Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2025/01326

 

 

*******

*******-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 191/ШШ2025/04032 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ******* *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******-т холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 181,908,980 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. ******* иргэн ******* нь *******-т ай 2010 оноос бизнесийн харилцаатай байсан. 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ******* худалдаж авсан бараа, материалын үлдэгдэл төлбөрийг талууд харилцан тооцоо нийлж үзэхэд 207,168,980 төгрөг төлөөгүй, өр төлбөртэй гарсан. ******* нь энэхүү төлбөрийг эргэн төлөхөө илэрхийлэн 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 25,260,000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөр 181,908,980 төгрөгийг 2018 онд багтаан төлж барагдуулна гэж баталгаа бичиж өгсөн боловч төлж барагдуулаагүй.

1.2. 2019 онд шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингээд 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2019/02218 дугаартай шийдвэрээр хариуцагч *******ыг эрэн сурвалжилж олж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд *******аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 181,908,980 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Хариуцагч ******* нь нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 181,908,980 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хүлээн авсан барааны тооцоо нийлсэн актыг *******-ийн нэрээр байгуулсан, уг хуулийн этгээдэд ажиллаж байхдаа компани хүлээн авсан тул хариуцахгүй. Мөн ямар бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн талаарх баримтгүй, ямар зүйлийг хүлээн авсан эсэх нь тодорхойгүй тул үлдэгдэл төлбөрийн хариуцлагыг хүлээх үүрэггүй гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

3.1. *******-ийн гүйцэтгэх захирлаар ******* 2016 он хүртэл ажиллаж байсан. 2017 оноос эхлэн өнөөдрийг хүртэл ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, татварын X тайлан гаргадаг. 2019 он болон 2022 онуудад татварын өртэй байгаа бөгөөд татварын өрөө барагдуулж дуусмагц компани татан буулгах төлөвлөгөөтэй байна. Энэ хугацаанд манай компани нь шүүхийн ямар нэгэн маргаан болон иргэн, хуулийн этгээдэд өр төлбөргүй болно.

3.2. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт заасны дагуу уг маргааны хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. Манай компани нэхэмжлэгчтэй хэрэгт авагдсан тооцоо нийлсэн актад дурдсан барилгын материал, труба хоолой, тавилга зэргийг худалдаж, худалдан авахаар тохиролцсон аливаа гэрээ, хэлцэл огт хийгээгүй бөгөөд эдгээр бараа материалыг хүлээн аваагүй. Түүнчлэн, хэзээ, хэдэн ширхэг бараа, материал манай компанид хүлээлгэн өгсөн тухай ямар ч баримт байхгүй байна. Мөн тооцоо нийлсэн актад дурдагдсан ******* дугаар бүхий гэрээний талаар бид мэдэхгүй, ийм гэрээ манай компанийн архив, баримтад байхгүй. Уг тооцоо нийлсэн акт ямар учиртай үйлдэгдсэнийг ч мэдэхгүй. Тооцоо нийлсэн актад дурдагдсан гэрээг хэрэгт гаргаж өгөөгүй, актад дурдагдсан гэрээ бодитоор байгуулсан эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй, тооцоо нийлсэн акт бодит гэрээнд үндэслэгдсэн эсэх нь эргэлзээтэй.

3.3. Нэхэмжлэгч ******* иргэн ******* нь хариуцагч *******-т холбогдуулан нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хариуцагч нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр болон 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр тус тус нэхэмжлэгчид баталгаа гаргаж өгөхдөө төлбөр төлөх үүргийг өөрөө хүлээхээ илэрхийлсэн. Энэ нь уг төлбөрийн үүрэгт манай компанийг хамааралгүй, холбогдолгүй болохыг харуулж байна. Нэхэмжлэлд ******* иргэн ******* нь хариуцагч *******-т ай 2010 оноос ажил хэргийн холбоотой байсан гэдгээ дурдсан байгаа нь манай компани үүсгэн байгуулагдахаас өмнөх ажил хэргийн холбоо байсан гэж үзэхээр байна. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж *******-ийн нэхэмжлэлд манай компани хамааралгүй, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахгүй хасаж өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас 181,908,980 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,067,495 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 1,067,495 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч ******* нь тайлбар болон хавсаргаж өгсөн баримтуудтай танилцаагүй, анхан шатны шүүх хуралдааны өдөр өгсөн байх бөгөөд шүүхээс баримт танилцуулах ажиллагаа хийлгүйгээр хурлыг хийсэн байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т заасан эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс гаргаж өгсөн тайлбар, нотлох баримтуудтай танилцсаны үндсэн хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагын татгалзаж буй холбоотой баримтуудыг шалгуулах, нотлох баримт гаргуулах эрхийг хязгаарласан.

Шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн. Гэтэл ******* иргэн ******* болон хариуцагч ******* нарын хооронд ямар нэгэн худалдах, худалдан гэрээ байгуулагдаагүй, анхан шатны шүүх нь зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг үндэслэн дүгнэсэн.

Харин нэхэмжлэгч ******* иргэн ******* болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох ******* нарын хооронд гэрээ байгуулагдсан болох тооцоо нийлсэн актанд бичигдсэн гэрээний дугаар ******* гэж бичигдсэн байгаагаар хангалттай тогтоогдож байгаа. Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7 дахь хэсэгт ...2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн тооцоо нийлсэн акт гэсэн баримтад *******-ийн гүйцэтгэх захирал ******* гэж гарын үсэг зурсан байх боловч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо *******-т ай гэрээг байгуулсан учир түүнээс шаардаж байгаа талаар тайлбарласныг хариуцагч баримтаар няцаагүй, мөн *******-тай худалдах, худалдан авах гэрээг байгуулсан гэх үйл баримт нотлогдоогүй байна гэжээ.

Хариуцагч *******ыг нэхэмжлэгч ******* иргэн *******-тэй гэрээ байгуулаагүй гэдгийг баримтаар няцаагүй гэж шүүх дүгнэж нь үндэслэлгүй. Учир ******* нь *******тэй гэрээ байгуулаагүй тул ямар нэгэн баримт гаргаж өгөх боломжгүй, мөн нэхэмжлэгч талаас *******-т ай худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаар баримт гаргаж өгөөгүй байхад шүүх хэтэрхий нэг талын тайлбарыг баримталж шийдвэрлэсэн.

Мөн шүүх хавтас хэрэгт авагдсан 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хийсэн тооцоо нийлсэн актыг анхаарч үзээгүй нь мөн *******-тай худалдах, худалдан авах гэрээг байгуулсан гэх үйл баримт нотлогдоогүй нь дүгнэлтээс тодорхой харагдаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч талын татгалзлын үндэслэлээ нотлоогүй, нотлох баримт гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийг няцаах үндэслэл тогтоогүй гэжээ. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хариуцагч талаас тухайн үеийн нөхцөл байдлыг мэдэх *******-ийн ажиллаж байсан нягтлан бодогчийг болон хамт ажиллаж байсан хүнийг гэрчээр оролцуулж, мэдүүлэг авахуулах хүсэлт, мөн бие даасан шаардпага гаргаагүй гуравдагч этгээд *******-аас гэрээний дугаар ******* гэрээг гаргуулах, санхүүгийн баримтыг гаргуулах хүсэлтиийг гаргасан боловч шүүх хүсэлтүүдийг хүлээн авахгүй, шаардлагагүй нотлох баримтууд байгаа тул хангахгүй орхисон байтлаа хариуцагч талыг нотлох баримт гаргаж өгөөгүй гэж дүгнэсэн хэтэрхий нэг талын баримтыг үнэлсэн.

Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзлаа нотлох үүднээс дээрх хүсэлтүүдийг гаргасан бөгөөд хариуцагч талаас гаргаж өгөх боломжгүй нотлох баримтууд юм. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж буй хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 234 дүгээр зүйлээр дэмжиж, хууль зүйн үндэслэлээ гаргаж байсан. Нэхэмжлэгч тал хууль зүйн үндэслэлээ бүрэн тайлбарлаагүй, хууль зүйн үндэслэлээ буруу тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон. Харин Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 234.4 дэх хэсэгт заалтыг Улсын Дээд шүүхийн тогтоол дараах байдлаар тайлбарласан байдаг. Үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болох бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардах эрхтэй байна гэж зааснаас үзвэл үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон байх учиртай байна гэж тайлбарласан. Гэтэл нэхэмжлэгч талаас *******-аас үүргээ гүйцэтгэх талаар шаардсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, шаардаж нэхэмжлэл гаргаж байгаагүй нь тодорхой байна. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол бүхэлдээ үндэслэлгүй. Шүүхийг буруутгасан агуулгаар гаргасан байна. Мөн хэргийн материал танилцуулаагүй, гэрчийг оролцуулаагүй гэж тайлбарласан. Шүүх хуралдааны явагдсан өдөр хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй. Хариуцагч эрхээ хэрэгжүүлдэг боловч үүргээ биелүүлдэггүй. Хэргийн материал танилцуулаагүй гэх гомдол нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч оролцсон. Гуравдагч этгээдийн гаргасан баримтыг нь хариуцагчид танилцуулах талаар шүүх хуралдааны явцад маргаагүй атлаа өнөөдрийн шүүх хуралдаанд энэ агуулгаар тайлбарласан нь үндэслэлгүй. Мөн гэрч асуулгах хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж аваагүй гэж тайлбарласан. Гэрчийн хаягийг өөрсдөө тодорхойлж өгөөгүй. 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шүүгчийн захирамжид гэрчүүдийн хаяг тодорхойгүй учраас шүүгч албадан ирүүлэх ажиллагаа хийх боломжгүй байгаа тухай дурдсан. Шүүх гуравдагч этгээдээр *******-ийг татан оролцуулсан.

Хариуцагч нь би мөнгийг аваагүй ******* авсан гэж тайлбарладаг. Гэтэл энэ талаар тогтоогдоогүй. Гуравдагч этгээд ******* нь бид нартай хамааралгүй гэж тайлбарласан. Хариуцагчийн татгалзал үгүйсгэгддэг. Түүнчлэн, хариуцагчийн гаргаж өгсөн хэрэгт авагдсан 2 баримтаар нэхэмжлэлийн шаардлага тогтоогдсон. 2 удаагийн баталгаанд тусгагдсанаар би авсан, төлнө гэж хэлээд тооцоо нийлсэн актаас хойш 2 удаа баталгааг гаргаж өгсөн. ******* нь төлөхгүй бол хариуцагч өөрөө төлөхөө илэрхийлэх ёстой байсан. Тухайн баримттай танилцсан бол шүүхээр ямар ажиллагаа хийлгэх эсэх нь тодорхойгүй төдийгүй давж заалдах гомдлоо ямар агуулгаар гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Шүүхээр баримтыг шалгуулах байсан гэж маргадаг. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч ******* иргэн ******* нь хариуцагч *******-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 181,908,980 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас гэрч асуулгах хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 191/ШЗ2025/14296 дугаар захирамжаар *******-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах болсон тул тус хуулийн этгээдэд ажиллаж байсан гэх этгээдүүдийг гэрчээр асуух нь ач холбогдолгүй гэх үндэслэлээр хангахгүй орхисон нь/хх75-76/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь хэсэгт заасан зохигчийн эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Тодруулбал, *******-ийн ай ти инженер ******* нь тухайн үед нэхэмжлэгч ******* *******-ийн *******-т өгсөн гэх бараа материалыг сонгож авахад цуг оролцсон, мөн тус компанийн гадаад худалдааны менежер ******* нь труба хоолойг Багануур хувьцаат компанийн тендерийн шалгаруулалтад өгсөн, мөн тус компанийн нягтлан бодогч ******* төлбөр тооцооны асуудлыг бүрэн хариуцаж байсан зэрэг нөхцөл байдлуудыг гэрчлэх гэрч нарын гэрийн хаяг болон утасны дугаар зэргийг хариуцагч нь дээрх хүсэлтдээ тодорхойлж өгсөн байна.

Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэх гэрч нарыг асууж тодруулснаар хариуцагч ******* нь тухайн бараа материалыг ямар журмаар авч байсан болох, мөн ******* бараа материалыг авсан эсэх үйл баримт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой, хамаарал бүхий байна.

Иймд хариуцагч тал татгалзлын үндэслэлээ нотлох үүднээс *******-д ажиллаж байсан ай ти инженер, гадаад худалдааны менежер, нягтлан бодогч нарыг гэрчээр оролцуулж, мэдүүлэг авахуулах тухай хүсэлтийг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. Иймд энэ талаарх хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангана.

4. Мөн хариуцагч талаас бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******-аас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 191/ШЗ2025/20567 дугаар захирамжаар хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийн үндэслэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.6 дахь хэсэгт заасан нөхцөл бүрдээгүй, гуравдагч этгээдэд баримт өөрт нь байхгүй гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан тул уг хүсэлтийг шийдвэрлэх нь хэрэг маргаанд ач холбогдолгүй гэх үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт шүүхэд урьдаас хөтөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж заасантай нийцээгүй./хх98-100/

Нэхэмжлэгч ******* иргэн *******, *******-ийн хооронд гэрээ байгуулагдсан эсэх баримтыг гаргуулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Учир нь хэргийн 58 дугаар талд авагдсан тооцоо нийлсэн баримтад *******-ийн гүйцэтгэх захирал *******, тооцоо нийлсэн нябо *******, ******* барилгын материалын эзэн ******* нар гарын үсэг зурсан талаарх баримт авагдсан байдаг.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

5. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтоон, хэргийг шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 191/ШШ2025/04032 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,067,496 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ЦОГТСАЙХАН