Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 4367

 

  2016 оны 06 сарын 15 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/04367

                    Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэгийг суулцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн ...тоотод байрлах, ... регистртэй “Топцонх Шил” ХХК-ийн,   

Хариуцагч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дунд гол, Үйлдвэрийн баруун бүс ... тоот өөрийн байранд байрлах, ... регистртэй, “Мон-Ор” ХХК-нд холбогдуулан,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 16,322,740 /арван зургаан сая гурван зуун хорин хоёр мянга долоон зуун дөчин/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын захирал Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Батбаатар /ШТЭҮ:0537/, хариуцагч байгууллагын захирал Б.С, хариуцагчийн өмгөөлөгч Г.Орхон /ШТЭҮ:0392/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Топцонх Шил” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Тус компани нь 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймаг дахь Хас банкны барилгын ажлыг гүйцэтгэсэн “Мон Ор” ХХК-тай 52/12 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, шилэн фасадны ажил гүйцэтгэсэн. Гэрээний дагуу Хөвсгөл аймгийн Хас банкны барилгын гадна шилэн фасад, метал хана зэргийг хийж угсарч дууссан. Шилэн хана, шилэн хаалганы шилийг “Шилэн хийц” ХХК-д захиалж угсарахад бэлэн болгоод ачих гэтэл 2012 оны 10 дугаар сарын 10-нд “Мон Ор” ХХК-ийн захирал ирж уулзаад Хас банкны логог нэмж оруулахаар 2 тал тохиролцсон бөгөөд захирал Б.С нь Хас банк орж лого болон бусад бичигдэх зүйлийг авч ирж өгнө гэж хэлээд гарч явснаас хойш сураггүй болсон, утсаар холбогдоход шилэн хана, шилэн хаалганы төлбөрийг төлөхөөс зугтан өдийг хүрлээ. Уг барилгыг улсын комисс хүлээн авсан. Одоо банк дотор нь үйл ажиллагаа явуулж ашиглаж байгаа болно. 2014 оны 9 дүгээр сарын 22-нд уулзаж гүйцэтгэлийн тооцоо нэхэмжлэх өгч тохиролцох талаар уулзаж ярилцсан боловч тохиролцоонд хүрээгүй. Иймд шилэн фасад, метал хаалга хана, хийсэн ажлын үлдэгдэл төлбөр болох 9,142,040 төгрөг, зөвхөн тухайн барилгад зориулан хэмжүүлж хийсэн шилэн хана, шилэн хаалганы үнэ болох 2,609,680 төгрөг, гэрээний 5.4-т заасан ёсоор хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,1 хувийн алданги тооцно гэсний дагуу тооцож үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул хуулийн заалтын дагуу алдангид 4,571,020 төгрөг, нийт 16,322,740 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын захирал Б.