| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0133/Э |
| Дугаар | 137 |
| Огноо | 2019-05-10 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 137
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Гантулга
Улсын яллагч: В.Дэлгэрмаа
Шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч Л.Золжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Нт холбогдох эрүүгийн 1914002370185 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, эмэгтэй, бага боловсролтой, худалдагч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, Г.Н,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Г.Н нь 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн гаднах авто тээврийн хэрэгслийн зогсоол орчимоос П.Бгийн гээгдэл эд хөрөнгө болох хавай П смарт маркийн гар утсыг олж бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшиж О.Бт 50 000 төгрөгөөр зарж бусдад 640 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Г.Нын мөрдөн байцаалтад өгсөн
... Би 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт хэвтэх гээд хүү О.Баар амбулаторийн хойд талын авто машин зогсоол дээр хүргүүлсэн. Тэгээд би эмнэлэг рүү орох гээд 2 зайтай зогсчихсон авто машины хоорондуур гартал газар гялтганасан зүйл харагдахаар нь харсан чинь гар утас байсан. Би уг гар утсыг аваад ойр орчимд эзэн нь байна уу гэж хартал ямар нэгэн хүн байгаагүй уг гар утас унтраалттай байсан болохоор аваад шууд яваад дотрын тасагт хэвтсэн. Би эмнэлэгт 7 хоног хэвтээд эмнэлгээс гараад 4-5 хоногийн гар утсыг олсон талаараа том хүү О.Бт хэлэхэд тэрээр ээж би энэ утсыг чинь дугаараа хийгээд барьчих уу гэхээр нь зөвшөөрөөд өгсөн. Тэгээд Цагдаагаас дуудаад бусдын хаясан утас байна гээд авч эзэнд нь өгсөн ... Би 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр эмнэлэгт хэвсэн байсан. Тэр өдөр уг гар утсыг олсон. Би уг гар утсыг хүү О.Бт зүгээр өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 /,
Хохирогч П.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн
… 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 15 цаг өнгөрч байхад манай охин над руу утсаар яриад хүүхдийн бие муудаад байна гэхээр нь би сандраад ажлаасаа гарч өөрийнхөө машинтай гэр лүүгээ явж очоод шууд охиныгоо хүүхэдтэй нь аваад эмнэлэгт хүргэж үзүүлчихээд 16-17 цагийн үед буцаад гэр лүүгээ явж хүүхдүүдээ хүргэж өгчихөөд ажил руугаа явах гэтэл гар утас байхгүй байхаар нь хайгаад олоогүй. Тэгээд би ажил дээрээ орхичихсон байх гэж бодоод ажил руугаа явж байгаад би түрүүн гэр лүүгээ явж байхдаа гэрлэн дохион дээр охинтойгоо утсаар ярьж байснаа санаад гэрээс эмнэлэг рүү явахад аль эсвэл эмнэлгээс буцаад гэр лүүгээ явахдаа гар утсаа хаячихсан юм байхдаа гэж бодоод буцаж гэртээ очоод өөрийнхөө утас руу охиныхоо утсаар залгуулсан чинь 2 удаа дуудаад, холбогдох боломжгүй болсон. Тэгээд би гар утсаа хаясан гээд шууд аймгийн Юнителийн салбар дээр очоод болсон зүйлийн талаар хэлж Цагдаагийн газрын албан ёсны баримт бичгээр гаргаж өгдөг гэж хэлсэн. Би Цагдаагийн газарт өргөдөл бичиж имей кодыг нь тэмдэглүүлсэн. Тэгээд Цагдаагийн байгууллагад шалгаж байгаад гар утсыг чинь хүн олсон байна гээд надад гар утсыг хүлээлгэн өгсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 /,
Гэрч О.Бын мөрдөн байцаалтад өгсөн
... манай ээж эмнэлэгт хэвтэх гээд машинаас амбулатор руу орох замдаа машины зогсоолоос гар утас олсон гэж хэлэхээр нь би тэр гар утсыг нь үзсэн чинь хувай маркийн хар хөх өнгөтэй гар утас байсан. Тэгэхээр нь би ээжид наад гар утсанд чинь дугаараа хийгээд барьж байя гэхэд зөвшөөрсөн... гэх мэдүүлэг / хх-ийн 29 /,
Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 106 дугаартай “...П.Бгийн гээгдүүлсэн гэх гар утасны зах зээлийн ханш нь 640.000 төгрөг болохыг тогтоосон... дүгнэлт /хх-ийн 38-39 /
Юнител ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 05/01/1774 дугаартай лавлагаа/хх-ийн 15-16 /
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 01-02/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 67 /, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 54/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 53/, шүүгдэгч Г.Нын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 /, хохирогч П.Бгийн хүсэлт /хх-ийн 68-69/ , эвлэрлийн гэрээ /хх-ийн 71-72/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Шүүгдэгч Г.Н нь 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн гаднах автотээврийн хэрэгслийн зогсоол орчимоос П.Бгийн гээгдэл эд хөрөнгө болох хавай П смарт маркийн гар утсыг олж бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшиж О.Бт 50 000 төгрөгөөр зарж бусдад 640 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч Г.Нын ... эмнэлэг рүү орох гээд 2 зайтай зогсчихсон авто машины хоорондуур гартал газар гялтганасан зүйл харагдахаар нь харсан чинь гар утас байсан ... мэдүүлэг /хх-ийн 47-48 /,
Хохирогч П.Бгийн … Цагдаагийн газарт өргөдөл бичиж имей кодыг нь тэмдэглүүлсэн,...надад гар утсыг хүлээлгэн өгсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 22 /,
Гэрч О.Бын ... ээж дээр эмнэлэгт хэвтэх гээд амбулатор руу орох замдаа машины зогсоолоос гар утас олсон гэсэн, би утсыг үзэхэд хувай маркийн хар хөх өнгөтэй гар утас байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 /
Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 106 дугаартай “...П.Бгийн гээгдүүлсэн гэх гар утасны зах зээлийн ханш нь 640.000 төгрөг болохыг тогтоосон... дүгнэлт /хх-ийн 38-39 /
Юнител ХХК-ны 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 05/01/1774 дугаартай лавлаа /хх-ийн 15 / зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Г.Ныг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Ныг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Н нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Г.Н нь хохирогч П.Бд самсунг хавэй Р маркийн гар утсыг буцааж өгсөн / хх-ийн 68/, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.
Шүүгдэгч Г.Н нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч П.Б ... нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 68, 71/, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Ныг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялын хэсэгчлэн хувааж төлөхөөр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл , 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Тайжууд овогт Галсанпунцагийн Ныг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Ныг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Н нь дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /450000/ төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 3 сарын хугацаанд сар бүр 150000 төгрөг төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Нт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Нт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА