Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 616

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга  Ж.Буянжаргал,

улсын яллагч М.Сансарсайхан,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч З.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908016140428 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Соот овгийн Б.Э, Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Хилийн Цэргийн 288-5 дугаар байр 2 тоотод оршин суудаг, регистрийн дугаар ...,

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 03 сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 68-24 тоот иргэн Н.Обайнга амьдрах зориулалттай байшингийн цонхыг хагалан нэвтэрч “Toshiba” маркийн 32 инчийн зурагт 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 290.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э  мэдүүлэхдээ:

Би мэдүүлэг өгөхгүй, хулгай хийсэн нь үнэн болно гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч Н.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

...2019 оны 3 дугаар сарын 19-ны өдөр манай хүү Б гэрээсээ 11 цагийн үед гарсан. Тэгээд гэртээ орой 17 цагийн үед буцаж ирэхэд байшингийн цонх хагарсан, байшингаас 32 инчийн “ Тошиба” маркийн зурагт удирдлагатайгаа хулгайд алдагдсан байсан...гэжээ. /хх-12/,

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

...2019 оны 3 дугаар сарын  19-ний 17 цаг өнгөрч байхад О эгчийн хашаанд өмнө нь гэр бариад амьдарч байсан /нэрийг  нь мэдэхгүй  байна/ залуу хар өнгийн 32 инчийн Тошиба гэсэн цагаан бичигтэй зурагт тэврээд явж байхыг нь манай эхнэр Ч бид хоёр ажлынхаа гадаа машиндаа сууж байгаад харсан. Тэр залуу хар өнгийн куртиктэй, цагаандуу өнгийн өмдтэй явж байсан, тэр залууг О эгчийн хашаанд өвөлжсөн болохоор би сайн таньж  байна. Тэр залуу согтуу, ганцаараа явж байсан...гэжээ. /хх-16-17/,  

Шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

... 2019 оны 03 сарын 19-ний өдөр Сонинохайрхан дүүргийн 1 хороо Толгойтын дэлгүүр орчмоор байдаг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг зүс таних эрэгтэйтэй хамт архи уусан. Тэгээд согтсоны дараа...өмнө амьдарч байсан Сонгинохайрхан дүүрэг Толгойтын 68-24 тоотод байх зүс таних О эгчийн хашааны хаалгаар орж байшингийн цонхыг тоосгоор хагалж ороод 32 инчийн зурагтыг аваад явсан, замдаа эзэнгүй хашаанд зурагтыг орхиод найз Жгийн гэрт орсон. Тэгээд Жтэй хамт архи ууж байгаад надад нэг зурагт байгаа гээд би ганцаараа гарч яваад тухайн зурагтыг авч ирээд Жгийн гэрт тавьсан. Тэгээд Жд энэ зурагтыг хэдэн архиар авахгүй юу гэж хэлсэн...Тухайн айлын хашааны хаалгаар ороод хашаан дотор байсан тоосгоор цонхыг хагалж орсон...гэжээ. /хх-46-49/,

Шүүгдэгч Б.Э эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хх-71/, хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-4-7/, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-25-27/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл болон мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-36-37/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Эт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Э нь 2019 оны 03 сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 68-24 тоот иргэн Н.Обайнга амьдрах зориулалттай байшингийн цонхыг хагалан нэвтэрч 290.000 төгрөгийн үнэ бүхий “Toshiba' маркийн 32 инчийн зурагт 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан болох нь

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Оөгсөн “...17 цагийн үед буцаж ирэхэд байшингийн цонх хагарсан, байшингаас 32 инчийн “Тошиба /Toshiba/ маркийн зурагт удирдлагатайгаа хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-12/,

Гэрч Б.Б өгсөн “...О эгчийн хашаанд өмнө нь гэр бариад амьдарч байсан... залуу хар өнгийн 32 инчийн Toshioba гэсэн цагаан бичигтэй зурагт тэврээд явж байхыг нь манай эхнэр Ч бид хоёр ажлынхаа гадаа машиндаа сууж байгаад харсан...” гэх мэдүүлэг /хх-16-17/,

Шүүгдэгч Б.Эийн яллагдагчаар өгсөн “...О эгчийн хашааны хаалгаар орж байшингийн цонхыг тоосгоор хагалж ороод 32 инчийн зурагтыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-46-49/ болон бусад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлж хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан бөгөөд хохирогч Н.Оөгсөн ”...байшингийн цонх хагарсан, байшингаас 32 инчийн Тошиба маркын зурагт, удирдлагатайгаа хулгайд алдагдсан байсан...” гэх, гэрч Б.Б өгсөн “...залуу хар өнгийн 32 инчийн Toshioba гэсэн цагаан бичигтэй зурагт тэврээд явж байхыг нь манай эхнэр Б.Б бид хоёр ажлынхаа гадаа машиндаа сууж байгаад харсан...” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Б.Э хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь дээрх хуулийн нэр томъёонд хамаарч байх ба дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Эийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй.

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Н.Од 290.000 төгрөгийн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч Н.Од алдагдсан эд зүйлийг буцаан өгсөн /хх-36-37/, мөн хохирогч  Н.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Эээс энэ шийтгэх тогтоолоор бусдад гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Э нь хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг биет байдлаар нь хохирогчид буцаан өгч хохиролгүй болгосон зэргийг харгалзан шүүгдэгч Б.Эт дээрхи зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлтийг шүүх хүлээн авсан болно. 

Шүүгдэгч Б.Эээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийн  2019 оны  5 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 20 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Соот овогт Б.Эийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Эийг 01 жил хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Эт  оногдуулсан 01  жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Эийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон  20 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
  5. Б.Э бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтгүй, хохирогч Н.О нэхэмжлэх зүйлгүй гэснийг, хэрэгт Б.Эийн  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Б.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2019 оны 06 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн тоолсугай.
  7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Б.Эийг цагдан хорьсоныг хэвээр байлгасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ц.ОЮУНЧИМЭГ