| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 302/2025/00125/И |
| Дугаар | 212/МА2025/00033 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 212/МА2025/00033
Д.С-ын хүсэлттэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 302/ШШ2025/00208 дугаар шийдвэртэй, хүсэлт гаргагч ************ багт оршин суух Ж овогт Д.С-ын хүсэлттэй,
“Баян-Өлгий аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харьяа Хотгор дахь хүний их эмчийн салбарт 1991 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1997 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл асрагчаар, Баян-Өлгий аймгийн Хотгор багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугар сарын 31-ний өдрийг хүртэл мал маллаж, малчин байсныг тогтоолгох тухай” иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Х.Манар, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн үндэслэл:
1.1. Иргэн Д.С-ын Баян-Өлгий аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харьяа Хотгор дахь хүний их эмчийн салбарт 1991 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1997 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг дуустал асрагчаар, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хотгор багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Учир нь Д.С-ыг тухайн үед тус байгууллагад асрагчаар томилсон, чөлөөлсөн тушаалууд тус аймгийн архиваас гарахгүй байгаа учраас тэрээр өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байна.
1.2. Иймд иргэн Д.С-ын Баян-Өлгий аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харьяа Хотгор дахь хүний их эмчийн салбарт 1991 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1997 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг дуустал асрагчаар, Баян- Өлгий аймгийн Өлгий сумын Хотгор багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тус тус тогтоож өгөхийг хүсэж байна.
2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 302/ШШ2025/00208 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.2.14 дахь хэсэгт заасныг баримтлан Д.С- нь Баян-Өлгий аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харьяа Хотгор дахь хүний их эмчийн салбарт 1991 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл асрагчаар ажиллаж байсныг тогтоож, хүсэлтийн шаардлагын бусад хэсгийг хэрэгсэхгүй болго, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.С-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
3.1. Анхан шатны шүүх хүсэлт гаргагч Д.С-ын “...Баян-Өлгий аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харьяа Хотгор дахь хүний их эмчийн салбарт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл асрагчаар, Баян-Өлгий аймгийн Хотгор багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай” хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон явдалд гомдолтой байна.
3.2. Хүсэлт гаргагч Д.С- нь Баян-Өлгий аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харьяа Хотгор дахь хүний их эмчийн салбарт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 3 дугаар сарын 13-ний өдрийг хүртэл асрагчаар ажиллаж байсан нь Баян-Өлгий аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харьяа Хотгор дахь хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1991 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаартай, мөн эрхлэгчийн 1997 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 03 дугаартай тушаал, №0299003286 дугаартай баталгаажилтын хуудсаар нотлогдож байна гэж үзэж байна.
3.3. Хүсэлт гаргагч Д.С- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хотгор багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчнаар ажиллаж байсан нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ2021/00666 дугаартай шийдвэр, М.К, Д.С- нарын гэрлэлтийн баталгаа, өрхийн тэргүүлэгч М.К-ны мал тооллогын 2017-2019 онуудын мал тооллогын А картын хуулбарууд, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хотгор багийн Засаг даргын тодорхойлолтууд, Д.С- болон хүүхдүүдийн ХААТР маягтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж байна.
3.4. Гэтэл анхан шатны шүүх иргэний хэрэгт зохих журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтуудыг тухайн маргаанд хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй явдалд гомдолтой байна.
3.5. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан Д.С-ын Баян-Өлгий аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харьяа Хотгор дахь хүний их эмчийн салбарт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл асрагчаар, Баян-Өлгий аймгийн Хотгор багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоон анхан шатны шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж өгөхийг хүсье.
ХЯНАВАЛ:
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд дараах үндэслэлүүд тогтоогдсон тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцаав.
5. Хүсэлт гаргагч Д.С- нь Баян-Өлгий аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харьяа Хотгор дахь хүний их эмчийн салбарт 1991 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1997 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг дуустал асрагчаар, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хотгор багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
6. Анхан шатны шүүх түүний Баян-Өлгий аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харьяа Хотгор дахь хүний их эмчийн салбарт 1991 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрч, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Д.С-ын Баян-Өлгий аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харьяа Хотгор дахь хүний их эмчийн салбарт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл асрагчаар, Баян-Өлгий аймгийн Хотгор багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоолгох”-ыг хүсэж давж заалдах гомдол гаргажээ.
