| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0267/Э |
| Дугаар | 519 |
| Огноо | 2019-07-29 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 519
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,
улсын яллагч Б.Гүнсэл /томилолтоор/,
хохирогч Д.Алтантуяа, түүний өмгөөлөгч Н.Болормаа,
шүүгдэгч Г.М , түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,
шүүгдэгч Э.Э , түүний өмгөөлөгч Н.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Г-ийн М , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Э-ны Э нарт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810023030111 дугаартай 187/2019/0267/Э индекстэй хэргийг 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .... оны ......дүгээр сарын ......-ны өдөр Орхон аймагт төрсөн, .......настай, эрэгтэй, ......... боловсролтой, мэргэжилгүй, .............. ажилтай, ам бүл .......... хамт, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Улаан 32-76 тоотод оршин суух, урьд нь 2009 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Булган аймаг дахь сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан, Б овогт Г-ийн М /РД:............../
Монгол Улсын иргэн, ...... оны ...... дугаар сарын ..........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ........... боловсролтой, үйлдвэр худалдааны менежмент мэргэжилтэй, ........., ам бүл 4.......... хамт, Баянзүрх дүүргийн ...... дугаар хороо, .......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Э-ны Э /РД:................/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.М нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо “Эрхэт сүлд” амралтын газарт иргэн Д.А битгий хаалга нүдээд бай гэж хэллээ гэж түлхэж унагаан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Э.Э нь 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо “Эрхэт сүлд” амралтын газарт иргэн Г.М ыг ээж Д.А түлхэж унагаалаа гэж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Г.М нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо “Эрхэт сүлд” амралтын газарт иргэн Д.А “битгий хаалга нүдээд бай гэж хэллээ” гэх шалтгаанаар түлхэж унагаан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Э.Э нь 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо “Эрхэт сүлд” амралтын газарт иргэн Г.М ыг “ээж Д.А түлхэж унагаалаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь 1-2 удаа цохиж, толгой тус газар нь 4-5 удаа өшиглөн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Э.Э ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Шүүгдэгч Г.М ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр би ажлын газрын хамт олонтой амралтын газарт амарсан. Бид ажлын газраас амралт руу явах замд 5 шил архи уусан тул амралтын газар юу болсныг санахгүй байна. Учир нь би цагдаагийн газар сэрж ухаан ороход цагдаагийн албан хаагч намайг та хүн зодож гэмтээсэн ба та өөрөө бас тодорхой хэмжээнд гэмтээсэн хүний төрсөн хүүд нь зодуулсан байна гэж хэлсэн. Би хохирогчид гэмтэл учруулсан дээр маргахгүй. Харин хохирогчийн нэхэмжилсэн хохирлын 10.000.000 төгрөгийг төлөхөд хүндрэлтэй байна. Мөн хохирогч бариачаар хүзүүгээ бариулж байгаад гэмтээсэн тул гэмтэл авахаас өмнөх хохирлыг төлөхөд бэлэн байна...хохирогч Д.Алтантуяад эмчилгээний зардал 7.455.000 төгрөгийг төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Хохирогч Д.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Шүүгдэгч Г.М намайг амралтын газар түлхэж гэмтээсэн. Шүүгдэгч намайг эмнэлэгт хэвтэж байхад надаас уучлалт гуйгаагүй. Мөн миний эмчилгээний мөнгийг төлж байгаагүй. Би шүүгдэгчээс 10.627.407 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнд: эмчилгээнийн 7.454.407 төгрөг, шатахууны 673.000 төгрөг, өмгөөллийн 2.500.000 төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч Г.М нь 7.455.000 төгрөгийг шүүхийн шатанд төлж барагдуулсан...цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх хүсэлттэй тул цаашд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
4. Хохирогч Г.М ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би шүүгдэгч Э.Э т цохиулсны дараа нүүр минь хавдсан. Надад учирсан хохирлыг би гэртээ 3 хоногийн хугацаанд эмчилж эдгээсэн тул цаашид нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
5. Хохирогч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...5 минут орчмын дараа ардаас нь гартал нөгөө хүнийг хаалганаас холдуулсан байдалтай зайнаас тэр хүнийг хараад зогсож байсан. Тэгээд би рестораны довжоон дээр зогсоод хойноос ирж байсан хүү Энх- Алдар, ажилтан Тэмүүлэн нарыг хараад зогсож байтал нүдний буланд нэг хүн над руу гүйх шиг болсон ба миний зүүн хойд нуруу хэсэгт маш хүчтэй биеээрээ мөрлөөд намайг довжооноос газарт унасан ба толгойгоороо газарт цохьсон. Тэгээд би босох гэтэл миний зүүн талын гар тэр чигээрээ өвдөөд босч чадахгүй байсан. Энэ үед манай хүү гүйж ирээд намайг түлхэж унагаасан залууг унагаагаад өшиглөөд байх шиг байсан ба миний бие их өвдөж байсан болохоор тэрийг сайн анзаараагүй. Манай нөхөр намайг босгож машинд суугаад гэмтлийн эмнэлэг дээр аваачиж үзүүлтэл миний зүүн мөрний яс хугарсан байна гэсэн... Тэр хүн яг миний зүүн мөрний хойд хэсэгт хүчтэй мөрлөсөн ба би хазгай зогссон байсан болохоор эрчиндээ яг зүүн мөр хэсгээрээ газарт унасан...Миний эмчилгээнд одоогийн байдпаар 3.800.000 төгрөгний эмчилгээ хийлгэсэн ба эдгээр эмчилгээ хийлгэсэн талаархи баримтууд байгаа. Би энэ мөнгөө нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19, 22/
6. Хохирогч Г.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ажлынхан хоол болох хооронд нилээн архи уусан ба би амралтанд очих замдаа бас ажлынхаа хүмүүстэй хамт архи уучихсан байсан болохоор ойролцоогоор 16-17 цагийн үед тасарчихсан юм шиг байгаа юм. Нэг ухаан ортол цагдаа дээр ирчихсэн миний нүүр хөндүүртэй зодуулсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/
7. Гэрч Г.Э-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай эхнэр рестароны хойд хаалгаар гарч ирээд тэр залуу дээр очоод “ битгий хаалга нүдээд бай” гээд шаардлага тавьсан. Тэгтэл тэр согтуу залуу манай эхнэрийг зоогийн газрын урд хэсгийн цементлэсэн 35см орчим өндөртэй довжоон дээр зогсож байхад нь гараараа цээж хэсэг рүү нь түлхээд манай эхнэрийг унагаачихсан. Манай эхнэр унахдаа зүүн мөр хэсгээрээ газарт унасан ба би эхнэртэйгээ ойролцоогоор 2 метр орчим зайд зогсож байсан боловч барьж авч чадаагүй. Тэгтэл тэр залуу манай эхнэрийг түлхчихээд өөрөө эрчиндээ эхнэрийн маань дээрээс унах гэж байхаар нь би тэр залууг хувцснаас нь татаад баруун тийш нь холдуулсан. Тэгтэл тэр залуу довжоон дээрээс газарт унасан. Тэгтэл манай хүү Э хүрч ирээд тэр унасан залууг нүүрэнд нь 4-5 удаа өшиглөхөөр нь би хүүгээ болиулаад тэр залууг тэнд нь орхиод эхнэрийгээ аваад шууд Гэмтлийн эмнэлэгт аваачсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34/
8. Гэрч С.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Алтантуяа захирал гарч ирээд зогсож байтал тэр согтуу залуу Алтантуяа захиралын зүүн хойд хэсэгт нь хүчтэй түлхээд газарт унагаачихсан. Тэгэхээр нь би захирал дээр яваад очтол босч чадахгүй зүүн мөр нь гэмтсэн байсан ба нөхөр нь аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Тэгтэл Э гээд захирлын хүүхэд нь тэр согтуу залууг “ миний ээжийг аллаа чи” гээд орилж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38/
9. Гэрч С.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэрээс гартал ресораны гадаа М доошоо хараад газар хэвтэж байсан. Тэгээд би түүн дээр очоод дээш нь харуулаад хартал нүүр ам нь хөхөрчихсөн, цус болсон байсан. Тэгээд би амралтын газрын хүмүүст та нар энэ хүнийг зодчихлоо гээд байсан өөрөө зодуулчихсан байна шүү дээ гэтэл нэг залуу манай ээжийг түлхээд унагачихаар нь би наад хүнийг чинь зодчихсон юм гэж хэлэхээр нь би тэдэнтэй маргалдаад цагдаа дуудтал өмнө нь цагдаад дуудлага өгсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40/
10. Гэрч Ш.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд бид нар орой 17 цагийн уед хорхог гаргаж байтал амралтын газрын залуу ирээд “ танай хүн хүн түлхэж унагаачихаад зодоон хийгээд байна” гэхээр нь бид нар гэрээс гараад рестораны гадаа очтол М ямар ч мэдрэлгүй нүүр ам нь хавдаад цустайгаа холилдсон хэвтэж байхаар нь түүнийг өргөөд гэрт оруулсан...Харин М ыг яагаад зодсон талаар амралтын газрын хүнээс асуухад “ манай ээжийг түлхэж унагаагаад мөрийг нь гэмтээсэн, та нар ч байсан ээжийг чинь ингэсэн бол хараад зогсож байхгүй биз дээ” гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42/
11. Гэрч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Аптантуяа эгч нэг хүнтэй юм яриад байх шиг байсан ба нөгөө залуу нь Алтантуяа эгчийн цээж билүү мөр хэсэгт нь гараараа цохиж байгаа юм шиг биеийнхээ эрчээр түлхээд газарт унагаачихсан. Тэгтэл Э гүйж очоод тэр залууг нь нилээн хэдэн удаа нүүрэнд нь цохиод өшиглөсөн юм. Тэгэхээр нь би Э ыг салгаад цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44/
12. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№1318/-ний дүгнэлт:
-Д.А-ийн биед зүүн атгаалын хүзүү хэсгийн далд, зөрөөгүй хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу 2018.09.29-ний өдөр үүсэх боломжтой байна.
-Зүүн атгаалын хүзүү хэсгийн далд хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтэл биш бөгөөд дээрх гэмтлээс цаашид үлдэц уршиг үүсэхгүй.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /11834/ тоот дүгнэлт үндэслэлтэй байна.
-2018.09.29-ний өдөр буюу хэрэг болсон гэх цаг хугацаанд зүүн атгаалын хэсгийн далд, зөрүүгүй хугарал гэмтэл үүссэн байна. Д.А нь 2018.10.23-ны өдөр зүүн атгаал ясаа дахин гэмтээсэн байх бөгөөд гэмтэх үед зүүн атгаалын хүзүү хэсгийн далд, зөрүүгүй хугаралд зөрөө үүссэний улмаас ГССҮТ-д 5 хоног эмчлэгдэн мэс засалд орсон байна. /хх-ийн 55-56/
13. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№11876/-ний дүгнэлт:
-Г.М ын биед тархи доргилт, хоёр зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дотор салстын язрал, баруун чамархайд зулгаралт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхинд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй /хх-ийн 46/
14. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№771/-ний дүгнэлт:
-Д.А-ийн биед тухайн үед зүүн атгаал ясны хүзүү хэсгийн зөрөөгүй далд хугарал, тархи доргилт гэмтэл учирсан нь тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
- Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу 2018.09.29-ний өдөр үүсэх байх боломжтой шинэ гэмтэл болно.
-Зүүн атгаал ясны хүзүү хэсгийн зөрөөгүй далд хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтэлд хамаарахгүй бөгөөд дээрх гэмтлээс үлдэц, уршигт байдал үүсэхгүй.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Золжаргалын 2018.10.01-ны өдрийн 11834 дугаартай дүгнэлт, хэргийн материалаар бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээч эмч Б.Ганзориг, Ш.Цэцэгмаа, Т.Сэлэнгэ нарын 2018.12.10-ны өдрийн 1318 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. /хх-ийн 231-233 хуудас/
15. Шүүгдэгч Г.М ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Бид нар амралтын газарт 16-17 цагийн хооронд очсон ба амралтын газарт очиж 1 шил 0.75 л савалгаатай архи нилээн хэдүүлээ хувааж уусан ба би өглөө юм идээгүй өлөн байсан болохоор тасарчихсан юм. Нэг ухаан ортол эрүүлжүүлэхэд орсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41/,
16. Шүүгдэгч Э.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Ресторан руу явж байтал манай ээжийг нэг согтуу залуу түлхээд унагачихаар нь би тэр залууг 1-2 удаа нүүрэнд нь цохиод газарт унасан байхад нь толгойд нь 4-5 удаа хөлөөрөө өшиглөж зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41 гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Э нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 105/-аар тогтоогдлоо.
Харин шүүгдэгч Г.М нь урьд 2009 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Булган аймаг дахь сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн сулласан тухай захирамж /хх-ийн 105, 92-96/-аар тогтоогдож байна. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд ялтай байдал гэсэн ойлголт хуульчлагдаагүй тул Г.М анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№1318, 11876, 771/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.М , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Э нарт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Г.М нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо “Эрхэт сүлд” амралтын газарт иргэн Д.А “битгий хаалга нүдээд бай гэж хэллээ” гэх шалтгаанаар түлхэж унагаан түүний биед зүүн атгаал ясны хүзүү хэсгийн зөрөөгүй далд хугарал, тархи доргилт гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Э.Э нь 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо “Эрхэт сүлд” амралтын газарт иргэн Г.М ыг “ээж Д.А түлхэж унагаалаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь 1-2 удаа цохиж, толгой тус газар нь 4-5 удаа өшиглөн зодож түүний биед тархи доргилт, хоёр зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дотор салстын язрал, баруун чамархайд зулгаралт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхинд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Б овогт Э-ны Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Б овогт Г-ийн М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Г.М , Э.Э нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн хувьд хохирогч Г.М ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, хохирогч Д.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...шүүгдэгч Г.М нь надад 7.455.000 төгрөгийг шүүхийн шатанд төлж барагдуулсан...цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх хүсэлттэй тул цаашд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүгдэгч Г.М ын хувийн байдал /...30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, автобус нэгдүгээр баазад жолооч ажилтай, ам бүл 4, 2 хүүхдийн хамт амьдардаг.../, шүүгдэгч Э.Э ын хувийн байдал /... 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, үйлдвэр худалдааны менежмент мэргэжилтэй, караоке зочид буудал ажиллуулдаг, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.../ зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Э ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.М ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.М од оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Э.Э т оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоох нь зүйтэй.
Хохирогч Д.А нь эмчилгээнийн зардал 7.454.407 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч Г.М эмчилгээний зардал 7.455.000 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурдъя.
Иймд хохирогч Д.А нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.М , Э.Э нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Э-ны Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б овогт Г-ийн М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Э-ны Э ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Г-ийн М ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.М од оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Э.Э т оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.
4. Г.М , Э.Э нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Хохирогч Д.А нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Э.Э , Г.М нарт сануулсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.М , Э.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР