| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0522/Э |
| Дугаар | 539 |
| Огноо | 2019-08-06 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 539
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,
улсын яллагч Б.Гүнсэл,
шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С-ын Э-т холбогдох эрүүгийн 1910014980553 дугаартай, 187/2019/0522/Э индекстэй хэргийг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..........оны .. дугаар сарын .....-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ......настай, эрэгтэй, ... боловсролтой, ..... мэргэжилтэй, Хан-Уул дүүргийн ...... ажилтай, ам бүл ..... хамт, Хан-Уул дүүргийн ...... дугаар хороо, ........ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт С-ын Э /РД:.............../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.Э нь 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нисэхийн 3 дугаар гудамжинд иргэн Т.О-ыг төмөр тастагч хулгайлж зарсан гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч С.Э нь 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нисэхийн 3 дугаар гудамжинд иргэн Т.О-ыг төмөр тастагч хулгайлж зарсан гэх шалтгаанаар зүүн талын хацар руу баруун гараараа 1 удаа цохиж, хөлөөрөө 2 удаа өшиглөн зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч С.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Т.О-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Э машиныхаа моторыг солих хүнтэйгээ утсаар ярьж дуусаад бид хоёрт өнөөдөр машины мотор солих хүн ирж чадахгүй гэнэ өнөөдөртөө машин засахаа болчихлоо дараа болъё гэж хэлээд бид хоёртой хамт хашаанаасаа гараад явж байх замдаа Батдэлгэрийг чи машины хажууд байсан төмөр тастагчийг авч зарсан уу, чамаас өөр авах хүн байхгүй хаана зарсан гээд уурласан чинь Батдэлгэр зугтаагаад яваад өгсөн, тэгсэн чинь чи хамт явж зарсан уу гэхээр нь үгүй гээд уурласан чинь миний зүүн талын хацар руу баруун гараараа 1 удаа цохьсон. Тэгэхээр нь би тантай зодолдохгүй гээд тэврээд авсан чинь зүүн гараараа миний баруун талын хацар руу цохьсон. Энэ үед би доош тонгойтол миний араас хөлөөрөө өшиглөж газар унагаад миний шилэн хүзүүн дээр хөлөөрөө гишгэсэн, энэ үед миний нүүрний арьс зулгарч, хамраас цус гарсан. Би хамраа дараад бостол миний баруун талын хавирга руу хэд хэдэн удаа өшиглөөд намайг газар унагасан. Тэгтэл цаанаас манай ах Батболд намайг зодуулж байхыг хараад ирж салгасан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9/
3. Гэрч И.Б-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...гудамжинд нэг залуу нэг залууг газар унагаачихсан 1 удаа өшиглөж байсан. Тэгтэл нөгөө газар унаад өшиглүүлж байсан залуу нь босоод ирэх үед нь харсан чинь манай дүү Т.Отгонболд хүнд зодуулаад босож ирж байгаа харагдахаар нь би очоод чи яагаад хүн зодож байгаа юм гэтэл энэ миний төмөр тастагчийг хулгай хийсэн юм гэхээр нь чи хулгай хийж байхыг харсан юм уу гэтэл би хараагүй гэж хэлэхээр нь чамд хүн зодох эрх байхгүй шүү гэж хэлээд дүүгээ гэр рүү нь явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/
4. Гэрч Ш.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Э ах бид хоёр дээр нилээн ууртай ирээд над руу уурлаад миний тасдагчийг хаана зарсан авчирч өг гээд над руу дайрахаар нь би зугтаагаад яваад өгсөн. Намайг зугтаах үед Э ах Отгонболд үлдсэн. Би дараа нь Отгонболдтой уулзсан чинь Э ах намайг зодсон гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19/
5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№7383/-ний дүгнэлт:
-Т.О-ын биед баруун 7, 8-р хавирга суганы дунд шугамаар хугарал, хамар, дээд уруулд зулгарал, дээд уруулын дотор салстад шарх, зүүн эрүүнд зөөлөн эдийн няцрал, баруун мөр, зүүн бугалганд цус хуралт тогтоогдлоо.
-Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /хх-ийн 21/
6. Шүүгдэгч С.О-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би араас нь явж очоод миний тасдагч хаана байна гэхэд Отгонболд өөдөөс томроод байхаар нь би Отгонболдыг цохих гэтэл миний гар хүрээгүй ба Отгонболд намайг цохих гэхээр нь би доошоо тонгойгоод босохдоо түлхсэн чинь Отгонболд газар нүүрээрээ уначихсан ба би очоод хэвлий хэсэг рүү нь хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн. Дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүдийг би Отгонболдын биед учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№7383/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч С.Э нь 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нисэхийн 3 дугаар гудамжинд иргэн Т.О-ыг төмөр тастагч хулгайлж зарсан гэх шалтгаанаар зүүн талын хацар руу баруун гараараа 1 удаа цохиж, хөлөөрөө 2 удаа өшиглөж түүний биед баруун 7, 8-р хавирга суганы дунд шугамаар хугарал, хамар, дээд уруулд зулгарал, дээд уруулын дотор салстад шарх, зүүн эрүүнд зөөлөн эдийн няцрал, баруун мөр, зүүн бугалганд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч С.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 450.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч Т.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...эмчилгээний зардал 435.000 төгрөгийг авсан, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхтэй хүсэлттэй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39/, түүний хувийн байдал /...57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Хан-Уул дүүргийн 223 дугаар цэцэрлэгт манаач ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Б-ыг 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Э-т оногдуулсан 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгч С.О-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч С.Э-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт С-ын Э.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт С-ын Э.О-ыг 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Э-т оногдуулсан 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. С.Э-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг С.Э-т сануулсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР