| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 101/2024/03822/И |
| Дугаар | 210/МА2025/01337 |
| Огноо | 2025-08-15 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2025/01337
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/04226 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******-д холбогдох,
45,890,500 төгрөг болон 281 ширхэг бараа материал гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь *******-тай 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ******* тоот барилгын туслах материал түрээслүүлэх гэрээг байгуулсан. Тус гэрээгээр хариуцагч нь нийт 749 ширхэг нэр төрлийн бараа материал түрээсээр авсан.
1.2. Хариуцагч нь 281 ширхэг бараа материалыг нэхэмжлэгчид буцаан өгөөгүй. Буцаан олгоогүй бараа материалын түрээсийн төлбөр нэхэмжлэл гаргах өдөр хүртэл нийт түрээсийн төлбөр 63,843,820 төгрөг байгаа боловч 45,890,500 төгрөг нэхэмжилсэн. Учир нь нэхэмжлэгчийн санхүү бүртгэлийн тооцоололд хариуцагчтай нийт 92,423,940 төгрөгийн дүнтэй бүртгэлтэй бөгөөд хариуцагчийн төлсөн 46,533,440 төгрөгийг хасч 45,890,500 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үүнд худалдан авсан бараа бүтэгдээгдэхүүний 2,270,000 төгрөг багтсан.
1.3. Гэрээний 2.1-д Энэхүү гэрээ нь 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр байна, гэрээний 2.2-т Энэхүү гэрээний 2.1-д дурдсан хугацаа дууссан боловч түрээслэгч талд гэрээний зүйлийг буцаан өгөөгүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар сунгагдсанд тооцно. Харин түрээслэгч нь гэрээний зүйлийг буцаан өгснөөр хугацааг дуусгавар болсонд тооцно гэж заасан. Түрээслэгчид гэрээний хугацаа дуусч цаашид сунгагдаж байгаа талаар удаа дараа мэдэгдсэн ба түрээслэгч нь гэрээний зүйлийг хүлээлгэж өгөлгүй өнөөдрийг хүрч түрээсийн гэрээний хугацаа үргэлжилж төлбөр нэмэгдсээр байна. Иймд хариуцагч *******-аас түрээсийн үлдэгдэл төлбөрт 43,620,500 төгрөг, худалдсан барааны үнэ болох 2,272,000 төгрөг, нийт 45,890,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* нь ******* -тай 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр барилгын туслах материал түрээслэх ******* тоот гэрээг байгуулж, тус гэрээгээр 749 ширхэг нэр төрлийн бараа материал түрээсээр авсан.
2.2. Хариуцагч түрээсийн үлдэгдэл бараа материал хүлээлгэн өгөөгүй байгаа боловч тус бараа материалын түрээсийн тооцоо нь ******* -аас үлдэгдэл түрээсийн тооцооны акт, нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр манай байгууллагад илгээхэд 17,024,010 төгрөг нэхэмжилсэн тооцооны акт байдаг. Бид тухайн үед тэрхүү тооцооллыг ерөнхий байдлаар хүлээн зөвшөөрч, төлөхөө мэдэгдсэн. Гэтэл ******* -ийн хувьд санхүүгийн боломж муу байсан тул тохиролцсон төлбөрийг төлөх боломжгүй байсан. Тооцоо нийлсэнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл тооцоо нь манай байгууллагын санхүүгийн тооцооноос давсан тооцоо байх тул энэхүү тооцоог дахин баримтаар гаргаж өгнө.
2.3. Бараа материалын хувьд эвдрэл гэмтэл байгаа ч хэдэн ширхэг бараа материалыг эвдрэлтэй байдлаар хүлээж авсан актыг хянаж үзэх, нийт буцааж өгөөгүй бараа материалын тооцоолол зэргийг нарийн хянаж үзэх шаардлагатай байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэсэн үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 45,890,500 төгрөг болон ******* хэмжээтэй хэв 42 ширхэг, *******хэмжээтэй булан 8 ширхэг, ******* хэмжээтэй хэв 2 ширхэг, ******* хэмжээтэй хэв12 ширхэг, ******* хэмжээтэй булан 4 ширхэг, 1.2 хэмжээтэй булан 17 ширхэг, *******хэмжээтэй булан 15 ширхэг, ******* хэмжээтэй хэв 5 ширхэг, ******* хэмжээтэй булан 5 ширхэг, 2.4 хэмжээтэй хэв 15 ширхэг, ******* тулаас 100 ширхэг, ******* хэмжээтэй хэв 2 ширхэг, ******* тулаас 44 ширхэг, нийт 281 ширхэг бараа материалыг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* -д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 387,403 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* -д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 387,403 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэлээгүй. Төлбөрийн акт үйлдсэн санхүүгийн тооцоолол байгаа боловч уг баримт дунд тооцоо нийлсэн хоёр баримт байдаг. Тэрхүү баримтаас харахад нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа дүнгээс өөр тооцоололтой баримт байдаг. Хариуцагчийн хувьд тооцоо нийлээд тохирсон тус үнийн дүнгээс хойшхи нэхэмжлэл гаргасан хугацаа хүртэлх төлбөр нь 45,890,500 төгрөг гарах боломжгүй. Тус маргаанд 2023 оны 03 дугаар сарын 30, болон 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр тооцоо нийлсэн акт нь манай байгууллагад эх хувиараа байхгүй байсан тул нотлох баримтын шаардлага хангуулж чадахгүй байсан. Гэхдээ уг тооцооллыг хүлээн зөвшөөрөхгүй маргаантай байгаа асуудалд шүүхээс дүгнэлт хийсэн байдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Маргааны үндэслэл болсон барилгын материал түрээслэх ******* тоот гэрээгээр *******-ийг хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн, гэрээний үүргийн хувьд барилгын материал түрээсэлсэн боловч түрээсийн төлбөрийг дутуу төлсөн. Гэвч үлдэгдэл төлбөр болох нэхэмжлэлийн үнийн дүнг бүрэн хүлээн зөвшөөрсөн, төлөх нь тодорхой, хөтлөшгүй үнэн нотлох баримт биш болно. Иймд шүүх хэрэгт авагдсан нэг талын баримтаар дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
4.2. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хязгаарлаж, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангаагүй тус хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Хариуцагч нь энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, гаргаж өгөх нотлох баримтууд тухайн үед ажиллаж байсан нягтлан бодогчийн хариуцлагагүй үйлдлээс болж баримт материал хадгалагдаж үлдээгүй нөхцөл байдлаас болж энэ хэргийг шууд шийдвэрлүүлэхэд хүндрэлтэй байсан тул хууль зүйн туслалцаа хүсэж өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг гаргасан. Гэвч хурал болох цаг хугацааг буруу тэмдэглэж авснаар цагтаа очиж амжаагүйн үүднээс энэхүү хэргийн шүүх хуралдаанд оролцоогүй. Гэвч хариуцагчийг шүүх хуралдаанд заавал оролцуулах үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тодорхой харагдана. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй, талуудыг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор зохигчийн тайлбар татгалзал, барилгын туслах материал түрээслэх гэрээ, тэдгээрийг байгуулсан үйл баримт, талуудын хооронд байгуулсан гэрээний хуульд заасан шаардлага хангасан эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэх, гэрээгээр хүлээсэн үүргийн зөрчил, мөн гэрээний дагуу төлбөрийг хэрхэн төлж барагдуулах зэрэг хэрэг хянан шийдвэрлэхэд чухал гол нөхцөл байдлыг тодруулж шийдвэрлэхээр буюу энэ үндэслэлээр талуудыг мэтгэлцүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч талын хүсэлтээр хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн гэж дурдан дүгнэсэн байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтад үндэслэн хэргийг бүрэн шийдвэрлэх боломжтой нөхцөл байдалд илүү хамааралтай зохицуулалт байх ба тус хэргийн хувьд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагад гаргаж буй тайлбарыг харгалзан үзэхгүйгээр хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь учир дутагдалтай болсон гэж үзэж байна.
Хариуцагчийн хувьд энэхүү шүүх хуралдаанд нэмэлт нотлох баримт болон талуудын тохиролцоог шүүхэд нотлох баримтын шаардлага хангуулан гаргахаар бэлэн болгосон байсан. Хэрэв шүүх хуралдаанд оролцох болон мэтгэлцэх боломжоор хангасан бол нэхэмжлэгч талаас анхан шатны шүүх хуралдааны явцад нэмэлтээр гаргаж өгсөн нотлох баримтуудтай танилцах, өөрсдийн гаргаж өгөхөөр бэлдсэн, авч явсан нотлох баримтуудтай харьцуулах, шүүхэд үнэн зөв тайлбар мэдүүлэг өгөх боломжтой байсан. Энэхүү нөхцөл хангагдаагүйгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа маргаантай асуудалд нэг талыг барьсан шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд дээрх нөхцөлүүдийг харгалзан үзэж анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 45,890,500 төгрөг болон 281 ширхэг бараа материал гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Талууд 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ******* дугаар барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч ******* нь гэрээний хавсралтад заасан нэр төрөл, хэмжээ, тоо ширхэг бүхий эд хөрөнгийг түрээслэгчид гэрээ байгуулсан өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаагаар шилжүүлэх, гэрээний 2.2-т энэхүү гэрээний 2.1-д дурдсан хугацаа дууссан боловч түрээслэгч тал гэрээний зүйлийг буцааж өгөөгүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар сунгагдсанд тооцох, түрээслэгч ******* нь гэрээний 3.1, 3.2-т зааснаар түрээсийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцжээ./хх8-10/
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байна.
4. Нэхэмжлэгч ******* нь дээрх гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 749 ширхэг бараа материалыг хариуцагч *******-д хүлээлгэн өгснийг хариуцагч хүлээн авч ашигласан бөгөөд уг бараа материалыг буцаан өгөхдөө 281 ширхэг бараа материалыг дутуу өгсөн болох нь талуудын тайлбар болон хэргийн баримтуудаар тогтоогдсон. /хх-14-16/
******* нь гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас *******-ийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөр гэрээг цуцалсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2-т Энэхүү гэрээний 2.1-д дурдсан хугацаа дууссан боловч түрээслэгч тал гэрээний зүйлийг буцааж өгөөгүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар сунгагдсанд тооцно гэж заасан.
Иймд түрээсийн гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд гэрээний талуудын хүлээх үүрэг хүчинтэй тул энэ хугацааны түрээсийн төлбөрийг Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүргийн хүрээнд нэхэмжлэгч тал нь хариуцагч талаас шаардах эрхтэй.
Хэрэгт авагдсан санхүүгийн бүртгэлийн баримаас үзвэл хариуцагч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд нийт 92,423,940 төгрөгийн төлбөр төлөх үүрэгтэй байх ба үүнээс хариуцагчийн түрээсийн төлбөрт төлсөн 45,533,440 төгрөгийг хасаж тооцвол 43,620,500 төгрөгийн түрээсийн төлбөр төлөхөөр тусгагджээ./хх14-16/
Иймд шүүх хариуцагч *******-аас түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 43,620,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* -д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.
5. Түүнчлэн, шүүх хариуцагчаас нийт 281 ширхэг бараа материалуудыг нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүй алдаа гаргасныг шүүхийн шийдвэрт залруулан өөрчлөлт оруулна.
6. Хэргийн 17-29 дүгээр талд талуудын хооронд хийгдсэн орлогын болон зарлагын баримтаас үзвэл ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд 10 өөр нэр төрлийн нийт 2,272,000 төгрөгийн үнэтэй бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн, уг бараа бүтээгдэхүүнийг ******* хүлээн авсан үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.
6.1. Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой эрх зүйн дүгнэлт хийгээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэнэ.
Нэхэмжлэгч нь ...худалдан авсан бараа материалын задаргаа гэж 10 нэр төрлийн бараа худалдсаны нийт 2,272,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлага тодорхойлсон./хх1-3/
Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Хариуцагч ******* нь тухайн худалдан авсан бараа материалын үнэ төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч ******* нь үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
Иймд анхан шатны шүүх хариуцагчаас худалдсан барааны үнэд нийт 2,272,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.
6.2. Харин анхан шатны шүүх хариуцагчаас худалдсан барааны үнэ нийт 2,272,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн атлаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт худалдах, худалдан авах гэрээний үнийг шаардах эрхийн үндэслэлийг зохицуулсан Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг баримтлаагүй алдаа гаргасныг залруулна.
7. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 43,620,500 төгрөг, худалдсан барааны үнэ 2,272,000 төгрөг, нийт 45,890,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх журамд нийцжээ.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй, талуудын оролцооны эрх тэгш байх зарчимд үндэслэж хэргийг шийдвэрлээгүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангаагүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.
8.1. Хэргийн баримтаас үзвэл, анхан шатны шүүхээс хариуцагчийн гаргасан өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж байжээ. /хх58-59/
8.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр өмгөөлөгч *******-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт гаргасан байна./хх-76/ 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хариуцагчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцахаар гаргасан хүсэлтийг шүүх хангаж, шүүх хуралдааныг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаагаар хойшлуулсан/хх-79/ байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тов мэдсэн гэж шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зурсан байх тул хэргийн оролцогч нь шүүх хуралдаанд өөрөө бэлтгэх үүрэгтэй.
Энэ өдрөөс хойш шүүх хуралдаан товлогдсон мөн сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах эрхээр хангаагүй, хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлэхэд шүүхээс саад учруулсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
8.3. Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүх хуралдааны товыг мэдсэн болох нь түүний давж заалдах гомдолд ...хурал болох цаг хугацааг буруу тэмдэглэж авснаар цагтаа очиж амжаагүй үүднээс энэхүү хэргийн шүүх хуралдаанд оролцож амжаагүй гэх тайлбараар нотлогдож байна.
8.4. Анхан шатны шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан журам болон мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх, тэгш байх зарчимд нийцжээ.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/04226 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т гэснийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387,252 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Д.ЦОГТСАЙХАН