Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 5289

 

 

     Зохигчийн эвлэрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, гурвалжин-2 төв, 4 дүгээр давхарт байрлах, “Тэгшт плант” ХХК /РД: 5320259/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, ТЭЦ-4 урд байрлах, “Хөтөл тэлмэн констракшн” ХХК /РД: 5716101/-д холбогдох,

 

48 571 095 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаяр, хариуцагчийн төлөөлөгч Б.Ундрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

       

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Батбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаяр шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: “Тэгшт Плант” ХХК нь 2015 оны 05 дугаар сарын 16-ний өдөр “Хөтөл Тэлмэн” ХХК-тай СР/А1/07/15 тоот “Дайрга худалдах-худалдах авах” гэрээ байгуулж ТР-20 маркийн нийт 13 300 м.куб дайргыг нийлүүлэх, захиалагч тал “Хөтөл Тэлмэн” ХХК нь дайрганы төлбөр болох 172 900 000 төгрөгийг төлөхөөр тохиролцож дээрх гэрээг байгуулсан болно. “Тэгшт Плант” ХХК нь “Хөтөл Тэлмэн” ХХК-д 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 207 тоот, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 320 тоот мэдэгдэлийг тус тус хүргүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 32 380 730 төгрөгийн үндсэн төлбөрийн үлдэгдэлийг төлж барагдуулаагүй байна. Мөн “Тэгшт Плант” ХХК нь “Хөтөл Тэлмэн” ХХК-тай 2016 оны 05 дугаар сарын 12-ний өдөр “Тооцоо нийлсан акт” үйлдэж төлбөрийн үлдэгдэл 32 380 730 төгрөг байгааг хоёр тал баталгаажуулсан. “Тэгшт Плант” ХХК болон “Говь-Яшилт” ХХК нарын хооронд байгуулагдсан дээрх гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 32,380,730 төгрөг, алданги 16 190 365 төгрөг, нийт 48 571 095 төгрөгийн үлдэгдэл байна. “Тэгшт Плант” ХХК нь “Хөтөл Тэлмэн констракшн” ХХК-д 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 207 тоот, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 320 тоот мэдэгдэлийг тус тус хүргүүлж төлбөр төлөх мэдэгдэл, шаардлага хүргүүлсэн боловч “Хөтөл Тэлмэн” ХХК нь энэ бүгдийг үл тоомсорлож байгаа төдийгүй гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж манай компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байна. Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1, мөн хуулийн 261 дугаар зүйлийн 261.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн дайрганы төлбөр болох 32 380 730 төгрөгийг алданги 16 190 365 төгрөийн хамт нийт 48 571 095 төгрөгийг “Хөтөл Тэлмэн” ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Ундрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хариуцагч талтай харилцан тохиролцож эвлэрсэн гэв.  

          Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Тус дүүргийн шүүхэд хандаж “Хөтөл Тэлмэн констракшн” ХХК-иас дайрга худалдсаны үндсэн төлбөр болох 32 380 730 төгрөг, алданги болох 16 190 365 төгрөг нийт 48 571 095 төгрөг нэхэмжилсэнээс хоёр тал харилцан тохиролцож, үндсэн төлбөр болох 32 380 730 төгрөг, алдангийн тавин

хувь болох 8 095 182 төгрөг, нийт 40 475 912 төгрөгийг хариуцагч “Хөтөл Тэлмэн констракшн” ХХК-иар бартераар төлүүлэхээр, нэхэмжлэгч алданги 8 095 182 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах нөхцөлтэйгээр тус тус харилцан тохиролцсон. Хариуцагч “Хөтөл Тэлмэн констракшн” ХХК нь нэхэмжлэгч “Тэгшт плант” ХХК-д төлөх 40 475 912 төгрөгийг бартерийн журмаар бетон зуурмагийг 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “Тэгшт плант” ХХК-д бүрэн нийлүүлсэн гэв.

 

                        Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбарыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Тэгшт Плант” ХХК нь хариуцагч “Хөтөл Тэлмэн констракшн” ХХК-д холбогдуулан 48 571 095 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгч “Тэгшт Плант” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 48 571 095 төгрөгийн 8 095 182 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “Хөтөл Тэлмэн констракшн” ХХК нь үлдэх 40 475 912 төгрөгт нэхэмжлэгч талд бартерийн журмаар бетон зуурмагийг нийлүүлж, зохигч эвлэрсэн нь талуудын эвлэрлийн гэрээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Тэгшт Плант” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Хөтөл Тэлмэн констракшн” ХХК холбогдох, 48 571 095 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч “Тэгшт Плант” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 48 571 095 төгрөгийн 8 095 182 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “Хөтөл Тэлмэн констракшн” ХХК үлдэх 40 475 912 төгрөгт нэхэмжлэгч талд бартерийн журмаар бетон зуурмагийг нийлүүлж, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 400 806 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 400 806 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.БАЯСГАЛАН