| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2019/0631/Э |
| Дугаар | 664 |
| Огноо | 2019-08-28 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 664
2019 08 28 2019/ШЦТ/664
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж, шүүгч С.Батгэрэл, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
иргэдийн төлөөлөгч М.Наранцэцэг,
улсын яллагч Ц.Батбямба,
шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Даваажаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Жамсрангийн Бавууд холбогдох эрүүгийн 1911016890689 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1959 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Төв аймагт төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 9-113 тоотод оршин суудаг,
-урьд 1984 онд Улаанбаатар хотын Октябрийн районы ардын шүүхийн 194 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн Б-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 1985 оны 06 дугаар сарын 24-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Бовогт Ж Б /РД:........../,
Шүүгдэгч Ж.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 9-113 тоотод байх өөрийн байшин дотор хохирогч Л.Доржтой үл ялих зүйлээр шалтаглан маргаж улмаар түүний цээжин тус газар нийт 18 см урттай, хутганы бариул хэсэг нь 9 см урттай, ажлын хэсгийн урт 9 см урт, шовх үзүүртэй, хар өнгийн бариултай хутгаар хутгалж алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй хийсэн хэрэгтээ гэмшиж байна, нас болон биеийн байдлыг минь харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү гэх,
шүүгдэгч Ж.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Болсон асуудлыг бол би бүдэг бадаг л санаад л байна. Өглөө Доржтой цуг тал шил архиа уучихаад Дорж жорлон ороод ирье гэж хэлээд гарсан бөгөөд ирэхгүй болохлоор нь би хүлээж байгаад жорлон руугаа очсон. Чи амьд уу жорлонд уначихсан юм биш биз дээ гээд хаалгыг нь онгойлгож үзсэн чинь хүнгүй байсан. Хашааны хаалгаа онгойлгоод харсан чинь гудамжинд хүнгүй байсан. Ингээд буцаад гэр рүүгээ орчихоод байж байсан. Хэсэг хугацааны дараа Дорж өөр 1 залуугийн хамтаар орж ирсэн байсныг санаж байна. Тухайн үед би яг хаана байснаа санахгүй байна. Байшин руугаа орсон юм шиг байгаа юм. Ингээд нохой хуцахлаар нь зуны амбаар руугаа ороход Дорж 1 зүс таних залуутай байж байсан. Дорж намайг архиа гаргаад ир гэж хэлж байсан шиг санагдаж байна. Ер нь бол бүдэг л санаж байна. Би архиа гаргаж ирсэнээ санахгүй байна. Нэг харахад архиа ширээн дээр гаргаад тавьчихсан байсан. Яг юунаас болж маргалдсанаа бол сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд л би Доржийг 1 удаа хутгалж байснаа санаж байна. Тэр үедээ би Доржийг айлгая гэж л бодсон юм. Би тэр үед Доржийн цуг явсан залуу нь цус гараад байнаа гэж хэлэхэд харчихаад хавирга хэсэгт нь л хутгалсан байх гээд нэг их тогоогүй. Тэгээд надаас айгаад явчихлаа даа гэж бодоод л өнгөрсөн бөгөөд үлдсэн архиа ганцаараа уучихаад гэртээ орсон. Ингээд би тасарчихсан байсан ба нэг сэргээд харахад эрүүлжүүлэхэд байсан юм...”, “...Тэр хутгалсан хар өнгийн иштэй хутга бол манай гэрийн хутга байгаа юм. Би тэр хутгыг зуны амбаарын “Дуковка” дотор байхад нь авч байсан. Харин одоо бодоод байхад би хутгыг аваад зүүн хөлийнхөө оймсонд хийчихсэн байсан юм байна. Тэрнийгээ гаргаж ирж л хатгасан юм байна. Надад бол хүнийг санаатай алах санаа зорилго байгаагүй. Тухайн үедээ архи уусан согтуу байсан. Доржийг айлгах санаатай л хутгалсан юм. Би өөрөө зүүн хөл маань муу учраас таягтай явдаг. Намайг хүмүүс дээрлэхэх гээд байдаг болохоор оймсондоо хутгатай явдаг байсан. Хүмүүст дээрэлхүүлэхгүй гэж л боддог байсан. Би ер нь багын шартай хүүхэд байсан. Тэгээд дээрэлхүүлээд байх дургүй учраас л хутга авч явж байсан ...” гэх /хх-ийн 90-92х/ гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Даваажаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би ажил дээрээ байсан учраас сайн мэдэхгүй байна. Өглөө намайг ажилдаа явахад манай нөхөр архи уугаагүй эрүүл байсан. Манай нөхөр тухайн өдөр архи уух төлөвлөгөө байгаагүй, мөнгө байгаагүй өөрийнхөө автобусны карт авах ажил хөөцөлдөнө гэж үлдсэн. Тухайн өдөр 14-15 цагийн хооронд миний утас дуугарч миний нөхрийг нас барсан тухай мэдэгдсэн. Өөр надад хэргийн талаар нарийн мэдэх зүйл байхгүй...” гэх
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Даваажаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр намайг ажил дээрээ байж байхад миний өөрийн утас руу манай гудамжны үзүүр дээр байдаг “Энэрэл” нэртэй дэлгүүрийн худалдагч гэх эмэгтэй утсаар залгаж “эгчээ Дорж ах нас барчихлаа. Бавуу гэдэг хүн хутгалаад алчихлаа” гэж хэлсэн. Би Бавуугаас нийтдээ 22,580,889 төгрөг нэхэмжилж байна. Энэ нь оршуулгын зардал болон манай талийгаачийн төлдөг байсан оюутан хүүхдийн 2 жилийн сургалтын төлбөр орсон. Үүнээс оршуулгын зардалд 9,780,889 төгрөг болсон...гэх /хх-ийн 30-34х/,
Гэрч Т.Пүрэвжав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 06 дугаар сарын 14-ны өдөр би гэртээ байж байхад 14 цагийн орчимд шиг санаж байна манай хоёр бага насны 2-6 настай хүүхдүүд хашаан дотороо тоглож байгаад хашааны гадаа гарахад “хашааны үүдэнд хүн үхсэн байдалтай, цус гарсан хүн дээшээ хараад хэвтэж байна” гэж хэлсэн юм. Тэр үед гудамжинд танихгүй эрэгтэй хүн нас барсан байдалтай, дэргэд нь нэг эрэгтэй хүн зогсож байсан. Харин тэр хажууд нь зогсож байсан эрэгтэй хүн Бавуу хатгачихлаа гэж надад хэлсэн...гэх /хх- ийн 39х/,
Гэрч Т.Ишчунт мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “....Ах бид хоёр хашаанаас гарах үед хажууд нь 50 орчим насны халамцуу архи уучихсан хүн байсан ба манай ах тэр хүнээс яасан юм бэ гэж асуусан чинь Бавуу хутгалчихсан гэж хэлсэн. Би талийгаач руу дөхөж очих үед футболк нь цээжний дээд хэсэг хүртлээ сөхөгдсөн, цээжний зүүн талын хэсэг жижиг зураас шиг шарх байсан ба цус гоожиж байсан...гэх /хх-ийн 40-42х/,
Гэрч Д.Төмөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Бавуу нааран дээр суугаад оймсоо ухаад байх шиг байсан. Тэгээд босоод үүдэнд байсан хөгжмийн залгуурыг татаж салгаад эргэж ирээд талийгаач Доржийн цээжний зүүн хэсэгт нь цохих шиг болсон. Тэр үед нь би харсан чинь Бавуугийн гарт жижиг хар өнгийн иштэй, төө орчим урттай хутгатай байсан. Би тэр үед талийгаач руу харсан чинь талийгаачийн цээжний хэсэг цус болчихсон байхаар нь Доржоо чамайг хутгалчихлаа ш дээ гэж хэлсэн...”, гэх /хх-ийн 35-38х/,
Гэрч Д.Энхжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 11 цаг 40 минутын орчимд байсан болов уу гэж бодож байна...”,”...Тэр өдөр бээлийгээ оёчихоод 3 дугаар хорооллын эцэст байх үйлдвэрт хүргэж өгөх санаатай уутанд хийгээд аваад гарсан. Намайг гэрээс гарч байх үед хашааны үүдэнд талийгаач Дорж болон манай нөхөр Ж.Б нар орж ирж таарсан. Би нөхөртөө бээлийгээ аваачиж өглөө шүү гэж хэлээд гараад явсан. Ажлаа амжуулчихаад 14 цаг 40 минутын үед гэртээ буцаж ирсэн чинь манай гэрт цагдаа нар ирчихсэн байсан…”, “...Би тэр хураагдсан хар өнгийн иштэй хутгыг хурааж авах үед нь харж байсан. Тэр хутга нь манай гэрийн ногоо арилгадаг хутга байгаа юм. Манай гэрийн хоолны шүүгээн дотор л байдаг байсан...”, “...би урьд нь манай гудамжны үзүүр дээр байдаг “Энэрэл” гэх дэлгүүр ороход дэлгүүрийн худалдагч болох Саруул гэдэг охин надад 2-3 удаа “танай нөхөр Бавуу шөнө ирж үүд нүдээд байсан. Архи өгөхгүй болохоор хутга гаргаж ирээд үзүүлээд байдаг гэж хэлсэн. Би өөрөө хараагүй болохоор тэрэнд нь итгээгүй. Тэр үед байнга согтуу байдаг байсан гэсэн. Оймсондоо хутгаа нууж явдаг гэж хэлсэн байсан...гэх /хх-ийн 51-52х/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05х/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-14х/,
Талийгаачийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 15-18х/,
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 18 см урттай хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, хутгыг эд мөрийн баримтаар тооцуулсан тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 26х/,
Шүүгдэгч Ж.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 98х/,
Чингэлтэй дүүргийн Засаг даргын оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 101х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №7447 дугаартай шинжээчийн дүгнэлт:
-Ж.Бгийн биед зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал, зүүн дал, зүүн тохойд зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх /хх-ийн 126х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №1342 дугаартай шинжээчийн дүгнэлт:
-Талийгаач Л.Дорж нь цээжний зүүн хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс, зүрх гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цус алдаж үнхэлцэг хальсны хөндийд цусан хураа үүсч зүрх чихэлдэн агшилтгүй болсоны улмаас гэнэт нас баржээ. 2019 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 02 цаг 20 минутын үед хийсэн цогцосны гадна үзлэгээр талийгаач нь нас бараад 12-14 цаг болсон байна.
Талийгаачийн цогцост цээжний зүүн хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс, зүрх гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх дагзанд шарх, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
Эдгээр гэмтлээс цээжний зүүн хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс, зүрх гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүснэ. Дагзны шарх, зүүн тохойд зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр тус бүрдээ нэг удаагийн үйлдлээр үүснэ.
Дээрх гэмтлүүд нь талийгаачийг амьд үед үүсчээ.
Цээжний зүүн хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс, зүрх гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл учирсны дараа идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй.
Талийгаачийг үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
Талийгаачийн цогцос бусадтай тэмцэлдсэн гэхээр гэмтэл тогтоогдсонгүй.
Талийгаачийн цогцсыг зөөвөрлөсөн байхаар шинж тэмдэг илэрсэнгүй.
Химийн шинжилгээгээр цусанд 2,7 промилли, ходоодны шингэнд 5,4 промилли, шээсэнд 2,9 промилли спиртийн зүйл илэрсэн байх ба талийгаач нь нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ. Талийгаач нь гуравдугаар бүлгийн цустай байна...” гэх /хх-ийн 130-131х/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын №879 дугаартай дүгнэлт:
Ш.Бавуу нь сэтгэцийн ямар нэг өвчингүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг болох үед сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг үгүй, хэрэг хариуцах чадвартай байна. /хх-ийн 136-137х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээч ахмад Г.Ганзоригийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №3333 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн майканд 10, өмдөнд 1, хуучин урагдалт, цооролт, элэгдэлт байна. Цагаан өнгийн майкны энгэрийн зүүн хэвлий орчимд 16мм хэмжээтэй шинэ зүсэгдэлт байна. Хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд гарсан эсэхийг тогтоох боломжгүй... гэх /хх-ийн 146х/,
Шүүгдэгч Ж.Бгийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 164-180х/,
Хохирогч Л.Доржийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 181-193х/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 197х/,
1984 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №194 таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 200-201х/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, гэж шүүх үнэлэв.
Хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Даваажаргал нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ: “...амь хохирогчийн оршуулгын зардал, болон манай оюутан хүүхдийн 2 жилийн сургалтын төлбөр нийт 22,580,889 төгрөг нэхэмжилнэ, маш их гомдолтой байна...” гэжээ. Хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй тул хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт буюу хохирлын баримтад тулгуурлан дүгнэлт хийхэд: нийт оршуулгын зан үйлд зориулан гаргасан зардал болох 5,976,460 төгрөгийн баримт энэ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Ж.Бгаас уг хэмжээгээр хохиролыг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөгч Д.Даваажаргалд олгох нь зүйтэй байна. Харин бусад нэхэмжилж буй хохирлын баримт хэрэгт авагдаагүй байх тул Д.Даваажаргал нь холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Ж.Б нь хөдөлмөрийн чадвар 70 хувь алдалттай гэртээ ганцаараа хаалга нь түгжээтэй байхад зөвшөөрөлгүй Л.Дорж болон Төмөр нар нь орж ирсэн. Тэгээд хэргийн нөхцөл байдлыг аваад үзэхэд зүйлчлэлийн хувьд хохирогч нь айлын гэрт нэвтрэн орж ирсэн, архи шаардах болон хөгжим сонсоно, сонсохгүй гэх мэтээр зүй бус үйлдэл гаргаснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд зааснаар Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэснээр зүйлчилж өгнө үү ...” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №1342 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “... талийгаачийн цогцос бусадтай тэмцэлдсэн гэхээр гэмтэл тогтоогдсонгүй...” “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №7447 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Ж.Бгийн биед зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал, зүүн дал, зүүн тохойд зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...”, “...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” Шүүх сэтгэц эмгэг судлалын №879 дугаартай дүгнэлтэд “...Ш.Бавуу нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг болох үед сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг үгүй, хэрэг хариуцах чадвартай байна...”, “...Химийн шинжилгээгээр цусанд 2,7 промилли, ходоодны шингэнд 5,4 промилли, шээсэнд 2,9 промилли спиртийн зүйл илэрсэн байх ба талийгаач нь нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ...” гэх дүгнэлт мөн шүүгдэгчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлгээр хохирогч нь шүүгдэгчид ямар нэг байдлаар өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан зүйл нотлогдохгүй , няцаагдаж байх тул хүлээн авах боломжгүй гэж шүүх үзлээ.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөртэй зэргийг харгалзан эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 10 жил хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 18 см урттай, хутганы бариул хэсэг нь 9 см урт, ажлын хэсгийн урт 9 см урт, шовх үзүүртэй, хар өнгийн бариултай 1 ширхэг хутгыг шүүгдэгч Ж.Б нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Ж БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бг 10 /арван / жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгч Ж.Бгаас нийт 5,976,460 /таван сая есөн зуун далан зургаан мянга дөрвөн зуун жаран мянга/ төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 9-122 тоотод оршин суух бүртгэлтэй Д.Даваажаргал /ЦБ68071561/-д олгосугай
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Даваажаргал нь энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 18 см урттай, хутганы бариул хэсэг нь 9 см урт, ажлын хэсгийн урт 9 см урт, шовх үзүүртэй, хар өнгийн бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бгийн цагдан хоригдсон нийт 74 /далан дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД
ШҮҮГЧИД С.БАТГЭРЭЛ
Б.ХАЛИУН