| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 183/2024/03196/И |
| Дугаар | 210/МА2025/01309 |
| Огноо | 2025-08-08 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2025/01309
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/02529 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******-т холбогдох,
Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 22,954,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь *******-тай 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээг байгуулж, тус гэрээнүүдийн дагуу ******* нь нийт 54,630 ам.доллар бэлнээр хүлээн авсан. Гэтэл ******* нь үндсэн зээл 54,630 ам.доллар, зээлийн хүү 28,673 ам.доллар, алданги 41,651 ам.доллар, нийт 124,954 ам.долларыг төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн.
1.2. Дээрх маргааны талаар *******-д хандаж хууль зүйн зөвлөгөө авч, талууд 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан. Гэрээний 1.1, 2.1-д заасны дагуу *******д холбогдох хэрэгт хууль зүйн туслалцааг итгэмжлэлийн үндсэн дээр үзүүлж, хууль зүйн үйлчилгээний хөлс болох 42,954,000 төгрөгийг 2.1.1, 2.1.2-д заасны дагуу гэрээ байгуулсан өдөр 50 хувь болох 21,477,000 төгрөг, шүүхийн шийдвэр болон түүнтэй адилтгах хүчин төгөлдөр шийдвэр гарсан өдөр үлдэгдэл 21,477,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Хариуцагч ******* 10,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлсөн. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 10,000,000 төгрөгийг төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй.
1.3. Нэхэмжлэгч талын зүгээс гүйцэтгэх захирал, өмгөөлөгч ******* болон хуульч ******* нарын хамт хариуцагчийг итгэмжлэлээр төлөөлж *******д холбогдох хэргийг цаг хугацаа алдахгүйгээр ашигтай шийдвэр гаргуулж 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 0012 дугаартай нотариатын мэдэгдэх хуудас, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШЗ2024/01443 дугаартай нотариатын мэдэгдэх хуудсыг албадан гүйцэтгүүлэх тухай, мөн өдрийн 102/ГХ2024/00130 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсаар шийдвэр гаргуулсан. Мөн шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн нэхэмжлэгч тал Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нотариатын мэдэгдэх хуудас, гүйцэтгэх хуудаст заасан төлбөр болох 472,498,369 төгрөгийг гаргуулахаар хүсэлт гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа.
1.4. Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний 1.1-д заасны дагуу нэхэмжлэгч тал нь гэрээний үүргээ биелүүлсэн боловч хариуцагч нь 2.1.1, 2.1.2-т заасны дагуу гэрээнд гарын үсэг зурсан өдөр, шийдвэр гарсан өдөр төлөх үүргээ зөрчиж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 22,954,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна. Иймд гэрээний 1.1, 2.2, 2.1.1, 2.1.2-т заасны дагуу хариуцагч *******ээс 22,954,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* нь *******-тэй 2023 оны 09 дүгээр сард хууль зүйн туслалцаа авахаар болж, өмгөөллийн хөлсөд 40,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Гэхдээ тухайн үед өмгөөлөгч ******* нь Би наадхыг чинь сарын дотор гялалзуулна. Хэрвээ шүүхээр шийдүүлж чадахгүй бол мөнгө авахгүй, би бусад хүнд үнийн дүнгийн 20 хувиар өмгөөлдөг, чамд яах вэ 10 хувиар өмгөөлье гэж хэлж байсан. Тухайн үед мөнгөний бололцоо муу байгаагаа хэлж, зарим төлбөрийг нөгөө хүнээс мөнгө орж ирэхээр өгөхгүй бол наана нь өгч чадахгүй гэхэд ******* За болох байлгүй дээ гэж байсан.
2.2. Гэрээ байгуулаад 10,000,000 төгрөг, шүүхийн шийдвэр гарсаны дараа 10,000,000 төгрөгийг тус тус өгсөн. Тухайн үед өмгөөлөгчид итгээд гэрээг уншилгүйгээр, гарын үсэг зурсан. Гэтэл миний хуулийн мэдэлгүйг далимдуулан, итгэлийг эвдэж, төлбөрөө шууд авахаар гэрээнд бичсэн байна. *******-гаас нэг ч төгрөг надад өгөөгүй. Миний авах мөнгөний асуудлыг дуусгаж байж төлбөрөө авахгүй, шууд шүүхийн шийдвэр гарсан гээд төлбөрөө нэхэж байгаа нь зохисгүй байна. Учир нь маргааныг ******* биш шүүх шийдсэн учир ******* нь 43,000,000 төгрөгөөр зөвхөн нэхэмжлэл бичиж өгсөн болж байна. Тиймээс хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээг намайг төөрөгдүүлж хийсэн гэрээ гэж үзэж байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт 22,954,000 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272,800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 272,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэл бүхий дүгнээгүй.
4.1. Хариуцагч *******, нэхэмжлэгч ******* нарын хооронд 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдсан. Тус гэрээний хүрээнд үйлчилгээ үзүүлэгч талаас хийгдэх ажиллагааг нарийвчлан тодорхойлж, 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр *******ээс *******, ******* нарт итгэмжлэл олгосон байдаг. Итгэмжлэлийн дагуу төлөөлөгч нар нь 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаартай төлбөр барагдуулах гэрээтэй холбоотой нотариатын мэдэгдэх хуудас бичүүлэх, төлбөр төлөгчид хүргүүлэх. ...төлбөрийг гаргуулах талаархи бүх асуудлаар төлөөлөн үйлдэл хийх бүрэн эрхийг төлөөлөгчид олгож байна... гэсэн. Энэхүү нотлох баримт нь талуудын хооронд байгуулагдсан хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний харилцаа дуусгавар болоогүй буюу хөлсөөр ажиллах гэрээг дүгнээгүй асуудал яригддаг болохыг нотолдог буюу одоо хэр нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжилж байгаа, итгэмжлэлд заасан төлбөрийг гаргуулах ямар ажиллагаануудыг гүйцэтгэгч тал үзүүлсэн болох нь хэрэгт авагдаагүй зэрэг нөхцөл байдлууд тодорхойлогдоно. Дээрх баримтыг анхан шатны шүүхээс хэрхэн үнэлж, дүгнэлт өгсөн талаар шүүхийн шийдвэрт тусгагдаагүй.
4.2. Хэргийн оролцогчийн эрхийг эдлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тус шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд шаардлагын тухайд үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс хүлээж аваагүй. Энэ нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдах шүүх хуралдааны зарчмыг алдагдуулсан. Хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авсан эсэх, хүлээн аваагүй бол улсын тэмдэгтийн хураамж буцаан олгох асуудал зэргээр сөрөг нэхэмжлэлийг хэрхэх талаар шийдвэрт тусгаагүй.
4.3. Нэхэмжлэгч ******* -ийг итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагуудыг хангасан итгэмжлэлийг хэргийн материалд хавсаргах үүрэгтэй. Гэтэл хавтаст хэргийн 5 дахь талд авагдсан итгэмжлэл нь 3 хүнд олгогдсон байх бөгөөд гарын үсэг зурсан өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хүчинтэй байна гэх боловч тухайн итгэмжлэлийг хэзээ олгосон нь тодорхойгүй, он, cap, өдрийг бичээгүй нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус итгэмжлэл тул шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд мөн эсэхийг шүүхээс тодруулах, итгэмжлэлийг засуулах зэрэг арга хэмжээ авагдсаны дараа шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналыг хүлээн аваагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчсөн.
Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. ******* нь үйлчлүүлэгч *******ээс итгэмжлэл авч, тухайн итгэмжлэлийн хүрээнд төлбөр барагдуулах гэрээ байгуулах, шүүхэд хүсэлт гаргах, нотариатын мэдэгдэх хуудас бичүүлэх, түүнийг баталгаажуулах, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гаргах зэрэг төлөөлөгчийн эрх шаардсан бүх ажиллагааг гүйцэтгэсэн буюу гэрээний үүргээ биелүүлж дууссан учраас хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөрийг шаардсан. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлбөр барагдуулах ажиллагааны төлбөр тусгагдаагүй. Сөрөг нэхэмжлэл нь нэхэмжлэлийн хүрээнд шийдвэрлэгдэх боломжтой байсан. Учир нь шаардах эрх хэрэгжих боломжтой эсэхийг шүүх гэрээний хүчин төгөлдөр байдлыг шалгах замаар тодорхойлсон. Гэрээ хүчин төгөлдөр болох нь тогтоогдсон бөгөөд хариуцагч өөрөө ч уг гэрээг байгуулсан гэдгээ хариу тайлбартаа хүлээн зөвшөөрсөн буюу гэрээ байгуулсан тул төлбөрийг төлөх байх гэж хариу тайлбартаа дурдсан. Сөрөг нэхэмжлэлийг хүлээж аваагүйтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг буцаах асуудал нь шүүгчийн захирамжаар шийдвэрлэх асуудал бөгөөд шүүхийн шийдвэрт тусгах шаардлагагүй. Анхан шатны шүүх итгэмжлэлийн хугацааны талаар зөв дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Хэргийг хурдан хугацаанд шийдвэрлэх боломжит арга болох нотариатын мэдэгдэх хуудсаар төлбөр барагдуулах ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн. Энэ нь шүүхийн шийдвэртэй адил хүчин төгөлдөр эрх зүйн үр дагавартай бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгэх боломжтой юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-т холбогдуулан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 22,954,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.
3. Талуудын хооронд 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь *******-т холбогдох иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх, ******* нь өмгөөллийн үйлчилгээний хөлсөнд нийт 42,954,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ./хх-7/
Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.
4. Хариуцагч ******* нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөрт нийт 20,000,000 төгрөгийг төлсөн үйл баримтад талууд маргаагүй. Харин гэрээний үлдэгдэл хөлсийг төлөх эсэх асуудлаар маргасан.
5. Нэхэмжлэгч нь хариуцагчийг итгэмжлэлээр төлөөлж, иргэн *******д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тойргийн нотариатч *******-ын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 0012 дугаартай нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулах тухай хүсэлт гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШЗ2024/01443 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн. /хх-9, 10, 11/
Мөн төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нотариатын мэдэгдэх хуудсанд гүйцэтгэх ажиллагааг явуулах хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ГХ2024/00130 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн зэргээр хууль зүйн туслалцаа үзүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.
6. Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь хэсэгт зааснаар өмгөөллийн үйл ажиллагааны үр дүнгийн талаар амлалт өгөхийг хориглосон. Өөрөөр хэлбэл, хөлсөөр ажиллах гэрээ нь үр дүн шаардахгүй, гэрээгээр тохиролцсон үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд шаардах эрх үүсдэг онцлогтой.
7. Талууд гэрээний 2.1.1-д талууд гэрээнд гарын үсэг зурсан өдөр нийт хөлсийн 50 хувь болох 21,477,000 төгрөгийг төлнө, 2.1.2-т шүүхийн шийдвэр гарсан өдөр үлдэгдэл 50 хувь болох 21,477,000 төгрөгийг төлөх-өөр тохиролцсон байна. Уг гэрээний дагуу анхан шатны шүүх үлдэгдэл төлбөрийг төлөх нь зүйтэй гэж дүгнэсэн нь гэрээ болон Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт нийцсэн тул уг асуудлаар гаргасан гомдлыг хангахгүй.
Иймд, анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргээ биелүүлсэн гэж дүгнэж, хариуцагч *******ээс хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 22,954,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт нийцжээ.
8. Хариуцагч ******* нь *******-тэй төлбөр барагдуулах гэрээ байгуулсан учраас хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ дуусаагүй гэх агуулгаар гомдол гаргасан. Төлбөр барагдуулах гэрээг хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдсаны дараа байгуулагдсан ба уг гэрээний төлбөр төлөхтэй холбоотой шаардлагад хамааралгүй гэж үзэхээр байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй.
8.1. Мөн хариуцагч тал ...сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шийдвэрлээгүй гэх агуулгатай давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүхээс хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн болох нь хавтаст хэргийн 76 дугаар талд авагдсан тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 192/Ш2025/14900 дугаар захирамжаар тогтоогдож байна. Уг захирамжаар сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохгүй учраас хүлээн авахаас татгалзан улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгож шийдвэрлэсэн байх тул уг үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй. Шүүгчийн захирамжийн үндэслэл нь хариуцагчийн сөрөг шаардлага нь бие даасан шаардлага гэж үзэхээргүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгахгүй. Шүүгчийн захирамжийг бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
8.2. Давж заалдах гомдлын 3 дахь хэсэгт ...нэхэмжлэгч ******* итгэмжлэлийн үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Тухайн нөхөрлөлөөс төлөөлөгчөө томилохдоо хавтаст хэргийн 5 дахь талд авагдсан итгэмжлэлд огноо тавигдаагүй байсан гэх агуулгатай гомдол гаргасан. Уг итгэмжлэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч байгууллагаас оролцох төлөөлөгчдөө олгосон итгэмжлэл байгаа бөгөөд итгэмжлэлийн хүрээ хязгаар нь анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүх хуралдаанд оролцох хүртэлх хүрээ хязгаарыг тогтоосон. Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцох итгэмжлэл олгогдоогүй байна. Гэхдээ итгэмжлэл нь тухайн байгууллагын дотогшоо чиглэсэн акт тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх гомдлыг хүлээж авахгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/02529 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272,800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Д.ЦОГТСАЙХАН