| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигийн Батсуурь |
| Хэргийн индекс | 221/2024/0022/З |
| Дугаар | 001/ХТ2025/0088 |
| Огноо | 2025-10-28 |
| Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2025/0088
Г.М***-ийн гомдолтой,
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны
Мэргэжлийн хариуцлагын хороонд
холбогдох хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Ц.Цогт
Шүүгчид: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа
Д.Батбаатар
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 221/ШШ2025/0016 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Г.М***, түүний өмгөөлөгч Ч.Анар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М***, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М*** нарыг оролцуулан хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлоор хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Гомдлын шаардлага:
1.Г.М***-аас Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан “... тус хорооны 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн МТ/2024/*** дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргажээ.
Хэргийн нөхцөл байдал:
2.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн МТ/2024/*** дугаар тогтоолоор өмгөөлөгч Б.А***, Г.М*** нарыг Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.6, 14 дүгээр зүйлийн 14.1.3, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн болохыг тогтоож, өмгөөлөгч Б.А***-д сануулах, Г.М***-д өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар түдгэлзүүлэх хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэжээ.
3.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 221/ШШ2025/0016 дугаар магадлалаар: Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.1.4, 14.1.6-д заасныг баримтлан гомдол гаргагч Г.М***-ийн гомдлын шаардлагыг хангаж, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн МТ/2024/*** дугаар тогтоолын Г.М***-д холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.
Давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэл:
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М***-аас магадлалыг эс зөвшөөрч давж заалдах журмаар дараах (агуулгаар нь тусгав) гомдлыг гаргажээ. Үүнд:
4.1.Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 26 дугаар зүйлийн 26.2.1-д зааснаар үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлснээр хууль, эсхүл ёс зүйн дүрмийг зөрчихөөр бол үйлчилгээ үзүүлэхээс татгалзах үүрэгтэй байсан.
4.2.Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “С***” гоо сайхны эмнэлэг болоод эмч П.М***-ыг Мэргэжлийн хорооны маргаан шийдвэрлэх хуралдаан болох үед гэм бурууг нь тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр тогтоол гараагүй байсан болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд “Энэ хуулиас гадуур хэнийг ч ... гэм буруутайд тооцох ... -ыг хориглоно” гэх заалтуудыг зөрчсөн мэдээлэл хийсэн. Өмгөөлөгч Г.М*** (Б.А***) нар нь Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтыг зөрчсөн байхаас гадна “Өмгөөллийн үйл ажиллагааны нэгдсэн шаардлага”-ын 2 дугаар зүйлийн 2.1.4-т “хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хүндэтгэх” гэснийг зөрчсөн.
4.3.Давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний зөрүүтэй дүгнэлт хийсэн буюу тухайн өмгөөлөгчийн үйлдэл мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан эсэхийг прокуророос шалгасан асуудал нь өмгөөлөгчид ёс зүйн хариуцлага хүлээлгэхэд нөлөөлөхгүй.
4.4.Өмгөөлөгч нар нь хэвлэлийн хурал хийж мэдээлэл өгөхдөө гуравдагч этгээдийн гэм бурууг тогтоогоогүй байхад Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Өмгөөлөгч нь гуравдагч этгээдэд хууль болон үйл баримтын талаар худал мэдээлэл өгөхийг хориглоно” гэж заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба энэ нь ёс зүйн дүрмийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар ёс зүйн зөрчилд тооцогдоно. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
5.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М***-ээс магадлалыг эс зөвшөөрч давж заалдах журмаар дараах (агуулгаар нь тусгав) гомдлыг гаргажээ. Үүнд:
5.1.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь маргаан бүхий актад “... хариуцагч Г.М***, Б.А*** нарын өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа хэрэгжүүлэхдээ эцэслэн шийдвэрлэгдээгүй хэрэг маргааны талаар олон нийтийн хэрэгслээр мэдээлэл хийсэн үйлдэл нь Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.6, 14.1.3, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн” ба давж заалдах шатны шүүхээс “... тухайн үед олныг хамарсан сенсацын дагуу сайтуудад мэдээлэл тавигдсан, үүнд өмгөөлөгч Г.М*** ямарваа хэлбэрээр холбоотой болох нь тогтоогдсонгүй” гэж дүгнэсэн нь талуудын маргаагүй асуудлаар үндэслэлгүйгээр хийсэн дүгнэлт гэж үзнэ.
5.2.Тодруулбал, Монгол улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14-т “... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно...” хэмээн заасан ба хэдийгээр үйлчлүүлэгч нь эрүүл мэндийн хувьд ноцтой хохирсон байх боловч тухайн хохирлыг учруулсантай холбоотой гэм бурууг тогтоосон эцсийн дүгнэлт гараагүй байхад энэ талаар олон нийтэд мэдээлэл (“С*** эмнэлгийн эмч П.М***-д холбогдуулан эрүүгийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байхад ... гэм буруу нь тогтоогдсон, буруу цэг рүү тарьсан... ” гэх зэргээр өгсөн ярилцлага) хийж байгаа нь өөрөө ноцтой зөрчил гэж үзээд хариуцлага хүлээлгэсэн.
5.3.Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх”, 5.1.4-т “мэдээлэл, үйлчилгээ нь ойлгомжтой, үнэн зөв, бүрэн байх”, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх”, 5.1.2-т “хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх”, 5.1.4-т “мэдээллийг хуульд заасан үндэслэлээр, эсхүл мэдээллийн эзний зөвшөөрлийн дагуу цуглуулах, боловсруулах, ашиглах” гэж заасныг зөрчиж мэдээллийн сайтууд мэдээлэл хийсэн байхад уг хууль бус үйлдлийг аль хэдийн нийтэд ил болсон үйл явдал гэж тодорхойлж байгаа нь өмгөөлөгчийн ёс зүйд байж болохгүй үйлдэл гэж маргаж байхад давж заалдах шатны шүүхээс хөндлөнгөөс тэр мэдээлэлд холбоогүй, эх сурвалж нь биш гэсэн агуулгаар дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
6.Давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг зөв үнэлээгүй, мөн хэрэглэвэл зохих хууль, дүрмийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул магадлалд өөрчлөлт оруулав.
7.Хариуцагч Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо (цаашид “Мэргэжлийн хариуцлагын хороо” гэх) нь “С***” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Б.М***-аас гаргасан “… Манай эмнэлэгт 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр эмчилгээ хийлгэж хохирсон гэх иргэн Х.З***-ын өмгөөлөгч Г.М***, Б.А*** нар 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр zarig.mn сайтад, мөн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Монгол Ньюс агентлагт хэвлэлийн хурал зохион байгуулж ярилцлага өгсөн. Уг ярилцлагууд нь олон нийтэд түгээгдсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан, илт худал мэдээлэл тараасан, компанийн ажил хэргийн нэр хүндэд санаатайгаар халдсан” гэх гомдлыг үндэслэн өмгөөлөгч Б.А***, Г.М*** нарт холбогдуулан маргаан үүсгэжээ.
8.Мэргэжлийн хариуцлагын хорооны хуралдаанаар дээрх гомдлыг хэлэлцээд тус Хорооны 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн МТ/2024/*** дугаар тогтоолоор Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.6, 14 дүгээр зүйлийн 14.1.3, мөн Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэн өмгөөлөгч Б.А***-д “сануулах”, өмгөөлөгч Г.М***-д “өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар түдгэлзүүлэх” хариуцлага хүлээлгэсэн байна.
9.Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “хүний ... нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хүндэтгэх”, 4.1.6-д “хүнлэг, энэрэнгүй байх”, 14 дүгээр зүйлийн 14.1.3-т “үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хориглоогүй арга, хэрэгсэл ашиглан шударгаар, тууштай хамгаалах” гэж, мөн Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Өмгөөлөгч мэргэжлийн үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг чанд хадгална” гэж тус тус зохицуулжээ.
10.Хэрэгт авагдсан талуудын мэдүүлэг, гомдол гаргагчийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлага, хэвлэлийн бага хурлын дуу-дүрсний бичлэг, давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбар гэх зэрэг баримтаас үзэхэд, өмгөөлөгч Г.М***-ийн үйлдэл маргаан бүхий тогтоолд дурдсан зарим зохицуулалтыг зөрчөөгүй, харин холбогдох өөр зохицуулалтад заасан зөрчилд хамаарч болох нөхцөл байдал тогтоогдож байна.
Нэг.Гомдол гаргагч өмгөөлөгч эцэслэн шийдвэрлэгдээгүй хэрэг маргааны нотлох баримтыг дурдах замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, өмгөөллийн нууцад хамаарах мэдээлэл хийсэн зөрчил гаргасан тухайд:
11.Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-д “энэ хуулийн 13.1.5-д заасны дагуу хуулбарлан авсан нотлох баримт, баримт сэлтийг тухайн хэрэг, маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд нийтлэх”-ийг өмгөөлөгчид хориглоно, 25 дугаар зүйлийн 25.3-т “өмгөөлөгч өмгөөллийн нууцыг үйлчлүүлэгчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр бусдад задруулах, эсхүл үрэгдүүлэх, эсхүл хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлын тулд ашиглахыг хориглоно” гэж, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Өмгөөлөгч нь үйлчлүүлэгчээс мэдээлэлтэй зөвшөөрөл өгсөн, агуулгаараа нууцад хамаарахгүй, олон нийтэд нэгэнт ил болсон, эсхүл үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахын тулд зайлшгүй задруулах шаардлагатай мэдээллээс бусад үйлчлүүлэгчид хууль зүйн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой мэдээллийг задруулахыг хориглоно” гэж тус тус заажээ.
12.Дээрх зохицуулалтаас үзэхэд, олон нийтэд нэгэнт ил болсон, эсхүл үйлчлүүлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахын тулд зайлшгүй задруулах шаардлагатай мэдээллээс бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хамаарах мэдээллийг үйлчлүүлэгчийн бичгээр өгсөн зөвшөөрөлтэй эсэхээс үл шалтгаалан задруулахыг хориглох бөгөөд аливаа хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримт сэлт, нотлох баримттай танилцсаны дагуу хуулбарлан авсан нотлох баримтыг ямар ч тохиолдолд олон нийтийн сүлжээнд нийтлэхийг хориглохоор тус тус зохицуулжээ.
13.Гомдол гаргагч өмгөөлөгч 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Zarig.mn сайтад өгсөн ярилцлагад[1] “... одоогийн байдлаар эмчийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учирсан гэдэг нь тогтоогдоод прокуророос яллах дүгнэлт үйлдэгдээд шүүх рүү шилжиж байгаа, ... С*** эмнэлгийн захирлын баталсан филлер тарилга хийх эмнэлзүйн удирдамж Монгол Улсын ерөнхий стандартад нийцээгүй нөхцөл байдал бий болчихсон байгаа … филлер тарилга хэрэглэж байгаа зүү, тариа нь стандарттай байх ёстой ... гэтэл эмнэлгээс гаргасан эмнэлзүйн удирдамж дээр та нүүрнийхээ аль хэсэгт хийхийг эмчтэй ярилцаж болно гэж заасан байсан” гэж дурдсан.
14.Мөн оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хэвлэлийн бага хурлын үеэр[2] “... өнөөдөр дан ганц эмчийн буруутай үйл ажиллагаа гэж тогтоочхоод хариуцлагаас бултах гээд байгаа асуудал дээр бид нар судалсан гэж өмнө нь хэлж байсан ... С*** клиник эмнэлгээс гаргасан эмнэлзүйн удирдамж нь нийт 4 хуудастай ... гэтэл манай үйлчлүүлэгчид тарьсан филлер тарилгын дэлхийн стандарт ийм олон хуудас байх жишээний ... манай үйлчлүүлэгчийн баруун нүдний сохролт болдог энэ цэг нь яг духан дахь судсанд хийгдсэн, энэ хэсэг нь маш өндөр эрсдэлтэй бүс буюу дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн экспертүүд ч энэ бүсэд филлер тарилгыг хийдэггүй, хийхийг ч зөвлөдөггүй байна ... гэтэл энэ хэсэг рүү нөгөө филлер тарилгаа хийж байгаад манай хохирогчийн баруун нүдний хараа алдагдсан ... одоогийн байдлаар ... прокурорын шатанд бид нар нэмэлтээр мөрдөн байцаалтад буцаалгаж өгөх хүсэлт гаргачихсан байгаа ... өөрөөр хэлбэл ганцхан эмчийг буруутгахаас илүү хуулийн этгээд буюу С*** эмнэлгийн удирдлага, энэ эмнэлгийн филлер тарилга хийх эмнэлзүйн удирдамжийг баталсан эрх бүхий этгээдүүдэд хариуцлага тооцуулахаар нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаануудыг хийлгэх хүсэлтэй байгаа ... одоо манай хохирогч ямар нөхцөл байдалтай байгаа вэ гэхээр хөдөлмөрийн чадвараа 65 хувь алдчихсан, хүнд гэмтэл гарчихсан ... энэ бол шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаа ... үнэмлэхүй сохролт гэсэн оноштой нөхцөл байдалтай явж байгаа” гэх агуулгаар мэдэгдэл хийсэн байна.
15.Дээрх ярилцлага, мэдэгдлийн агуулгаас тухайн цаг хугацаанд “С***” ХХК нь холбогдох хэрэгт яллагдагчаар татагдаагүй байсан, уг эмнэлэгт ажилладаг нэр бүхий эмч яллагдагчаар татагдсан байсан, мөн хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байсан зэрэг нөхцөл байдалтай байсан нь тогтоогдож байна. Үүнээс гадна, “эмнэлзүйн удирдамж”, “шинжээчийн дүгнэлт” гэх зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтыг урьд өмнө хэвлэл мэдээллийн сайтууд дурдаагүй байсан хэдий ч гомдол гаргагч өмгөөлөгч энэ тухай нэмж дурдах байдлаар гэм буруутай нь тогтоогдчихсон мэт мэдэгдлийг олон нийтэд хийжээ.
16.Хэдийгээр гомдол гаргагчийн зүгээс үйлчлүүлэгчээс өгсөн зөвшөөрөлтэйгөөр дээрх мэдээллийг олон нийтэд мэдээлсэн тул ёс зүйн зөрчилд хамаарахгүй[3] гэх агуулгаар маргасан боловч эдгээр мэдээлэл нь агуулгаараа нууцад хамаараагүй байх, олон нийтэд нэгэнт ил болсон байх гэх зэрэг ёс зүйн дүрэмд тусгасан урьдач нөхцөл, шаардлагыг бүрэн хангаагүй байх тул энэ тохиолдолд, гомдол гаргагчийн үйлчлүүлэгчээс зөвшөөрөл өгсөн эсэхээс үл шалтгаалан дээрх агуулгаар хийсэн ярилцлага, мэдээлэл ёс зүйн зөрчилд хамаарч болохоор байна.
17.Иймд давж заалдах шатны шүүхийн “... Хугацааны хувьд шүүхийн дээрх шийдвэр гаргахаас өмнө Tac.mn сайтад 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ... Tsahiur.mn сайтад 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ... Eguur.mn сайтад 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ... Ivoice.mn сайтад 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ... филлер тариа тариулснаас нүд нь сохорч, хараагаа алдсан харамсалтай хэрэг гарчээ ... тухайн тарилгыг ... эмч М тарьсан аж гэх мэдээлэл тус тус гаргасан ... гэрчийн мэдүүлэг болон дээрх мэдээллүүдийн утга агуулгаас үзэхэд тухайн үед олныг хамарсан сенсацын дагуу сайтуудад мэдээлэл тавигдсан, үүнд өмгөөлөгч Г.М*** ямарваа хэлбэрээр холбоотой болох нь тогтоогдсонгүй” гэх дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасанд нийцээгүй байна.
18.Түүнчлэн Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-д “энэ хуулийн 13.1.5-д заасны дагуу хуулбарлан авсан нотлох баримт, баримт сэлтийг тухайн хэрэг, маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд нийтлэхийг өмгөөлөгчид хориглоно” гэж заасан. Энэ тохиолдолд, гомдол гаргагч нь хэвлэлийн бага хурал хийсэн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс хойш хуанлийн 7 сарын дараа буюу 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хэрэгтэй танилцаж[4], нотлох баримтыг хуулбарлан авах тухай хүсэлтийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газарт гаргаж байжээ. Улмаар 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Прокурорын газраас хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн[5], уг хугацаанаас өмнө гомдол гаргагч өмгөөлөгч хэрэгтэй танилцах, нотлох баримтыг хуулбарлан авах тухай хүсэлт гаргаж байгаагүй байна. Иймд Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
19.Харин гомдол гаргагч нь хэргийн нотлох баримттай танилцаагүй байсан боловч хэрэгт авагдсан “эмнэлзүйн удирдамж”, “шинжээчийн дүгнэлт” зэрэг нотлох баримтыг дурдах байдлаар “С***” ХХК-ийг гэм буруутай байсан мэт мэдээллийг олон нийтэд мэдээлсэн, мөн давж заалдах шатны шүүх хуралдааны явцад хийсэн гомдол гаргагчийн “… хэвлэлийн бага хурал хийснээр төрийн байгууллагуудад гаргасан байсан гомдол, мэдээлэл маш хурдацтай буюу ажлын 3-5 хоногийн хугацаанд шийдвэрлэгдсэн, энэ хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа үр дүнтэй явагдсан” гэх тайлбар зэргээс үзвэл гомдол гаргагч өмгөөлөгч нь Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “өмгөөлөгч нь өөрийн мэргэжлийн үүрэгтэй холбоотой худал, төөрөгдүүлсэн агуулгатай, өмгөөлөгчийн мэргэжлийн нэр хүндийг гутаасан, эсхүл хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөх мэдээлэл хийхийг хориглоно” гэж, мөн дүрмийн 18 дугаар зүйлийн 18.1-д “өмгөөлөгч нь үйлчлүүлэгчээс мэдээлэлтэй зөвшөөрөл өгсөн, агуулгаараа нууцад хамаарахгүй, олон нийтэд нэгэнт ил болсон, эсхүл үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахын тулд зайлшгүй задруулах шаардлагатай мэдээллээс бусад үйлчлүүлэгчид хууль зүйн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой мэдээллийг задруулахыг хориглоно” гэж тус тус заасанд нийцэж буй эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.
20.Гэтэл давж заалдах шатны шүүх “... бодит байдалд өмгөөлөгч Г.М***-ийн хэвлэлийн бага хурлаар ярьсан зүйлсээс Өмгөөллийн тухай хуульд заасан өмгөөллийн үйл ажиллагаанд баримтлах дээрх зарчмуудыг зөрчсөн гэж дүгнэж болох ямар ч мэдээлэл хийгээгүй, мөн байгууллага, хувь нууцыг задруулсан гэж үзэхээргүй байна … хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нэгэнт түгээгдсэн мэдээллийг өмгөөлөгч Г.М***-тай холбосныг, мөн иргэн Х.З***-ын хувьд эрүүл мэндээрээ хохирсон нь илэрхий тул түүнд хууль зүйн туслалцаа үзүүлж байсны хувьд өмгөөлөгчийг хэвлэлийн бага хуралд хийсэн мэдээллээр нь буруутгасан маргаан бүхий тогтоолыг үндэслэлгүй гэж дүгнэснийг шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн болно” гэж дүгнэж гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
Хоёр.Өмгөөлөгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэсэн эсэх нь Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн дагуу хариуцлага хүлээлгэх асуудалд хамааралгүй тухайд:
21.Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 46 дугаар зүйлийн 46.7-д “Өмгөөлөгчийн ёс зүйн зөрчилдөө Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээсэн эсэх нь энэ дүрмийн дагуу хариуцлага хүлээлгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тусгасан буюу өмгөөлөгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэсэн эсэх нь Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн дагуу хариуцлага хүлээлгэхэд хамааралгүй байхаар зохицуулжээ.
22.Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалд “2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст “С***” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Б.М***-аас гаргасан гомдлын дагуу өмгөөлөгч Г.М***, Б.А*** нарын үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан эсэхийг шалгасан хэргийг прокурорын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн *** дүгээр тогтоолоор … гэмт хэргийн шинжгүй ... гэж дүгнэн хэргийг хааж шийдвэрлэсэн байгааг шийдвэр гаргахдаа анхаарсангүй” гэж тэмдэглэн хариуцагч Мэргэжлийн хариуцлагын хороо гомдол гаргагч өмгөөлөгчид хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн прокурорын тогтоолыг анхаарч үзэх үүрэгтэй байсан мэтээр дүгнэсэн нь дүрмийн дээрх заалтад нийцээгүй байна.
Гурав.Гомдол гаргагч өмгөөлөгчид хүлээлгэсэн хариуцлага түүний гаргасан зөрчлийн шинж байдалд тохирсон эсэх тухайд:
23.Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 46 дугаар зүйлийн 46.8-д “Мэргэжлийн хариуцлагын хороо энэ дүрмийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг Өмгөөлөгчийн ёс зүйн маргаан хянан шийдвэрлэх журмын дагуу шийдвэрлэнэ” гэж, Өмгөөлөгчийн ёс зүйн маргаан хянан шийдвэрлэх журмын 89 дүгээр зүйлийн 89.3-т “Үндэслэх хэсэгт дараах зүйлийг дэлгэрэнгүй, ойлгомжтой тусгана” гээд, 89.3.2-т “хэд хэдэн хариуцагчид холбогдох маргааныг шийдвэрлэж байгаа бол хариуцагч тус бүрийн үйлдэл, оролцоо”, 89.3.3-т “хариуцагчийг буруутайд тооцсон шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, тухайн нотлох баримтыг маргаанд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн хянан шалгагч, хариуцагчийн саналын үндэслэл болгосон баримт”, 89.3.4-т “хуралдаанаар тогтоогдсон зөрчлийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт” гэж тус тус Мэргэжлийн хариуцлагын хорооноос гарах тогтоолын үндэслэх хэсэгт тусгагдах асуудлыг тусгайлсан журмаар зохицуулсан байна.
24.Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн МТ/2024/*** дугаар маргаан бүхий тогтоолын үндэслэх хэсэгт[6] “… хариуцагч нар хэвлэлийн бага хурал хийлгэсэн үйлдлээ “үйлчлүүлэгчээс зөвшөөрөлтэй мэдээлэл” өгсний үндсэн дээр, олон нийтэд нэгэнт ил болсон мэдээллийг, үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахын тулд хийсэн хэмээн тайлбарлаж байх боловч энэ нь үндэслэлгүй байна. Тодруулбал, өмгөөлөгч нь өөрийн үйлчлүүлэгчид эрх зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаагаа хууль зөрчихгүй, хуулийн хүрээнд явуулах ёстой … хэдийгээр үйлчлүүлэгч нь эрүүл мэндийн хувьд ноцтой хохирсон байх боловч тухайн хохирлыг учруулсан гэх эмч, түүний ажиллаж буй байгууллагын талаар гэм бурууг нь тогтоосон эцсийн дүгнэлт гараагүй байхад олон нийтэд мэдээлэл хийж … гэм буруу нь тогтоогдсон, буруу цэг рүү нь тарьсан … гэх зэргээр ярьж байгаа нь өөрөө ноцтой зөрчил юм” гэж зөрчлийн нөхцөл байдлыг зөв дүгнэжээ.
25.Гэсэн хэдий ч маргаан бүхий тогтоолын үндэслэх хэсэгт зөрчлийн нөхцөл байдлын талаар үргэлжлүүлэн тодорхойлохдоо[7] “Гомдол гаргагчаас гомдолдоо … өмгөөлөгч Г.М***, Б.А*** нар нь Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.7, 15.1.11, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан зөрчлүүдийг гаргасан гэх боловч хариуцагч өмгөөлөгч нар нь өмгөөллийн нууцыг задруулсан зүйлгүй, хэвлэлийн бага хурлаар олон нийтэд дэлгэсэн гэх баримт материалууд нь хэргийн материалаас хуулбарлан авсан баримт сэлт биш, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, сөргөөр нөлөөлсөн, худал мэдээлэл өгсөн гэх үйл баримтууд нь тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь нотлох баримтыг үнэн зөв үнэлээгүй, зөрчлийн нөхцөл байдлыг үндэслэлтэйгээр тодруулаагүй дүгнэлт болсон байна.
26.Түүнчлэн маргаан бүхий тогтоолын үндэслэх хэсгийн төгсгөлд “Хариуцагч нарт ёс зүйн хариуцлага хүлээлгэхдээ гаргасан зөрчил, түүний шинж, нөхцөл байдал, буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж үзэж хариуцлагыг ялгамжтай хүлээлгэсэн болно” гэж дурдсанаас өөрөөр хариуцагч тус бүрийн үйлдэл, оролцооны талаар дурдаагүй байх тул Өмгөөлөгчийн ёс зүйн маргаан хянан шийдвэрлэх журмын 89 дүгээр зүйлийн 89.3.2-т заасан хэд хэдэн хариуцагчид холбогдох маргааныг шийдвэрлэж байгаа бол хариуцагч тус бүрийн үйлдэл, оролцоог үндэслэх хэсэгт тусгах шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй.
27.Өөрөөр хэлбэл, тус зөрчилд холбогдсон өмгөөлөгч Б.А***-д “сануулах” хариуцлага хүлээлгэсэн атлаа гомдол гаргагч өмгөөлөгчид “өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар түдгэлзүүлэх” хариуцлага хүлээлгэсэн нь зөрчлийн шинж байдалд нийцсэн эсэх нь эргэлзээтэй байх бөгөөд өмгөөлөгчийн ёс зүйн зөрчлийн шинж байдлыг тогтоож, хариуцлага хүлээлгэх нь хариуцагч Мэргэжлийн хариуцлагын хорооны чиг үүрэгт хамаарах тул энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрч байна.
28.Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу эрх бүхий байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 221/ШШ2025/0016 дугаар магадлалын ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн МТ/2024/*** дугаар тогтоолыг 3 (гурван) сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгасугай.” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн МТ/2024/*** дугаар тогтоол хүчингүй болохыг дурдсугай.” гэж, ТОГТООХ хэсгийн 2 дахь заалтын дугаарыг 3 болгон тус тус өөрчилж бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
М.БАТСУУРЬ
[1] Хэргийн нотлох баримтын I хавтасны 57 дахь тал, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр өмгөөлөгч Г.М***, Б.А*** нарын Zarig.mn сайтад өгсөн ярилцлагад хийсэн үзлэгийн тэмдэглэл
[2] Хэргийн нотлох баримтын I хавтасны 60 дахь тал, 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “Монгол Ньюс” мэдээллийн төвд өмгөөлөгч Г.М***, Б.А*** нарын хийсэн хэвлэлийн бага хурлын дуу-дүрсний бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл
[3] Хэргийн нотлох баримтын I хавтасны 43 дахь тал, 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өмгөөлөгч Г.М***-аас Мэргэжлийн хариуцлагын хороонд гаргасан хариу тайлбар
[4] Хэргийн нотлох баримтын I хавтасны 210 дахь тал, 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өмгөөлөгч Г.М***-аас Нийслэлийн Баянзүрх Дүүргийн Прокурорын Газарт гаргасан №Х-3 дугаар хүсэлт
[5] Хэргийн нотлох баримтын I хавтасны 212 дахь тал, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн Баянзүрх Дүүргийн Прокурорын Газраас өмгөөлөгч Г.М***-д хандсан хүсэлтийн хариу тайлбар
[6] Хэргийн нотлох баримтын II хавтасны 29 дэх тал, Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн МТ/2024/*** дугаар тогтоол
[7] Хэргийн нотлох баримтын II хавтасны 30 дахь тал, Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн МТ/2024/*** дугаар тогтоол