Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 527

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б..Боорчи,

улсын яллагч Х.Эрдэнэтуяа,

шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Х Б овогт М-ны М-т  холбогдох эрүүгийн 1910015630581 дугаартай, 187/2019/0512/Э индекстэй хэргийг 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ......... оны ..... дугаар сарын ......-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ......... боловсролтой, каранист мэргэжилтэй, ам бүл .......... хамт, Сүхбаатар дүүргийн ..... хороо, ........... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Х Бовогт М-ны М /РД:........................./  

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.М нь 2019 оны 6 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наадам центрийн 3 давхарт хохирогч М.Б хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч М.М нь 2019 оны 6 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наадам центрийн 3 давхарт хохирогч М.Б хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь: 

1. Шүүгдэгч М.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч М.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Наадам центрийн 3 давхарт үйл ажиллагаа явуулдаг Монгол караокед хамаатны Баяр-Эрдэнэ түүний ажлын газрын хүмүүстэй нь хамт орж 01:00 цагийн орчимд үйлчлүүлж дуусаад гарахад нийт 600.000 төгрөгийн тооцоо гарсан байсан. Тухайн үед миний биед ямар нэгэн төлбөрийн хэрэгсэл байгаагүй учраас тус караокен зохион байгуулагчаас хамт Улсын их дэлгүүр лүү яваад авахыг хүссэн. Зохион байгуулагч зөвшөөрч намайг дагаж явахдаа караокен хамгаалагч М гэх залууг хамт явъя гэж хэлээд дагуулаад гарсан. Бид гурав 3 давхрын зогсоол руу гараад миний машинаар явъя гэхэд зохион байгуулагч, хамгаалагч М нар нь чиний машин энд байхгүй бид хоёрын машинаар явъя гэхээр нь би машинаа жолоочтойгоо дуудаад өөрийнхөө машинаар явна гэж хэлэхэд бид нар яараад байна гээд маргаан үүссэн. Тухайн үед би жолооч Мижид рүү /94092515/ утсаар ярих гээд зогсож байхад зохион байгуулагч залуу миний биед хүрч түлхсэн. Яагаад түлхэснийг асууж түүн рүү ойртоход хажуунаас хамгаалагч М миний багалзуур луу шахаж намайг унагаж, дээрээс цохиж, чирч гулдарсан. Зохион байгуулагч, хамгаалагч М нар гражийн хяналтын камерийн баршилыг мэдэж байсан бөгөөд намайг камергүй газар луу чирч аваачин нүүр болон өвдөг, хавирга руу цохих, өшиглөх зэргээр зодсон. Би хамгаалагч Мөнхбаатарын биед ямар нэгэн байдлаар гэмтэл учруулаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/

            3. Гэрч Т.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би нөгөө залуугаас хаашаа явах юм гэхэд Их дэлгүүр орно гээд хамгаалагч М бид хоёроос машиныхаа түлхүүрийг хаана байна гээд асуугаад хараагаад байсан. Наадам центрийн граж руу өгсөх зам руу гарч байсан. Би чиний машин чинь энд байхгүй ээ миний машинаар явъя гэхэд тийм юм байхгүй гээд хамгаалагч М-т ай хэрүүл хийж байснаа цээж рүү нэг удаа цохьсон. Хамгаалагч М уурлаад нөгөө залууг угзарч татаад унагаачихсан. Тэгсэн нөгөө залуу босч ирээд хамгаалагч М луу дайраад голомтоор чинь самарна шүү гээд байсан. М уурлаад чам шиг юманд голомтоо самруулна гэж юу байдаг юм гээд уурлаад нөгөө залуутай ноцолдож байхдаа Мөнхбаатарын хувцсыг нь урчихсан М уурлан баруун гараа атгаж байгаад гарын ар хэсгээр нөгөө залуугийн нүүрэн тус газар нэг удаа цохиход нөгөө залуугийн хамраас нь цус гараад баруун нүд хэсэг нь улайчихсан байсан. Би хажуунаас нь одоо больцгоо гээд наад цусаа угаа гэж хэлээд Монгол караоке руу буцаж ороход нөгөө залуу угаалгын өрөө орж нүүр амаа угааж цэвэрлээд үүдний текний сандал дээр суусан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/

            4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№7605/-ний дүгнэлт:

            -М.Б-ны биед хамар ясны хугарал, хамрын зүүн хажуу, зүүн доод зовхинд зулгаралт, зүүн бугалга, баруун суганы урд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

           -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           -Шүүх эмнэлгийн гэмлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          -Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

          -Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. /хх-ийн 42/  

             5. Шүүгдэгч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Босч ирснээ үгийн зөрүүгүй миний цээж рүү 2 удаа цохиод байхаар нь би тонгороод унагаачихсан. Үл таних залуу босч ирэхдээ миний хөлнөөс барьснаа гуя руу минь цохиж, цамцны товч тасалсан, цамцны суга ураад байхаар нь зүүн нүд болон шанаа руу нь нэг удаа цохиход хамраас нь цус гарсан. Тэгээд над руу ойртоод хувцас цус болгохоор нь түлхээд орхичихсон. 03:50 цагийн орчим Ганзориг үл таних залууг караоке руу дагуулж орон нүүр гарыг нь угаалгаад текэн дээр суулгахад над руу харснаа чамайг шоронд чинь хатаана мөлхүүлнэ гээд орилоод болохгүй болохоор нь шуурхайгаа /Отгонбаяр/ дуудан ирүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. 

            Шүүгдэгч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№7605/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч М.М нь 2019 оны 6 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наадам центрийн 3 давхарт хохирогч М.Б хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож түүний биед хамар ясны хугарал, хамрын зүүн хажуу, зүүн доод зовхинд зулгаралт, зүүн бугалга, баруун суганы урд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв. 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 500.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн  зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг  ойлгосон, хохирогч М.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15, 75/, түүний хувийн байдал /... 37 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, каранист мэргэжилтэй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг.../ зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.М-ыг улсын яллагчийн санал болгосон 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.   

Мөн шүүгдэгч М.Б-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.   

М.М-т  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдъя.      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

            1. Шүүгдэгч Х Бовогт М-ны М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х Бовогт М-ны М-ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.М-т  оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. М.М-т  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.    

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг М.М-т  сануулсугай.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.М-т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР