүдийн үнийн талаар тус компанийн хувьцаа эзэмшигч гишүүд болох С.Т, С.Х-, Д.Д- нар 2024.12.20-ны өдөр хуралдаж тухайн хөрөнгүүдийг 2,0 сая ам.доллараар үнэлсэн тухай тэмдэглэл гүйцэтгэх баримт бичгийн хувийн хэрэгт авагдсан ба тухайн хуралд компанийн хувьцаа эзэмшигч бөгөөд эцсийн өмчлөгч “Ж-” ХХК-ийн гүйцэтгэх захирал ОХУ-ын иргэн Ю- оролцоогүйн дээр “Ф” ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд эцсийн өмчлөгч Д.Д- хурлын тэмдэглэл болон тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын мөн өдрийн 2024/02 дугаар тогтоолд тус тус гарын үсэг зураагүй үйл баримт тогтоогджээ.

Харин төлбөр авагч Г банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас төлбөр төлөгч “Ф” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар барьцаалсан дээрх 6 төрлийн үл хөдлөх эд хөрөнгө, 2 эзэмшил газрын нийт үнэлгээний талаар 1,843,524,319 төгрөгт тооцож саналаа 2024.12.23-ны өдрийн 18/01-0781 дугаар албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсэн байна.

 

            8. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар төлбөр төлөгч “Ф” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан дээрх 8 төрлийн үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлэх талаар шийдвэр гүйцэтгэгч Ч.Ж-ийн 2024.12.27-ны өдөр үйлдсэн тэмдэглэлд  “барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд хөндлөнгийн шинжээч томилох шаардлага гарсан” гэж дурдаж, түүний 2024.12.27-ны өдрийн 23020828/06 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасныг үндэслэж дээрх хөрөнгүүдийг үнэлэх шинжээчээр Г.Отгонбаярыг томилсон бөгөөд хуулийн мөн хэсэгт заасан чухам аль үндэслэлээр тэдгээр хөрөнгийг үнэлэх болсон талаарх үндэслэлийг Шинжээч томилох тухай тогтоолд тусгаагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсгийн холбогдох заалтыг баримтлаагүй байна.

 

            9. Харин шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн буюу хураагдсан хөрөнгийн үнэлгээний талаар оролцогч талууд, тухайлбал төлбөр төлөгч 2,0 сая ам.доллар буюу 6,876,000,000 төгрөг, төлбөр авагч 1,843,524,319 төгрөг гэж илт зөрүүтэй санал гаргасан, барьцаалсан эд хөрөнгийн онцлогоос шалтгаалж шийдвэр гүйцэтгэгч тухайн 8 төрлийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг бие даан үнэлэх, зах зээлийн үнийг тогтооход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь тухайн эд хөрөнгүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсгийн 55.2.2 /үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө/, 55.2.6 /шийдвэр гүйцэтгэгч талуудын саналыг харгалзан бие даан үнэлэх, зах зээлийн үнийг тогтооход хүндрэл учирсан бусад эд хөрөнгө/ дахь заалтад зааснаар хөрөнгийн үнэлгээчнээр буюу хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхээр тогтоосон байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

            10. Гэтэл “Ф” ХХК-ийн 2024.12-20-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тэмдэглэл болон мөн өдрийн 2024/02 дугаар тогтоолоос харвал /хэргийн 2 дугаар хавтасны 7-11 дэх тал/ тус тэмдэглэл болон тогтоолд хувьцаа эзэмшигч буюу эцсийн өмчлөгч Д.Д- гарын үсэг зураагүй, тухайн хуралдаанд тус компанийн хувьцаа эзэмшигч буюу эцсийн өмчлөгчдийн нэг болохын хувьд, түүнчлэн тухайн хөрөнгүүдийн өмчлөгчийнх нь хувьд “Ж-” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага буюу төлөөллийг /ОХУ-ын иргэн Ю, 2019.09.11/ зохих журмын дагуу оролцуулаагүй, тэмдэглэлд тэдгээрийн санал, дүгнэлтийг тусгаагүй учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн энэ талаарх үйл ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгчийн буюу өмчлөгчийн саналыг харгалзсан буюу хуульд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

            11. Нэгэнт төлбөр төлөгч “Ф” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан 8 төрлийн үл хөдлөх хөрөнгийн төлбөрт тооцогдох үнэлгээний талаарх тухайн хуулийн этгээдийн “2,0 сая ам.доллар буюу 6,876,000,000 төгрөг” гэсэн санал нь хуулийн хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсон учраас шийдвэр гүйцэтгэгчийн 2024.12.27-ны өдрийн 23020828/06 дугаар шинжээч томилох тухай тогтоолын үндэслэл болсон “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө” гэсэн хууль зүйн факт буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсгийн 55.2.2 дахь заалтад заасан барьцаат хөрөнгийг хөндлөнгийн үнэлгээчнээр үнэлүүлэх хууль зүйн үндэслэл хангалттай тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд, барьцаа хөрөнгийн өмчлөгч нарын тухайн хөрөнгийн үнэлгээний талаарх саналыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу, хуульд заасан шаардлагыг хангуулж аваагүй тохиолдолд тухайн хөрөнгүүдийг хөндлөнгийн шинжээч, үнэлгээчнээр үнэлүүлсэн үйл ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хангах тухай мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан зарчмуудад нийцсэн гэж үзэх үндэслэлгүй болно.

            Иймд төлбөр төлөгчийн барьцаалсан эд хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгч болон өмчлөгчийн саналыг зохих журмын дагуу авахгүйгээр үнэлүүлсэн шийдвэр гүйцэтгэгчийн 2024.12.27-ны өдрийн 23020828/06 дугаар шинжээч томилох тухай тогтоол буюу үйл ажиллагаа хуульд нийцээгүй учраас түүнийг үндэслэж гаргасан “Ж-” ХХК-ийн өмчлөлийн, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээний тайланг хууль ёсны байх шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

            12. Мэргэшсэн үнэлгээчин Г.Отгонбаярын 2025.01.13-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тухай мэдэгдэл бүхий, “Ж-” ХХК-ийн өмчлөлийн (1) Ү-0******** тоот улсын бүртгэлийн дугаартай, ************ хаягт байршилтай, 1728 м.кв талбайтай, Үйлдвэрийн /Цэмбэний үйлдвэрийн дуусаагүй барилгын складын хэсэг/ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, (2) Ү-********** тоот улсын бүртгэлийн дугаартай, ********* хаягт байршилтай, 1728 м.кв талбайтай, Үйлдвэрийн /Цэмбэний үйлдвэрийн дуусаагүй барилгын складын хэсэг/ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, (3) Ү-********** тоот улсын бүртгэлийн дугаартай, *********** хаягт байршилтай, 1440 м.кв талбайтай, Үйлдвэрийн /Цэмбэний үйлдвэрийн дуусаагүй барилга/ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, (4) Ү-************* тоот улсын бүртгэлийн дугаартай, ************* хаягт байршилтай, 772 м.кв талбайтай, Үйлчилгээний, конторын зориулалттай конторын барилга, гараж үл хөдлөх эд хөрөнгө, (5) Ү-*********** тоот улсын бүртгэлийн дугаартай, ************** хаягт байршилтай, 363 м.кв талбайтай, Шинжилгээний зориулалттай дез камерын цогцолбор барилга үл хөдлөх эд хөрөнгө, (6) Ү-********** тоот улсын бүртгэлийн дугаартай, ************ хаягт байршилтай, 5786 м.кв талбайтай, Үйлдвэр, үйлчилгээний зориулалттай ноос угаах, утас ээрэх үл хөдлөх эд хөрөнгө зэргийг мөн өдрийн байдлаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн шинж чанар, онцлогийг үндэслэн худалдан борлуулах зах зээлийн үнийг 12,772,388,985 төгрөгөөр тогтоосон үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан зарим шаардлагыг хангаагүй бөгөөд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй байна.

 

            13. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээний тайлан нь үнэлгээний зүйлийн үнэ цэний талаар бодит ойлголт өгөхөөр бэлтгэгдсэн байх ба мөн зүйлийн 8.2 дахь хэсгийн 8.2.3 дахь заалтад зааснаар хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх шаардлага тавигдана. Түүнчлэн мөн зүйлийн 8.3 дахь хэсгийн 8.3.6-т зааснаар хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолт, 8.3.7-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаарх мэдээлэл, 8.3.9-т зааснаар хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэлээс гадна 8.3.11-т зааснаар хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэний талаар мэдээлэл үнэлгээний тайланд бүрэн тусгагдсан байх шаардлагатай.

 

            Гэтэл хөрөнгийн үнэлгээчин буюу шинжээчийн 2025.01.13-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тухай мэдэгдэл бүхий “Ж-” ХХК-ийн өмчлөлийн 6 үл хөдлөх эд хөрөнгөд мөн өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ хийсэн тайлангаас үзвэл, үнэлж буй хөрөнгийн шинж байдлын талаар тодорхойлолтыг хөрөнгө тус бүрээр ялгамжтай тусгаагүй, 6 төрлийн үл хөдлөх эд хөрөнгийн талаар “зарим барилга нь гүйцэд баригдаж дуусаагүй, үзлэгийн үеэр бүх биет хөрөнгүүд зориулалтын дагуу ашиглагдаагүй, цэвэр, бохир, цахилгаан, халаалт зэргийг зогсоон, тасалсан байсан” гэж тэдгээр хөрөнгүүдийн хувийн онцлог, шинж байдлыг  ерөнхий байдлаар нь тодорхойлж, үнэлгээг гаргахдаа хөрөнгө тус бүрээр ялгамжтай харгалзаж үзээгүй, тайлангийн “Өртгийн хандлагаар тооцооллын элэгдлийн тооцоо” гэх Хүснэгт 4-9-ээс үзвэл, үнэлж буй 6 төрлийн үл хөдлөх эд хөрөнгийн чухам аль хөрөнгө нь тус тусдаа ямар үнэлгээтэй болох нь тодорхойгүй, тайлангийн эхний нүүрэнд 5 төрлийн үл хөдлөх эд хөрөнгө, 2 төрлийн эзэмшил газрын үнэлгээний тайлан гэж тусгаж “барилгыг газрын хамтаар обьектоор нь бүхэлд нь үнэлсэн” гэж хөрөнгийн үнэ цэнийг тооцоолсон боловч “Ж-” ХХК-ийн өмчлөлийн 6 төрлийн үл хөдлөх эд хөрөнгө, 2 эзэмшил газрыг үнэлэхдээ эзэмшил газрын хэмжээ, хөрөнгийн үнэлгээний зүйлийн өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаарх мэдээллийг хэрхэн харгалзаж үзсэн нь тайланд тодорхой тусгагдаагүй байна.

           

14. Шинжээч үнэлгээчнээс дээрх хөрөнгүүдийн үнэ цэнийг тооцохдоо өртгийн хандлагаас гадна зах зээлийн хандлагын аргыг хослуулан хэрэглэсэн бөгөөд нээлттэй зах зээлд худалдан борлуулахаар нийтэд зарласан, үнэлгээний тооцоололд ашиглаж болох буюу үнэлж буй хөрөнгөтэй ойролцоо байршилтай, хийц бүтээц болон зориулалт, хэмжээний хувьд ижил төстэй эд хөрөнгийн үнийн мэдээлэлд дүнд шинжилгээ хийж, харьцуулан үнэлгээ тогтоох байтал “Ж-” ХХК-ийн өмчлөлийн 6 төрлийн, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2 төрлийн эзэмшил газартай нь хамт зах зээлийн хандлагаар нь үнэлж, үнэ цэнийг нь тогтоохдоо бүрэн дуусаагүй, үйл ажиллагаа явуулахад бэлэн бус, засвар үйлчилгээ шаардлагатай Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг байршлын хувьд өөр, хийц бүтээц болон зориулалтын хувьд ойролцоо төрлийн хөрөнгүүд эсэх нь тодорхойгүй, Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт байршилтай, үйл ажиллагаа явуулахад бэлэн гэх 3 төрлийн үл хөдлөх эд хөрөнгүүдтэй харьцуулж үнэлсэн нь зах зээлийн хандлагаар үнэлж буй эд хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлох аргачлалд нийцсэн буюу үнэлж буй хөрөнгийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх шаардлагыг хангасан гэж үзэхэд эргэлзээтэй байна.

 

Иймээс энэ талаар нэхэмжлэгч Г банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан “үнэлгээний тайлан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-д заасан шаардлагыг хангаагүй учраас хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй бөгөөд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах хууль зүйн үндэслэлтэй.

 

15. Төлбөр авагч Г банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын, тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор томилогдсон шинжээчийн хөрөнгийн үнэлгээний 2024.01.13-ны өдрийн тайлангийн талаар Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2025.01.15-ны өдөр мэдэгдсэн даруйд буюу 2025.01.17-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул гомдлыг хүлээн авч, мэргэшсэн үнэлгээчин Г.Отгонбаярын “Ж-” ХХК-ийн өмчлөлийн 6 төрлийн, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2 төрлийн эзэмшил газартай нь хамт 12,772,388,985 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг дээрх үндэслэлүүдээр хүчингүй болгож шийдвэрлэв.

 

16. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар Г банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан гомдол, давж заалдах гомдол нь тус тус тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь заалтаар нэхэмжлэгчид буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 302/ШШ2025/00189 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Г банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, мэргэшсэн үнэлгээчин Г.Отгонбаярын “Ж-” ХХК-ийн өмчлөлийн 6 төрлийн үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2 төрлийн эзэмшил газартай нь хамт 12,772,388,985 төгрөгөөр үнэлсэн 2025.01.13-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээж авсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалт, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн 100020000941дугаар данснаас буцаан гаргуулж, Г банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ магадлал шүүхийн эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                           Ж.ОТГОНХИШИГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      С.ӨМИРБЕК