Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 212/МА2025/00037

 

 

 

 

 

 

 

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай 

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 302/ШШ2025/00249 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч ************ тоотод оршин суух, С овогт Д.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ************ багт үйл ажиллагаа явуулах, “Ө” ХХК (захирал К.Ж-)-д холбогдох,

 

Ажилчдын хоолны үнийн үлдэгдэл 12,275,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц /цахим сүлжээгээр/, хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга:  

1.1. Д.Б- Өмнөговь аймгийн Хайрхан багийн нутаг дэвсгэр дээр Гашуун сухайт боомтод зам талбайн ажил гүйцэтгэж байсан “Ө” ХХК-ийн гүйцэтгэх захирал К.Ж-тэй тохиролцож, компанийн ажилчдыг өөрийнхөө материалаар хоолоор хангах үйлчилгээ үзүүлэх гэрээг бичгээр байгуулсан. Ингээд 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тус компанийн ажилчдыг хоолоор хангаж эхэлсэн. Ингэхдээ эхлээд 11 ажилчин байсан, сүүлдээ ажилчдын тоо нэмэгдсэнээр 39 болсон. Эдгээр хүмүүст өглөө, өдөр, орой хоол ундаагаар байнга хангаж байсан.

1.2. Нэг хүнд өдрийн 27,000 төгрөгөөр тооцож байсан юм байна. “Ө” ХХК-ийн захирал энэ хэлцэл гэрээнийхээ дагуу эхлээд тооцсон хүнийхээ тоогоор тооцоо хийж байсан. Сүүлдээ сар болоход нэхүүлсээр байгаад мөнгөө дутуу, хагас шилжүүлдэг болсон. Энэ компанитай гэрээ хийж ажиллахдаа 2 тогооч цалинжуулж, 40 тонны контейнер аваачиж тавьж, дотор нь нойл, дууш, угаалтуур, гал тогооны хэсэг гаргаж, тохь тухтай үйлчилгээ үзүүлж байсан. Манай гал тогооны иж бүрэн хэрэгсэл, аяга, таваг сандал, ширээнээс эхлээд бүх зүйлээр хангаж, юугаар ч дутагдаж гачигдуулж байгаагүй. Хоол ундны амт чанараа ч гэсэн байнга сайн байлгаж байсан. Ажилчид ч гэсэн сэтгэл ханамжтай үйлчилгээ авч байсан.

1.3. Гэвч “Ө” ХХК сүүлдээ хоолны мөнгөө хугацаандаа өгөхгүй, удааж, хагас, дутуу өгсөөр байгаад бидний хооронд тооцооны үлдэгдэл гарч эхэлсэн. Дээрх ажлыг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хийж, тооцоо нийлэх үед “Ө” ХХК манайд 34,275,000 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан. Үүнийг компанийн гүйцэтгэх захирал хүлээн зөвшөөрч, цувуулж өгч байсан. Одоо 12,275,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон.

1.4. Энэ мөнгөө авахыг удаа дараа нэхсэн боловч “боломжгүй байна, мөнгө хүрэхгүй байна тэгж байгаад өгнө” гэсээр жил болж нэхэмжлэгчийн утсыг авахаа больж, сүүлдээ блоклочихсон. Сүүлд мессенжерээр харьцахад шүүхэд өг гэдэг болсон. Ийм учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Энэ компанид үйлчилгээгээ үзүүлэхдээ өөрөө хүнсний материалаа гаргаж, усаа үнэ төлбөртэйгөөр зөөвөрлөж, 2 тогоочоо цалинжуулах зэргээр зардал их гаргасан. Сүүлдээ бусдаас мөнгө зээлж хэрэглэсээр алдагдалд орсон.

1.5. Иймд “Ө” ХХК-аас хоолны үлдэгдэл тооцооны мөнгө 12,275,000 төгрөг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1. Тус компани 2023 оны 8 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт дээр “С” ХХК-тай шууд гэрээгээр автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалын талбайн бетон хучилтын ажлыг хийж гүйцэтгэсэн юм.

2.2.Уг ажлыг манай компани иргэн Х.А-ын санал болгосноор хамтран хийж хэрэгжүүлсэн байдаг. Энэ төслийн хүрээнд ажилчдын хоол ундны асуудлыг Х.А- зохион байгуулж байсан. Хариуцагч Д.Б-тэй уг асуудлаар сүүлд нь ярилцаж эхэлсэн болохоос биш эхэндээ Х.А- Д.Б-ийн эхнэр гэх “С” ХХК-д ажилладаг У- гэдэг хүнтэй ярилцаж, өөрсдөө хоорондоо шийдэж явдаг байсан болно.

2.3. Х.А-ын надад өгсөн мэдээллээр ажилчдыг хоолоор хангах үүргийг “С” ХХК-ийн ажилтан У- болон тэдний ажилчид биднийг явах хүртэл хийнэ гэдэг байсан ч хүн цөөрсөн гэдэг шалтгаанаар ганцхан өдөр ирээд хоолны газраа буулгаад аваад явсан байдаг.

2.4. Өөрөөр хэлбэл тус компани иргэн Д.Б-тэй хийсэн гэрээгүй, тохиролцсон зүйл байхгүй, компанийн захирлын хувьд уг асуудалд оролцоогүй. Энэ төслөөс манай компани алдагдалтай гарсны дээр “С” гэх компаниас үлдэгдэл 65 гаруй сая төгрөгийг одоо хүртэл авч чадахгүй явж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

            3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 302/ШШ2025/00249  дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ө” ХХК-аас ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 12,200,000 (арван хоёр сая хоёр зуун мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 75,000 (далан таван сая) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211,300 (хоёр зуун арван нэгэн мянган гурван зуун) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ө ХХК-аас 210,150 (хоёр зуун арван мянган нэг зуун тавин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгож шийдвэрлэжээ.   

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 302/ШШ2025/00249 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч, анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

4.2. Нэхэмжлэгч Д.Б- шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамж төлсөн эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь, нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлд хавсаргасан баримтаас үзвэл ******* регистрийн дугаартай “Ө" ХХК-аас 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Татварын албанд 2240901580902 дугаартай төлбөрийн даалгавар үүсгэж, уг дугаараас улсын тэмдэгтийн хураамж төлөгдсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, шүүхээс холбогдох хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан гэж үзэж байна.

4.3. Нэхэмжлэгч Д.Б-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тайлбарлахдаа зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээний үүрэг шаардаж байна гэсэн агуулгатай тайлбар гаргасан. Гэтэл шүүхээс холбогдох хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ талуудын зарчим /диспозитив/-ыг алдагдуулж буюу зохигчдын маргаагүй асуудлаар буюу зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн мэтээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

4.4. “Ө” ХХК 2023 оны 8 дугаар сараас 11-р сар хүртэл Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомт дээр "С" ХХК-тай шууд гэрээгээр автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалын талбайн бетон хучилтын ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг. Уг ажлыг “Ө” ХХК иргэн Х.А-ын санал болгосноор хамтран хийж хэрэгжүүлсэн байдаг. Энэ төслийн хүрээнд ажилчдын хоол ундны асуудлыг Х.А- зохион байгуулж байсан аж. Хариуцагч Д.Б-тэй уг асуудлаар сүүлд нь ярилцаж эхэлсэн болохоос биш эхэндээ Х.А- Д.Б-ийн эхнэр гэх "С" ХХК-д ажилдаг У- гэдэг хүнтэй ярилцаж, өөрсдөө хоорондоо шийдэж явдаг байсан байна. Х.А-ын өгсөн мэдээллээр ажилчдыг хоолоор хангах үүргийг "С" ХХК-ийн ажилтан У- болон тэдний ажилчид “Ө” ХХК-ийг явах хүртэл хийнэ гэдэг байсан ч хүн цөөрсөн гэдэг шалтгаанаар ганцхан өдөр ирээд хоолны газраа буулгаад аваад явсан байдаг. Өөрөөр хэлбэл, “Ө” ХХК иргэн Д.Б-тэй хийсэн гэрээгүй, тохиролцсон зүйл байхгүй, компанийн захирлын хувьд уг асуудалд оролцоогүй байдаг.

4.5. Шүүх нотлох баримтыг гаднын ямар нэг нөлөөгүйгээр, зөвхөн хэрэгт цугларсан цогц байдлаар харьцуулан судалсны үндсэн дээр үнэлэх учиртай. Өөрөөр хэлбэл зөвхөн шүүх нотлох баримтын үнэн зөв байдлыг тодорхойлж, түүнд агуулагдаж буй мэдээллийг бодит эсэхийг дүгнэж тогтоодог билээ. Шүүхээс холбогдох хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн болон түүний эхнэр Д.У-ийн дансны хуулгыг болон хариуцагчтай харьцаж байсан мессенжер чатыг гаргаж өгсөн бөгөөд хариуцагч нь уг нотлох баримтуудыг няцаах, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй болсон төдийгүй дээр дурдсанчлан иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын /диспозитив/ зарчмыг алдагдуулсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.Нэхэмжлэгчийн болон түүний эхнэр Д.У- дансны хуулга болон хариуцагчтай харьцаж байсан мессенжер чат зэрэг нотлох баримт нь зохигчдын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэнийг нотлохгүй, ялангуяа анх хэдэн төгрөгийн ажил хийгдэх байсан, одоо хэдэн төгрөгийн ажил хийгдээгүй үлдсэн гэдэг нь харагддаггүй.Гэтэл шүүх тус хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчиж хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйд гомдолтой байна.

4.6. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 302/ШШ2025/00249 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож. нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Хариуцагч нарын өмгөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангахгүй гээд байна. Талуудын хооронд үйлчилгээ үзүүлэх гэрээ гэдэг нэг гэрээ байна. Энэ гэрээ анхнаасаа Д.Б-д байсан гэрээ. Ж-т гэрээ байдаг гэсэн. Харин Ж-ийн хувьд энэ гэрээг гаргаж өгдөггүй нөхцөл байдалтай байна.

5.2. Талууд хамтарч ажиллаж, нэг нэгэндээ үйлчилгээ туслалцаа үзүүлж байсан. Ж-ийн ажилчдыг хооллож байсан, хоол хийж өгч байсан тогоочийн мэдүүлгээр нотлогдож байна. У- гэдэг хүн нэхэмжлэгч Д.Б-ийн гэр бүлийн хүн.  Тэр хоёр хүн хоёулаа тэнд ажиллаж байсан. Хөдөө орон нутагт ажиллаж байсан болохоор тамга, тэмдэггүй, нотариатаар батлуулсан хувь,  эсхүл өнгөн хувь зэрэг баримтууд байхгүй. Хоол унд идэж байсан хүмүүсийн жагсаалт байсан. Тэр хэмжээгээр нь нотлох баримтаар гаргаж өгсөн. Тэрийг нотлох баримт биш гэж үзээд байна.

5.3. Ж- Б-тэй утсаар хэдэн төгрөгийн үлдэгдэл үлдсэн зэрэг байнга мессеж бичиж байсан. Түүнтэй холбоотой Д.Б-ийн утсанд Өмнөговь аймгийн шүүхэд хүсэлт гаргаад, үзлэг хийлгэсэн. Эндээс өөр нотлох баримт байхгүй. Д.Б- нь Ж-ийн ажилчдыг хооллохдоо тогоочийг цалинжуулах зэрэг зөндөө ажил хийсэн. Ж-ийн тухайн үед мөнгийг чинь өгнө гээд байнга мессеж бичиж байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хэргийн үйл баримтыг зөв ойлгож, тогтоосон гэж үзэж байна. 

5.4. Хариуцагч тал улсын тэмдэгтийн хураамжийн талаар ярьж байна. Татварын байгууллагаас  код аваад мөнгийг хийсэн. 214,000 төгрөгийг шилжүүлсэн баримт байна. Баян-Өлгий аймгийн төрийн сангийн тоот дансанд 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр тэмдэгтийн хураамжийн мөнгийг тушаасан.

 

ХЯНАВАЛ:

 

            6. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцаав.

 

7. Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч “Ө” ХХК-д холбогдуулан “Ажилчдын хоолны тооцооны үлдэгдэл 12,275,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргаж үндэслэлээ “...Д.Б- Өмнөговь аймгийн Хайрхан багийн нутаг дэвсгэр дээр Гашуун сухайт боомтод зам талбайн ажил гүйцэтгэж байсан “Ө” ХХК-ийн гүйцэтгэх захирал К.Ж-тэй тохиролцож, компанийн ажилчдыг өөрийнхөө материалаар хоолоор хангах үйлчилгээ үзүүлэх гэрээг бичгээр байгуулж, 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тус компанийн ажилчдыг хоолоор хангаж эхэлсэн. Гэвч “Ө” ХХК хоолны мөнгөө хугацаандаа өгөхгүй, удааж, хагас, дутуу өгсөөр байгаад бидний хооронд тооцооны үлдэгдэл гарч эхэлсэн. Иймд “Ө” ХХК-аас хоолны үлдэгдэл тооцооны мөнгө 12,275,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэж тайлбарлаж, Ө” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, мөн компанийн 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны хоолны тооцоо гэх 7 хуудас баримтын хуулбар /хар дэвтэр гэх/, J гэх facebook-ийн messenger хаягаар болон Ж гэсэн нэрээр хадгалсан ********* дугаартай мессежээр харьцсан жагсаалтын хуулбарууд, Д.У- *************** дугаартай ХААН банкны депозит дансны хуулга, нэхэмжлэгч Д.Б-ээс 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид 211,350.00 төгрөгийг тушаасан талаарх ХААН банкны шилжүүлгийн баримт зэргийг хавсаргаж өгчээ.

 

            8. Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Тус компани 2023 оны 8 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомт дээр “С” ХХК-тай шууд гэрээгээр автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалын талбайн бетон хучилтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Уг ажлыг манай компани иргэн Х.А-ын санал болгосноор хамтран хийж хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд ажилчдын хоол ундны асуудлыг Х.А- зохион байгуулж байсан. Хариуцагч Д.Б-тэй уг асуудлаар сүүлд нь ярилцаж эхэлсэн болохоос биш эхэндээ Х.А- Д.Б-ийн эхнэр гэх “С” ХХК-д ажилладаг У- гэдэг хүнтэй ярилцаж, өөрсдөө хоорондоо шийдэж явдаг байсан. Х.А-ын надад өгсөн мэдээллээр ажилчдыг хоолоор хангах үүргийг “С” ХХК-ийн ажилтан У- болон тэдний ажилчид биднийг явах хүртэл хариуцна гэдэг байсан ч хүн цөөрсөн гэдэг шалтгаанаар хоолны газраа буулгаад аваад явсан. Өөрөөр хэлбэл тус компани иргэн Д.Б-тэй хийсэн гэрээгүй, тохиролцсон зүйл байхгүй, компанийн захирлын хувьд уг асуудалд оролцоогүй. Энэ төслөөс манай компани алдагдалтай гарсны дээр “С” гэх компаниас үлдэгдэл 65 гаруй сая төгрөгийг одоо хүртэл авч чадахгүй явж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж үндэслэлээ тайлбарлажээ.

            9. Хэрэгт талуудаас гаргаж өгсөн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс гаргасан процессын баримтуудаас дүгнэж үзвэл, анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалт, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтад заасан дараах үндэслэлүүдээр хүчингүй болгох нөхцөл байдлууд тогтоогдов. Үүнд:  

 

9.1 Анхан шатын шүүх “...хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгчийн тайлбараар Д.Б- нь “Ө” ХХК-ийн ажилчдыг хоолоор хангаж байсан нь, хариуцагч “Ө” ХХК нь нэхэмжлэгч Д.Б- болон түүний эхнэр Д.У- дансанд хоолны үнийг шилжүүлсэн нь тогтоогдож байх тул Д.Б- болон “Ө” ХХК-ийн хооронд хөлсөөр ажиллах гэрээ хийгдсэн байна. Үзлэгийн тэмдэглэл болон шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэгч Д.Б- болон хариуцагч К.Ж- нарын харьцаж байсан мессенжер чатад бичигдсэн байдлуудаар талууд хамтран ажиллаж байсан болох нь тогтоогдож байна. Хариуцагчийн хувьд хоёр удаагийн үйлдлээр тус бүр 2,000,000 төгрөг шилжүүлсэн нь нэхэмжлэгчээс гаргаж өгсөн дансны хуулганд байгаа он сар өдрийн хувьд тохирч байна. Мессенжер чатаар 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Д.Б-ээс К.Ж- рүү мөнгө шилжүүлээд өгөөрэй, одоо 14,200,000 төгрөг  байгаа юм байна шүү гэж бичсэний дараа, 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр К.Ж-ээс Д.Б- рүү Данс явуулаарай, одоо 2 сая хийх гэж байна. Байгаагаа ингэж хийж л бай гэж бичсэн байдлаас үзэхэд 12,200,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэж үзэхээр байна. Тухайн нөхцөлийг үгүйсгэх нотлох баримт байхгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлтэй” гэж дүгнэхдээ Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих зохицуулалтыг хэрэглээгүй буюу хууль хэрэглээний алдаа гаргажээ.

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 319 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээтэй холбоотой харилцаа үүссэн гэж үзсэн шаардах эрхийн хууль зүйн үндэслэлүүдийг зөв тодорхойлоогүй, талуудын хооронд худалдагч нь ажилчдын хоол нийлүүлэх, худалдан авагч нь хоолны үнэ төлөхтэй холбоотой Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээнээс үүдэлтэй маргаан үүссэн эсэх талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй орхигдуулж, хууль хэрэглээний алдаа гаргажээ.

 

9.2. Түүнчлэн талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа, хэргийн үйл баримт, түүнийг шүүхээс дүгнэхэд чухал ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг сэргээн тогтооход шаардагдах нотлох баримтууд хангалттай бүрдээгүй байхад хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн анхан шатны шүүхийн үйл ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1 дэх заалтад нийцээгүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд маргааны үйл баримтыг бодитой тогтоох, шүүхээс дүгнэлт хийх хууль зүйн боломжгүй байна.

 

9.3. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Ө” ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хоолны тооцоо гэх 7 хуудас баримтын хуулбар /хар дэвтэр гэх/, J гэх facebook messenger хаягаар болон Ж-гэсэн нэрээр  хадгалсан ********* дугаартай мессежээр харьцсан жагсаалтын хуулбарууд, Д.У- *************** дугаартай ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтууд нь хуулбар хувь байх ба  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хуульд зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүхээс жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд” гэдэгт хэргийн оролцогч хамаарахгүй ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан шүүхээс нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зохицуулалттай уялдаатай хэрэгжинэ. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлтэй тул хүлээж авах нь зүйтэй.

9.4. Нэхэмжлэгч Д.Б-ээс Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны  9 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тооцон 211,350 төгрөгийг төрийн сангийн 100020000941 дугаартай дансанд урьдчилж төлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх заалтаар нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүйг тэмдэглэж, энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүйг тэмдэглэж байна.

 

10. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалт, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтаар хүчингүй болгож, мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим үндэслэлийг хүлээж авсан тул түүний гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,150 төгрөгийг хуульд зааснаар шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 302/ШШ2025/00249 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим үндэслэлийг хүлээж авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, хариуцагч “Ө” ХХК-д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайл