Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 4425

 

016 оны 06 сарын 22 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/04425

             Улаанбаатар хот

 

     

Зохигчдын эвлэрлийг баталж,хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо,..дүгээр байрны ..тоотод оршин суух, ... регистртэй,  Наваан овогт Л.Б,

Хариуцагч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 10 дугаар байрны ..тоотод  оршин суух, ... регистртэй, Боржигин овогт Д.М холбогдох

 

1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй  иргэний хэргийг хянаад

                                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн “Амт” махны дэлгүүрийг түрээслэдэг Д.М 13 ширхэг хонины махыг 1,600,000 төгрөгөөр зарсан. Бэлнээр 200,000 төгрөгийг аваад үлдэгдэл 1,400,000 төгрөгийг дансаар шилжүүлэнэ гэж тохиролцоод, би хөдөө явсан. Гэтэл хариуцагч нь үлдэгдэл мөнгөө өгөхгүй байсан учраас би Цагдаагийн байгууллагад хандаж 400,000 төгрөгийг гаргуулж авсан. Иймд хариуцагч Д.М-с махны үлдэгдэл төлбөрт 1,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.       

 

            Хариуцагч Д.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Л.Б-аас 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 1,600,000 төгрөгийн үнэтэй мах худалдан авсан. Үүнээс 600,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 1,000,000 төгрөгийг төлөөгүй байгаа нь үнэн болно. Дээрх төлбөрийг 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах болно гэжээ.  

 

            Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Д.М нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,000,000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

           ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Д.М-д холбогдуулан 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 1,000,000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

          Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

          ЗАХИРАМЖЛАХ нь:

 1.Л.Б-ын нэхэмжлэлтэй, Д.М-д холбогдох 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 1,000,000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 14,275 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 14,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                          А.САРАНТУЯА