Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 212/МА2025/00031

 

 

 

 

 

         

 

 

Ш.А-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай 

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий  шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 302/ШШ2025/00187 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ************* багт оршин суух И овогт Ш.А-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ************ багт оршин суух Ш овогт И.Ж-д холбогдох,

 

“Насанд хүрээгүй хүү А.Т-йн эрүүл мэндэд учирсан болон материаллаг хохиролд нийт 12,999,905 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, нэхэмжлэгч Ш.А-, хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайып, орчуулагч М.Нурасыл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга:     

1.1. Миний хүү болох А.Т- нь Өлгий сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 10 дугаар ангид суралцдаг. Насанд хүрээгүй хохирогч болох миний хүү А.Т- нь 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өглөө 08 цагт сургууль руугаа хичээлдээ явсан. Хичээлд сууж байх хугацаанд 11 цаг 45 минутын үед тус сургуулийн 9 дүгээр ангийн сурагч С.Е- сургуулийн орчинд хүү А.Т-йн нүүрэн тус газарт өшиглөсний улмаас түүний биед тархины доргилттой, дээд эрүүний үүдэн баруун талын 1 үүдэн шүд тал нь хугарсан, 2 дахь үүдэн шүд сэтэрч эмаль (хатуу хальс) хугарсан, доод эрүүний 1 үүдэн шүд сэтэрч эмаль (хатуу хальс) хугарсан, доод ба дээд уруулд хавантай, доод тал хэгзэрсэн гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн нотлогдсон.

1.2. Энэ хэргийн улмаас өсвөр насны яллагдагч С.Е-ыг Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2313001120324 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол гаргаж, яллагдагчаар мэдүүлэг авч мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн.   

1.3. Дараа нь Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаартай прокурорын тогтоолоор өсвөр насны яллагдагч С.Е- гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Мөн насанд хүрээгүй хохирогч А.Т- нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан материаллаг хохирлоо хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан иргэний журмаар шүүхэд хандаж нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан байна.   

1.4. Харин хариуцагчаас сэтгэл санааны гэм хорд 5,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.А- миний бие Иргэний хуулийн 505, 506 дугаар зүйлүүдэд зааснаар миний хүүгийн эрүүл мэндэд учирсан болон материаллаг хохиролд нийт 12,999,905 төгрөгийг нэхэмжилж байна.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Миний бие өсвөр насны яллагдагч С.Е-ы хууль ёсны төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгч Ш.А-ын хүү Т-йг зөвхөн миний хүү зодоогүй, тухайн үед олон хүүхэд байсан юм. Үүнийг цагдаагийн байгууллага бүрэн шалгаагүй учраас зөвхөн миний хүүг л яллагдагчаар татаж, насанд хүрээгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.

2.2. Энэ үйл явдал 2023 оны 6 дугаар сарын 25-ны өдөр болсон. Миний хүү Зайд сургуульд 9 дүгээр ангид сурдаг. Тухайн өдөр бүлэг хүүхдүүдийн зодоон болсон. Өглөөний 10 цагийн үед 40-өөд хүүхэд зодолдсон. Зодооныг багш нар очиж салгаж авсан байна. Ганц нэхэмжлэгчийн хүүхдийг зодоогүй. Миний хүүхэд бас зодуулсан. Хохирогч хүүхдийн цээжин тус газраас Н- өшиглөж газарт унагаж Е- өшиглөж өөр нэг хүүхэд цээжин тус газраас өшиглөсөн гэж ярьдаг. Миний хүүхэд гэмтэж ирсэн. 40-өөд хүүхдийн зодооныг ганц миний хүүгээс болсон гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.3. Нэхэмжлэгчийн хүү А.Т-йн шүдийг С.Е- ганцаараа хугалаагүй 5 дугаар сургуулийн хүүхдүүд хоорондоо бүлэглэн зодолдсон байсан бөгөөд тухайн үед миний хүүхдийг л хэрэгт холбон шалгаж байсан. Нийтдээ 40 гаруй хүүхэд зодолдсон байх бөгөөд А.Т-йг бүлэглэж зодсон 5 хүүхдийн эцэг эхийн хамт бид уучлалт хүсэхээр гэрт нь очсон байсан. Тэр үед тус сургуулийн багш нийгмийн ажилтан А, багш Г, багш Ж, багш М, багш Е, багш Н нар эцэг эхчүүдийн хамт хохирогчийн гэрт очиж уучлалт гуйж хэлсэн. Тэр үед хохирогчоос 4 сая төгрөг нэхэмжилсэн байсан ба эцэг эхчүүд хувааж төлж өгөхөөр болж буцаж байсан. Мөрдөн байцаагч нар болон багш нар тухайн үед олон хүүхдүүдийг хэрэгт холбогдуулж болохгүй юм байна. Насан хүрээгүй С.Е- энэ хэргийг зөвшөөрвөл хэргийг нь прокуророос хааж шийдвэрлэхээр болсон гэж хэлсэн. Бид тухайн асуудал ингэж дуусах байх гэж бодсон. Гэтэл А.Т-йн эцэг эх биднээс их хэмжээний хохирол шаардсан үед түүний үр дагаврыг мэдээд нэмж өмгөөлөгч авч шалгуулахаар хүсэлт гаргасан.

2.4 Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа хохирлыг төлж барагдуулах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд:

3.1. Насанд хүрээгүй 30-40 хүүхдийн зодоон гэж бодож байна. Тийм болохоор эцэг, эхчүүд маань харилцан тохиролцоосой, талууд зөвлөлдөж шийдвэрлээсэй.

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 302/ШШ2025/00187 дугаар шийдвэрээр:

4.1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан насанд хүрээгүй хүү А.Т-йн эрүүл мэндэд учирсан хохирол 10,592,950 төгрөг, замын зардалд 1,300,000 төгрөг нийтдээ 11,892,950 (арван нэгэн сая найман зуун ерэн хоёр мянга есөн зуун тавин) төгрөгийг хариуцагч И.Ж-аас гаргуулан нэхэмжлэгч Ш.А-ад олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1,106,955 ( нэг сая нэг зуун зургаан мянга есөн зуун тавин таван) төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

4.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч И.Ж-аас улсын тэмдэгтийн хураамжид 205,237 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.   

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суудаг насанд хүрээгүй хохирогч С.Е-ы хууль ёсны төлөөлөгч И.Ж- би Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 00187 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргаж байна.

5.2. А.Т- гэх хүүхдэд учирсан хохиролтой холбоотой Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс 11,892,950 төгрөг гаргуулан шийдвэрлэхдээ Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

5.3. Шүүхээс хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн  шаардлагыг няцаахтай холбоотой нотлох баримт цуглуулах талаар гомдлыг хангахгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

5.4. Сургуулийн орчинд хүүхдүүдийн зодоонтой холбоотой асуудалд сургууль ямар ч хариуцлага хүлээхгүй байгаа нь буруу. Мөн тухайн зодоонд оролцсон бусад хүүхдүүд болон тэдний хууль ёсны төлөөлөгчдийг хамтран хариуцагчаар татаагүй.

5.5. Хохирогч хүүхдийн өөрийнх нь буруутай үйлдэл эс үйлдэхүйд дүгнэлт хийхгүйгээр хохирлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа нь Иргэний хуульд нийцээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

6. Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Хариуцагчийн гомдолтой холбоотой хэлэх тайлбар байхгүй. Хариуцагчийн өмгөөлөгч олон хүүхэд байсан гэж хэлж байна. Олон хүүхэд байсан нь байсан. Гэхдээ хүүхэд маань газарт унасан байхад хүүхдийн аман дээр өшиглөөд, шүд нь унасан.

 

ХЯНАВАЛ:

 

            7. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан боловч шүүх шийдвэрийнхээ үндэслэлд тайлбарлаж хэрэглэсэн Иргэний хуулийн холбогдох заалтыг Тогтоох хэсэгт баримтлаагүй орхигдуулсныг залруулж, анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

            8. Насанд хүрээгүй хохирогч А.Т-йн хууль ёсны төлөөлөгч буюу түүний эцэг Ш.А- нь өсвөр насны хүүхэд С.Е-ы хууль бус үйлдлийн улмаас хүү А.Т-йн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 12,739,905 төгрөгийг С.Е-ы хууль ёсны төлөөлөгч буюу эх И.Ж-аас шаардаж, нэхэмжлэлийн үндэслэлдээ Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2023.12.15-ны өдрийн 12 дугаартай прокурорын тогтоолыг иш үндэс болгожээ.

 

            9. Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2023.11.06-ны өдрийн 2313001020324 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоолоор Ш ургийн овогт С.Е- нь 2023.02.06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч А.Т-йн нүүрэн тус газарт нэг удаа өшиглөсний улмаас түүний биед тархины доргилттой, дээд эрүүний үүдэн баруун талын 1 үүдэн шүд тал нь хугарсан, 2 дахь үүдэн шүд сэтэрч хатуу хальс хугарсан, доод эрүүний 1 үүдэн шүд сэтэрч хатуу хальс хугарсан, доод ба дээд уруул хавантай, дотор тал хэгзэрсэн гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон учраас түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

 

            10. Хохирогч А.Т-йн биед учирсан дээрх гэмтлийн талаар Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023.02.17-ны өдрийн 130 дугаар дүгнэлт гарсан нь хэрэгт авагджээ.

 

            11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч С.Е- нь гэмт хэрэгт холбогдох үедээ арван дөрвөн насанд хүрсэн, арван найман насанд хүрээгүй буюу 15 нас, 19 хоногтой байсан нь тогтоогдсон бөгөөд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2023.12.15-ны өдрийн 12 дугаар “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор “С.Е- нь гэмт хэрэгт холбогдсон 2023.02.06-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан арван зургаан насанд хүрээгүй буюу тухайн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарт хүрээгүй байх тул” түүнд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтаар “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

            12. Өсвөр насны хүүхэд С.Е-ы хууль ёсны төлөөлөгч буюу түүний эх, хариуцагч И.Ж- нь “А-ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, яагаад гэвэл түүний хүүхэд А.Т-йг зөвхөн миний хүүхэд зодоогүй, тухайн үед олон хүүхэд байсан” гэж хариу тайлбар ирүүлсэн бөгөөд хэрэгт авагдсан, хариуцагч И.Ж-ы Баян-Өлгий аймгийн прокурорын газар, тус газрын ерөнхий прокурор, Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт тус тус гаргаж байсан гомдлууд, тус гомдолд хариу өгсөн Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2024.05.31-ний өдрийн 5/4991 дугаар албан бичиг, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2024.04.16-ны өдрийн 111 дугаар, 2024.04.26-ны өдрийн 127 дугаар мэдэгдэх хуудас, 2024.06.17-ны өдрийн 46 дугаар “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” прокурорын тогтоол, 2024.06.17-ны өдрийн 171 дүгээр мэдэгдэх хуудас зэрэг баримт бичгүүдийг харьцуулан судалбал, өсвөр насны яллагдагч С.Е-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтаар “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2023.12.15-ны өдрийн 12 дугаар “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон, түүний хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан “дээрх тогтоолыг хүчингүй болгож, гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх” тухай гомдлыг 2024.06.17-ны өдрийн 46 дугаар “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан үйл баримт тогтоогджээ.

 

13. Иймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 506 дугаар зүйлийн 506.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорыг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх нийтлэг зарчмын дагуу насанд хүрээгүй хохирогч А.Т-йн эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд болох өсвөр насны хүн С.Е-, хуульд заасан тохиолдолд түүний  хууль ёсны төлөөлөгч буюу эцэг, эх нь хохирогчид учирсан гэм хорын хохирлыг арилгах нь хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд мөн хуулийн 503 дугаар зүйлийн 503.5 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хүмүүсийн бусдад учруулсан гэм хорыг хуульд зааснаас бусад тохиолдолд тэдгээрийн эцэг эх, харгалзан дэмжигч нь нөхөх хариуцлага хүлээх юм.

 

14. Хэрэгт цугларсан, нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудаар хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, эрүүл мэндийн үйлчилгээний зардалд 11,892,950 төгрөгийн зардал гарсан нь хангалттай тогтоогдсон бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэр, дүгнэлтэд нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гомдол гаргаагүй, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан насанд хүрээгүй хүүхэд С.Е- нь ерөнхий боловсролын сургуульд суралцдаг ба тэрээр  өөрийн гэсэн цалин хөлс, орлого, захиран зарцуулах эд хөрөнгөтэй эсэх талаар хариуцагчаас нотлох баримт гаргаж өгч мэтгэлцээгүй тул насанд хүрээгүй хүүхдийн бусдад учруулсан гэм хорыг Иргэний хуулийн 503 дугаар зүйл, мөн зүйлийн 503.5 дахь хэсэгт зааснаар түүний эх И.Ж- бүрэн хэмжээгээр нөхөх хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлтэй, энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн боловч тогтоох хэсэгт хуулийн зүйл, хэсгийг баримтлаагүй орхигдуулсан тул өөрчлөлт оруулж алдааг залруулан, хариуцагчийн “шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

15. Хариуцагч И.Ж-аас “Сургуулийн орчинд хүүхдүүдийн зодоонтой холбоотой асуудалд сургууль ямар ч хариуцлага хүлээхгүй байгаа нь буруу. Мөн тухайн зодоонд оролцсон бусад хүүхдүүд болон тэдний хууль ёсны төлөөлөгчдийг хамтран хариуцагчаар татаагүй” гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргажээ. Өсвөр насны хүүхэд С.Е- нь гэмт хэрэгт холбогдох үед 15 нас 19 хоногтой байсан нь тогтоогдсон учраас Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.2 дахь хэсэгт заасан урьдчилсан нөхцөл хангагдаагүй тул сургууль, хүүхэд хүмүүжүүлэх болон бусад байгууллагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах хууль зүйн үндэслэлгүй, түүнчлэн Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2023.12.15-ны өдрийн 12 дугаар “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол, 2024.06.17-ны өдрийн 46 дугаар “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” прокурорын тогтоол зэргээс үзвэл, С.Е-ы гэмт үйлдэлтэй холбоотой үйлдэл холбогдолд бусадтай хамтран оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй учраас хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

16. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “Насанд хүрээгүй 30-40 хүүхдийн зодоон гэж бодож байна. Тийм болохоор эцэг, эхчүүд маань харилцан тохиролцоосой, талууд зөвлөлдөж шийдвэрлээсэй” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар өсвөр насны яллагдагч С.Е- нь насанд хүрээгүй хохирогч А.Т-йн нүүрэн тус газарт нэг удаа өшиглөсний улмаас түүний биед тархины доргилттой, дээд эрүүний үүдэн баруун талын 1 үүдэн шүд тал нь хугарсан, 2 дахь үүдэн шүд сэтэрч хатуу хальс хугарсан, доод эрүүний 1 үүдэн шүд сэтэрч хатуу хальс хугарсан, доод ба дээд уруул хавантай, дотор тал хэгзэрсэн гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулснаас 11,892,950 төгрөгийн эрүүл мэндийн зардал гарсан нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтуудаар нотлогдсон, энэ талаар талууд эвлэрэн хэлэлцээгүй, харилцан мэтгэлцсэн, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан, давж заалдах журмаар гомдол гаргасан байх тул иргэдийн төлөөлөгчийн гаргасан уг дүгнэлт хууль зүйн болон бодит үндэслэлд нийцээгүй байна.

 

17. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

18. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч И.Ж-ы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205,237 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 302/ШШ2025/00187 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн эхний заалтад “Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.5 дахь хэсэгт зааснаар” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч И.Ж-ы давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч И.Ж-ы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205,237 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                            Ж.ОТГОНХИШИГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК