| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 302/2025/00091/И |
| Дугаар | 212/МА2025/00034 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 212/МА2025/00034
М.Б-ий хүсэлттэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 302/ШШ2025/00203 дугаар шийдвэртэй, хүсэлт гаргагч ************ багт оршин суух Ш овогт М.Б-ий хүсэлттэй,
“Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын “Алтайн хөгжил” нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 5 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багт 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 5 дугаар багт 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоолгох тухай” иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар П.Жанбота, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлтийн агуулга:
1.1. Хүсэлт гаргагч М.Б- нь ********** багт амьдардаг. Хүсэлт гаргагч нь ****** онд төрсөн, *** настай хүн. Мөн 15 жил малчнаар ажиллах эрхтэй даатгуулагч бөгөөд 55 насанд өндөр насны тэтгэвэрт гарах ёстой. Насны хувьд бол хуулийн шаардлага хангаж байна. Нийтдээ 21 жил ажилласан асуудал байгаа. Тэгээд 15 жил малчнаар ажилласан асуудал байгаа учраас шүүхэд хандсан байгааг хэлье.
1.2. Тэгэхээр нэгдүгээрт Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын “Алтайн хөгжил” нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчин байсан байдлыг тогтоолгох хүсэлт гаргасан. Энэ бол хугацаат цэргийн алба хаасан хугацааны лавлагаа дээр 1985 оноос эхлээд хоньчин байж байгаад цэрэгт явсан тухай тэмдэглэл хийгдсэн байгаа. Мөн цэрэгт явсан асуудлыг шүүгч Х.Мейрамбекийн 2 дугаар сарын 13-ны өдөр тогтоосон шийдвэр байгаа.
1.3. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 5 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоолгох тухай болон тухайн үед Улаанхус сумын Засаг даргын тамгын газрын даргаас олгож байсан газар эзэмших гэрчилгээ байгаа. Энэ өмнө болон эхэн дээр Жайна гэдэг хүнийг шүүхээр тогтоолгохдоо 1996 онд газар эзэмших гэрчилгээг түүний хэргээс хуулбарлаж авсан нотлох баримтын шаардлага хангагдсан байгаа. Мөн Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3-р багт 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоолгох тухай гуравдагч шаардлагын тухай тайлбарлаж хэлэхэд Б- бол Улаанхус, Бугат сумын завсарт амьдардаг. Тэгээд 1999 онд Ж-тай гэр бүл болсон. Гэрлэлтийн баталгаа дээр 1999 онд Бугат сумын 3-р багт малчин байсан тухай бичигдсэн. 2000 онд Засаг дарга нь Махсут байсан бөгөөд газар эзэмших гэрчилгээг олгож байсан байна. Энүүгээр тогтоогдож байна гэж ойлгож байна. Энэ 11 жилийн нийгмийн даатгалын шимтгэлийг 2014 онд хуулийн дагуу төлсөн байгаа.
1.4. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 5 дугаар багт 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоолгож өгөхөөр хүсэлт гаргаж байна. Хамгийн гол нь энэ хүн хоёр нэртэй явдаг М.Б жинхэнэ нэр нь Ма.Б-. 2008 онд шүүхээр тогтоолгож байсан шийдвэр байгаа. Энэ жилүүдийн зарим дээр нь Б зарим дээр нь Б- гэж явдаг. 2019 оны хувьд мал тооллогын карт гарчихсан боловч малчин байсан гэдэг бусад баримтыг болон малчин өрхийн тоо тухайн тэмдэглэлд хийгдээгүй гэх мэтийн зөрчил гарч байгаа учраас энэ жилүүдийн картууд архиваас гарчихсан байгаа. Энэ жилүүдийг бас давхар тогтоолгоё гэж байгаа. Өмнө нь бас энэ жилүүд, зарим жилүүдийн эхэн дээр нь Ж-ийн бас мал маллаж, малчин байсныг тогтоолгож байхдаа тухайн үед 1999 оноос хойш үйл баримтыг гэрчилж байсан 6 гэрчийн мэдүүлэг бусад нотлох баримтуудыг гаргаж өгсөн байгаа.
1.5. Иймд хүсэлт гаргагч М.Б-ий Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын “Алтайн хөгжил” нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг, Улаанхус сумын 5 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Бугат сумын 3 дугаар багт 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Улаанхус сумын 5 дугаар багт 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоож өгнө үү.
