Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2020/0150

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.К, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 844 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 844 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.5-д тус тус заасныг баримтлан “Өмнөх буюу хуучин /2007 оны/ газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ гаргахыг далгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б давж заалдах гомдолдоо: Шүүх нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хууль ёсны шийдвэр болж чадсангүй.

Учир нь шүүх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1, 3.1.3-т заасны дагуу Захиргааны хэрэг шүүх нь нэхэмжлэгчийн захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхолыг сэргээн тогтоох зорилготой ба захиргааны хэргийн шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нөхцөлд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх эрх зүйн үр дагавар үүсэх учиртай бөгөөд өмнөх буюу хуучин /2007 оны/ газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нөхцөлд ч газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээний хугацаа 2012 онд дууссан тул нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол сэргэх эрх зүйн үр дагавар үүсэхгүй юм гэж дүгнэсэн нь шүүхийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй болно.

Тодруулбал “Т” ХХК нь 2007 онд газар эзэмших эрхийн гэрчилгээг авч 5 жилийн хугацаатай эзэмших байсан боловч гуравдагч этгээд “М” ХХК нь 2012 онд тус газар болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг хууль бусаар хуурамч бичиг баримт бүрдүүлэх замаар компанийн нэр дээрээ шилжүүлэн авсан үйлдлийг шалгуулж, тогтоолгох хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн газар эзэмших хугацаагаа сунгуулж, шинээр гэрчилгээ гаргуулан авах эрх зөрчигдөж улмаар уг хэргийг шалгах явцад манай компанийн гэрчилгээг хураан авсан. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах эрхтэй байхаар хуульчилсан байхад нэхэмжлэгчид уул эрхээ эдлэх боломж олголгүйгээр гэрээ, гэрчилгээ олгохоос татгалзаж байгаа Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны гаргасан шийдвэр нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг нь эдлүүлэхгүй байна гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/50 дугаар захирамжаар “Т” ХХК-ийн эзэмшиж буй газар дээр хуурамч материал бүрдүүлсэн үндэслэлээр “М” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгосныг 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн албан бичгээр хүлээн авч мэдээд анх “Т” ХХК-д эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/405 дугаар захирамжийн үйлчлэл сэргэсэн гэж үзэн хуулийн дагуу газар эзэмших хугацаагаа сунгуулах хугацаа гуравдагч этгээдийн хууль бус үйлдлийн улмаас алдагдаж эрх ашиг хөндөгдсөн тул нэхэмжлэгч нь хуучин гэрээ, гэрчилгээгээ эх хувиар нь гаргуулан авсны үндсэн дээр дахин газар эзэмших хугацаагаа сунгуулах хүсэлтээ хуульд заасан бүрдүүлбэрийг хангаж өгөхийн тулд эрх бүхий байгууллагаас хуучин гэрээ, гэрчилгээгээ гаргуулахыг хүссэн болно.

Мөн Чингэлтэй дүүргийн Ерөнхий прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 5/613 дугаар Улсын бүртгэлийн Ерөнхий газарт хандсан албан бичгээр Баянзүрх дүүргийн 13-р хороо, нэгж талбарын 000000000 дугаар бүхий 1700 м.кв талбай бүхий газар дээр байрлах авто сэлбэгийн дэлгүүр, засварын газрын зориулалттай 0000000000000000 дугаар бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг “Т” ХХК-д буцаан шилжүүлэхийг даалгасан бөгөөд уг шийдвэрийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүсэлтээ гаргасан боловч мөн л газрын гэрчилгээгүйгээр шилжүүлж өгөх боломжгүй гэх хариуг өгсөн тул нэхэмжлэгчийн зүгээс газрын гэрчилгээгээ гаргуулан авах шаардлага үүсэж, улмаар хууль бусаар бусдад шилжсэн үл хөдлөх эд хөрөнгүүдээ компанийн нэр дээр шилжүүлэн авч өмчлөгчийн эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болж өнөөдрийг хүртэлх хугацаанд хохирсоор ирлээ.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 844 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлээгүй байх тул дараахь үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...манай 2012 он хүртэл эзэмшиж байсан газрыг Н.Уранчимэг бусадтай хуйвалдаж, газар, үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрсдийн “М” ХХК-д шилжүүлэн авсан байсан. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/50 дугаар захирамжаар тус компанийн эзэмшлийн газрыг хуурамч материал бүрдүүлэн авсан үндэслэлээр “М” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар захирамжаар “Т” ХХК-д эзэмшүүлсэн газрын эрх сэргэж, өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байна”  гэж тодорхойлж,  “Өмнөх буюу хуучин /2007 оны/ газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ гаргахыг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/405 дугаар захирамжаар тус дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1700 м.кв газрыг худалдааны зориулалтаар “Т” ХХК-д эзэмшүүлсэн байх бөгөөд мөн 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/222 дугаар захирамжаар уг газрыг  “М” ХХК-д шилжүүлсэн, улмаар дүүргийн  Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/50 дугаар захирамжаар “Тм” ХХК-ийн эзэмшиж буй газар дээр хуурамч материал бүрдүүлсэн үндэслэлээр “М” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон болох нь тогтоогдсон байна.

Гэтэл анхан шатны шүүх дээр дурдсан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/405 дугаар захирамжаар “Т” ХХК-д тус газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн ба уг захирамжийг үндэслэн газар эзэмших гэрчилгээг 5 жилийн хугацаагаар олгож, газар эзэмших гэрээ байгуулсан байх тул тус гэрээ, гэрчилгээний хугацаа дууссан болох нь нотлогдож байна гэж зөв дүгнэсэн атлаа нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.5-д зааснаар газар эзэмших гэрээнд газар эзэмших хугацааг тусгахаар зохицуулсан.

Нэхэмжлэгчээс 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 19/66 дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн Газрын албанд хандаж “...манай байгууллагын хуулийн дагуу эзэмшиж байсан газар эзэмших эрхийг сэргээж, маргаан бүхий газарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож өгнө үү” гэсний хариуд тус Газрын албанаас “...танай хүсэлтийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 5 дахь заалтын дагуу шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн хариу өгчээ.

Дээр дурдсанаар “Т” ХХК-д Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/405 дугаар захирамжийг үндэслэн 5 жилийн хугацаатай худалдааны зориулалтаар эзэмшүүлсэн нэгж талбарын 0000000000 дугаар бүхий 1700 м.кв газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ хэрэгт авагдсан байгаагаас үзэхэд хариуцагчийг захиргааны актыг гаргахгүй байгаа эс үйлдэхүй  гаргасан гэж үзэхгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, 37.2-т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно”, 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан.

Гэтэл нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “Өмнөх буюу хуучин /2007 оны/ газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ гаргахыг даалгуулах” гэж тодруулсан ба Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/405 дугаар захирамж, уг захирамжийг үндэслэн тус компанид эзэмшүүлсэн гэрээ, гэрчилгээний хугацаа 2012 онд дууссан байна.

Ийнхүү газар эзэмших эрхийн гэрээний хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй, учир нь захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, захиргааны актыг хянадаг учраас газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ гаргахыг даалгуулах нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй.

Тодруулбал нэхэмжлэлд дурьдсан өмнөх буюу хуучин /2007 оны/ газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ гаргахыг даалгуулах гэж тодорхойлоод байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/405 дугаар захирамж эрх зүйн үр дагавар үүсгэх боломжгүй болсон, түүнийг үндэслэн гарсан гэрээ, гэрчилгээний хугацаа дуусгавар болсон тул нэхэмжлэгчид эрх зүйн шууд үр дагавар бий болгохгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, захиргааны актыг хянах ёстой.

Иймд дээрхээс дүгнэхэд “Т” ХХК-ийн “Өмнөх буюу хуучин /2007 оны/ газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ гаргахыг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх боломжгүй тул “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.