Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2025/01307

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

******* , Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/03702 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* -д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 241,886,895 төгрөг, алданги 120,943,447 төгрөг, нийт 362,830,342 төгрөг гаргуулах үндсэн, *******-тай байгуулсан 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 20120801 тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ТХ03/12 тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж 180,983,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ******* -тай барилгын ажил гүйцэтгэх 20120801 тоот гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу******* дүүргийн Төр Хурахын аманд төмөр арагт бүтээцтэй 258,88 м.кв талбайтай рестораны барилгыг 1 м.кв-ын үнийг 370 ам.доллар, гэрээт ажлын нийт хөлсийг 95,785,000 ам,долларын үнэ өртөгтэй гүйцэтгэж 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгөх. Мөн 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ******* -тай барилгын ажил гүйцэтгэх ТХ03/12 гэрээг байгуулж 342,4016 м.кв талбайтай төмөр арагт бетон бүтээцэн суурийн нэг давхар гарааш, төмөр арагт бүтээцтэй, 596,234 м.кв талбайтай гурван давхар зочид буудлыг консолтой нэг ширхэг к-70125 шифртэй зураг төслийн дагуу 1 м.кв-ын үнэ 370 ам.доллар бүхий гэрээт ажлын нийт үнийг 233,276 ам.доллар байхаар тохиролцон аялал жуулчлалын зориулалтаар ашиглах цогцолбор байгууламжийн хэлбэрээр барьж 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцон.

1.2. Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллаж байсан боловч ажлын явцад ******* нь батлагдсан графикт хугацаанд санхүүжилт өгөхгүй байсны улмаас барилгын ажил зогсоход хүрсэн. Энэ асуудлыг ******* -ийн ерөнхий захиралд танилцуулахад мөнгө зээлээд барилгын материалаа аваад ажлаа хэвийн явуулж байгаарай гэж гуйсан. Ингээд *******-аас 2013 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 110,000,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй зээлж авсан. Манай компани ******* -тай 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ажлын тооцоо хийж 130,750 ам.доллар буюу 241,886,895 төгрөгийг ******* төлөхийг зөвшөөрсөн боловч ажлын хөлсөө авч чадаагүй.

1.3. Иймд ******* -аас барилгын ажил гүйцэтгэх гэрээнүүдийн 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актаар тогтоогдсон 241,886,895 төгрөг, 2014 оны 07 дугаар сараас хойш 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл нийт 364 хоногийг ажил гүйцэтгэх гэрээний 5.5-д заасны дагуу хоног тутам төлөөгүй мөнгөний дүнгийн 0,3 хувиар алданги тооцоход 264,140,489 төгрөг нийт 506,027,384 төгрөгийн тооцоо гарч байсан. Иргэний хуульд зааснаар алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар заасан тул алдангийг 120,943,447 төгрөгөөр тооцон 241,886,895 төгрөг дээр нэмж нийт 362,830,342 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* нь *******-тай 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 20120801 тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ТХ03/12 тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулсан. Улмаар ******* захирал ******* нь******* дүүргийн Төр хурахын аманд байрлах манай жуулчны баазад барьсан гараашийг зочид буудлын суурь, 3 гэр холбож ******* гэр болгохоор зассан буурийг рестораны суурь тус тус болгох ажлыг хийхээр болсон.

2.2. Манай зүгээс гэрээний төлбөрийн 70 хувийг өгсөн байтал ажил сунжирсаар гэрээний хугацаа дуусаж, бид ажлаа дуусгахыг удаа дараа шаардахад үлдэгдэл төлбөрөө төлвөл дуусгаж өгье гэдэг байсан. ******* нь хараа хяналтгүй, маш чанаргүй барилгын угсралтын ажлыг хийсэн. 2012 оны 12 дугаар сард барилгын цахилгааны монтаж, заслын ажил хийж байхдаа уг ажлаа дуусгалгүй барилгын ажлыг хаяж явсан. Гэрээний дагуу барилгын ажлыг 2012 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор хийж гүйцэтгэх үүргийг гүйцэтгэгч нь хүлээсэн боловч энэ хугацаандаа хийгээгүй. Манай зүгээс гэрээг цуцлах тухай ямар нэгэн хүсэл зориг илэрхийлээгүй байхад гүйцэтгэгч тал буюу үүрэг гүйцэтгэгч ******* нь шалтгаангүйгээр ажлаа орхин явж, цаашид хийж гүйцэтгээгүй учраас энэ үйлдлийг нь гэрээг хууль бусаар, өөрийн хүсэл зоригоор цуцалсан гэж үзсэн бөгөөд манайхыг ажлаа дуусгаж өгөхийг шаардахаар үлдэгдэл мөнгөө өгвөл дуусгана гэсэн хариу өгч байснаар бүрэн нотлогдоно. 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ******* дүүргийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчдын шалгалт хийсэн тэмдэглэлээр тогтоогдоно.******* дүүргийн Мэргэжлийн Хяналтын хэлтсийн байцаагчийн шалгалтын тэмдэглэлээр гүйцэтгэгч ажлаа дуусгаагүй орхиж явсан нь нотлогдоно. Нэхэмжлэгч ******* гүйцэтгэсэн ажил анхнаасаа чанаргүй байсан болохоор жил бүр дахин дахин засвар хийж, одоог хүртэл жуулчны баазаа бүрэн ашиглалтад оруулж чадаагүй. ******* дутуу барьсан угсармал байшингууд чанарын шаардлага хангахгүй хийгдсэн, уг ажлыг засварлах, дахин хийхийн тулд манайхаас ихээхэн хэмжээний зардал гарах нь тодорхой бөгөөд хийгээгүй ажлаа хийсэн болгож, ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлсэн гэж байгаа нь үндэслэлгүй.

2.3. Бидний зүгээс ******* -ийг өөрсдийн дутуу, чанаргүй гүйцэтгэсэн ажлаа дуусгаж, засч залруулах байх гэж итгэж, 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн баримтыг үндэслэн 130,750 ам.долларын үлдэгдэлтэй мэтээр шүүхэд хандсан нь хууль бус болно. Гэтэл энэхүү хуурамч баримтыг үндэслэн хийгээгүй ажлын хөлсөө авахаар шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Хэрэв барилгын ажлыг 100 хувь дуусгасан бол гүйцэтгэгч үүнийгээ нотлох баримтаар нотлох шаардлагатай. Гүйцэтгэгч нь гэрээгээр тохиролцсон ажлын 60 хувийг хийж гүйцэтгэсэн учраас үлдсэн төлбөрийг авах эрхгүй бөгөөд манайх үлдсэн 40 хувийн ажлыг өөрөөсөө материал гарган хийлгэсэн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: ******* нь талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлэлгүй 2012 оны 12 сараас хойш барилгын ажлыг орхиж явсан тул манай компани өөрийн зардлаар 100 айл болон барилгын материалын захаас барилгын материал татаж, барилгын ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн. Улмаар барилгаа ашиглалтад оруулахтай холбоотой 180,983,200 төгрөгийн зардал гарсан. ******* дуусаагүй орхисон барилгын ажлыг гүйцээхийн тулд ******* нь барилгын материал, ажлын хөлс, тээвэр гэх мэт их хэмжээний зардал гаргасан. Иймд *******-тай байгуулсан 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 20120801 тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ТХ03/12 тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 180,983,200 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Манай компани нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлаа дуусгаж өгөөд 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гэрээгээ дүгнэж улмаар манайд 241,886,895 төгрөг төлөхөөр болсон. Гэтэл ******* нь сөрөг нэхэмжлэлдээ барилгын ажил гүйцэтгэх *******-тай хийсэн гэрээ, түүнээс ажил хүлээж авсан акт зэрэг нэг гэрээг орхигдуулсан байна. ******* -ийн хоёр барилгыг туслан гүйцэтгэгч ******* барьж манай компанид 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр албан ёсоор ажил хүлээлцсэн актаар хүлээлгэн өгч, манайх ******* -д хүлээлгэн өгөх гэхэд зугтаад ажил дээрээ ирэхгүй байсан. Манай барьсан зочид буудал, ресторандаа зочид хүлээн авч үйлчилгээ явуулж байсан бөгөөд ******* -ийн барилгыг дутуу орхиж яваагүй, туслан гүйцэтгэгч компаниараа гүйцэд бариулж тооцоо нийлж, ажил хүлээлцэх акт үйлдсэн. ******* нь цаг хугацаанд жуулчны баазаа босгож байсан бөгөөд ажил хийж байсан үүнийг фото зургаар баталгаажуулж баримтаар өгсөн. ******* нь шүүхэд 220 ширхэг падаан бүрдүүлэн өгсөн нь өөрийн ажилдаа хэрэглэсэн байж болох бөгөөд уг падаанууд нь санхүүгийн анхан шатны шаардлага хангасан нэг ч падаан байхгүй. ******* -ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө γү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* -аас 362,830,342 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* -д олгож, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3, 225 дугаар зүйлийн 225.2, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 20120801 тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ТХ03/12 тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 180,983,200 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч ******* -д холбогдох хариуцагч ******* -ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг дараах байдлаар зөрчсөн гэж үзэж байна.

6.1. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гэрээгээр тохирсон ажлаа бүрэн хүлээлгэж өгөөгүй, 60 хувь орчим гүйцэтгэлтэй хаяж явсан байхын зэрэгцээ 60 орчим хувийн гүйцэтгэл нь доголдолтой гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь барилгыг 80-90 орчим хувийн гүйцэтгэлтэй гүйцэтгэсэн, гэхдээ захиалагч буюу нэхэмжлэгчид хүлээлгэж өгөөгүй гэж тус тус тайлбарладаг ба талуудын хэн аль нь ажлыг бүрэн гүйцэтгээгүй, захиалагчид хүлээлгэж өгөөгүй тал дээр маргаагүй. Нэхэмжпэгчийн өмгөөлөгч барилгыг бүрэн дуусгаагүй талаар, 80-90 орчим хувийн гүйцэтгэлтэй талаар шүүх хуралдааны явцад удаа дараа тайлбарлаж, шүүхээс томилсон шинжээч нь талбайн хэмжээ дутуу талаар дүгнэлт ирүүлээд байхад шүүх зохигчийн тайлбар, гэрэл зураг, шинжээчийн дүгнэлт зэргийг үнэлэлгүй ямар ч асуудалгүй барилгыг хугацаандаа бариад, 100 хувь хүлээлгээд өгсөн, улмаар төлбөр төлөөгүй мэтээр дүгнэж байгаа нь ойлгомжгүй. Нэгэнт зохигч хэн аль нь ажлыг 100 хувь гүйцэтгээгүй тухай шүүх хуралдааны явцад тайлбарлаж, тооцоо нийлсэн акт нь зөвхөн талуудын хооронд төлбөр төлсөн эсэх талаар баталгаажуулсан, тухайн актын ард ******* өөрийн гараар барилгыг бариад дуусахад үлдэгдэл төлбөрийг өгөх талаар бичсэн ба гэрээнд зааснаас хойш 2 жилийн дараа ч уг барилга баригдаагүй байсан болох нь тогтоогдож үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж үндсэн төлбөр болон алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг мөн шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэх нотлох баримтыг үнэлэх журмыг тус тус зөрчсөн.

6.2. ******* захирал нь******* дүүргийн Төр хурахын аманд байрлах манай жуулчны баазад барьсан гараашийг зочид буудлын суурь, 3 гэр холбож ******* гэр болгох зорилгоор зассан буурийг рестораны суурь тус тус болгон ашиглах саналыг *******-ийн захиралд тавьж, гэрийн буурин дээр барьсан байдаг. Үүнээс улбаалан барилга дундуураа шалнаас хана, тааз хүртэл цуурсан ба хөрсний шинжилгээ, барилгын зураг төсөлгүй барьснаас улбаалан уг рестораны зориулалттай барилгыг ашиглах боломжгүй болсон. Харин зочид буудлын зориулалттай барилгын тухайд мөн гараашийн суурин дээр босгосон тул дундуураа цууралт өгч, нэг талаас хөндийрч дотор хана болон тааз нь цөмөрсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдоно. Үүнээс гадна талбайн хэмжээ дутуу талаар *******-ийн гаргасан 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд зочид буудлын зориулалттай барилга 215,17 м.кв талбайгаар дутсан гэж дүгнэсэн ба Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжпэгчийн дутуу гүйцэтгэсэн ажил доголдолтой болох нь шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгчийн тайлбар, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байна.

Хариуцагчийн төлөөлөгч миний бие гүйцэтгэсэн ажлын доголдлын талаар гэрэл зургаас гадна бодит байдлыг шүүхэд харуулж хавтаст хэрэгт бэхжүүлэх зорилгоор үзлэг хийлгэх тухай хүсэлт өгсөн боловч шүүх хангаагүй, мөн тухайн гэрэл зураг болоод шүүхийн журмаар томилсон шинжээч болох *******-ийн шинжээчийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан нотлох баримт гэж үзэхээр заасан атал уг гэрэл зураг, шинжээчийн дүгнэлт зэргийг хэрхэн үнэлсэн эсхүл үнэлээгүй талаар дурдалгүй гагцхүү хариуцагчийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгасан. Хариуцагч өөрийн татгалзлын үндэслэлээ нотлох гэж үзлэг хийлгэхээр, тоо хэмжээнээс гадна гүйцэтгэсэн ажпын чанар, биет байдлын доголдлын талаар шинжээч томилуулахаар удаа дараа хүсэж, тухай бүрт шүүх хангаж шийдвэрлэсэн, гагцхүү дээрх захирамжийн биелэлт хангагдаагүй атал хариуцагчийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь ойлгомжгүй, илтэд хэт нэг талыг барьсан шийдвэр гэж үзэхэд хүргэж байна.

Тодруулбал, 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 101/Ш32021/06967 дугаар захирамжаар Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилсон боловч мэргэжлийн хяналтын ерөнхий газрын чиг үүрэгт хамаарна гэсний дагуу 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 11848 захирамжаар мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг томилсон. Гэвч Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 417 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож татан буулгахаар шийдвэрлэсэн. Улмаар хяналтын чиг үүргийг Барилга хот байгуулалтын яам руу шилжүүлсэн тул шүүгчийн захирамжид заасан хугацаанд шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй болсон.

Ингээд чиг үүргийн дагуу дахин барилга хот байгуулалтын яамыг шинжээчээр томилсон боловч тус яамнаас Шүүх шинжилгээний тухай хуулийг 2022 оны 12 дугаар сард шинэчлэн найруулж, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн ба дээрх хуультай уялдуулан Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 10 дугаар агентлаг байгуулах тухай тогтоолоор Шүүх шинжилгээний ерөнхий газрыг байгуулсан тул шүүх шинжилгээний ерөнхий газрыг томилох нь зүйтэй гэх утга бүхий албан бичиг ирсэн тул арга буюу хуульд заасны дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилсон. Гэвч Шүүх шинжилгээний ерөнхий газар нь дөнгөж шинээр байгуулагдсан одоогоор дүгнэлт гаргах шинжээч байхгүй байна гэсэн хариу өгсөн.

Өөрөөр хэлбэл шүүхээс тус хэргийг шийдвэрлэхийн тулд талуудын маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж шинжээч 6 удаа томилсон атал захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэхэд хүрлээ.

6.3. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, хориглосон зохицуулалтыг зөвшөөрсөн мэтээр Иргэний хуулийн 218 дугаар зүйлийг хэрэглэсэн. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл банк санхүүгийн байгууллага Монгол банкнаас авсан албан ёсны зөвшөөрлөөр, бусад этгээд гадаад валютаар төлбөр тооцоо, ажил үйлчилгээ эрхлэхийг хориглосон. Хуульд хориглосон хэм хэмжээ байсаар байхад хуульд нийцнэ гэж үзсэн нь үндэслэлгүй. Иймд дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Учир нь талууд аялал жуулчлалын барилга барихаар 230,000 ам.долларын гэрээ байгуулсан ба 69,000 ам.долларыг өгсөн, бусад төлбөрийг өгөөгүй. Нэхэмжлэгч буюу ажил гүйцэтгэгч нь захиалагчийн зөвшөөрөлтэйгөөр 120,000,000 төгрөгийн зээл авч уг ажлыг гүйцэтгэсэн. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийгдсэн ажлын гүйцэтгэл 2012 онд эхэлсэн. 2014 онд тооцоо нийлэх актад талууд гарын үсэг зурж, 130,000 ам.долларын төлбөр дутуу болохыг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн. Тиймээс анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Хариуцагч тал ажлыг хүлээж авсан гэх баримтад гарын үсэг зураагүй хэдий ч ажлыг хүлээж авна уу гэж нэхэмжлэгч талын зүгээс удаа дараа хэлсэн. Гэтэл хариуцагч тал нь ажлыг хүлээн авсан гэх баримтад гарын үсэг зурдаггүй атлаа маргаан бүхий барилгыг хүлээн авч, өнөөдрийг хүртэл 12-13 жилийн хугацаанд ашиглаж байгаа. Доголдлын тухайд Барилгын тухай хууль болон Иргэний хуулийн 343 дугаар зүйлд зааснаар доголдлын асуудал үүссэн тохиолдолд ямар хугацаанд гомдол гаргах эрхтэй талаар дурдсан байхад 12-13 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байсан атлаа нэхэмжлэгчийн мөнгийг өгөхгүй 9 жил болж байна. Иймд ажлыг хүлээж авсан болон аваагүй гэх асуудал мөн доголдлын талаар одоо яригдах нь үндэслэлгүй талаар анхан шатны шүүх үнэн, зөв шийдвэрлэсэн. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн тухайд талууд гадаад валютаар тохиролцоо хийсэн боловч анхан шатны шүүх үүрэг үүсэх үеийн буюу Иргэний хуулийн 218 дугаар зүйлд зааснаар тухайн үеийн ханшаар төлбөрийг төлөх ёстой гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Шинжээчийн дүгнэлтийн тухайд хариуцагч нь удаа дараа шинжээч томилуулах хүсэлт гаргадаг боловч 12-13 жил ашигласан барилгад одоо шинжээч томилох боломжгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Сөрөг нэхэмжлэлийн тухайд ажил гүйцэтгэгч зээл авч захиалагчийн ажлыг хийж гүйцэтгэсэн байхад ажлыг нь хүлээн авч удаан хугацааны турш ашигласан атлаа одоо гэрээнээс татгалзана гэж байгаа нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* -д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 241,886,895 төгрөг, алданги 120,943,447 төгрөг, нийт 362,830,342 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч *******-тай байгуулсан 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 20120801 тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ТХ03/12 тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 180,983,200 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган, талууд харилцан маргажээ.

3. ******* , ******* -ийн хооронд 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 20120801 дугаартай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч нь Улаанбаатар хотын ******* захиалагчийн өмчлөлийн газар дээр Төмөр арагт бүтээцтэй эрчим хүчний хэмнэлттэй нэг бүр нь 258.88 м.кв талбайтай нэг ширхэг, хувийн орон сууцыг зургийн дагуу чанарын өндөр түвшинд 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2012 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд барьж гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, ажлын хөлсөд нийт 95,785 ам.долларыг төлөхөөр харилцан тохиролцсон./1хх10-13/

Мөн талууд хоорондоо 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ТХ03/12 дугаартай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч нь Улаанбаатар хотын ******* захиалагчийн өмчлөлийн газар дээр Төмөр арагт бүтээцтэй хоёр давхар зочид буудал 596.234 м.кв талбай, суурийн талбай нь 342.4016 м.кв нэг ширхэг, хувийн орон сууцыг к-70125 шифртэй зураг төслийн дагуу чанарын өндөр түвшинд 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд багтаан барьж гүйцэтгэх, захиалагч нь энэхүү гэрээг байгуулсан тохиолдолд гүйцэтгэгч талд олгох барилгын нийт төлбөр болох 233,275 ам.долларын 30 хувь буюу 69,982 ам.долларын ажил гүйцэтгэхийн өмнө урьдчилан төлөх, барилга ашиглалтад орж, барилга хүлээн авах актад гарын үсэг зурснаас хойш 5 хоногийн дотор үлдэгдэл төлбөрийг шилжүүлсэн байх ёстой бөгөөд хугацаа хэтэрсэн тохиолдолд үлдэгдэл төлбөрт ажлын хоног тутамд 0,3 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон байна./1хх10-13, 14-16/

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээнүүд хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Хариуцагчийн ...гэрээний үнийг ам.доллараар тохиролцож, гэрээ байгуулсан тул уг гэрээ хүчин төгөлдөр бус гэх агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй. Учир нь хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд 2 гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээнүүдийн үнийн дүн болон гэрээний зүйл өөр тусдаа байх тул эдгээр гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох боломжгүй. Тухайлбал, рестораны барилгын ажлын хөлсийг нийт 95,785 ам.доллар буюу 129,310,560 төгрөг гэж гэрээний нэмэлт зүйл хэсэгт илэрхийлсэнээс үзвэл талуудын хооронд төгрөгийн гэрээ байгуулагдсан байх тул уг гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн, хоёр давхар зочид буудалтай холбоотой барилгын ажил гүйцэтгэх гэрээнд барилгын нийт төлбөр болох 233,275 ам.доллар гэж тохиролцсон байх боловч уг гэрээний ажлын хөлсийн тодорхой хэсгийг ам.доллароор зарим хэсгийг төгрөгөөр төлсөн байна. Иймээс гэрээний дийлэнх хэсэг нь хүчин төгөлдөр гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээний гол нөхцөл нь төлбөрийг төлснөөр ажлыг бий болгож, үр дүнг хүлээлгэж өгөх бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасанд нийцнэ. Гэрээний гол нөхцөл хүчин төгөлдөр байгаа тохиолдолд төлбөр тооцоог ам.доллароор гэрээнд тусгасан нь уг гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй тул гэрээ хүчин төгөлдөр байна.

5. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу ажил гүйцэтгэгдсэн, хариуцагчаас тодорхой хэмжээний ажлын хөлс шилжүүлсэн мөнгөний тооцооллын талаар зохигч маргаагүй, харин нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил доголдолтой эсэх нь маргааны зүйл болжээ.

6. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас маргааны үйл баримтад зөв дүгнэлт өгч чадаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

6.1. Давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан 1 дэх гэрээний үнэ 95,785 ам.доллар буюу 129,310,560 төгрөг, 2 дахь гэрээний үнэ 233,275 ам.доллар буюу 325,885,175 төгрөг, гэрээний нийт үнийн дүнг 455,195,735 төгрөг гэж үзэхээр байна.

Учир нь талууд 2 дахь гэрээний төлбөр тооцоог гэрээний 5.1-д захиалагч нь энэхүү гэрээг байгуулсан тохиолдолд гүйцэтгэгч талд олгох барилгын нийт төлбөр болон 233,275 ам.доллар гэж ам.доллароор тодорхойлсон боловч анхны үүргээ гүйцэтгэхдээ 1397 төгрөгийн ханшаар тооцсон байна. Тухайн үеийн 1397 төгрөгийн ханшаар нь тооцож гэрээний үнийг өмнөх төгрөгөөр байгуулсан гэрээний үнийн дүнтэй нийлүүлэн тооцоход дээр дурдсан 455,195,735 төгрөгийн үнийн дүн гарсан. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

6.2. Нэхэмжлэгч нь талуудын хооронд тооцоо нийлсэн баримтыг үндэслэн гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлсөө алдангийн хамт гаргуулах-аар шаардсан бол хариуцагч нь ажил доголдолтой байсан, мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус учир гэрээнээс татгалзаж, мөнгөө буцаан гаргуулж авна гэх агуулгаар тайлбарласан. Нэгэнт талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн тохиолдолд хариуцагчийн гэрээнээс татгалзаж өгсөн, авснаа буцаах Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан зохицуулалт хамаарахгүй.

6.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн ажлын хэмжээ болон ажлын үр дүнг доголдолтой эсэх асуудлаар удаа дараа шинжээч томилогдсон бөгөөд шинжээчийг дахин томилуулсантай холбоотой асуудалд эрх бүхий байгууллагууд ажиллах боломжгүй гэх тайлбар, албан бичгийг хүргүүлсэн байдаг. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээж авахгүй.

Шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх учиртай. Хэрэгт маргаан бүхий талбайн хэмжээг тодорхойлсон Ц*******-ийн 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний баримт/4хх88-118/ авагдсан боловч давж заалдах шатны шүүхээс уг дүгнэлтээр ажлын доголдол, хийсэн ажлын хэмжээг тодорхойлох боломжгүй гэж үзлээ.

Учир нь шинжээчийн дүгнэлт шүүгчийн асуусан асуултын дагуу барилгуудын дотоод хэмжээг тодорхойлсон байна. Гэтэл анхнаасаа шүүгчийн шинжээчээс асуусан асуултууд буруу байсны улмаас тухайн барилгын бодит хэмжээ буруу, дутуу гарахад хүргэсэн тул уг шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх шаардлагагүй болно. Энэ нь хариуцагчийн дутуу ажил хийсэн гэж тайлбарласныг дээр дурдсан шинжээчийн дүгнэлт нотолж чадахгүй буюу ач холбогдлоо алдсан байна.

6.4. Нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу анхан шатны шүүх хуралдааны үед бид ажлаа 80-90 хувийн гүйцэтгэлтэй хийсэн гэж хүлээн зөвшөөрч тайлбарласан тул хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд шүүх талуудын тайлбарт үндэслэж ажлын хэмжээ хязгаарыг тодорхойлно. Ажлын хэмжээ хязгаар гүйцэтгэл болон гэрээний үүрэг нь зөвхөн тухайн хэмжээгээр тодорхойлогдохгүй.

Иймд нэхэмжлэгчийн ажлыг 80-90 хувийн гүйцэтгэлтэй хийсэн гэж тайлбарласанаар хийсэн ажлын хэмжээг тодорхойлж, ******* нь 80 хувийн гүйцэтгэлтэй ажил гүйцэтгэсэн гэж үзнэ. Энэ нь давж заалдах шатны шүүхээс тодорхойлсон 2 гэрээний нийт хөлс 455,195,735 төгрөгийн 80 хувиар тооцвол 364,156,588 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж дүгнэж, энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь төлбөр тооцоо нийлсэн актыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг актаар үлдэгдэл төлбөрийг хариуцагч тал зөвшөөрсөн буюу 130,750 ам.долларыг төгрөгт шилжүүлсэн байна. Төгрөгт шилжүүлэхдээ валютын ханшийг тухайн үүрэг үүсэх үеийн ханшаар тодорхойлсон нь үндэслэлгүй.

Харин үүрэг үүсэх гэрээний үнийн дүнг тодорхойлсон 1397 төгрөгийн ханшаар тодорхойлогдох тул 130,750 ам.долларыг 1397 төгрөгөөр тооцвол 182,657,750 төгрөг болж байна. Иймээс 2 гэрээний нийт хөлс 455,195,735 төгрөгөөс хариуцагчийн зөвшөөрч баримтаар баталгаажуулсан 130,750 ам.доллар буюу 182,657,750 төгрөгийг хасаж 272,537,985 төгрөгийг хариуцагч ажлын хөлсөнд төлсөн байна.

Иймд нэхэмжлэгч нь 364,156,588 төгрөгийн ажил хийсэн бөгөөд энэ нь ажлын гүйцэтгэлийн 80 хувь юм. Нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээ болох 364,156,588 төгрөгөөс ажлын хөлсөнд шилжүүлсэн 272,537,985 төгрөгийг хасч тооцвол 91,618,603 төгрөг болж байна. Нэхэмжлэгч нь үлдэгдэл ажлын хөлсөд нийт 91,618,603 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээний үүргийн дагуу шаардах эрхтэй.

7. Хариуцагч ******* доголдлын талаар маргаж түүний хүсэлтийн дагуу шүүхээс томилогдсон *******-ийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 524 дугаартай хөрөнгийн үнэлгээгээр ...******* дүүрэг, ******* байрлах 20120801 тоот, ХТ03/12 тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр тус тус баригдсан амины орон сууц, зочид буудлын барилгын дотоод засал, дээвэр, ариун цэврийн өрөөний суултуур, угаалтуур, пилта, таазны замаска, гадна талын хананы эмульс, гадна довжоо, үүдний плита хийж гүйцэтгэхэд зарцуулсан барилгын материалын зардал, тээврийн хөлсийн 2012-2013 оны зах зээлийн үнэ цэнэ 28,935,000 төгрөг болохыг тодорхойлсон гэж тусгагджээ. /4хх122-140/

Дээрх шинжээчийн дүгнэлтэд нэхэмжлэгч тал маргаагүй бөгөөд уг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн тухайн ажлын доголдлыг арилгаж, засан сайжруулахтай холбоотойгоор гарах зардал болох 28,935,000 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй.

Мөн шүүх хуралдааны явцад талуудын гаргасан тайлбараар нэхэмжлэгч нь 5,000,000 төгрөгийг хариуцагчаас авсан болох нь тогтоогдсон тул үүнийг хасаж тооцно.

8. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч ******* нь чанаргүй, доголдолтой ажил хийж гүйцэтгэсэн гэж дүгнэж, 91,618,603 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрөөс доголдлыг засварлах зардал 28,935,000 төгрөг, мөн ажлын хөлсөнд авсан 5,000,000 төгрөгийг хасаж тооцвол 57,683,603 төгрөг болж байна. Энэ мөнгөн хөрөнгийг гэрээний үүрэгт хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

9. Нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үүргийн зөрчил гаргасан болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алданги шаардах эрхээ алдсан гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчийн алданги 120,943,447 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч ******* -аас нийт гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 57,683,603 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* -д олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

Мөн нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнг өөрчилсөнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулна.

10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой шүүгчийн захирамж хангагдаагүй гэх гомдлыг хангахгүй. Учир нь шинжээч нар ажиллах боломжгүй талаар илэрхийлсэн учир давж заалдах шатны шүүх үүнийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэмж дүгнэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзсэн. Төлбөр тооцооны асуудлыг гэрээний хүчин төгөлдөр байдалтай холбогдуулан тайлбарласан.

11. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс татгалзаж 180,983,200 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол хангахгүй.

Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан 180,983,200 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 20120801, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ТХ03/12 дугаар барилгын ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж өгсөн авснаа буцаахаар байхад шүүх бие даасан шаардлага гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь буруу байгааг давж заалдах шатны шүүхээс залруулна.

Талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 20120801, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ТХ03/12 дугаар барилгын ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзах тухай шаардлага нь нэхэмжлэлийн шаардлага бус, харин талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс татгалзаж 180,983,200 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаас 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 20120801, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ТХ03/12 дугаар барилгын ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж гэсэн агуулгыг хассан өөрчлөлт оруулна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. ******* , Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/03702 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* -аас 57,683,603 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 305,146,739 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

шийдвэрийн тогтоох хэгсийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* -аас 180,983,200 төгрөг гаргуулах тухай хариуцагч ******* -ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын 1,972,102 гэснийг 446,368 гэж тус тус өөрчилж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* -ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,175,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОГТСАЙХАН