| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 130/2024/00694/И |
| Дугаар | 212/МА2025/00035 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 212/МА2025/00035
Р.Б- нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 302/ШШ2025/00191 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч ******* багт оршин суух Ш овогт Р.Б-, Б овогт Т.Е-, ******** багт оршин суух Ш овогт Р.А-, хамтран нэхэмжлэгч “Б” ХХК /гүйцэтгэх захирал Р.А-/ нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
“”А” ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн үнэлгээний тайланг бүхэлд нь хүчингүйд тооцож өгөхийг хүссэн” иргэний хэргийг нэхэмжлэгч Т.Е-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, нэхэмжлэгч Р.А-ийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 4 дүгээр 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Х.Манар, нэхэмжлэгч Р.А-ийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Айнур нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга:
1.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Зохигч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" 804 дугаар захирамжаар хариуцагч нар болох Р.А-, Р.Б-, Т.Е- болон "Б" ХХК -аас 2022.10.20-нд 7,200,000 төгрөг, 2022.11.20-нд 7,200,000 төгрөг, 2022.12.20-нд 7,200,000 төгрөг 2023.1.20-нд 7,200,000 төгрөг, 2023.02.20-нд 7,200,000 төгрөг, 2023.3.20-нд 7,200,00 төгрөг 2023.04.20-нд 7,200,000 төгрөг 2023.05.20-нд 452,225,568 төгрөгийг графикт заасны дагуу нийт 534,036,107 /таван зуун гучин дөрвөн сая гучин зургаан мянга нэг зуун долоо/ төгрөгийг нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарт төлж барагдуулахаар болж, зохигчид эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, дээрх графикт заасан хугацаанд төлбөрийг төлж чадаагүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байдаг.
1.2. Голомт банкны Баян-Өлгий салбар нь хариуцагч нар эвлэрлээр тохиролцсон график зөрчсөн гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудсыг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гаргуулан аваад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.А 23020647 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гаргаснаар эхэлсэн байдаг. 2023 оны 3 дугаар сарын 27-нд эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2023 оны 6 дугаар сарын 25-нд эд хөрөнгө хураах тухай тогтоол зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой актууд гарч улмаар 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 02 дугаартай “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоол гарсан.
1.3. Дээрх шийдвэрүүд болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дугаар зүйлд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох шударга ёсны, хууль дээдлэх зарчимд нийцэхгүй байхын дээр, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүчин төгөлдөр үйлчилж байгаа холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчиж мөн төлбөр төлөгч бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг удаа дараа зөрчсөн талаар эрх бүхий албан тушаалтнуудад гомдол гаргасан боловч шийдвэрлэхгүй байсан тул бид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Н.Нандинболорт өмгөөлөгчөөрөө дамжуулан гомдол гаргаж хөрөнгө битүүмжлэх, хөрөнгө хураах, албадан дуудлага худалдаа явуулах тогтоолууд болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн болохыг тогтоолгож бүхэлд нь хүчингүй болгосон.
1.4. Гэтэл 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр шинжээч томилох тухай тогтоолыг 9 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч М.Ж гаргаж “А” ХХК-г шинжээчээр томилсон. “А” ХХК-аас 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төлбөр төлөгч бидний хөдлөх болон үл хөдлөх 7 эд хөрөнгөнд үнэлгээ хийгээд 1.395.649.895 /нэг тэрбум гурван зуун ерэн таван сая зургаан зуун дөчин есөн сая зургаан зуун дөчин есөн мянга найман зуун ерэн тав/ төгрөгөөр үнэлсэн эд хөрөнгийн үнэлгээний тайланг ирүүлсэн бөгөөд бидний хувьд 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр танилцан, хуулбарлан аваад өөрсдийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх, шударгаар үнэлүүлэх эрхээ хамгаалах зорилгоор нэхэмжлэл гаргаж байна.
1.5. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заасан. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байхаар хуульчилжээ. Гэтэл “А” ХХК-ийн 2024.07.30-ны өдрийн тайлан нь дээрх хуулийн зүйл заалтыг дараах байдлаар зөрчсөн байна.
-Хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн ... тодорхойлно гэж заасны дагуу жишиг үнийн аргаар үнэлэхдээ ямар арга ашигласан, хаана байрлалтай, ямар үл хөдлөх хөрөнгүүдийг харьцуулан судалсан нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл бидний үл хөдлөх эд хөрөнгө нь Баян-Өлгий аймгийн төвийн бүсэд байрлалтай өдөр, хоног өнгөрөх тусам зах зээлийн үнэ нэмэгдэж байгаа хөрөнгүүд юм. Төвийн бүсэд байрлах бусдын үл хөдлөх эд хөрөнгө бидний хөрөнгөтэй харьцуулагдах боломжгүй ба захын хорооллын үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулах боломжгүй юм.
-Хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлсон тайлантай нэг бүрчлэн танилцахад үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн ханшийн суурь судалгааг ямар аргачлалд тулгуурлан гаргасан, тус аргачлал нь бодит байдалд үндэслэлтэйгээр нийцэж байгаа эсэх нь ойлгомжгүй тодорхойгүй байна. Үнэхээр хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлсон юм бол хаяг, газар зүйн байршил, газрын хэмжээ, байшин барилгын хэмжээ нь өөр өөр байгаа үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тусад нь яагаад үнэлээгүй болохоо тодорхой тайлбарлаагүй байна. Өөрөөр хэлбэл бүх үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэгтгээд нэг үнэлгээ гаргасан нь хуульд нийцэхгүй байна.
1.6. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.10 дахь хэсэгт хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдал дээр үнэлгээ хийж байгаа байгууллага дүгнэлт хийн үнэлгээ хийлгэсэн этгээд болон гуравдагч этгээдэд ойлгомжтой байдлаар харьцуулалт хийх шаардлагатайг хуульчилжээ.... үнэлгээ хийлгэсэн этгээд болон гуравдагч этгээдэд ойлгомжтой байна... Гэтэл “А” ХХК-ийн гаргасан эд хөрөнгийн үнэлгээний тайлан нь ойлгомжтой, тодорхой тайлбарлагдаагүйн дээр бидний эд хөрөнгийг газар зүйн байршил, чанар, баталгаажилт, эд материал зэргийг хаана байрладаг ямар объекттой харьцуулан үзэж зах зээлийн үнэ ханшийг тогтоосон нь тодорхойгүй байна.
1.7. Бидний эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн шинжээчийн дүгнэлт буюу “А” ХХК-ийн тайлан нь хөрөнгийн үнэлгээ хийхэд баримтлах зарчим, үнэлгээний олон улсын стандартад нийцээгүй бөгөөд бидний хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна. Энэ нь төлбөр төлөгч бидний хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчихийн дээр Хөрөнгийн үнэлгээний тухай хууль зөрчин гарсан үнэлгээгээр өөрсдийн насаараа хөдөлмөрлөн байж бий болгосон эд хөрөнгүүдээ зах зээлийн үнэ ханшнаас 50 хувь хэт доогуур үнэлсэн. Манай 5 үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн байдаг. Тиймээс энэ үнэлгээ нь хүчин төгөлдөр бус байна гэж үзээд нэхэмжлэлээ гаргасан байгаа...
1.8. Иймд “А” ХХК-ний 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн үнэлгээний тайланг бүхэлд нь хүчингүйд тооцож өгнө.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:
2.1. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 804 дүгээр шүүгчийн захирамжаар Р.Б- (БЮ********), Т.Е- (БК*********), Р.А- (БЭ********) нараас 534,036,107 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох ************ багт байрлах, бүртгэлийн Ү-************ дугаартай 110 м.кв хувийн сууцын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, бүртгэлийн Г-************ дугаартай 1054 м.кв талбайтай газар, ************байрлах, бүртгэлийн Ү-************ дугаартай 84 м.кв талбайтай хувийн сууцын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, бүртгэлийн Ү-************ дугаартай 98 м.кв талбайтай хувийн сууцын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, бүртгэлийн Г-************ дугаартай 700 м.кв талбайтай газар, ************ багт байрлах, бүртгэлийн Ү-************ дугаартай 448 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ************ багт байрлах, бүртгэлийн Ү-************ дугаартай 106,6 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ************ багт байрлах, бүртгэлийн Ү-************ дугаартай 110 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдээр хангуулж, Голомт банкны Баян-Өлгий салбарт олгохоор шийдвэрлэсэн.
2.2. 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч Р.Б-, Т.Е-, Р.А- нарт 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг 9 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч М.Ж нь гардуулсан байна. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 02 тоот албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны битүүмжлэх, хураах тогтоолуудыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөж, Гүйцэтгэх хуудсанд заагдсан барьцаа үл хөдлөх хөрөнгийг 9 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч М.Ж нь 2024 оны 6 дугаар сарын 12-ны 23020647/09 тоот тогтоолоор битүүмжилсэн ба Р.Б-, Т.Е-, Р.А- нар төлбөр төлөөгүй тул битүүмжилсэн үл хөдлөх хөрөнгийг 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 23020647/02 тоот тогтоолоор хураах ажиллагаа явуулж хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг хууль сануулан төлбөр төлөгч Р.Б-, Т.Е-, Р.А- нарт хариуцуулсан.
2.3. Улмаар талуудаас хөрөнгийн үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 01/840 тоот албан бичгээр хүргүүлэхэд “Төлбөр төлөгч Р.А- нь 6,000,000,000 төгрөг, Р.Б- нь 6,000,000,000 төгрөг, Т.Е- нь 6,000,000,000 төгрөгөөр тус тус үнэлж, 2024 оны 7 дугаap сарын 03-ны өдөр үнийн санал ирүүлсэн, төлбөр авагч Голомт банкны Баян-Өлгий салбараас шинжээч томилох хүсэлт ирүүлсэн.
2.4. Төлбөр авагч болон төлбөр төлөгч Р.А-, Р.Б-, Т.Е- нарын хүсэлтийн дагуу 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 02 тоот тогтоолоор төлбөр төлөгч Р.Б-, Т.Е-, Р.А- нарын өмчлөлийн ************багт байрлах, бүртгэлийн Ү-************ дугаартай 110 м.кв хувийн сууцын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, бүртгэлийн Г-************ дугаартай 1054 м.кв талбайтай газар, ************байрлах, бүртгэлийн Ү-************ дугаартай 84 м.кв талбайтай хувийн сууцын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, бүртгэлийн Ү-************ дугаартай 98 м.кв талбайтай хувийн сууцын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, бүртгэлийн Г-************ дугаартай 700 м.кв талбайтай газар, ************ багт байрлах, бүртгэлийн Ү-************ дугаартай 448 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ************ багт байрлах, бүртгэлийн Ү-************ дугаартай 110 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ************ багт байрлах, бүртгэлийн Ү-************ дугаартай 106,6 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь шинээр дахин төлөвлөлтөд орж байгаа ба гэрчилгээ гараагүй үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлгээ тогтоохоор “А” ХХК-ний үнэлгээчин Ч.Ж-ыг шинжээчээр томилсон.
2.5. Шинжээч “А” ХХК нь дээрх үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг нийт-1,395,649,895 төгрөгөөр тогтоосон ба уг үнэлгээг 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдөр төлбөр авагч болон төлбөр төлөгч нарт 01/992 тоот албан бичгээр хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь заалтыг үндэслэн эд хөрөнгийн үнэлгээг мэдэгдэхэд төлбөр төлөгч өөрийн биеэр ирж мэдэгдлийг гардан авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нар нь эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээг мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу дээрх үнэлэгдсэн үнээс багагүй үнээр өөрийн эд хөрөнгөө 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах эрхтэй ба эд хөрөнгийн үнэлгээг мэдэгдсэнээс хойш ажлын 3 хоногт бие даан худалдан борлуулах саналаа шийдвэр гүйцэтгэгчид бичгээр гаргаж болно гэхэд Р.Б-, Т.Е-, Р.А- нар нь дээрх хөрөнгүүдийг бие даан худалдан борлуулах талаар 1 сарын хугацаа авах хүсэлт бичгээр гаргасан.
2.6. Мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болно” гэж зааснаар Р.Б-, Т.Е-, Р.А- нарын хүсэлтийг хүлээн авч хөрөнгөө бие даан худалдах 1 сарын хугацааг 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 09-ний хооронд олгосон ба хугацаа дуусахад хөрөнгөө худалдаагүй, төлбөрөө төлөөгүй болно. Үнэлгээний талаар талуудаас гомдлоо ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргаагүй, 1 сарын хугацаа авах хүсэлтийн хангаж хугацаа олгосон. 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн үнэлсэн үнийн 70 хувиар буюу нийт 976,954,926 төгрөгөөр доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах 05 дугаар тогтоол гарч, тогтоолын хувийг 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 01/148 тоот албан бичгээр талуудад мэдэгдсэн. Төлбөр төлөгч Р.Б-, Т.Е-, Р.А- нар нь зээлийн барьцаанд байх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үнэлгээг мэргэжлийн байгууллага гаргасан бөгөөд үнэлгээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон төлбөр төлөгч, төлбөр авагч нь хөндлөнгөөс нөлөөлөх эрхгүй байдаг болно.
2.7. Иймд үл хөдлөх эд хөрөнгийг шинжээч үнэлэхдээ хөрөнгийн байдалтай нэг бүрчлэн танилцаж, хууль эрх зүйн баримт бичигт тулгуурлан өнөөгийн зах зээлийн ханшаар уялдуулан үнэлгээ гаргасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 302/ШШ2025/00191 дүгээр шийдвэрээр:
3.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох хөрөнгийн үнэлгээчин “А” ХХК-ний 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн №ҮХХ-БӨА-24-10408 дугаар үнэлгээний тайланг хүчингүй тооцуулахыг хүссэн тухай нэхэмжлэгч “Б” ХХК болон Р.А-, Р.Б-, Т.Е- нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
3.2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б ХХК болон Р.А-, Р.Б-, Т.Е- нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч нарт олгож,
3.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасныг баримтлан Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ний өдрийн 302/ШЗ2024/02581 дугаартай Хүсэлтийг хангах тухай шүүгчийн захирамжийг энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч Т.Е-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т-ийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн "Зохигч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 804 тоот захирамжаар хариуцагч нар болох Р.А-, Р.Б-, Т.Е- болон "Б" ХХК-аас 2022.10.20-нд 7,200,000 төгрөг, 2022.11.20-нд 7,200,000 төгрөг, 2022.12.20-нд 7,200,000 төгрөг 2023.1.20-нд 7,200,000 төгрөг, 2023.02.20-нд 7,200,000 төгрөг, 2023.3.20-нд 7,200,00 төгрөг 2023.04.20-нд 7,200,000 төгрөг 2023.05.20- нд 452,225,568 төгрөгийг графикт заасны дагуу төлж нийт 534,036,107 /таван зуун гучин дөрвөн сая гучин зургаан мянга нэг зуун долоо/ төгрөгийг нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарт төлж барагдуулахаар харилцан тохиролцсоныг баталж графикт заасан хугацаанд төлбөрийг төлж чадаагүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байдаг.
4.2. Голомт Банк ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар нь хариуцагч нар эвлэрлээр тохиролцсон график зөрчсөн гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг /захирамж/ албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудсыг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гаргуулан аваад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.А 23020647 тоот "Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гаргаснаар эхэлсэн байдаг. 2023 оны 3 дугаар сарын 27-нд эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2023 оны 6 дугаар сарын 25-нд эд хөрөнгө хураах тухай тогтоол зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой актууд гарч улмаар 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 02 дугаартай “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоол гарсан. Дээрх шийдвэрүүд болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дугаар зүйлд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох шударга ёсны, хууль дээдлэх зарчимд нийцэхгүй байхын дээр, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүчин төгөлдөр үйлчилж байгаа холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчиж мөн төлбөр төлөгч бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг удаа дараа зөрчсөн талаар эрх бүхий албан тушаалтнуудад гомдол гаргасан боловч шийдвэрлэхгүй байсан тул бид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Н.Нандинболорт өмгөөлөгчөөрөө дамжуулан гомдол гаргаж хөрөнгө битүүмжлэх, хөрөнгө хураах, албадан дуудлага худалдаа явуулах тогтоолууд болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн болохыг тогтоолгож бүхэлд нь хүчингүй болгосон.
4.3. Гэтэл 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр шинжээч томилох тухай тогтоолыг 9 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч М.Ж гаргаж “А” ХХК-г шинжээчээр томилсон. “А” ХХК-аас 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төлбөр төлөгч бидний хөдлөх болон үл хөдлөх 7 эд хөрөнгөнд үнэлгээ хийгээд 1.395.649.895 /нэг тэрбум гурван зуун ерэн таван сая зургаан зуун дөчин есөн сая зургаан зуун дөчин есөн мянга найман зуун ерэн тав/ төгрөгөөр үнэлсэн эд хөрөнгийн үнэлгээний тайланг ирүүлсэн бөгөөд бидний хувьд 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр танилцан, хуулбарлан аваад өөрсдийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх, шударгаар үнэлүүлэх эрхээ хамгаалах зорилгоор нэхэмжлэл гаргаж байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно" гэж заасан. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байхаар хуульчилжээ. Гэтэл “А” ХХК-н 2024.07.30-ны өдрийн тайлан нь дээрх хуулийн зүйл заалтыг дараах байдлаар зөрчсөн байна.
4.4... хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн ... тодорхойлно гэж заасны дагуу жишиг үнийн аргаар үнэлэхдээ олон төрлийн арга ашиглах ба аль тохиромжтой эргэлзээгүйгээр тухай үл хөдлөх хөрөнгө болон газрыг үнэлдэг атал тус газруудыг үнэлэхдээ шинжээч гэрчийн мэдүүлэг дээр дурдсанаар тухайн объектыг 2024.07.30-ны өдрийн тайлан нь дээрх аргаас өөр аргаар үнэлэхэд үнийн зөрүү гарах магадлалтай гэх ба тус шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгох эргэлзээ бүхий үндэслэл бий болсныг шүүгч хүлээн авч хянаагүй хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлсон тайлантай нэг бүрчлэн танилцахад үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн ханшийн суурь судалгааг ямар аргачлалд тулгуурлан гаргасан, тус аргачлал нь бодит байдалд үндэслэлтэйгээр нийцэж байгаа эсэх нь ойлгомжгүй тодорхойгүй.
4.5. Иймд Баян-өлгийн аймаг дахь сум дундын иргэнийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 302/ШШ2025/00191 тоот дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
5. Нэхэмжлэгч Р.А-ийн өмгөөлөгч Б.Түвшинтөгсийн давж заалдах гомдолд:
5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дахь хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ”, мөн хуулийн 6.2-т “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ”, 6.3-т “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ”, 6.4-т “Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож уг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэж тус тус хуульчилсан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй хэмээн хуульчилсан байна. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн нь анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл байхаар хуульд заасан байна. Хэргийн оролцогч буюу нэхэмжлэгч өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулах үүднээс шүүхийн байгууллагад хандан нэхэмжлэл гаргаж түүнчлэн өмгөөлөгч Б.Түвшинтөгс намайг Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрийн өмгөөлөгчөөр сонгон авсан байх атал анхан шатны шүүх тухайн хэргийн оролцогч болох өмгөөлөгч намайг 2025.02.28-ны өдөр товлон зарлагдсан шүүх хуралд оролцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцсэн. Өмгөөлөгч миний бие 2025.02.27-ны шөнө онош тодорхой шалтгаанаар толгой эргэж хүндээр суулгаж бие чичирч, амин үзүүлэлт тогтворгүй байсан тул нийслэлийн түргэн тусламжийн ХУД-н яаралтай түргэн тусламжийн тасагт хүргэгдэж эмчилгээ хийлгэж эмнэлгийн түргэн тусламж авч, эмчийн заавар зөвлөгөөний дагуу эмчилгээ хийлгэх, гам барих шаардлагын дагуу ажлаас чөлөөлөгдөж, эмнэлгийн магадалгаа авсан байдаг. Энэ тухайгаа холбогдох баримтын хамт 2025.02.28-ны өдөр хүсэлтийн хамт Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн атал өмгөөлөгч намайг оролцуулахгүйгээр хэргийг 2025.02.28-ны өдөр хянан хэлэлцэж ингэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3 дахь хэсгийг зөрчсөн төдийгүй Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дахь хэсэгт заасан нэхэмжлэгч Р.А-ийн хууль зүйн туслалцаа авах өөрийгөө өмгөөлөх үндсэн эрхийг ноцтой зөрчсөн.
5.2. Түүнчлэн өмгөөлөгч миний бие хүндэтгэн үзэх шалтгаантайгаар шүүх хуралд оролцох боломжгүй байгаагаа хүсэлт холбогдох баримтын хамт хүргүүлсээр байтал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан өмгөөлөгч миний хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж үйлчлүүлэгчийнхээ эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх боломжийг хязгаарласан. Талуудын тэгш эрхийг Үндсэн хуульд заасан журмын дагуу мэтгэлцүүлж хэргийг шийдвэрлэсэн бол шүүхийн шийдвэр өөр байсан байх бүрэн боломжтой. Хэн ч ямар ч шалтгааны улмаас өвдөж болох юм. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авах үндсэн эрхтэй бөгөөд өвчний улмаас шүүх хуралд оролцох боломжгүй байсан өмгөөлөгч намайг шүүх хуралд оролцох боломжоор хангаагүй атлаа анхан шатны шүүх энэ тухайгаа шүүхийн шийдвэрт тусгаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байхаар заасан байх тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.
5.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч Б.Түвшинтөгс миний хүсэлтээр хамтран нэхэмжлэгчээр “Б” ХХК-ийг татсан бөгөөд энэ үеэс тус байгууллага нь тухайн хэргийн оролцогч болсон. Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боловч шүүхээс хамтран хариуцагчаар татсан тус байгууллагад хэргийн оролцогчийн эрхийг тайлбарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжоор хангаагүй атлаа хэргийг шийдвэрлэж шүүхийн шийдвэр гаргасан. Нөгөө талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх үүргийг тайлбарлаж түүнийг баримтжуулах нь шүүхийн үүрэг бөгөөд шүүх энэ үүргээ биелүүлээгүй төдийгүй нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан процессын дагуу явагдах ёстой боловч анхан шатны шүүх энэ бүгдийг уландаа гишгэж, Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн шударга шүүхээр шүүлгэх эрхийг зөрчсөн. Энэ бүх хүний эрхийн болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт хамаарагдах юм.
5.4. Анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаагүй нэхэмжлэгч өөрийн шаардлагаа нотлох боломж олгоогүй атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, мөн хуулийн 38.1 дахь хэсэгт зааснаар нотлоогүй хэмээн дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Учир нь хөрөнгийн үнэлгээ нь шинжээчийн дүгнэлтэд хамаарагдах бөгөөд шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, дутуу, ойлгомжгүй тохиолдолд дахин эсхүл бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, тус шинжээчийн дүгнэлтийг зөвтгөх, засах, бататгах, үгүйсгэх боломжтой байдаг. Тийм ч агуулгаар бүрэлдэхүүнтэй шинжээч томилж тус хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлтийг зөв гарсан эсэх үйл баримтыг тогтоолгох хүсэлтийг шүүх хангаагүй гэсэн атлаа шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гэх дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч өөрөө олж авах боломжгүй хувь хүн төрийн байгууллагын нууцтай холбоотой эсхүл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дахь хэсэгт хамаарагдах нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх боловч шүүх энэ эрхийг хязгаарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.3 дахь хэсэгт хамаарагдах юм.
5.5. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.02.28-ны өдрийн 302/ШШ2025/00191 тоот шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
6.1. Шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн №804 дүгээр шүүгчийн захирамжаар "Б" ХХК болон Р.Б-, Т.Е-, Р.А- нараас 534,036,007 төгрөгийг гаргуулж, Голомт банкны Баян-Өлгий аймгийн салбарт олгохоор, мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангаж барагдуулах шийдвэр гарсан. Уг захирамжийн дагуу 2023 онд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн. Гүйцэтгэлийн явцад үнэлгээний талаар гомдол гаргасан бөгөөд 2024 оны 5 дугаар сард Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч материалыг хянаж, шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа нь хууль зөрчсөн гэж үзэн гүйцэтгэлийг бүхэлд нь хүчингүй болгож, эхнээс нь дахин эхлүүлэх чиглэл өгсөн. Үүний дагуу 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр дээрх барьцаа хөрөнгийг битүүмжлэн хурааж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн дагуу талуудын хүсэлтийг үндэслэн шинжээч томилохоор болсон.
6.2. Төлбөр төлөгчид болох Р.Б-, Т.Е-, Р.А- нарын хүсэлтийн дагуу “А” компанийг шинжээчээр томилсон. Тус компани нийт гурван төрлийн үл хөдлөх хөрөнгийг 1,395,640,100 төгрөгөөр үнэлсэн бөгөөд үүнд үйлчилгээний зориулалттай нэг давхар барилга болон подвалыг 927,103,764 төгрөгөөр, 110 м.кв хэмжээтэй үйлчилгээний зориулалттай объектын үнэлгээг 325,000,000 төгрөгөөр, харин хувийн сууц болон гэр бүхий газрыг 139,099,000 төгрөгөөр тус тус үнэлсэн бөгөөд энэхүү үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3 дугаар зүйлд заасны дагуу талуудад мэдэгдсэн. 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдөр төлбөр төлөгч талууд хөрөнгөө өөрсдөө борлуулах зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар нэг сарын хугацаа авах хүсэлт ирүүлж, тухайн хүсэлтийн дагуу хугацаа олгогдсон хэдий ч тэдгээр талууд 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан долоо хоногийн хугацаанаас хэтэрсэн тул шинжээчийн үнэлгээг бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй бөгөөд тэдний өмгөөлөгч шүүх хуралдаанд уг асуудлыг тайлбарлан хүлээн зөвшөөрсөн. 2024 оны 10 дугаар сараас 2025 оны 02 дугаар сарын 08-ны хооронд нийт 10 удаа шүүх хуралдаан хойшлогдсоны эцэст шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй, зах зээлийн ханштай нийцсэн, өртөг болон харьцуулалт нь бүрэн бодитоор тооцоологдсон гэж үзсэн. Жишээлбэл, ************ багт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хувьд тухайн бүс нутагт байрлах “Алтай таван богд”, “Тэнгис ” зэрэг объектуудын үнэлгээгээр харьцуулан тооцсон нь тодорхой байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэн, нөхөн төлбөрийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье.
ХЯНАВАЛ:
7. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Т.Е-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, нэхэмжлэгч Р.А-ийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс нарын гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр, анхан шатны шүүхийн гомдлоор авч хэлэлцсэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.
8. Нэхэмжлэгч Р.Б-, Т.Е-, Р.А- нар хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан тус газраас явуулсан, иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулахтай холбоотой, шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаар шинжээч томилох тухай тогтоолын дагуу хийгдсэн “А” ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн төлбөр төлөгч Р.Б-, Т.Е- нарын өмчлөлийн ************багт байрлах, бүртгэлийн Ү-************ дугаартай 110 м.кв хувийн сууцын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, бүртгэлийн Г-************ дугаартай 1054 м.кв талбайтай газар, бүртгэлийн Ү-************ дугаартай 98 м.кв талбайтай хувийн сууцын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, бүртгэлийн Г-************ дугаартай 700 м.кв талбайтай газар, ************ багт байрлах, бүртгэлийн Ү-************ дугаартай 448 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ************ багт байрлах, бүртгэлийн Ү-************ дугаартай 110 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг 1,395,649,895 төгрөгөөр үнэлсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч “хүчингүй болгуулахаар” Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар гомдлоо шүүхэд гаргасан байна.
9. Нэхэмжлэгч нар нь “үнэлгээг хүчингүйд тооцуулах” тухай гомдлын үндэслэлээ “хөрөнгийн жишиг үнийн аргаар үнэлэхдээ ямар арга ашигласан, ямар үл хөдлөх хөрөнгүүдийг харьцуулан судалсан нь тодорхойгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн ханшийн суурь судалгааг ямар аргачлалд тулгуурлан гаргасан, тус аргачлал нь бодит байдалд үндэслэлтэйгээр нийцэж байгаа эсэх нь ойлгомжгүй. Хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлсон бол хаяг, газар зүйн байршил, газрын хэмжээ, байшин барилгын хэмжээ нь өөр өөр байгаа үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тусад нь яагаад үнэлээгүй болохоо тодорхой тайлбарлахгүйгээр бүх үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэгтгээд нэг үнэлгээ гаргасан нь хуульд нийцэхгүй. Мөн тайланд хөрөнгийн үнэлгээ хийхэд баримтлах зарчим, үнэлгээний олон улсын стандартад нийцээгүй бөгөөд бидний хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж зах зээлийн үнэ ханшнаас 50 хувь доогуур үнэлүүлсэндээ гомдолтой” гэж тайлбарлажээ.
10. Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад анхан шатны шүүх уг хэргийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хянан шийдвэрлэж, 302/ШШ2025/00191 дүгээр шийдвэр гаргажээ. Нэхэмжлэгч Р.А-ийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс нь мөн өдрийн шүүх хуралдааныг өвчтэй байгаа тул 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хойшлуулах тухай хүсэлтийг холбогдох нотлох баримтын хамт шүүхийн цахим хаягаар 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүргүүлсэн байх бөгөөд уг хүсэлтийг анхан шатны шүүхээс “…эмнэлгийн магадалгааг хүний их эмч З.Болор-Эрдэнэ нь 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр олгохдоо 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэл олгосон, яаралтай тусламжийн тасагт 103 тусламжаар бус өөрөө 00 цаг 10 минутад ирсэн, эмч 00:13 минутад үзэж, даралт бууруулах эмчилгээ хийж, биеийн байдал сайжирсан тул зөвлөгөө өгч гарсан талаар яаралтай тусламжийн хуудсанд бичигдсэн байна…” гэж дүгнэж, өмгөөлөгчийн эмнэлгийн магадалгааг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр олгосон байхад “2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэл олгосон” гэж буруу үнэлж дүгнэн, хүсэлтийг хангахаас татгалзаж, нэхэмжлэгч Р.А-ийн өмгөөлөгч Б.Түвшинтөгсийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шүүх хуралдааныг явуулж хэргийг хянан шийдвэрлэсэн нь өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох, хэрвээ хүндэтгэн үзэх шалтгаантай бол шүүх хуралдааныг хойшлуулах эрхийг, мөн түүнчлэн нэхэмжлэгчийн хууль зүйн туслалцаа авах үндсэн эрхийг тус тус зөрчсөн байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.
Энэхүү нөхцөл байдал нь анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2 дахь заалтаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах бөгөөд анхан шатны шүүх тус хэргийг дахин хянан шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд нийцнэ.
11. Анхан шатны шүүх тус хэргийг дахин хянан шийдвэрлэх учраас давж заалдах шатны шүүх хуралдаанаас хэргийн үйл баримттай холбоотой урьдчилсан байдлаар дүгнэлт хийх хууль зүйн боломжгүй хэдий анхан шатны шүүхийн гомдлоор авч хэлэлцсэн хэргийн нэхэмжлэлийн шаардлагын зарим үндэслэлийг тодруулах шаардлагатай талаар тэмдэглэх нь зүйтэй байна. Үүнд:
11.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д зааснаар Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн “А” ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн төлбөр төлөгч Р.Б-, Т.Е- нарын өмчлөлийн ************багт байрлах, бүртгэлийн Ү-************ дугаартай 110 м.кв хувийн сууцын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, бүртгэлийн Г-************ дугаартай 1054 м.кв талбайтай газар, бүртгэлийн Ү-************ дугаартай 98 м.кв талбайтай хувийн сууцын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, бүртгэлийн Г-************ дугаартай 700 м.кв талбайтай газар, ************ багт байрлах, бүртгэлийн Ү-************ дугаартай 448 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ************ багт байрлах, бүртгэлийн Ү-************ дугаартай 110 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг 1,395,649,895 төгрөгөөр үнэлсэн тайланг танилцуулсан мэдэгдлийг нэхэмжлэгч /төлбөр төлөгч/ Р.Б- нь 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч танилцаж гарын үсэг зурсан боловч /2 дугаар хавтаст хэргийн 107 дахь тал/ бусад төлбөр төлөгч нар болох Т.Е-, Р.А-, мөн “Б” ХХК-ийн төлөөлөгчид хэзээ, хэрхэн мэдэгдсэн эсэхийг тодруулах шаардлагатай.
11.2. 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн төлбөр төлөгч Р.Б-, Т.Е-, Р.А- нарын Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт “Төлбөр төлөгч Р.Б-, Т.Е-, Р.А- бид мэдэгдлийг хүлээн авч танилцлаа. Мэдэгдэлд нийт үл хөдлөх эд хөрөнгүүдийг 1,395,649,895 төгрөгөөр үнэлсэн байна. Энэхүү үнэлгээ зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн байгаа тул санал нийлэхгүй байна. Тиймээс өөрсдийн үл хөдлөх хөрөнгүүдийг зах зээлийн ханшаар худалдан борлуулах боломжоор хангаж бидэнд нэг сарын хугацаа өгч худалдан борлуулах боломжоор хангаж өгнө үү” гэх хүсэлтийг хэн бичсэнийг, төлбөр төлөгч нар бүгд гарын үсэг зурсан эсэхийг тодруулах шаардлагатай. /2 дугаар хавтаст хэргийн 110 дахь тал/
12. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т-ийн “…анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” гомдлыг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгсийн “...анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг тус тус хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ нэхэмжлэгч талын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Т.Е-ын төлсөн 70,200 төгрөгийг, нэхэмжлэгч Р.А-ийн төлсөн 70,200 төгрөгийг зохих данснаас гаргуулж нэхэмжлэгч нарт буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.5 дахь заалтад заасныг удирдлага болгож
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 302/ШШ2025/00191 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгч Т.Е-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, нэхэмжлэгч Р.А-ийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс нарын давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Т.Е-ын төлсөн 70,200 төгрөгийг, нэхэмжлэгч Р.А-ийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус төрийн сангийн 100020000941 дугаар данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч нарт тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ШҮҮГЧ Д.КӨБЕШ