| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 184/2024/08227/И |
| Дугаар | 210/МА2025/01329 |
| Огноо | 2025-08-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2025/01329
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/03188 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох,
******* дүүргийн ******* дүгээр хороо, *******, Нумтын ам хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаар бүхий 698 м.кв талбайтай, ******* эзэмших эрхийн дугаартай зуслангийн газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь ******* дүүргийн ******* дүгээр хороо, *******, Нумтын ам хаягт байрлах, ******* дугаар бүхий зуслангийн газрыг 2006 онд *******-аас худалдан авсан.
1.2. Манай эхнэрийн төрсөн эгч *******г *******-аас газар авсан гэж ойлгосон. Гэвч манай эгч ******* нь *******д газар зараагүй, өөр хүнд зарсан гэж хэлсэн. Ингээд би өөрийн эзэмшлийн газар дээр очиж үзтэл ******* нь миний газар дээр байшин барьсан болохыг олж мэдсэн. ******* байшин барьсан талаар хэлээгүй, манай эхнэр бид хоёр мэдээгүй бөгөөд ******* болон түүний нөхөртэй ямар нэг газрын талаар гэрээ хэлцэл хийгээгүй. Энэ талаар надад хэлэлгүйгээр байшин барьсанд гомдолтой байгаа тул газраа чөлөөлүүлж авах хүсэлтэй байна.
1.3. Иймд ******* дүүргийн ******* дүгээр хороо, *******, Нумтын ам хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаар бүхий 698 м.кв, ******* эзэмших эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрыг *******г ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. *******, ******* нар бизнесийн ажилтай учраас би хүүхдийг харж өсгөдөг байсан. Үүнд талархаж ******* дүүргийн ******* дүгээр хороо, *******, нумтын ам хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаар бүхий 698 м.кв, ******* дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй зуслангийн газрыг нөхөр бид хоёрт бэлэглэсэн. Бид бүхэн аль аль нь ажил цаг зав муутайн улмаас газрыг албан ёсоор шилжүүлж аваагүй байсан. Дээрх газаргт байшин барьж амьдрах болсон.
*******, ******* нар хоорондын таарамжгүй харилцааны улмаас гэр бүл цуцлахаар шүүхэд маргаан гаргасан байгаа бөгөөд тэдний гэр бүлийн маргааны гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаанд тус газрын ногдох хэсгийг гаргуулахаар ******* шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Иймд энэ газрыг хууль бусаар эзэмшээгүй, бусдаас бэлэглэсний дагуу өөрийн хөрөнгөөр байшин барьсан тул газрыг чөлөөлж өгөх боломжгүй гэж гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ийн эзэмшлийн ******* дүүргийн ******* дүгээр хороо, *******, нумтын ам хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаар бүхий 698 м.кв, ******* дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй зуслангийн газрыг хариуцагч *******г ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Маргааны зүйл болох зуслангийн газар нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан гэрлэлтээс хойш бий болсон гэр бүлийн дундын өмч хөрөнгөд хамаарч байсан бөгөөд хариуцагч *******г ийн төрсөн дүү *******, нэхэмжлэгч *******тэй гэрлэлтээ цуцлуулах, асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын өмч хөрөнгөөс өөрт болон 2 хүүхэддээ ногдох хувь гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй Баянзүрх, Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа болох нь шүүхийн баримтаар тогтоогддог бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дахь хэсэгт Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан.
Өмнөх шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, шүүх тус заалтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг шүүх бүрэлдэхүүн үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тодруулбал, хариуцагч *******г ийн төрсөн дүү ******* гэрлэлт цуцлуулах маргааны зүйл болох газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай байр сууриа шүүхэд илэрхийлсэн, шүүхээс гэрлэлт цуцлах шаардлагатай холбоотой хөрөнгийн маргааныг хамтад нь шийдвэрлэх тухай Улсын Дээд шүүхийн тайлбар, зөвлөмж нийтлэг пракгик тогтсон байхад шүүх анхаарч үзээгүй, газар дээр нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр, өөрийн хөрөнгөөр амины сууц барьсан нөхцөл байдал тогтоогдож байхад гуравдагч этгээдийн эрх ашигийг хөндсөн үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.
4.2. Мөн нэхэмжлэгч *******-ийн хүү ******* тус шүүхэд гэр бүлийн дундын өмч хөрөнгөтэй холбоотой шаарлага гаргасныг шүүх Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус хөрөнгөтэй холбоотой хэрэг маргаан хянан хэлэлцэгдэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан үндэслэлээр түдгэлзүүлж шийдвэрлэсэн, энэ нь адил төрлийн шаардлага бүхий хэрэг маргааныг шүүх хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв хэрэглээгүй, материаллаг хуулийг баримтлаагүй байна. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь өөрийн газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх маргаан болно. Энэ хэрэгтэй холбоотой өөр шүүхээр шийдвэрлэгдэж байгаа гэх хэрэг нь *******гийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох гэрлэлт цуцлуулах, дундын эд хөрөнгө тогтоолгох тухай маргаан атал хариуцагч тал газартай холбоотой маргаан байсан гэх агуулгаар тайлбарладаг. Уг хэрэгт анх газартай холбоотой маргаан байгаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж маргаан бүхий газартай холбоотой шаардлага гаргасан боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж аваагүй. Тухайн хэрэг, маргаан нь хянан шийдвэрлэгдсэн, одоо давж заалдах шатны шүүхээр хянагдаж байгаа. Газрыг дундын эд хөрөнгө мөн эсэх талаарх маргаан хэлэлцэгдээгүй. Шүүх нэг удаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж тогтоол гаргасан. Тогтоолоор уг маргаануудыг хоорондоо хамааралгүй, газартай холбоотой маргаан шийдвэрлэгдээгүй гэж дүгнээд шүүхээс тогтоол гаргасан байсан. Шүүх хуралдаан явагдсан өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт дахин гаргасан. Тухайн хүсэлт нь өмнө шийдвэрлэгдсэн, өөр баримт авагдаагүй гэх үндэслэлээр шүүх хариуцагчийн гаргасан хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн бол энэ талаар гомдол гаргах боломжтой. Түдгэлзүүлээгүй орхисонтой холбоотой гомдол гаргах эрхгүй. Мөн хоорондоо хамааралтай 2 хэрэг байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Үүнтэй холбоотойгоор шүүгч 2 удаа захирамж гаргасан. Шүүхийн тогтоолоор захирамжийг хүчингүй болгосон. Уг тогтоол нь хүчин төгөлдөр хэвээр байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан ******* дүүргийн ******* дүгээр хороо, *******, Нумтын ам хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаар бүхий 698 м.кв талбайтай, ******* эзэмших эрхийн дугаартай зуслангийн газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...эгч ******* 3 айлын газартай байсан. Үүний нэг газрыг би өөрийн нэр дээр шилжүүлж авсан. *******г эгчийн газраас худалдан авсан гэж ойлгосон боловч эгчээс асуухад маргаан бүхий газрыг *******д биш өөр хүнд худалдсан гэж хэлсэн. Өөрийн эзэмшлийн газар дээр очиж үзэхэд ******* миний эзэмшлийн газар дээр байшин барьсан байсан тул газраа чөлөөлүүлнэ гэж тодорхойлсон.
Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...******* уг газрыг нөхөр бид хоёрт бэлэглэсэн, цаг зав муутайн улмаас газрыг албан ёсоор шилжүүлж аваагүй байсан, газар дээр байшин барьж амьдарч байгаа гэж тайлбарлаж маргасан.
4. Хэрэгт нэхэмжлэгчид олгогдсон ******* дүүргийн ******* дүгээр хороо, *******, Нумтын ам хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаар бүхий 698 м.кв талбайтай, ******* эзэмших эрхийн дугаартай зуслангийн газар эзэмших эрхийн гэрчилгээ авагдсан байх боловч хариуцагч тус газрын аль хэсэгт ямар хэмжээнд байшин барьж хэрхэн эзэмшиж байгаа болох нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
5. Үүний зэрэгцээ хариуцагч нь ...*******, ******* нарын хоорондох гэрлэлт цуцлуулах маргаантай хэргийг шийдвэрлэхээс өмнө энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй гэх агуулгаар маргаж, талууд уг үйл баримтад илүү ач холбогдол өгч мэтгэлцжээ. Гэр бүлийн гишүүд хоорондоо хамтран өмчлөх дундын хөрөнгийн маргаан үүсгэсэн нь зохигчийн хоорондох хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх маргаантай холбоогүй, мөн тухайн хэрэг хэрхэн шийдвэрлэгдэх нь энэ иргэний хэрэгт нөлөөлөхөөргүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа, 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэсэн үндэслэлүүдэд хамаарахгүй, хариуцагчийн тайлбар, мөн энэ агуулгаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.
6. Дээр дурдсанаас дүгнэхэд, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг хариуцагч хууль бусаар эзэмшиж байгаа, эсхүл зохигчдын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх ба анхан шатны шүүх маргааны үйл баримтад зохигч талуудыг чиглүүлэх, мэтгэлцүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/03188 шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******г аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Д.ЦОГТСАЙХАН