| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 183/2024/07688/И |
| Дугаар | 210/МА2025/01335 |
| Огноо | 2025-08-15 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2025/01335
*******-ын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/03137 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******т холбогдох,
Гэрээний үүрэг хангуулж, 69,943,781 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь *******ийг Оросын Холбооны Улсын ******* хотын ******* авто замын улсын их сургуульд аэродромын зураг төслийн инженер мэргэжлээр 2 жил суралцуулахаар сургалтын гэрээг 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, мөн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулан тус тус байгуулсан. ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж холбогдох бүх зардлыг буюу гэрээний үүргийн хугацаанд нийт 20,687 ам.долларыг шилжүүлэн суралцуулсан байна.
1.2. Авлигатай тэмцэх газрын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01/7902 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн зөвлөмж 4-т Сургалтын гэрээний үүргийг хангаагүй, сургуулиа төгсөөгүй суралцагчдаар төлбөрийг эргэн төлүүлэх, сургалтын болон барьцааны гэрээний үүргийг хангуулах гэж заасны дагуу *******т *******-аас 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2018/06 дугаар албан бичгээр гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх, эсхүл суралцсан хугацааны нийт зардал 81,091 ам.долларыг буцаан төлж барагдуулан, байгууллагыг хохиролгүй болгох арга хэмжээ авах талаар 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 51, дугаартай мэдэгдэх хуудсаар өөрт нь мэдэгдсэн боловч ямар нэгэн хариу өгөөгүй.
1.3. ******* нь өнөөдрийг хүртэл сургууль төгссөн нотлох баримтыг ирүүлээгүй байгаа тул сургалтын гэрээний 3.9 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүргийг хангуулж, суралцсан хугацааны нийт зардлыг буцаан төлүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* нь Оросын Холбооны Улсын ******* хотын авто замын дээд сургуульд магистрт суралцахаар 2011 онд анх явсан. 2013 онд төгсөх байсан боловч төрсөн ахын бие муу байсан учраас бүх хичээлээ үзэж дуусгаад диплом хамгаалалтын үеэр чөлөө авч Монгол Улс руу буцсан. Ингээд буцаж очиж суралцах гэсэн боловч магистрын хичээлийн программд нэмэлт 2 хичээл үзэж байж төгсөнө гэсэн учир 2 хичээлээ үзэж төгсөхөөр *******т өргөдөл бичсэн. 2015 онд *******-аас зөвшөөрөгдсөн сургалтын нэмэлт гэрээ батлагдсан. Мөн 2015 онд шинэ Нисэх буудлын ашиглалтын өмнөх захиргаа байгуулагдан 2016 оны 02 дугаар сард Япон Улс руу 14 хоногийн сургалтад сууж ирсэн. Миний хувьд ******* хот руу явж суралцах байсан боловч шинэ нисэх буудлын төслийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн учраас тасралтгүй ажиллах мэргэжлийн хүн хэрэгтэй гэсэн шалтгааны улмаас намайг явуулаагүй. Ийм учраас диплом хамгаалж чадаагүй. Хэрвээ цаашид суралцах шаардлагатай гэвэл миний бие үргэлжлүүлэн суралцахад бэлэн байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ын хариуцагч *******оос сургалтын гэрээний төлбөрт 69,943,781 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хөдөлмөрийн тухай хууль /1999/-ийн 21 дүгээр зүйлийн 21.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ын хариуцагч *******оос сургалтын гэрээний төлбөрт 69,943,781.35 төгрөг гаргуулах нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.
4.1. Талууд хоорондоо 2011 онд *******-ын зардлаар гадаадад суралцагчтай байгуулах сургалтын гэрээг байгуулж, *******ийг Оросын холбооны улсын ******* хотын ******* авто замын улсын их сургуульд аэродромын зураг төслийн инженер мэргэжпээр 2 жил суралцуулах зардлыг ******* хариуцан төлж, ******* нь гэрээний 2.3-т заасны дагуу сургуулиа амжилттай төгсөж ирээд тус газарт 5-аас доошгүй жил ажиллах үүрэг хүлээсэн. Гэтэл ******* нь сургуулиа төгсөөгүй ирсэн. Харин ******* нь тус газарт ажиллаж байгаад Оросын Холбооны Улсад суралцахаар явсан тул түүнд Хөдөлмөрийн тухай хууль /1999/-ийн 80 дугаар зүйлд заасан чөлөөг олгосон байсан бөгөөд энэхүү чөлөөний хугацаа дуусаж, өмнө эрхэлж байсан ажилдаа орсон. Иймд *******ийг сургалтын гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна.
4.2. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2, 222.1, 222.1.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасан нэхэмжлэгчийн шаардах эрхийг зөрчсөн. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь өөрчилж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Би 2005-2009 онд Украин улсын Киев хотод аэродромын чиглэлээр бакалаврын сургалтад хамрагдаж төгссөн. Дараа нь Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын нисэх буудалд аюулгүй ажиллагааны мэргэжилтнээр ажилласан. Уг хугацаанд ******* намайг үнэлж ******* хотод магистрын сургалтад суралцахаар томилсон бөгөөд мөн тус хотод суралцах 10 оюутныг ахлан хариуцаж явсан. Хэрэгт нотлох баримтаар авагдсан нийгмийн даатгалын дэвтэрт 5 жил тасралтгүй ажиллах үүргээ бүрэн биелүүлсэн нь нотлогддог. 2019 оны 10 дугаар сард өөрийн хүсэлтээр өргөдөл өгч, ажлаас чөлөөлөгдсөн. Уг хугацаанд шинэ нисэх буудлын төсөл дээр ажиллаж, эзэмшсэн мэдлэг, ур чадвараа иргэний нисэхийн салбарт үр өгөөжтэйгөөр ашигласан тухайгаа шүүхэд хангалттай нотлох баримтаар баталсан.
Мөн *******-ын шийдвэрээр магистрын сургалтад хамрагдах үед шинэ нисэх буудлын төсөлд аэродром ашиглалтын албанд ганцаараа ажиллаж, 2019 онд төсөл ашиглалтад орох хүртэл техникийн комиссын нарийн бичгийн даргын албан тушаал хүртэл нь хийсэн. Өөрөөр хэлбэл, байгууллагад бодитой хувь нэмэр оруулсан. Анхан шатны шүүхэд тайлбар, нотлох баримтаа бүрдүүлэн өгсөн бөгөөд шүүх үүнийг харгалзан үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Би 5 жил тасралтгүй ажиллах үүргээ бүрэн биелүүлсэн. Мөн магистрын сургалтад хамрагдаж, судлах боломжтой бүх хичээлээ 100 хувь дүүргэсэн. Гэвч тухайн үед байгууллагаас төсөл эхэлсэн тул төслийн дагуу ажилдаа орох шаардлагатай гэх үүрэг өгсөн. Шинэ нисэх буудлын төсөлд зөвхөн хоёр хүн сургалтад хамрагдсан бөгөөд миний хувьд төслийн явцад Япон болон Монгол Улсын бүх техник, тоног төхөөрөмжийн харилцааг хариуцаж байсан тул төслийн ажилд оролцохоос өөр сонголт байгаагүй. Үүний үр дүнд шинэ нисэх буудлын төсөл амжилттай хэрэгжиж, өнөөг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 69,943,781 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...******* нь 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн сургалтын гэрээний үүргээ биелүүлээгүй тул сургалтын зардалд төлсөн 20,687 ам.доллар буюу 69,943,781 төгрөгийг буцаан гаргуулна гэж тайлбарласан.
4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс хариуцагчийн сургалтын зардалд шилжүүлсэн мөнгөн төлбөрийн хэмжээ тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.
2010 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн сургалтын гэрээнд 15,250 ам.доллар гэсэн ба авлагын дэлгэрэнгүй бүртгэлийн баримтад 2011, 2012, 2013 он тус бүрээр тооцож нийт 11,064 ам.доллар буюу 16,800,000 төгрөг, мөн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр сургалтын төлбөрт шилжүүлсэн 1,023,460 рублиэс *******т 64,500 рубль хамаарах талаар тооцоолол хийсэн байна.
Түүнчлэн, нэхэмжлэгчийн мэдэгдлүүдэд 2018 онд 13,994 ам.доллар, 2020 онд 15,300 ам.доллар, 2024 онд 20,687 ам.доллар гэсэн өөр үнийн дүнгүүд тусгагдсан байна. Хариуцагч нь төлбөрийн талаар тодорхой тооцоолол хийж татгалзал гаргаагүй.
5. Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой дээрх үйл баримтын талаар анхан шатны шүүх зохигч талуудаас тодруулаагүй, талуудыг мэтгэлцүүлээгүй байх тул уг асуудлаар давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.
Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/03137 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Д.ЦОГТСАЙХАН