| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2016/06755/И |
| Дугаар | 5285 |
| Огноо | 2016-10-05 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 5285
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 8 дугаар хороо, Зүүн баян цагаан 10 дугаар гудамж, 26 тоотод оршин суух, Харчин овогт Содномдоржийн Оюунцэцэг /РД: ТГ88103100/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 49 дүгээр байр, 17 тоотод оршин суух, Их монгол овогт Мөнхсайханы Жавхлан /РД: ХБ86040311/-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Оюунцэцэг, хариуцагч М.Жавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Оюунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 8 дугаар сард М.Жавхлантай танилцаж 2014 оны 5 дугаар сард М.Жавхлантай хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр охин Ж.Амина төрсөн. Жирэмсэн болсон хугацаанаас хойш М.Жавхлан өөр хүнтэй уулзаж, намайг хуурах болсон. Өмнө нь хүүхэдтэй байсныгаа нуусан байсан. Хамтран амьдарч байх хугацаандаа удаа дараа намайг хуурч байсан. Одоо өмнөх хүүхэддээ анхаарал халамж тавьж байгаа. Охин Ж.Амина маань хөхөөрөө хооллох боломжгүй нэмэлт тэжээл хэрэглэдэг. Энэ тэжээл нь 48 000 төгрөгийн үнэтэй сард 4 хайрцагийг хэрэглэдэг. Миний бие М.Жавхланг удаа дараа уучилж хамтын амьдралаа авч үлдэхийн тулд маш их хичээсэн. Одоо бид зан харилцааны хувьд таарамжгүй байгаа. Цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин маань миний асрамжинд байгаа. Иймд хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Жавхлан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие охин Ж.Аминад хүүхдийн тэтгэлэг өгөхөд татгалзах зүйлгүй зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Оюунцэцэг нь хариуцагч М.Жавхланд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч С.Оюунцэцэг, хариуцагч М.Жавхлан нар 2013 онд танилцаж, тэдний дундаас 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр охин Жавхлангийн Амина төрсөн нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон хүүхдийн 1116001819 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байхаас гадна талууд энэ талаар маргаагүй байна.
Талууд гэрлэлтээ бүртгүүлээгүй, хүүхэд хариуцагчаар овоглодог, хариуцагч нь 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин Ж.Аминагийн төрсөн эцэг мөн гэж хүлээн зөвшөөрч байна.
Талуудыг тусдаа амьдрах үеэс эхлэн охин Ж.Амина эхийн асрамжинд байгаа нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Түүнчлэн, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх... тухайгаа ...харилцан тохиролцож болно.” гэж заасан байх бөгөөд хүүхдийн насны онцлог, өсөж торнисон орчин зэргийг харгалзан хүүхдийг эхийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гэрлэлт цуцалснаас үл хамааран эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр хариуцагч М.Жавхлангаас тэтгэлэг гаргуулан хүүхдэд олгох нь хүүхдийн эрх ашигт нийцэхээр байна.
Дээрх үндэслэлээр Ж.Аминаг эх С.Оюунцэцэгийн асрамжинд үлдээж, эцэг М.Жавхлангаас тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин Ж.Аминаг эх С.Оюунцэцэгийн асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин Ж.Аминаг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг М.Жавхлангаас гаргуулан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасныг баримтлан нэхэммжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
| |