2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 302/ШШ2025/00203 дугаар шийдвэрээр:
2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ш овогт М.Б- нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 5 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багт 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 5 дугаар багт 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсан байдлыг тогтоож, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож,
2.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч М.Б-ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
3.1. Анхан шатны шүүх хүсэлт гаргагч М.Б-ий Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын “Алтайн хөгжил” нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон явдалд гомдолтой байна.
3.2. Хүсэлт гаргагч М.Б- нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын “Алтайн хөгжил” нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин байсан нь Баян-Өлгий аймгаас 1987 онд цэргийн жинхэнэ албанд татагчдын анкетад овог нэр. М.Б, Төрсөн он, сар, өдөр. *******, яс үндэс. Казак, Үндсэн захиргаа БӨ аймаг, Улаанхус сум, Юуны гишүүн ХЗЭ, Цэргийн жинхэнэ албанд татагдахын өмнө хэдэн оноос хаана ямар албан тушаалын ажил хийж байсан. 1985 оноос хоньчин, Хэдийд, хаана ямар сургууль, курс төгссөн. 1982 онд 4-р анги, энгийн ямар мэргэжилтэй үнэмлэхийн дугаар үгүй. Гэрийн дотор ам бүл хэд, таны юу болох хэн, хэдэн настай, хаана ямар ажилтай. б.Эцэг нь ** настай, эх нь Н ** настай хоньчин 6-16 насны 3 хүүтэй гэх мэтийн бүртгэлийг 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хөтөлсөн уг анкетаар тогтоогдож байна.
3.3. Гэтэл анхан шатны шүүх иргэний хэрэгт цугларсан нотлох баримт болох Баян-Өлгий аймгаас 1987 онд цэргийн жинхэнэ албанд татагчдын анкетанд бичигдсэн 1985 оноос хоньчин гэсэн үгийг тухайн маргаанд хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй явдалд гомдолтой байна.
3.4. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 302/ШШ2025/00203 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, хүсэлт гаргагч М.Б-ий Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын “Алтайн хөгжил” нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин байсан байдлыг тогтоож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж өгөхийг хүсье.
ХЯНАВАЛ:
4. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлээгүй учраас шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.
5. Хүсэлт гаргагч М.Б-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд нь М.Б-ийг (1) Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Алтайн хөгжил нэгдэлд 1985 оноос 1987.10.15-ны өдрийг хүртэл, (2) мөн сумын 5 дугаар багт 1996 онд, (3) Бугат сумын 3 дугаар багт 1999 оноос 2000 оныг дуустал, (4) Улаанхус сумын 5 дугаар багт 2007, 2009 онд, (5) мөн 2017 оноос 2019 оныг дуустал хугацаанд мал маллаж малчин байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргаж, хүсэлтийн шаардлагаа бичгээр тодруулж байжээ.
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагчаас гаргаж өгснөөр, мөн шүүхийн журмаар Архивын лавлагаа, М.Б-ий нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Ш.Жайнагийн ажилласан байдлыг тогтоосон тухай Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1103 дугаар шийдвэр, Улаанхус сумын 2008 оны мал тооллогын А дансны баримтад М.Б гэж бичигдсэн баримтын жинхэнэ эзэмшигч нь М.Б- мөн болохыг тогтоосон тус шүүхийн 2023 оны 725 дугаар шийдвэр, М.Б-ын цэргийн жинхэнэ албанд татагдсан тухай анкет, газар эзэмших эрхийн гэрчилгээ, М.Б- болон Ш.Ж нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын мал тооллогын 2007, 2008, 2009, 2017-2019 оны А дансны хуулга, 2013 онд М.Б-д олгосон Малчин мэргэжлийн үнэмлэх, 2018 оны мал тооллогын мэдээллийн сангийн лавлагаа, өргөмжлөл, гэрч А.М, А.Б, М.Б, А.Е, М.С нарын мэдүүлэг, М.Б- болон түүний эхнэр, хүүхдүүдийн ХААТР маягтын хуулбар, хүсэлт гаргагч М.Б- нь Барилгын цэргийн 144 дүгээр ангид 1987.10.15-ны өдрөөс 1989.10.15-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасныг тогтоосон тухай анхан шатны шүүхийн 2025.02.13-ны өдрийн 122 дугаар шийдвэр зэрэг баримтууд хэрэгт цугларсан бөгөөд анхан шатны шүүх тэдгээр баримтуудыг үнэлж, хүсэлтийн дээрх шаардлагаас 1996 онд Улаанхус сумын 5 дугаар багт, Бугат сумын 3 дугаар багт 1999-ээс 2000 оныг дуустал, Улаанхус сумын 5 дугаар багт 2007, 2009, 2017, 2019 онд тус тус мал маллаж малчин байсныг тогтоож, хүсэлтийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
7. Хүсэлт гаргагч нь иргэн М.Б-ий ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нийт 5 төрлийн шаардлага бүхий хүсэлт гаргасан, анхан шатны шүүх тэдгээр хүсэлтийн шаардлагаас зарим хэсгийг нь хангаж, үлдсэн хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хүсэлтийн шаардлага тус бүрд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэж хууль зүйн дүгнэлт өгөөгүй, хэрэгт хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг тухайн баримтад агуулагдаж буй мэдээллийн эх сурвалжийг нягтлах, магадлах, хэрэгт авагдсан бусад баримтуудтай харьцуулан хүсэлтийн шаардлага бүрд, түүнд хамаарч болох нотлох баримтын хэмжээнд үнэлж, эрх зүйн дүгнэлт өгөөгүй байдал нь шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Тухайлбал, хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтуудын талаар М.Б-ий итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд М.Б-ийг (1) Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Алтайн хөгжил нэгдэлд 1985 оноос 1987.10.15-ны өдрийг хүртэл хоньчин байсан талаар Цэргийн жинхэнэ албанд татагчдын анкет, хэргийн 61-62 талд авагдсан ХААТР маяг зэргийг, (2) мөн сумын 5 дугаар багт 1996 онд малчнаар ажилласан талаар хэргийн 21 дэх талд авагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээг, (3) Бугат сумын 3 дугаар багт 1999 оноос 2000 оныг дуустал малчин байсан талаар нэр засвартай гэх хэргийн 23 дахь талд авагдсан газар эзэмших гэрчилгээг, (4) Улаанхус сумын 5 дугаар багт 2007, 2009 онд, (5) мөн 2017 оноос 2019 оныг дуустал хугацаанд мал маллаж малчин байсан талаар хэргийн 5-7 дахь талд авагдсан шүүхийн шийдвэр, 22 дахь талд авагдсан гэрлэлтийн гэрчилгээ, 21 дэх талд авагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээ, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын мал тооллогын 2007, 2008, 2009, 2017-2019 оны А дансны баримтууд, малчны зээлийн дансны хуулга, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг эш үндэс болгож тайлбар гаргасан бөгөөд анхан шатны шүүх хүсэлт гаргагчийн уг тайлбар, шаардлага тус бүрийн талаар эрх зүйн дүгнэлт өгөөгүй, нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхгүйгээр хүсэлтийн хангаж буй шаардлагуудын талаар дүгнэлт хийж, хэрэгсэхгүй болгож буй зарим шаардлагын талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсан, хангалттай дүгнээгүй байдал нь нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх үндсэн эрхийг бодитой хангасан гэж үзэхэд учир дутагдалтай болгожээ.
Мөн нотлох баримтын үнэлгээний талаар анхан шатны шүүх М.Б-ийг Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 5 дугаар багт 2007 онд мал маллаж малчин байсан гэж тогтоохдоо хэрэгт цугларсан ямар баримтыг үнэлж, дүгнэсэн нь тодорхойгүй, хэргийн 24 дэх талд авагдсан 2007 оны мал тооллогын А дансанд М.Б-ий нэр байхгүй, тус хүснэгтийн 10 дахь мөрөнд тусгагдсан М.Б гэгч нь М.Б- мөн болох нь хөндлөнгийн бусад баримтаар тогтоогдоогүй, харин 2008 оны мал тооллогын А дансны 11 дэх мөрөнд бичигдсэн М.Б гэгч нь М.Б- мөн болох талаар анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлууд тогтоогдсон талаар шүүх дүгнэлт хийгээгүй орхигдуулсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй тул хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна.
8. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь заалтаар хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцаасан байх тул хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “М.Б-ийг Улаанхус сумын Алтайн хөгжил нэгдэлд 1985 онд малчин байсан байдлыг тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Хуульд зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 302/ШШ2025/00203 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцааж, М.Б-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК