Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 507

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Боорчи,

улсын яллагч Г.Ганчимэг,  

шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж А овогт Г-ын  Э  холбогдох эрүүгийн 1910012440522 дугаартай, 187/2019/0497/Э индекстэй хэргийг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ..... оны... дугаар сарын ......-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ......настай, ........... боловсролтой, жолооны багш мэргэжилтэй, эрхэлсэн тодохой ажилгүй, ам бүл ............. хамт, Хан-Уул дүүргийн ......... хороо, ........... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, А овогт Г-ын  Э  /РД:............/  

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Э нь 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 21 цагийн орчим Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Малчины 9 дүгээр гудамж 13 тоотод иргэн Б.А согтуугаар маргалдан нүүрэн тус газар цохиж “хамрын ясны дунд хугарал, таславчийн мурийлт, дух, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстын язарсан шарх, цус харвалт, үүдэн дээд 2-р шүдний сулрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Г.Э нь 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 21 цагийн орчим Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Малчины 9 дүгээр гудамж 13 тоотод иргэн Б.А согтуугаар маргалдан нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь: 

1. Шүүгдэгч Г.Э ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэг мэдэхэд Э той хэрэлдэж байсан Тэгээд би тэр Э той зодолдсон ба тэр Э  нь миний нүүр хэсэгт 2-3 удаа цохьсон ба миний хамраас цус гарсан. Тухайн үед миний баруун нүд улайсан үүдэн шүд хөдөлсөн. Хамраас цус гарсан, ...согтсон байсан болохоор юунаас болж маргалдсныг мэдэхгүй байгаа ч Э  намайг маргалдснаас болж зодсон, шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15, 17-18/

            3. Гэрч Л.И  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай хүүгийн найз Э  нь Агваандугарын нүүрэнд нь нэг удаа цохьсон ба удалгүй гаднаас цагдаа нар ороод ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/

             4. Гэрч Т.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Агваандугар ах орилоод байхаар нь сэртэл Алтангэрэлээ пизда минь ээж, найз хоёрыгоо аваад зайл гээд хашгираад байхаар нь хартал хамраас нь цус гарсан харагдаж байхаар нь учрыг ололгүй гайхаад байж байтал цагдаа нар ороод ирсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/

            5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№5922/-ний дүгнэлт:

          -Б.А-ын биед хамрын ясны далд хугарал, таславчийн мурийлт, дух, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстын язарсан шарх, цус харвалт, үүдэн дээд 2-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

          -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          -Нэг шүдний сулрал нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.

          -Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 21

          6. Шүүгдэгч Г.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...орой болсон байна гэхэд намайг явуулахгүй маргааш өглөө яв гээд байсан. Тэгээд бид хоёр тэрнээс болж маргалдаад миний нуруу руу сандлаар цохихоор нь би зөрүүлээд нүүрэнд нь хоёр удаа гараараа цохьсон юм. Дугнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Шинжээчийн дүгнэлт дээр тусгагдсан гэмтлийг би Агваандугарын биед учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.  

            Шүүгдэгч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№5922/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Г.Э нь 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 21 цагийн орчим Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Малчины 9 дүгээр гудамж 13 тоотод иргэн Б.А согтуугаар маргалдан нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохиж түүний биед хамрын ясны дунд хугарал, таславчийн мурийлт, дух, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстын язарсан шарх, цус харвалт, үүдэн дээд 2-р шүдний сулрал бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Г.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв. 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг  ойлгосон, хохирогч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хохирол төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45/, түүний хувийн байдал /...39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооны багш мэргэжилтэй, эрхэлсэн тодохой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.../ зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Э  улсын яллагчийн санал болгосон 450 /дөрвөн зуун тавин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр  торгох ялыг оногдуулж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.   

Мөн шүүгдэгч Г.Э ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.     

Г.Э  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

            1. Шүүгдэгч А овогт Г-ын  Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А овогт Г-ын  Э ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Э  оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Г.Э  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.      

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Г.Э  сануулсугай.     

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Э  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

  

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР