Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 15

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Сугар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар баг Онги жаргалант 14 гудамж 209 тоотод оршин суух иргэн Д.Бямбадорж /регистрийн дугаар: ЙУ58122815/-гийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргад холбогдох

     “... Д.Бямбадорж миний төрсөн он, сар, өдөр андуурагдан бичигдснийг зөвтгөж 1957 оны 12 дугаар сарын 08-ны өдөр болгон залруулахыг даалгаж өгөх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 121/2017/0014/3 дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Бямбадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Бямбадорж шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие 1957 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн.  Гэтэл бичиг баримт 1958 онд төрснөөр бичигдэж байгаа. Миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн боловч бичиг баримтанд төрсөн он, сар өдрийн зөрчилтэй болсон. Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагааг үндэслэн намайг 1957 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн болохыг  залруулахыг даалгаж өгнө үү. Иймд Д.Бямбадорж миний цахим үнэмлэхний төрсөн он, сар, өдрийг 1958.12.08-ны өдөр гэж андуурагдан бичигдснийг зөвтгөж 1957.12.08-ны өдөр болгон залруулахыг даалгаж өгөх”[1] гэжээ.

     Хариуцагч Өвөрхангай аймгийн Уянга сумын Улсын бүртгэгч П.Ожимдмаа 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа[2]:

“Уянга сумын Улсын бүртгэгч П.Ожидмаа миний бие нь онги 8-р багийн иргэн Дагва-Осорын Бямбадоржийн нэхэмжлэлтэй төрсөн он сар өдөр зөрсөн гэх хэрэгт тайлбар гаргаж байна. Д.Бямбадорж нь 1958 оны 12 дугаар сарын 26-нд төрсөн йу 58122615 тоот регисирийн дугаартай цахим үнэмлэхтэй төрсөн он сар зөрчсөн тухай урд нь ярьж хэлж байгаагүй. Д.Бямбадорж нь 1957 оны 12 дугаар сарын 08-нд төрсөн тухай төрсний лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн сангаас авсан байна. Д.Бямбадоржийн төрсөн оны лавлагааг үндэслэн танай байгууллага шийдвэр гаргасан тохиолдолд бүртгэлийн байгууллага залруулах боломжтой тул иргэний төрсөн оныг өөрчилсөн шийдвэр гаргаж өгнө үү” гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Бямбадорж нь Өвөрхангай аймгийн Уянга сумын Улсын бүртгэгчид холбогдуулан “... Д.Бямбадорж миний төрсөн он, сар, өдөр андуурагдан бичигдснийг зөвтгөж 1957 оны 12 дугаар сарын 08-ны өдөр болгон залруулахыг даалгаж өгөх”-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны ирцийн тухайд: Хариуцагч Өвөрхангай аймгийн Уянга сумын Улсын бүртгэгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцох боломжгүй болохоо мэдэгдэж, өөрийг нь байлцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийхийг хүссэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн[3], нэхэмжлэгч хариуцагчийг байлцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийхийг зөвшөөрч байх тул хариуцагчийн хүсэлтийг хүлээн авч түүнийг байлцуулалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэв.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогчдын тайлбарт тулгуурлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримт болох иргэн Д.Бямбадоржийн иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбараас[4] үзэхэд Тайж овогт Дагва-Осорын Бямбадорж нь ЙУ58122815 регистрийн дугаартай, 1958 оны 12 дугаар сарын      28-ны өдөр төрсөн гэж ойлгогдохоор байна. 

Гэвч хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 103/007357 дугаартай “Төрсний бүртгэлийн лавлагаа”-гаар[5] нэхэмжлэгч Д.Бямбадорж нь 1957 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн болох нь нотлогдож байна.

Хариуцагч Уянга сумын Улсын бүртгэгчийн “Д.Бямбадорж нь 1957 оны 12 дугаар сарын 08-нд төрсөн тухай төрсний лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн сангаас авсан байна. Д.Бямбадоржийн төрсөн оны лавлагааг үндэслэн танай байгууллага шийдвэр гаргасан тохиолдолд бүртгэлийн байгууллага залруулах боломжтой тул иргэний төрсөн оныг өөрчилсөн шийдвэр гаргаж өгнө үү” гэсэн тайлбараас[6] үзэхэд нэхэмжлэгч Д.Бямбадоржийн төрсөн огноо 1957 оны 12 дугаар сарын 08-ны өдөр болох талаар ямар нэгэн маргаан байхгүй баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.Бямбадоржийн иргэний цахим үнэмлэх дээр түүний төрсөн он, сар, өдрийг 1958 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэж бичсэн байх ба ЙУ58122815 регистрийн дугаартай байгаа хэдий боловч дээрх дурьдагдаж буй хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараар нэхэмжлэгч иргэн Д.Бямбадорж нь 1958 оны 12 дугаар сарын 28-ны өдөр биш харин 1957 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн болох нь нотлогдож байна. 

Нэхэмжлэгч Д.Бямбадоржийн иргэний цахим үнэмлэх дээр түүний төрсөн огноог ташаарч алдаатай буруу бичиж бүртгэснээс шалтгаалан Монгол Улсын өндөр настай иргэний хувьд эдлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, Монгол Улсын иргэний хувьд нийгэм хамгааллын эрхээ буюу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй байдалд хүрчээ.    

Шүүхээс Д.Бямбадоржийн иргэний цахим үнэмлэх дээр түүний төрсөн он, сар, өдрийг ташаарч алдаатай буруу бичиж бүртгэснээс шалтгаалан Монгол Улсын иргэнд хуулиар олгогдсон эрхээ эдэлж тодорхой төрлийн нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байдалд хүрч, Монгол Улсын өндөр настай иргэн Д.Бямбадоржийн эрх ноцтойгоор зөрчигдөж байна гэж үзлээ.          

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд “Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах” тухай харилцааг хуульчлан заасан байна.

Уг хуулийн мөн зүйл буюу Иргэний бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Иргэний бүртгэлийн ажилтан дор дурдсан үндэслэлээр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна” гээд 31.1-31.5 дахь хэсэгт нэрлэн заасан 5 тохиолдолд л иргэний бүртгэлийн ажилтан иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулж болох тухай хуульчлан зохицуулж өгчээ.

 Иргэний бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4-т “шүүхийн шийдвэр” гэж заасан байх ба хуулийн уг заалтаас үзэхэд шүүхийн шийдвэрээр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд өөрчлөлт оруулж болох хууль зүйн зохицуулалт өдгөө Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж үйлчилж байна.  

Мөн Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт шүүх нь “хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох” эрхэм зорилготой болохыг хуульчлан зааж өгсөн байна.  

Иймд шүүхээс нэхэмжлэгч Д.Бямбадоржийн ... Д.Бямбадорж миний төрсөн он, сар, өдөр андуурагдан бичигдснийг зөвтгөж 1957 оны 12 дугаар сарын 08-ны өдөр болгон залруулахыг даалгаж өгөх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж нэхэмжлэгч Монгол Улсын иргэн Д.Бямбадоржийн хууль ёсны ашиг сонирхол, эрхийг шүүхээс хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Д.Бямбадоржийн ... Д.Бямбадорж миний төрсөн он, сар, өдөр андуурагдан бичигдснийг зөвтгөж 1957 оны             12 дугаар сарын 08-ны өдөр болгон залруулахыг даалгаж өгөх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Өвөрхангай аймгийн Уянга сумын Улсын бүртгэгчид Д.Бямбадорж /регистрийн дугаар: ЙУ58122815/-ийн төрсөн он, сар, өдрийг 1957 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэж зөвтгөн өөрчилж бүртгэхийг даалгасугай.   

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

  Энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш       14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.СУГАР

 


[1] Хавтаст хэргийн 1 дэх тал.

[2] Хавтаст хэргийн 10-11 дэх тал.

[3] Хавтаст хэргийн 20 дахь тал.   

[4] Хавтаст хэргийн 4 дэх тал.

[5] Хавтаст хэргийн 2 дахь тал.

[6] Хавтаст хэргийн 10-11 дэх тал.