Н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Ажил гүйцэтгэх гэрээг нийт 58,307,015 төгрөгөөр тохиролцож хийсэн. “Мон Ор” ХХК нь урьдчилгаа төлбөрт 29,153,500 төгрөг төлсөн байдаг. Одоогоор гэрээний үлдэгдэл төлбөрт зөвхөн шилэн фасад хаалтын үлдэгдэл 9,142,040 төгрөг үлдсэн. Бид хоорондоо ярилцаад, дотор шилэн хананы үлдэгдэл 2,609,680 төгрөгийн шаардлагаас татгалзаж, хариуцагч байгууллагаас 13,713,060 төгрөг нэхэмжилж байна. Бид ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлаа бүрэн хийж дууссан гэж үзээд үлдэгдэл төлбөрөө л нэхэмжилсэн. Манайх 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар луу явсан. Яг биднийг явсны дараа өөр байгууллагатай гэрээ байгуулсан. Үүн дээр чанарын шаардлага хангахгүй байгаа талаар огт яриагүй. Гэтэл биднийг явснаас хойш 2 хоногийн дараа шаардлага хангахгүй байна гэснээр өөр компанитай 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэрээ байгуулсан байдаг. Манай зүгээс цонхыг чанарын шаардлага хангахгүй сийгэлттэй хийсэн зүйл байгаагүй. Хоёр дахь удаагийн засвараар бид цонхонд силикон шахсан. Тэр цонхыг засварлахад 12,000,000 төгрөгийн хөөс болон силикон орох үндэслэлгүй юм. Төмөр гажилттай байсан гэдгийг эрс няцааж байна. Төмөр гажилттай байвал шил хагарах ёстой. Тухайн ажлыг хийсэн ажилчид мэргэжлийн хүмүүс бөгөөд доод тал нь 7-10 жил ажилласан туршлагатай ажилчид байсан гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Батбаатар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Бид барилгыг технологийн дагуу угсарсан. Төмөр рам дээр шил наадаг асуудал байх боломжгүй. Захиалагч тал нь ажил гүйцэтгэх гэрээний 2.3, 2.6-д заасны дагуу барилгын ажлын явцад хяналт тавих үүрэг хүлээсэн бөгөөд бид ажлын гүйцэтгэлийг хүлээлгэж өгөх гэсэн боловч Улаанбаатар хотоос хүлээлгэж өгөөд хэрэггүй гэсэн. Тухайн үед ажлын явцад хяналт тавьсан талаар ямар ч акт үйлдээгүй. Гэтэл Хас банкны салбарын захирал нь шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө цонх сийгэлттэй байсан учир өөрөө дур мэдээд өрөмдөж хөөс шахсан гэдэг. Гэрээний үүргийн дагуу өдөр болгон ажлаа шалгаж, үүгээрээ ажлыг хүлээж авах боломжгүй байна гэсэн акт үйлдсэн бол энэ асуудал шийдэгдэх байсан. 2013 оны 6 дугаар сарын 06-ны өдөр шилэн фасадны гүйцэтгэлийн ажил 24,000,000 төгрөгөөр засварлах шаардлагагүйгээр бидний мөнгийг өгөөд ажлаа хийлгэж болох байсан. Гэрээний 2.9, 3.6, 3.5, 3.3-т заасан заалтуудыг зөрчсөн. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-т заасны дагуу гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх ёстой учир бид шаардаж байна гэв.

Хариуцагч “Мон Ор” ХХК-иас шүүхэд гаргасан хариу тайлбарт:

“Топцонх Шил” ХХК нь гэрээгээр тохирсон ажлыг хугацаандаа хийгээгүйгээс гадна зарим ажлыг огт хийгээгүй. Гэрээгээр тохирсон ажил болох фасад болон метал хана огт хийгээгүй. Нэхэмжлэгч компанийн хийсэн гэх фасад угсарсан ажил чанарын шаардлага хангаагүй, доголдолтой байсныг засч өгөөгүй, зарим ажлыг хийгээгүй байсан учраас уг ажлын гүйцэтгэлийг 2 компани хүлээлцээгүй, акт үйлдээгүй юм. “Топцонх Шил” ХХК-ийн хийсэн ажил болох шилэн фасадны ажлыг хийж гүйцэтгэхдээ гаргасан чанарын дутагдал болон хүлээн аваагүй байгаа шалтгаанаа ярилцсан боловч шилэн фасадны ажлын чанарын доголдлыг дахин засах талаар шийдвэрлэж өгөөгүй. Тухайн үед гадна шилэн фасад салхи сийгэж, дулаанаа алдаж байгаа тул яаралтай засч янзлах талаар Хөвсгөл аймгийн Хас банкны захирал манай компанид удаа дараа шаардлага ирүүлж байсан. “Топцонх Шил” ХХК нь хийсэн ажлынхаа дутагдал доголдлыг арилгах талаар хариу өгөөгүй, тухайн үед гүйцэтгэгч нь “Шилэн хийц” ХХК-иас лавлахад шилэн хаалга болон шилэн ханын захиалга өгсөн гэсэн боловч шилэн хаалга, шилэн ханын захиалгыг ч өгөөгүй байсан. Нэгэнт гүйцэтгэгч нь чанаргүй хийсэн ажлынхаа алдаа дутагдлыг засах талаар хариу өгөхгүй байсан, цаг агаар хүйтэрч тэдний чанаргүй хийсэн фасаднаас болж барилга дулаанаа их хэмжээгээр алдаж байсан тул яаралтай засварлах шаардлагатай байсан. Хөвсгөл аймгийн Хас банкны барилгын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан “Билэгт Хаан” ХХК гадна талын шиилэн фасадан ажлыг чанаргүй хийснийг яаралтай засч гүйцэтгэх талаар удаа дараа мэдэгдэл албан шаардлага ирүүлж байсан. Нэгэнт “Топцонх Шил” ХХК нь чанаргүй хийсэн ажлынхаа алдаа дутагдлыг засахгүй ямар нэгэн үр дүн гарахгүй нь илт байсан тул хугацаа тогтоож хүлээх шаардлагагүй болж, тэдний чанаргүй хийсэн ажлыг “Топ шилэн хийц” ХХК-иар засаж янзлуулан засварын ажлыг хийж гүйцэтгүүлсэн юм. Иймд нэхэмжлэгч “Топцонх Шил” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Орхон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Мон-Ор” ХХК-ийн зүгээс гүйцэтгэгч “Топцонх Шил” ХХК-ийг туршлагатай сайн компани гэж үзээд энэ компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гүйцэтгэгч нь захиалагчтай гэрээ байгуулж, төлбөрийг авчихаад ажлыг өөрсдөө биш харин хөндлөнгийн бригадаар ажлыг гүйцэтгүүлсэн байдаг. Хэрэв гүйцэтгэгч ингэж өөр мэргэжлийн бус хөндлөнгийн бригадаар ажил гүйцэтгүүлэхийг мэдсэн бол “Мон-Ор” ХХК нь өөрсдөө 100 айл дээрээс “би чадна” гэсэн тодотголтой хүмүүсээр хамаагүй хямд өртөгтэйгөөр энэ фасадны ажлыг хийлгэж болох байсан. Тэдний хөлсөлж авсан бригадын ажилчид “Ажил гүйцэтгэх” гэрээнд заасан заалт болон технологийн дагуу уг ажлуудыг хийгээгүй. Жишээ нь: рамын резинийг буруу зангидсан. Тэдгээр ажилчид ажлын байранд архи уудаг, технологийн шаардлага хангаагүй ажлыг гүйцэтгэчихээд захиалагч талын ажилтны тавьсан шаардлагыг биелүүлдэггүй, уг ажлыг шалгаад доголдлуудаа зас гэж шаардсан байхад хүлээлгэж өгөхгүйгээр хийсэн ажлыг хүлээж авбал ав, больвол боль гээд орхиж явцгаасан. 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр энэ асуудлын талаар харилцан тохиролцохоор уулзалдсан. “Топцонх Шил” ХХК-ийн зүгээс гэрээний дагуу чанаргүй ажил хийсэн гэдгийг бүх гэрчүүд нотлож байгаа. Банкны барилгын ерөнхий гүйцэтгэгч “Билэгтхаан” ХХК нь туслан гүйцэтгэгчээр хариуцагч “Мон Ор” ХХК-тай гэрээ байгуулсан байдаг. Тухайн ажлын байранд намар 10 сард банк үйл ажиллагаагаа явуулахаар ороход их хүйтэн, ажиллах нөхцөлгүй байна гэсэн шаардлага тавьсны улмаас ерөнхий гүйцэтгэгч “Билэгтхаан” ХХК-иас манайд 2 албан бичиг ирүүлсэн. Бидний зүгээс ерөнхий гүйцэтгэгчийн өмнө хариуцлага хүлээсэн бөгөөд “Топцонх Шил” ХХК-ийг ажлын доголдлыг засварлахыг шаардсан ч доголдлыг арилгаагүй учир тухайн технологийн дагуу засварлаагүй доголдлуудыг засч янзалсан. Ажил гүйцэтгэх гэрээнд “хатаасан шил, хатаагаагүй шил”-ний талаар огт дурдаагүй бөгөөд “Мон Ор” ХХК-ийн зүгээс гүйцэтгэгчид зөвхөн цонхны дулаалга муу хийгдсэн, цонх сийгэлттэй байна гэдэг л шаардлага тавьсан. Энэ талаар “Билэгтхаан” ХХК-ийн инженер н.Б гэрчээр мэдүүлэхдээ зөвхөн цонхны сийгэлтийн талаар л ярьж байсан. “Топцонх шил” ХХК нь манай тавьсан шаардлагыг биелүүлэлгүй, хамтарч ажиллахгүй байсан учраас бид яах аргагүй дахин “Топ Шилэн Хийц” ХХК-иар доголдолтой ажлыг дахин засварлахаар гэрээ байгуулсан. Намар 10 дугаар сар болсон, мөн банк үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн байсан учир цонхны рамыг дахин засварлах боломжгүй байснаас бидэнд дулаалга хийхээс өөр аргагүй болж, 12,250,000 төгрөгийн өртөгтэйгөөр цонхыг дулаалсан. Нэгэнт буруу хийсэн зүйлийг хэдэн ч удаа дулаалсан засвар авдаггүй юм билээ. Дулаалсан ч дулаан алдаад байсан учир тэр өвөлдөө “Мон Ор” ХХК нь Хас банкны барилгад халуун тень тавиулж, үүнээс гарсан цахилгааны зардлыг мөн төлж маш их хэмжээгээр хохирсон. 2013 оны 6 дугаар сард цонхны ажлыг дахин шинээр гүйцэтгүүлж 24,490,000 төгрөгийн өртгөөр хийлгэсэн бөгөөд “Топцонх Шил” ХХК-иас сөрөг нэхэмжлэл гаргаж, ийнхүү илүү төлж хохирсон зардлуудаа нэхэмжилж болох байсан ч “Мон Ор” ХХК-ийн захирал Б.С асуудалд хүлээцтэй хандаж, одоо тус маргаанаа зогсоомоор байна гэсэн учраас сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Топцонх Шил” ХХК нь хариуцагч “Мон Ор” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс, алдангид 16,322,740 /арван зургаан сая гурван зуун хорин хоёр мянга долоон зуун дөчин/ төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч “Мон Ор” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ажил гүйцэтгэгч “Топцонх Шил” ХХК нь ажил хүлээлцэх актаар гүйцэтгэсэн ажлаа захиалагчид хүлээлгэж өгөөгүй бөгөөд доголдолтой ажил гүйцэтгэснийг засварлуулахаар захиалагчаас тавьсан шаардлагыг биелүүлээгүйн улмаас өөр байгууллагаар нэхэмжлэгчийн хийсэн доголдолтой ажлыг засварлуулж, улмаар дахин шинээр гүйцэтгүүлэн эд хөрөнгийн буюу 26,740,000 төгрөгийн хохирол хүлээсэн учир ажлын хөлс болон алдангийг төлөх үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасган, хариуцагчаас шаардсан “Шилэн хийц” ХХК-нд тухайн барилгад зориулан хэмжүүлж хийлгэсэн гэх шилэн хана, шилэн хаалганы үнэ болох 2,609,680 төгрөгийг хасч, үлдэх төлбөр буюу шилэн фасад, металл хаалга хана, хийсэн ажлын үлдэгдэл төлбөрт 9,142,040 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээний 5.4-т зааснаар алдангид 4,571,020 төгрөг, нийт 13,713,060 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

Зохигчдын хооронд 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 52/12 тоот “Ажил гүйцэтгэх /шилэн фасад, шилэн хана/” гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч “Топцонх Шил” ХХК нь захиалагч “Мон Ор” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр оролцсон Хөвсгөл аймгийн ХАС банкны барилгад шилэн фасад, шилэн хана, шилэн хаалга, металл хана, хаалгыг зургийн дагуу хийж, уг барилгад угсрах ажлыг 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 9 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэх, захиалагч “Мон Ор” ХХК нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг гэрээнд заасны дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна. /хх 8-12/

Гэрээний талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж, компанийн тамга, тэмдгээр баталгаажуулсан бөгөөд зохигчид ажил гүйцэтгэх гэрээний үнэ, төлбөр төлөх нөхцөл, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Харин ажлын гүйцэтгэлийн үр дүн, гүйцэтгэлийн акт үйлдэж хүлээлцсэн эсэх, ажлын гүйцэтгэлийн доголдол болон шаардах эрхийн талаар маргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Захиалагч нь гэрээнд заасны дагуу урьдчилгаа болгон гэрээний үнийн дүнгийн 50 хувь буюу 29,153,500 төгрөгийг гүйцэтгэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн болох нь зохигчдын тайлбар, төлбөрийн нэхэмжлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх 42-43/

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний гол зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Мөн хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт “...ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө” гэж, ажил гүйцэтгэгч нь мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6 дахь хэсэгт “... захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх...” зэргээр ажлын үр дүнг бий болгохоос гадна, гүйцэтгэсэн ажлын үр дүнг ямар нэгэн доголдолгүйгээр захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн байх бөгөөд энэ нь ажил гүйцэтгэгчийн зайлшгүй биелүүлэх үүрэг юм.

Хэрэв ажлын гүйцэтгэл доголдолтой байсан тохиолдолд захиалагч түүнийг хүлээн авахаас татгалзаж болох бөгөөд захиалагч хүлээн авсан эсэхээс үл хамааран доголдлыг арилгахыг шаардах эрхтэй бөгөөд ажлыг хүлээлгэн өгөх үүрэг нь ажил гүйцэтгэгчийн үндсэн үүрэгт хамаарна.

Энэхүү гэрээний захиалагч тал болох “Мон Ор” ХХК нь Хөвсгөл аймаг дахь ХАС банкны барилгын ажлыг гүйцэтгэхэд туслан гүйцэтгэгчээр ажилласан байх бөгөөд уг барилгын ерөнхий гүйцэтгэгч “Билэгт Хаан” ХХК-тай байгуулсан Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх туслан гүйцэтгэгчийн гэрээний дагуу барилгыг гэрээнд заасан хугацаанд мөн доголдолгүй ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх үүрэг хүлээжээ. /хх 32-34/

Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт зааснаар тодорхой ажлыг туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэхийг зөвшөөрсөн бөгөөд ХАС банкны барилгын ажил гүйцэтгэх гэрээнд “Мон Ор” ХХК нь гэрээний туслан гүйцэтгэгчээр оролцож, гэрээт хугацаанд уг барилгын шилэн фасадны ажлыг “Топцонх Шил” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ давхар байгуулсан нь хуульд нийцсэн ба зохигчид энэ талаар маргаагүй байна. /хх 148-152/

Харин хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагыг дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхдээ мэргэжлийн бус барилгын бригадтай давхар гэрээ байгуулж гүйцэтгүүлснээс ажлын чанарт нөлөөлж, тухайн барилгын бригад нь гэрээнд заасан технологийн дагуу гүйцэтгээгүй, ажлын байранд архидан согтуурч, захиалагч талын тавьсан шаардлагыг биелүүлэлгүй хийж дуусгасан учир ажлын гүйцэтгэлийг хүлээж аваагүй, ажил хүлээлцэх акт үйлдээгүй гэж тайлбарлана.

Нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаанд буюу 2012 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ажлыг бүрэн гүйцэтгэж дуусаагүй учир захиалагч талын төлөөлөгчтэй тохиролцсоноор хугацааг сунгаж гүйцэтгэсэн гэж тайлбарлах боловч баримтаар тогтоогдоогүй. Ажлын гүйцэтгэл 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дуусч, захиалагчид хүлээлгэн өгөхөөр 5-7 хоног хүлээсэн боловч захиалагч тал хүлээж аваагүйн улмаас Улаанбаатар хот руу буцсан гэж тайлбарлах бөгөөд түүний тайлбарыг хариуцагч няцаагаагүй, гэрээний хугацаанд захиалагч талаас гомдлын шаардлага гаргаж байсан болох нь гэрч Б.Н-ын “... хаалга, захирлын өрөөний шилийг янзалсан, мөн бусад ажлыг хийж гүйцэтгэсэн...” гэх мэдүүлэг, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх 107-108/

Талууд 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр уулзалт хийсэн боловч акт үйлдэж ажлын гүйцэтгэлийг хүлээлцээгүй байх бөгөөд талууд хэн аль нь бие биедээ бичгээр шаардлага гаргаж байгаагүй болохыг хүлээн зөвшөөрнө.

Нэхэмжлэгч нь чанарын доголдолгүй, технологийн шаардлага хангасан ажил хийж гүйцэтгэсэн гэж тайлбарлан, уг тайлбарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон Б.Н, Х.Л нар гэрчлэх боловч тэдний мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан бусад баримттай шалтгаант холбоо тогтоогдохгүй байна. /хх 107-111/

Харин хариуцагч нь гүйцэтгэгчийн доголдолтой гүйцэтгэсэн ажлыг буюу шилэн фасадны рам буруу угсарсны улмаас төмөр гажилттай, жийргэвч резин сул, форточка бүрэн хаагддаггүй, сийгэлттэй байсны улмаас барилга дулаан алдаж,  ерөнхий захиалагчийн тавьсан гомдлын шаардлагын улмаас “Топ Шилэн Хийц” ХХК-иар засварлуулан, улмаар дахин шинээр хийж гүйцэтгүүлсэн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцсон Д.Б, Б.Б, М.З, Л.Ж нарын мэдүүлэг, 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12/24 тоот Ажил гүйцэтгэх гэрээ, төлбөр төлсөн баримт, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх 39-44, 84, 87, 89/

2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн уулзалтаар ажил хүлээлцээгүй, харин ажлын гүйцэтгэлийн доголдлын талаар хэлэлцсэн байна. Гэвч тодорхой хугацаа өнгөрсөн нь мэдэгдэхгүй боловч захиалагч нь уг гэрээний зүйл болох фасадны ажил болон бусад барилгыг хийж гүйцэтгэхээр “Билэгт хаан” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний туслан гүйцэтгэгчээр оролцож байсан, мөн өөрөө давхар гэрээний гүйцэтгэгч тул Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн буюу “Билэгт хаан” ХХК-ийн өмнө хариуцах бөгөөд уг компаниас шилэн фасадны чанарын доголдлыг арилгах талаар хариуцагчид гомдлын шаардлага гаргаж байсан болох нь тус компанийн албан бичиг болон гэрч Д.Б, Р.Б нарын мэдүүлгээр тогтоогдож байна. /хх 30, 31/

Нэхэмжлэгч чанарын доголдолгүй ажил гүйцэтгэсэн болох баримтаар бүрэн тогтоогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлохоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан фото зургууд зохигчдын тайлбар татгалзлыг хэрхэн нотлож байгаа нь тодорхойгүй, шилэн фасадны схем зураг болон төлбөрийн баримт зэрэг хуулбарууд нотариатаар гэрчлүүлээгүй, мөн Б.Насанбатын бичсэн тэмдэглэл гэх баримт нь талуудын гарын үсэг зурж баталгаажуулаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй учир шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн  343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Мон Ор” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 13,713,060 /арван гурван сая долоон зуун арван гурван мянга жаран/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “Топцонх Шил” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239,564 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                     А.САРАНТУЯА