| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0517/Э |
| Дугаар | 535 |
| Огноо | 2019-08-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Хурц |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 535
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,
улсын яллагч Б.Хурц /томилолтоор/,
шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-ын О холбогдох эрүүгийн 1906031910582 дугаартай, 187/2019/0517/Э индекстэй хэргийг 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ........... оны .....дүгээр сарын .....-ний өдөр Польш улсад төрсөн, .... настай, ....... боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ....... хамт, Хан-Уул дүүргийн ...... дугаар хороо, ...... хороолол ....... 309 тоотод оршин суух, Б овогт Д-ын О /РД:................./
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.О нь 2019 оны 5 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны 309 тоотод хохирогч Ж.З маргалдан хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Д.О нь 2019 оны 5 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны 309 тоотод хохирогч Ж.З маргалдан хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Д.О ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Ж.З-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэрэлээгийн хамт нэг хундага уугаад сууж байгаад бид хоёр хувцас хунараа тайлаад байж байтал О гаднаас 3 найзын хамт орж ирээд намайг шууд зодоод намайг газар унагаагаад дэвссэн юм. Гэрэлээ уйлаад болиоч гээд больсон. Тэгээд 4 залуу гараад явсан. Би босоход намайг хутгалсан байсан юм. Гэрэлээ хутгалуулсан талаар мэдсэн. Цусыг арчиж байхад 4 залуу буцаад удаагүй 30-40 минутын дараа орж ирээд шууд ширээн дээр байсан 0.5 граммын Хараа архийг О ын найз жижиг биетэй хар хувцастай залуу аваад жижиг өрөөнд орсон. Би босч чадахгүй, эмнэлэг дуудаж чадахгүй байсан...миний үүдэн шүд хедөлсөн унах гээд байгаа, хутгалуулсан газарт оёдол тавиулсан байгаа. Нүүр хөхөрч хавдсан, эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7/
3. Насанд хүрээгүй гэрч О.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид 3 түрүүлээд О ын гэрт ортол О ын ээж Гэрэлээ нэг залуутай хагас нүцгэн байдалтай хэвтэж байсан. Тэгээд бид 3-ыг цаад өрөөндөө ор гэсэн. Тэгээд О араас гэрлүүгээ орж ирээд тухайн болсон үйл явдлыг хараад уурлаад шууд очоод нүүрэн тус газар нь цохиод зодож байснаа гал тогооны шүүгээнээс заазуур аваад “ална” гээд байсан. Тэгээд Тэнгис О ыг салгаад намайг хутга заазуур бүгдийг нь нуу гэж хэлсэн. Тэгээд би хутга заазуур бүгдийг нь цамцанд боогоод жижиг өрөөнд оруулаад орны цаана нуучихаад буцаж гарч ирээд шалан дээр дуссан цус арчаад байж байтал үүднээс О орж ирээд шургуулган дундаас нэг хутга гаргаж ирээд тэр залууг өшиглөж унагаагаад дээрээс нь цохиж байсан. Би тэр хооронд нойлын өрөөн дотор цустай шалны алчуур угааж байсан. Тэгээд нойлын өрөөнөөс гарч ирсэн. Би яг хутгалах үеийг сайн хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/
4. Гэрч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би хүүгээ “энэ миний асуудал, жижиг өрөөндөө ор” гэтэл манай хүү өрөөндөө орж байж байгаад буцаад нилээд ууртай ээжийгээ дээрэлхүүлэхгүй гэж гарч ирээд Загдхишигийн нүүрэн тус газар нь ганц хоёр удаа цохьсон...Өглөө сэртэл дэвсгэр даавуу жоохон цус болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/
5. Гэрч Г.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгээд ээж нь болиоч ээ гээд байсан. Би юу болж байгаа юм бэ? гэж асуутал тэр ах “та нар цаашаагаа ороод байж бай гээд өмдийг нь доош тайлах гээд байж байсан. Бид хэд очоод тэр ахыг холдуулаад түлхсэн. Тэр үед энэ ах нүүр хэсгээрээ шүүгээ мөргөсөн...тэр үед О нь ууралсан. Уурлаад гал тогооны шүүгээ онгойлгоод хутга авч байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/
6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№6795/-ний дүгнэлт: - Ж.З-ийн биед хэвлийд шарх, зулгаралт, нэг шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх хэвлийн шарх, зулгаралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд ир бүхий зүйлийн нэг ба хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой байна. Нэг шүдний сулрал нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэзээ үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.
- Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй. /хх-ийн 26/
7. Шүүгдэгч Д.О ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...би балмагдаад жижиг өрөөндөө 2-3 минут хэсэг сууж байхад Бүүвэйбаатар надад “чи яаж тэвчиж байнаа” гэж хэлэхээр нь би хор шар хөдлөөд том өрөө рүү ороход ээж болон Загдхишиг нар өмдөө татаагүй, Загдхишиг ээжийн бэлхүүснээс тэвэрсэн байхаар нь би очоод шууд Загдхишигийг гараараа цохиж аваад ээжийг дээшээ болгоод өмдийг нь татаж өгөхөд манай 3 найз миний араас орж ирээд Загдхишигийг цохиж зодсон...миний уур хүрээд гал тогоонд байдаг ир нь мохсон шар иштэй хутгыг аваад би Загдхишигийн өмдийг нэг найз маань татаж байхаар нь би хутгаар Загдхишигийг хэвтэж байхад хэвлий хэсэг рүү нь хутгалаад хутгаа авахад манай найз Тэнгис, Гомборагчаа нар миний гарыг цохиод хутга газар унагаагаад хутгыг цаашаа аваад явсан...ээж бага зэрэг архи уусан халамцуу Загдхишиг их согтсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№6795/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Д.О нь 2019 оны 5 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны 309 тоотод хохирогч Ж.З маргалдан хутгалж түүний биед хэвлийд шарх, зулгаралт, нэг шүдний сулрал бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Д.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 500.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Ж.З-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11/, түүний хувийн байдал /...19 настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг.../ зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.О ыг улсын яллагчийн санал болгосон 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Мөн шүүгдэгч Д.О ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.О холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д-ын О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Д-ын О ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.О оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Д.О холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Д.О сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР