Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 65

 

Ч.*******гийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Долгормаа даргалж, шүүгч Н.Насанжаргал, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 143/ШШ2016/00428 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ч.*******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч А.*******, Х.*******, Ц.*******, Я.******* нарт хариуцагдах

“7.800.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны  10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.           

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, нарийн бичгийн дарга Б.Ренчиндорж нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “Иргэн А.******* нь өөрийн бригадын хүмүүс болох Х.*******, Ц.*******, Ц.******* нартайгаа манай Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг Дэнжийн 8-р хороо 8-р гудамжны 305 тоот хашаанд үйлчилгээний болон сууцны зориулалттай 2 өрөө 64 мкв хувийн сууцыг ярилцаж тохиролцсоны үндсэн дээр барьж гүйцэтгээд ажлын хөлс өртөгөө биднээс авсан. 2008 оны 10 сарын 30-ны өдөр Балжинням, Дашнямтай сайн өдөр уг байрандаа орохоор очтол ханын имульс нь урссан нэлээдгүй газар байсныг тухайн өдрөө *******ад манай нөхөр Уламбаяр утасдаж хэлсэн. Ингээд байшиндаа 5,6 хоног хоносон боловч барилгын зарим газраар нар харагдаж, цан цохиод хүйтэн байсан учир амьдрах боломжгүй болсон. Иймд Мандал-Овоо сумандаа өвөлжиж, хаваржаад зун нь 2009 оны 08 сард эргээд очтол дээврийн хар цаас нь хуурч, борооны дусаал гоожиж дотор нь байсан ком диван кресло, оёдлын машин, хятадын бага оврын зуух, дэвсгэр дрож норж хөгцрөн зэвэрч цаашид ашиглагдах ямар ч боломжгүй болсон. Дахиад Уламбаяр бригадын ахлагч *******ад энэ талаар хэлж яаралтай ирж янзлуулах, янзлахгүй бол нурах аюултай байна гэдгийг анхааруулж хэлсэн. 2009 оны 09 сард жижиг өрөөний хучилт, үнс, цемент, нуруу мод отогшоо нурсан ба тухайн үеийнх нь зургийг хүү Мөнх-Учралаар авхуулан Өмнөговь аймаг руу мэйл хаягаар явуулж Б.Мөнхбат гэдэг залуугаар А.*******ыг гэрээс нь пургон машинаар авхуулж, Б.Уламбаатарынх гэдэг айлд авчирч үзүүлж байсан, мөн Уламбаяр хэлж сануулж байсан, 2011 оны 07 сард *******ыг Өмнөговь аймгийн эмнэлэгт төрөхийн өмнөх байр бариулж байхад нь ******* би өөрийн биеэр очиж янзалж өгөхийг гуйсан, 2011 оны 08-р сард *******ыг Өмнөговь аймгийн 1-р сургуулийн дотуур байрны барилгын засварын ажил хийж байхад нь би очиж уулзаж шаардсан, ингэхдээ Мөнхбат гэх залуутай хамт очсон, 2012 оны 05-р сард аймагт ирээд уулзахаар ирэхэд байгаагүй, Булган суманд барилга барьж байна, завгүй гээд утсаар ярьсан, 2012 оны 09-р сард *******ыг Хан-Уулын 6-13 тоот хашаанд нь орой 22 цагийн үед Э.Энхбархас гэдэг хүнтэй жип машинаар очиж уулзаад янзалж өгөхгүй бол шүүхэд өгөх талаар хэлсэн боловч өөр хүнээр барилгаа засуул гэсэн, 2013 оны 05-р сард Мандал -Овоо сумын Соёлын төвийн барилгын ажил гүйцэтгэхээр очиход нь Уламбаяр очиж уулзаад засаж янзалж өгөхийг шаардаж хэлсэн боловч олигтой хариу өгөөгүй ба энэ хооронд олон удаа утасдаж хэлж сануулж байсан байна. Арга хэмжээ авахгүй байсаар байтал нөгөө өрөө нь бороо орж гоожсоор 2010 оны 07 сард нурсан. Дахиад л энэ талаар утсаар хэлэхэд ******* завгүй байна гэсэн. Одоо барилгын хэдэн хананаас өөр ашиглах боломжгүй, бусад хэсэг нь нурж ойчсон, нурсан балгас шиг хэвээр байна. Бригадын ахлагч А.*******ад эд хөрөнгөө жил дараалан нурж сүйдэж байгааг хэлж, ирж сануулсаар байхад ямар ч арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. Байнга л гуйж байна. Иймд А.******* нар нь чанар муутай барилга барьснаас болж иргэн ******* би эд хөрөнгөөрөө хохироод байгаа тул хариуцагч А.*******, Я.*******, Ц.*******, Х.******* нараас байшин дотор байсан эд хөрөнгө болох ком кресльны үнэ 1.500.000 төгрөг, оёдлын машины үнэ 300.000 төгрөг, дэвсгэр дрожны үнэ 1.000.000 төгрөг, барилгын дээд дээвэр болон нурснаас болж эвдэрсэн барилгын бусад холбогдох материалын зардал 5.000.000 төгрөг буюу нийт 7.800.000 төгрөгийг гаргуулан өгч хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч Ч.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа би 2015.12.17-ны өдөр тус шүүхэд гаргасан А.******* нарт хариуцагдах 7800000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт дараахь шаардлагыг нэмэгдүүлэн нэхэмжлэл гаргаж байна. Өөрөөр хэлбэл А.******* нараас нэхэмжлэгч Ч.******* нь удаа дараалан цаг алдалгүй хуулийн хугацаанд гомдлын шаардлага тавьсаар өнөөдрийг хүрсэн байдаг эдгээр гомдлын шаардлага хэрхэн яаж хэдий хугацаанд тавьж байсан талаарх байдлыг гэрч асуулгаж тодруулуулах тул Ч. *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа миний нэхэмжлэлтэй А.******* нарт хариуцагдах иргэний хэрэгт гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Ч.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А.******* яагаад одоог болтол хохирлыг барагдуулж өгөхгүй байгаа, яагаад 21 хоногийн дотор барьж өгнө гэчихээд 2 сар барьсан юм бэ, барилгын материал, гол нурууг өөрөө хамт явж ачилцсан байж яагаад муу материал авч өгсөн гээд байгаа юм бэ, барилгын инженер хүнээр сонгуулж авсан материал байхад яагаад биднийг муу материал авсан гэж яриад байгааг ойлгохгүй байна. Ханын эмүльс нь хуурч эхлэхэд л би энэ хүмүүст мэдэгдэж, янзлаад өгөөч гэж хэлсэн. Энэ хүмүүст янзлаад өгөх хугацаа байсан. Би муу материал авч өгөөгүй. Хүн малынхаа хашааг хүртэл сайн материалаар барьдаг биздээ. Энэ хүмүүс худлаа яриад байна. Би оюутан хүүхдээ суулгахаар бариулсан барилга. Гэтэл миний оюутан хүүхэд тэр барилгад суугаагүй. Би тухайн үедээ янзлаад өгнө гэж энэ хүмүүст итгэж байсан. Одоо хохирлоо барагдуулахыг хүсч байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид хуульд заасан үүргийнхээ хүрээнд тодорхой хэмжээний нотлох баримт гаргаж өгсөн байгаа. Уг нотлох баримтуудыг няцаах нэг ч ширхэг баримт хариуцагч талаас гаргаагүй, хэргийн хүрээнд байхгүй байна. Миний хувьд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж хэлэх гээд байна. Ажил гүйцэтгэх гэрээг заавал бичгээр байгуулна гэсэн зүйл хуулинд байхгүй. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5 дахь хэсгээр гэрээ байгуулсанд тооцогдож байна. Ажил гүйцэтгэгч үүргээ хуулийн хүрээнд шударгаар бүрэн дүүрэн гүйцэтгэсэн эсэхийг ярьмаар байна. Иргэний хуулийн 350 дугаар зүйлд зааснаар ажил гүйцэтгэгч захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Үүнийгээ биелүүлээгүй. Гэтэл хариуцагч нар энэ үүргээ зөвхөн *******ад байсан мэт ярьж байна. Гэтэл энэ үүрэг бүх ажилчдад хамаатай үүрэг байсан. Мөн энэ явдлаас болж миний үйлчлүүлэгчийн эд хөрөнгөд гэм хор учраад байна. Бид заавал мөнгө нэхэх гээд байгаа биш. Шаардлагатай бол өөр хоорондоо тохироод учирсан хохирлоо мөнгөн бус хэлбэрээр бараглдуулж, эвлэрэн хэлэлцэх боломж байгааг хэлмээр байна. Энэ хүн бүтэн 8 жил та бүхний араас гүйсэн. Сэтгэлээсээ миний үйлчлүүлэгчид хандаад хүн чанар гаргах сэтгэл та бүхэнд байхгүй байна гэдгийг хэлмээр байна. Хэргийн хүрээнд хөөн хэлэлцэх хугацаа тасалдалгүй болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Яагаад уг хөөн хэлэлцэх хугацааг тогоолгох гээд байгаа гэхээр харуицагч талаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж мэтгэлцэж байгаа учраас бид ийм шаардлага гаргасан юм. Барилгын хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаанд миний үйлчлүүлэгч хэрхэн яаж энэ хүмүүст мэдэгдэж байсныг нотлох гэрчүүдийг асуулгасан байгаа. Уг гэрчүүдийн мэдүүлэг нь хууль сануулж авсан ба эдгээр нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй болохыг нотолно. “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар нэхэмжлэгч ямар, ямар хөрөнгөтэй байсан, ямар ямар хөрөнгөд гэм хор учирсан болох нь тодорхой байгаа. Мөн хавтаст хэрэгт авагдсан зургууд дээр хариуцагч тал маргадаггүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэж хүсч байна. Б.Энхбат өмнө нь шийдвэрлэгдсэн гэж тайлбарлаад байна. Өмнөх шийдэгдсэн хэрэг энэ хэргээс өөр. Нэхэмжлэлийн шаардлага нь ч өөр байгаа. Тухайн маргааны хөөн хэлэлцэх хугацаа бол 2008 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар яригдаж байгаа маргаан бол 2009 оны 09 дүгээр сард миний үйлчлүүлэгчид учирсан хохирлын талар ярьж байгаа. Иймд уг нэхэмжлэлүүд агуулга, маргааны хувьд тус тусдаа өөр өөр маргаан болохыг тайлбарлаж байна” гэжээ.  

Хариуцагч А.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат, хариуцагч Х.*******, Ц.*******, Я.******* нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ч.*******гийн нэхэмжлэлтэй танилцаад тухайн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь: Тус нэхэмжлэлийг агуулгын хувьд тоймлож үзвэл: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Дэнжийн 8 дугаар хороо 8 дугаар гудамж, 305 тоот хашаанд үйлчилгээ болон орон сууцны барилга бариулахаар хариуцагч нартай тохиролцсон тухай,  2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шинээр баригдаад байсан барилгыг хүлээн авахад чанарын шаардлага хангахгүй байсан тухай, Барилгыг ахин засварлуулахаар хариуцагч нарт удаа дараа мэдэгдсэн тухай, Барилгын чанар муудаж нурснаас үүдэн нэр бүхий эд зүйл материалууд ахин ашиглах боломжгүй болсон тул тухайн эдийн үнийг нэхэмжилж байгаа талаар бичсэн байна. Урьд өмнө нь Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 271 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Ч.*******гиин хариуцагч нараас барилгын ажлын хөлсийг буцаан шаардсан нэхэмжлэлтэи хэргииг хянан шийдвэрлэсэн байдаг. Маргааны зүйл болсон барилга нь дээрх нэхэмжлэлд бичигдсэн “Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, Дэнжийн 8 дугаар хороо 8 дугаар гудамж, 305 тоот хашаанд үйлчилгээ болон орон сууцны барилга”

Тус шүүхийн 2015 оны 271 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрээс үзэхэд хэдийгээр нэхэмжлэгч тал барилгын ажил доголдолтой байсан гэх боловч ажлыг хүлээн авснаас хойш энэ талаарх гомдлын шаардлагаа гаргалгүй явсаар 3 жил өнгерснөөр Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан байна гэжээ. Талуудын хооронд барилгын ажил гүйцэтгэх гэрээ баигуулагдсан эсэх талаар ямар нэгэн маргах зүйлгүи. Барилгын чанар муу байсан тул гүйцэтгэгч буюу иргэний хэргийн хариуцагч нараар ахин засвар хийлгэхээр удаа дараа мэдэгдэж байсан эсэх нь тодорхойтүи байгаа талаар 2015 оны 271 дугаартай хүчин төгөлдөр   шүүхийн шийдвэрт нэгэнт             тусгагдаж энэ талаар шийдвэрлэсэн тул ахин хянан шийдвэрлэх ажиллагаагаар шалгах нь илүүц зүйл гэж үзэж байна. Түүнчлэн уг шийдвэрээр барилгын чанарын талаар нэхэмжлэгч тал гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан гэх дүгнэлтэд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэгэнт захиалагч тал шаардлага гаргах  эрхээ алдсан тул барилгын ажил доголдолтой байсан эсэхэд шүүх дүгнэлт өгөөгүй. Цаашид ч энэ талаар маргах нь ач холбогдолгүй юм. Нэхэмжлэлд “... Иймд ******* нар чанар муутай барилга барьснаас болж иргэн ******* би эд хөрөнгөөрөө хохироод байгаа тул хариуцагч нараас байшин дотор байсан эд хөрөнгө болох ком кресльний үнэ 1.500.000 төгрөг, оёдлын машины үнэ 300.000 төгрөг, дэвсгэр дрожны үнэ 1.000.000 төгрөг, барилгын дээвэр болон нурснаас болж эвдэрсэн барилгын бусад холбогдох материалын зардал 5.000.000 төгрөг буюу нийт 7.800.000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү” гэжээ. Хариуцагч нар чанар муутай барилга барьснаас үүссэн хохирол гэж үзэж байгаа нь нэхэмжлэлийн хэсгээс тодорхой харагдаж байна. Барилгын ажил доголдолтой байсан эсэх, хэрвээ доголдолтой байсан гэж үзвэл үүнд ажил гүйцэтгэгч болон захиалагч талуудын хэн нь буруутай болохыг тогтоолгүйгээр дээрх хохирлыг А.******* нар хариуцах үүрэгтэй юу үгүй юу гэдгийг тогтоох боломжгүй. Гэтэл уг хохирлуудыг шалтгаан болсон гэх барилгын ажил чанаргүй хийгдсэн эсэхийг тогтоох боломжгүй талаар урьд гарсан шүүхийн шийдвэрт тусгагдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар урьд өмнө нь гарсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг шүүх ахин шалгаж үнэлдэггүй. Өөрөөр хэлбэл тухай хэргийн тохиолдолд барилгын ажлын гүйцэтгэлийн талаар дүгнэлт өгөх боломжгүй. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж шүүх үзсэн тул ахин энэ талаар хэлэлцэх боломжгүй юм.” гэжээ.   

Хариуцагч А.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат, хариуцагч Х.*******, Ц.*******, Я.******* нар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “Гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаагийн хүсэлтийг хүлээн авч танилцлаа. Миний бие уг хэргийн нэхэмжлэлд хариу тайлбар өгч байсан. Тэр хариу тайлбартаа шүүх урьд өмнө нь шийдвэрлэсэн үйл баримтыг ахин тухайн шатны шүүх шийдвэрлэдэггүй талаар тодорхой тайлбарласан. Хэдийгээр нэхэмжлэгч хариуцагч нартай уулзаж байсан гэх боловч гомдлын шаардлага гаргасан гэдэг нь тогтоогддоггүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан нь нэхэмжлэгчийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгаангүй. Иймд хөөн хэлэлцэх хугацаа сэргээх үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн оролцогч эсрэг ашиг сонирхолтой талаараа ямар нэгэн үйлдэл хийлгэх, эсхүл хийлгэхгүй     байхыг үүрэг болгох, эд зүйл, мөнгө төлбөр зэргийг шаардахыг нэхэмжпэл, түүний шаардлага гэж          үздэг. Гэтэл хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэл зоригоо нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нэрээр хариуцагч нарт хандан гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь хариуцагч нь хөөн хэлэлцэх хугацаа сэргээх эсэхийг шийдвэрлэдэг субьект биш. Агуулгын хувьд авч үзвэл шүүхэд хандан хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэхээр шүүхэд гаргаж байгаа хүсэлт гэж үзэх үндэслэлтэй. Нэгэнт шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх нь тухайн хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолтой талаараа нэхэмжлэгч тал тайлбарлаагүй байх тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм” гэжээ.

Хариуцагч А.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай талаас нотлох баримт гаргаж өгөөгүй гэж ярьж байна. Би 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хурал дээр үндэслэлүүдээ ярьсан байгаа. Уг байшин баригдсанаас хойш 8 жил болж байна. Уг байшин нурахад гадны нөлөө, олон хүчин зүйлүүд орсон байж болно. Гэтэл хөрөнгийн үнэлгээний компанийн үнэлгээний тайлан гаргаж ирсэн. Энэ бол хариуцагч нарын буруутай үйл ажиллагаанаас болж энэ байшин нурсан гэдгийг нотлох баримт биш юм. Зөвхөн ямар ямар эд хөрөнгөнд ямар хэмжээний хохирол учирсныг л тодорхойлно. Ямар шалтгаан нөхцлөөр нурсан бэ гэдгийг нэхэмжлэгч тал өөрөө нотлох ёстой. Уг байшин яг ямар учраас нурсан, дээвэр буруу хийгдсэн, эсвэл хана бураа хийгдсэнээс юм уу? эсвэл А.*******ын буруутай үйлдлээс болсон эсэх нь нотлогдохгүй байгаа учраас манайх нотлох баримт гаргах шаардлагагүй гэж үзсэн. Хөөн хэлэлцэх хугацааны асуудал байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлт тусд нь гаргах ёстой. Гэтэл энэ хэрэг дээр хамт гаргаад яваад байгааг ойлгохгүй байгаа. Гэрчийн мэдүүлгийн хувьд энэ хүмүүс барилгын мэргэжлийн хүмүүс биш, дээвэр нь нурсан, одоо ашиглах боломжгүй гэх тайлбар хэлдэг болохоос яг дээвэр, ханын хийцний энэ, энэ хэсгийг нь буруу хийгдсэнээс нурсан гэж нотолдоггүй. Мөн гэрчийн мэдүүлэг нь бичгийн болон бусад нотлох баримтаар давхар нотлогдож байж нотлох баримтын чанартай болдог учраас үүнийг нотлохгүй гэж үзэж байна.  Өмнө гаргасан тайлбараа дэмжиж оролцож байна” гэжээ.

Хариуцагч Х.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Барилга барьж байхад нөхөр нь байнга л хамт байсан. Энэ хүн харин ирж, очиж байсан. Нөхөр нь чанаргүй барьж байгаа талаар хэлж байгаагүй. Жижиг байшин барьж байгаад арай том болгоно гээд барьсан. Манай бригадын дарга энэ материалаар барь гээд бид барьсан. Өөр мэдэх зүйл бидэнд байхгүй.”  гэжээ.

Хариуцагч Ц.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, эвлэрэхгүй. Бид чанарын өндөр хэмжээнд барьсан. Авч өгсөн материалаар бүгдэнгээр нь барьсан. Би дотор заслыг хийсэн. Мэргэжлийн барилгачин биш, олон жил барилга барьсан. Өмнө нь барилга бариулсан хүмүүсээс гомдол санал гарч байгаагүй. Миний хувьд буруу байхгүй гэж бодож байна.”  гэжээ. 

     Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 349 дүгээр зүйлийн 349.1-т зааснаар Ч.*******гийн нэхэмжлэлтэй А.*******, Ц.*******, Х.*******, Ц.******* нарт холбогдох 7,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ч.******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс  чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь Дундговь Төв аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо болон хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:  Анхан шатны шүүх хуралдаан болон хуралдаан болохоос өмнө хариуцагч нар өөр өөрийн гэсэн хариу тайлбарыг хэлдэг. Эдгээр хариуцагч нарын хариу тайлбарт бид төлөхгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн зүйлийг удаа дараалан хэлдэг. Энэхүү тайлбараас гадна хариуцагч тал хавтаст хэргийн хүрээнд нэхэмжлэгчийн гарган өгсөн баримтыг няцаасан үгүйсгэсэн нотлох баримтыг огт гарган өгч мэтгэлцдэггүй. Гэтэл шүүх эдгээр байдлыг анхааран үзэхгүй хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны болж чадаагүй гэж үзнэ. Мөн учирсан хохиролын дүн дээр огт маргадаггүй. Хавтаст хэргийн хүрээнд үнэлгээ хийлгэсэн баримтыг үгүйсгэж няцаагаагүй, үнэлгээний мөнгөн дүнгийн талаар огт ярьдаггүй юм. Энэ байдлыг шүүх анхааран үзээгүй. Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан нь нотлогдоогүй гэсэн дүгнэлтийг шүүх дүгнэснийг өмгөөлөгч би хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл барилга хариуцагч нар барьснаа хүлээн зөвшөөрч тайлбараа хэлдэг. Тэгэхээр барилга барьсан хариуцагч нараас өөр хүний үйлдэл оролцоо байхгүй байхад бодит байдлаас өөр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм. Иймд эрх бүхий шүүгч та бүхэн хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг дахин нягтлан анхааран үзэж нэхэмжпэгч Ч.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ч.******* нь эд хөрөнгөд учирсан хохирол буюу ком кресльны үнэ 1500000 төгрөг, оёдлын машины үнэ 300000 төгрөг, дэвсгэр дрожны үнэ 1000000 төгрөг, барилгын материалын зардал зэргийг нэхэмжилсэн байхад шүүх шаардлагын үндэслэл тус бүрийн шаардах эрхийн талаар дүгнэлт хийгээгүй, шийдвэрийн тогтоох хэсэгтээ шаардлагыг хангасан, хэрэгсэхгүй болгосон үндэслэлийг зааглаагүй, нийт нийлбэр дүнгээр бичсэнээс шүүхийн шийдвэр тодорхой бус гарсан байна.

Нэхэмжлэгч Ч.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлж оролцох эрхийг өмгөөлөгч Ц.Баярмаад 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр олгосон итгэмжлэл хэрэгт байна. /хэргийн 19 дүгээр тал/ Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа нь 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, гомдлын шаардлага гаргах хугацаа тасалдаагүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргаж, улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлсөн байгаагаас гадна шүүх нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч нарт гардуулсан боловч уг шаардлагыг шийдвэрлээгүй байна.  /хэргийн 35-38, 40-42 дугаар тал/

Ийнхүү нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан нь нэхэмжлэгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Дээрх зөрчлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэх үндэслэл болж байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн учраас маргааны үйл баримтад давж заалдах шатны шүүхээс үнэлэлт, дүгнэлт хийгээгүй болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 143/ШШ2016/00428 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,  хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

  1. Нэхэмжлэгч Ч.******* нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөнг дурдсугай.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             П.ДОЛГОРМАА

                       ШҮҮГЧИД                                            Ц.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                     Н.НАСАНЖАРГАЛ