7. Нэхэмжлэгчээс Д.С-ыг Баян-Өлгий аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харьяа Хотгор дахь хүний их эмчийн салбарт 1991 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1997 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг дуустал асрагчаар, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хотгор багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөөгүй, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийн шаардлагаа багасгасан талаар тайлбар тодруулгыг бичгээр болон анхан шатны шүүх хуралдаанд илэрхийлээгүй байхад шүүх түүний асрагчаар ажиллаж байсан байдлыг 1991 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тогтоож, 1995 оноос 1997 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд Баян-Өлгий аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харьяа Хотгор дахь хүний их эмчийн салбарт асрагчаар ажиллаж байсан гэх хүсэлтийн шаардлагын талаар дүгнэлт хийхгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт нийцээгүй, нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхийг хангасан гэж үзэхэд учир дутагдалтай болжээ.
8. Түүнчлэн шүүх нэхэмжлэгчээс эх хувиар нь гаргаж өгсөн “Д овогтой Са”-д холбоотой Баян-Өлгий аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харьяа Хотгор дахь хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1991 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаар тушаал, 1997 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 03 дугаар тушаалыг нотлох баримтаар үнэлэхдээ тухайн баримтын эх сурвалж, хүсэлт гаргагчийн нэрийг зөрүүтэй тусгасан эсэх талаар дүгнэн магадлаагүй, Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 105 дугаар шийдвэрт тусгагдсан 1991 онд нээгдсэн, 404584 дугаартай Д.С-ын эзэмшлийн Хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар цуглуулж, түүнд тусгагдсан баримтат мэдээллийг дээрх тушаалуудтай харьцуулан үнэлэх байтал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасан “онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэрэгт мэтгэлцэх зарчим хамаарахгүй” хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлж ажиллаагүй буюу нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчмыг хангаагүй гэж үзнэ.
9. Д.С- нь Баян-Өлгий аймгийн Хотгор багт 1998 оноос 2000 оныг дуустал, 2016 оноос 2019 оныг дуустал мал маллаж, малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор малын эмчийн тодорхойлолт, нөхөр М.К-ны Өлгий сумын 7 дугаар багт 1995 оноос 2000 оныг дуустал, 2016 оноос 2019 оныг дуустал малчин байсныг тогтоосон шүүхийн шийдвэр, нөхөр М.К-ны 2017-2019 онуудад мал маллаж байсан тухай баримт, М.К нь 1989 оноос хойш мал маллаж байсан тухай Өлгий сумын Засаг даргын тодорхойлолт, түүний малчин мэргэжлийн үнэмлэх, М.К, Д.С- нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Д.С- болон түүний нөхөр, хүүхдийн ХААТР маягтууд зэрэг баримтуудыг хэрэгт авагдсан бөгөөд шүүх тодорхойлолт гаргаж өгсөн малын эмч болон сумын Засаг даргаас гэрчийн мэдүүлэг аваагүй, Д.С-ын Хотгор багт 1998 оноос 2000 оныг дуустал, 2016 оноос 2019 оныг дуустал мал маллаж, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дээрх нотлох баримтуудыг хууль зүйн болон бодит үндэслэлд эрх зүйн үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.
10. Иймд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг дээр дурдсан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтаар хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцааж, анхан шатны шүүх хэргийг дахин шийдвэрлэх тул хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Д-ны С-ын Баян-Өлгий аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харьяа Хотгор дахь хүний их эмчийн салбарт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл асрагчаар, Баян-Өлгий аймгийн Хотгор багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоолгох”-ыг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, хуульд зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээж шийдвэрлэв.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 161.1-д заасан этгээд давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй” гэж хуульчилсан тул Д.С-ын малчнаар ажиллаж байсан байдлын талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй учраас анхан шатын шүүх хуралдаанаар хэлэлцээгүй асуудлаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж, хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно. Анхан шатны шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэрэгт нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь заалтаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх хуульд заасан үндэслэлд хамаарна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 302/ШШ2025/00208 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК