Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 212/МА2025/00040

 

 

 

         

 

                          

                                        

С.Е-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 302/ШШ2025/00273 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ********** багт оршин суух Ш овогт С.Е-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг (ажлын хэсгийн дарга Х.Ө), хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар (дарга Ж.Е)-т  нарт тус тус холбогдох,

 

“Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс зохион байгуулсан Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газрын Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн шинжээчийн албан тушаалын сонгон шалгаруулалтыг, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Х.Манар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Е-, Х.Ө-, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга:   

1.1. Ш овогт С.Е- миний бие **** онд төрсөн, одоо ** настай. Миний бие 2024 онд ОХУ-ын Барнаул хотын Алтайн Улсын их сургуулийг Барилгын инженер, техник технологич мэргэжлээр төгссөн.

1.2. Миний бие 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас зарласан миний бие тус сонгон шалгаруулалтад бүртгүүлэхээр 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр холбогдсон. Гэвч тус газраас 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шинжээчийн албан тушаалын сонгон шалгаруулалт явагдсан тухай мэдэгдсэн.

1.3. Угтаа бол тухайн сонгон шалгаруулалтын зарын дагуу 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс бүртгэх эхлэх ёстой байсан ба ажлын 5 хоногийн дараа бүртгэл дуусаж 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр сонгон шалгаруулалт явагдах ёстой байсан. Гэвч аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр сонгон шалгаруулалт явуулсан нь хууль бус болсон ба миний Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг мөн сонгон шалгаруулалтад орох эрхийг минь давхар зөрчиж байна.

1.4. Нэхэмжлэгч С.Е- нь 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас зарласан сонгон шалгаруулалтад бүртгүүлэх хүсэлтэй байсан боловч 01 дүгээр сарын 17-ны өдөр тухайн сонгон шалгаруулалт явагдсан гэдгийг 01 дүгээр сарын 20-ны өдөр мэдсэн байдаг. 01 дүгээр сарын 15-ны өдөр зарлагдсан зарын дагуу бүртгүүлэх хугацаа буюу материал бүрдүүлэх хугацаа ажлын 5 хоног байх ёстой байсан. Харин 01 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш ажлын 5 хоног тоолж үзвэл 01 дүгээр сарын 23-ны өдөр буюу үүнээс хойш тухайн сонгон шалгаруулалт нь явагдах ёстой байсан гэж үзэж байгаа.

1.5. Харин Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тухайн сонгон шалгаруулалтыг явуулсан нэхэмжлэгчийн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх буюу Үндсэн хуульд заасан эрх нь зөрчигдөж байна гэж үзэж байна. Хариуцагчийн ажлын хэсгийн ахлагчийн хариу тайлбарт нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагыг гүтгэсэн анхнаасаа сонгон шалгаруулалт явуулах ёсгүй, сонгон шалгаруулалтад оролцох ёсгүй байсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь өөрөө шүүхэд хандаж, итгэмжлэл өгөөд явж байгаа нь өөрөө түүний сонгон шалгаруулалтад оролцох хүсэл зоригийн илэрхийлэл мөн юм гэж үзэж байна. Харин хариу тайлбар дээр нэхэмжлэгч нь биечлэн аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт ирээгүй, хэрэв ирсэн бол энэ тухай тухайн байгууллагын камерын бичлэг зэрэг баримтаар тогтоогдох ёстой гэж үзэж байгаа. Энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгнө үү гэж тайлбар дээрээ биччихсэн байсан. Энэ тайлбар нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчид нь татгалзлын үндэслэл болж байгаа нотлох баримтаа өөрсдөө бүрдүүлж өгөх үүрэгтэй. Тухайн баримтуудыг хариуцагч байгууллага өөрсдөө гаргаж өгөх боломжтой байсан боловч нотлох баримт гаргаж өгөөгүй.

1.6. Иймд Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс зохион байгуулсан Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн шинжээчийн албан тушаалын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү.

 

2.Хариуцагч тайлбар, татгалзал:

2.1. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Барилгын лабораторийн шинжилгээний албан тушаалын сул орон тоо гарсан.

2.2. Тухайн орон тоог 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр албан ёсоор байгууллагын олон нийтийн веб сайт, пэйж хуудсаар зарласан. 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт давхар хүргүүлсэн байгаа. Хөдөлмөрийг дэмжих тухай хуулийн дагуу сул орон тоог хөдөлмөрийн байгууллагад мэдэгдэх ёстой гэсэн хуулийн заалттай байгаа. Тэр үүднээс мэдээллийг өгсөн байгаа. Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас мөн сарын 15-ны өдөр өөрсдийнхөө пэйж хуудас дээр тухайн ажлын байрыг зарласан. 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тухайн зар дээр өөрчлөлт оруулсан байгаа.

2.3. Анхны зар дээр алдаа гарсан байна. Анх ТҮ-6 гэж зарлагдсан. Мөн мэргэжлийн индекс нь зөв нэршлээр нь барилгын техник технологи гэдгийг барилгын инженерчлэл гэж өөрчлөлт орсон. 01 дүгээр сарын 15-ны өдөр дахиж зарласан. Тухайн үед зарлахдаа анхны зарыг устгасан байдаг. Тэрийг гэрчүүд мэдүүлсэн байгаа. Түрүүн гаргаж өгсөн мэдээллээр ажлын байр зарласан зар мэдээллийн дагуу иргэд манайд хүсэлт өгсөн. Иргэдийн хүсэлтээс харахад 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зарласан зарыг бүгд мэдсэн. Тэрний дагуу хүсэлтээ гаргаж өгсөн. Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын пэйж хуудас дээр тавьсан зараас харж хүсэлт өгсөн гэдэг зүйлийг хэлж байгаа. Тийм учраас энэ зарыг олон нийтэд хүргэсэн гэж бодож байгаа.

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 302/ШШ2025/00273 дугаар шийдвэрээр:

3.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5, 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан С.Е-ийн Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс зохион байгуулсан Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн шинжээчийн албан тушаалын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулж сонгон шалгаруулалт дахин зарлахыг даалгах, мөн Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3.2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх нэхэмжлэл болохыг дурдаж шийдвэрлэжээ.   

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Тус иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 302/ШШ2025/00273 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

4.2. Анхан шатны шүүх маргаан бүхий иргэний хэрэгт Иргэний хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй.

4.3. Хэргийн үйл баримт, маргааны зүйлийг зөв дүгнэж чадаагүй, хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн хэм хэмжээг анхан шатны шүүх зөрчсөн болно.

4.4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 17 дахь заалтад “Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно. Төрийн үйлчилгээний албан хаагчийг сонгон шалгаруулах талаар хуулиар тусгайлан эрх олгосон захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр байхгүй байх тул сонгон шалгаруулах журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй” гэжээ. Гэвч энэхүү С.Е-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн маргааны зүйл нь захиргааны байгууллагаас тодорхой нөхцөл болзол тавьж сонгон шалгаруулалтын зарлал тавиад тухайн зарлалд хариуцагчаас болзолт хугацаа дуусаагүй байхад сонгон шалгаруулалт явуулсан нь шударга ёсны болон хууль ёсны зарчимд нийцэхгүй тухай маргаан болохоос захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн тухай маргаан биш юм. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх маргааны зүйлийг оновчтой дүгнэж чадаагүй байна. Харин захиргааны хэм хэмжээ байгаа эсэх тухайд гэвэл сонгон шалгаруулалттай холбоотой захиргааны хэм хэмжээний акт гарах хууль зүйн боломжгүй. Тухайлбал захиргааны хэм хэмжээний актын онцлог шинж нь байгууллагын дотоод харилцаанд бус харин гадагш чиглэсэн, байнга давтагдах шинжтэй байдгаараа онцлогтой буюу тухайн байгууллагын хүний нөөцийн сонгон шалгаруулалтад хамааралгүй. Мөн хүчин төгөлдөр байх нөхцөлийн хувьд ч өөрийн гэсэн онцлогтой бөгөөд захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүтгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлэх бөгөөд шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үйлчлэхгүй, мөн биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй.

4.5. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараах зарчмыг баримтална”, 7.1.4-т “Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах”, 7.1.6.”ил тод байх” гэснийг зөрчсөнийг анхан шатны шүүхээс анхаараагүй явдалд гомдолтой байна. Иймээс шүүхээс маргааны зүйлийг буруу тодорхойлсноор анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

4.6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 19 дэх заалтад “Мөн тухайн нээлттэй ажлын байрны талаар Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын цахим сайт болон фейсбүүк цахим хаягт 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрүүдэд зар тавигдсан байх ба тухайн зарын дагуу 5 иргэнээс хүсэлт, өргөдөл ирүүлсний дагуу сонгон шалгаруулалт явуулсныг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй болно” гэжээ. Хариуцагч байгууллагын буюу аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн н.С- шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн ба мэдүүлэг дээрээ 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тавьсан зарыг нэг хоногийн дараа буюу 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр устгасан тухайгаа тодорхой хэлсэн байдаг ба үүний дараа 01 дүгээр сарын 15-ны өдөр дахин зарласан болохыг мэдүүлдэг. Энэ нь шүүхийн зүгээс явуулсан Газрын харилцаа барилга хот байгууллагын газрын сайтад болон фейсбүүк хуудсанд хийсэн үзлэгээс тодорхой харагдах юм. Мөн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн болон 09-ний өдрийн заруудад тавигдах мэргэжлийн индекс буюу албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагууд өөрчлөгдсөн байсныг шүүх анхаараагүй явдалд гомдолтой байна. Хариуцагч байгууллагын дарга Ж.Е- нь хариу тайлбар дээрээ анхны зар алдаатай байсан учраас буюу мэргэжлийн индексийн нэршил болон албан тушаалын ангилал өөр байсан учраас зарыг устгаж сонгон шалгаруулалтыг дахин зарласныг хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ талаар маргаагүй юм. Угтаа бол маргаан бүхий сонгон шалгаруулалт 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулагдах ёстой байсан боловч 01 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулсан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй юм. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 302/ШШ2025/00273 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Е-н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Нэхэмжлэгч өөрийн тайлбарт 03 дугаар сарын 20-нд газрын албанд очиж, гарын үсэг зурсан тайлбар дээр үндэслэн нэхэмжлэл гаргасан гэж мэдэгдсэн. Манай байгууллага тухайн ажил горилогчтой биечлэн, утсаар, эсвэл бичгээр ямар нэгэн харилцаанд ороогүй бөгөөд уг иргэн манай байгууллагын зарласан албан тушаалд ажиллах сонирхолгүй, Улаанбаатар хотод байнга оршин суудаг, өөр ажилтай хүн болох нь тогтоогдсон.

5.2. Манай байгууллага тухайн ажлын зарыг олон нийтэд ил тод, нээлттэй байдлаар түгээсэн бөгөөд Хөдөлмөр, халамж үйлчилгээний албаны цахим хуудсанд ч мөн адил байршуулсан. Тиймээс нэхэмжлэгч уг зарыг хүлээн авч, мэдээлэлтэй байсан байх бүрэн боломжтой гэж үзэж байна. Дээр дурдсан үндэслэлүүдэд тулгуурлан анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийг бид үндэслэлтэй гэж үзэж байна.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө-ы давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байршуулсан зар нь нэршил болон зарим агуулгын өөрчлөлт, тодотгол хийх шаардлагын улмаас 01 дүгээр сарын 11-ний өдөр устгагдсан. Уг өөрчлөлтүүд нь албан тушаалын нэршилтэй холбоотой байсан бөгөөд зарын агуулгад тодорхой зохицуулалт хийсэн болно. Мөн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс ирүүлсэн чиглэлийн дагуу тухайн ажил, мэргэжлийн чиглэлтэй сул орон тооны заруудыг манай байгууллага зарлах ёстой гэж манай байгууллагын веб сайтаас тухайн зарыг авхуулж Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын веб сайтад зарласан байгаа. 2025 оны 01 дүгээр сарын 9-ний өдрөөс 15-ны өдрийн хооронд тухайн зар нь Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын цахим сайтад байсан болно. Энэ нь бас хавтаст хэрэгт авагдсан.

6.2. Хариуцагч талын зүгээс Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар тухайн зарлалыг зөвхөн

 

7. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт:

7.1. Маргаан нь төрийн байгууллагад төрийн үйлчилгээний албан тушаалд ажил горилогчийн асуудалтай холбоотой бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хууль болон төрийн албаны харилцааг зохицуулсан тусгай хууль тогтоомжууд (Хөдөлмөрийн тухай хуулийн 44-р зүйл, 41.1.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн хэрэгжилтийг дэмжих тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтууд)-д хамаарах харилцаа юм. Анхан шатны шүүх нь Иргэний хуулийн зохицуулалтыг хэрэглэж, Хөдөлмөрийн тухай болон холбогдох тусгай хуулиудын заалтыг буруу хэрэгжүүлсэн нь тухайн хэрэгт хамаарах хуулийн хэрэглээний алдаа юм. Шүүх нь маргааныг иргэний эрх зүйн харилцаа гэж буруу дүгнэж, хуулийн хэрэглээний хувьд үндэслэлгүй шийдвэр гаргасан бөгөөд үүний улмаас гарсан шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна. Хоёрдугаарт, нэхэмжлэгчийн зүгээс хэргийн бодит нөхцөл байдал, маргаантай үйл баримтад анхан шатны шүүх бодитой, оновчтой дүгнэлт хийлгүйгээр, нэг талыг барьсан шийдвэр гаргасан нь шүүхийн үндсэн үүргээ зөрчсөн гэж үзэж байна. Тухайн сонгон шалгаруулалт хууль, журмын дагуу олон нийтэд нээлттэйгээр зарлагдсан бөгөөд энэ талаар гэрчийн мэдүүлэг, албан ёсны баримт бичгүүд, цахим болон хэвлэмэл зарууд зэрэг үндэслэлтэй нотлох баримтуудыг хэрэгт бүрэн гаргаж өгсөн. Сонгон шалгаруулалтад нийт таван хүн оролцсон бөгөөд эдгээр баримтуудад эргэлзээтэй, зөрчилтэй нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн гомдлоор авч хэлэлцсэн С.Е-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, тус газрын ажлын хэсэгт холбогдох иргэний хэргийг бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.  

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр хууль ёсны байна гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, үндэслэл бүхий байна гэдэгт шүүхээс гаргасан шийдвэр нь хэрэгт авагдсан, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн, талууд мэтгэлцсэн нотлох баримтуудын хууль зүйн болон бодит үндэслэлд тулгуурласан, тайлбар, нотолгоотой, хэн ч уншаад ойлгож, хүлээн зөвшөөрөхүйц логик дэс дараалалтай байхыг хэлнэ.

 

10. Нэхэмжлэгч С.Е- нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, тус газраас байгуулсан ажлын хэсэгт холбогдуулж “тус ажлын хэсгээс зохион байгуулсан Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн шинжээчийн албан тушаалын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах, сонгон шалгаруулалтыг дахин зарлахыг даалгах, мөн тус газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн б/02 дугаартай “М- ийг ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгох тухай гомдол гаргаж, үндэслэлээ “тухайн сонгон шалгаруулалтын бүртгэл зарын дагуу 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр эхэлж, ажлын 5 хоног бүртгэл үргэлжилж, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр сонгон шалгаруулалт явагдах байсан. Гэтэл 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр бүртгүүлэх гэж холбогдоход 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр сонгон шалгаруулалт явагдсан тухай мэдэгдсэн, энэ нь хууль бус” гэж тайлбарлажээ.

Хариуцагч нар дээрх гомдлын шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд хариу тайлбар ирүүлсэн бөгөөд үндэслэлээ “Барилгын лабораторийн шинжээчийн сул орон тооны талаарх зарыг нийтлүүлэхээр Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны А/1112 дугаар захирамжийн дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр албан бичгээр хүргүүлж, сонгон шалгаруулалттай холбоотой зарыг тус байгууллагын цахим хуудаст 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байршуулж, олон нийтэд мэдээлсэн. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас тухай сонгон шалгаруулалтын талаарх зарыг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрсдийн цахим хуудаст байршуулан олон нийтэд мэдээлсэн. Манай байгууллагаас 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгууллагын цахим хуудсаар 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн зарласан зард өөрчлөлт оруулсан” гэж, “С.Е- нь тус сонгон шалгаруулалтын дагуу бүртгүүлэхээр манай байгууллагад ирж, холбогдож байгаагүй, тэрээр Улаанбаатар хотод оршин суудаг, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тус тус тайлбарлажээ.

 

11. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн дээрх эрх зүйн маргааныг, нэхэмжлэгч С.Е-ын төрийн байгууллага болон түүнээс байгуулсан ажлын хэсгийн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг үндэслэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван дөрөвдүгээр бүлэгт заасан гомдлоор авч хэлэлцэх хэрэг гэж үзэн хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж “Барилгын материалын лабораторийн шинжээчийн албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах тул уг албан тушаалд томилох, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахад “төрийн албаны сонгон шалгаруулалт”-ыг заавал явуулах хууль зүйн шаардлага байхгүй. Тухайн албан тушаалын томилгоо болон сонгон шалгаруулалт хуульд нийцсэн, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа хүчин төгөлдөр үүссэн” гэсэн агуулгатай дүгнэлт хийж, С.Е-ын Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, тус газраас байгуулсан ажлын хэсэгт холбогдуулж гаргасан гомдлын шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

12. Анхан шатны шүүх С.Е-ын Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын төрийн үйлчилгээний албан тушаал болох Барилгын материалын лабораторийн шинжээчийн сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, тухайн орон тоонд тус сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэн иргэн М.Ж-ийг томилсон ажил олгогчийн шийдвэрийг хүчингүй болгохтой холбоотой гомдлыг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан, маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх заалтад “... аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хуульд заасны дагуу гаргасан гомдол”-ыг шүүх гомдлоор авч хэлэлцэнэ гэсэн хуулийн зохицуулалтад нийцсэн байна.

Энэ талаар Монгол Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар “Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 3.1.1, 3.1.2 дахь заалтад тайлбарласнаар Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 14.1.3-т заасан төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч (эрх баригч)-ээс бусад төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үүсгэсэн, өөрчилсөн, дуусгавар болгосон талаарх бүхий л гомдлыг, мөн төрийн үйлчилгээний байгууллагын эрх баригчаас бусад удирдах албан тушаалтан болон ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үүсгэсэн, өөрчилсөн, дуусгавар болгосон талаарх гомдлыг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх тул С.Е-ын гомдлыг анхан шатны ердийн харьяаллын шүүх хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан хэргийн харьяаллыг зөрчөөгүй гэж дүгнэв.

 

13. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, дараах үйл баримтууд, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлууд тогтоогдов. Үүнд:

- С.Е- нь Барилгачин мэргэжилтэй болох нь бакалаврын диплом болон түүнийг орчуулсан талаарх тэмдэглэлээр,

- тэрээр Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд ажил хайгчаар бүртгэгдээгүй нь тус газрын тодорхойлолтоор,

- Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын фейсбүүк хуудаст 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нийтэлсэн нээлттэй ажлын байрны зараар: “Албан тушаал: Барилгын материалын лабораторийн шинжээч, Албан тушаалын ангилал, зэрэглэл: Төрийн үйлчилгээ /ТҮ-6/, Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх, Мэргэжил: Барилгын техник технологи /073204/, Барилгын бүтээц эдлэлийн технологи /073208/, Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи /073209/, Бүртгэл ажлын 5 өдрийн хугацаанд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт явагдах бөгөөд бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтыг тусгасан” агуулгатай зарыг олон нийтэд тараасан,

- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын цахим хуудас дахь 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн нээлттэй ажлын байрны зараар: Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилгын лабораторийн шинжээчийн 1 ажлын байрны, байнгын орон тооны сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг 70422146 дугаартай утсаар лавлах боломжтой талаарх мэдээлэл тусгагдсан нь хэрэгт авагдсан баримтаар,

- Хэргийн 39 дүгээр талд авагдсан нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн DVD хуурцаг, 57 дугаар талд авагдсан хариуцагч байгууллагын фейсбүүк хуудаст 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нийтлэгдсэн зарлал нь ижилхэн мэдээллийг агуулж байх бөгөөд үүнд: “Албан тушаал: Барилгын материалын лабораторийн шинжээч, Албан тушаалын ангилал, зэрэглэл: Төрийн үйлчилгээний мэргэжилтэн /ТҮМ-4/, Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх, Мэргэжил: Барилгын техник технологи /073204/, Барилгын бүтээц эдлэлийн технологи /073208/, Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи /073209/, Бүртгэл ажлын 5 өдрийн хугацаанд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт явагдах бөгөөд бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтыг тусгасан” агуулгатай зарыг олон нийтийн сүлжээгээр тараасан нь тогтоогдсон,

- үүнийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн зартай харьцуулахад: Албан тушаалын ангилал, зэрэглэл: “Төрийн үйлчилгээ /ТҮ-6/” гэснийг “Төрийн үйлчилгээний мэргэжилтэн /ТҮМ-4/” гэснээс өөрөөр өөрчлөгдсөн зүйлгүй, тухайн төрийн үйлчилгээний албан тушаалын сул орон тооны зард зохих өөрчлөлтийг оруулсан талаарх хариуцагч талын тайлбартай уг үйл баримт тохирсон,

- гэрч Б.С-гийн /Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэдээллийн технологийн мэргэжилтэн/ “анх сул орон тооны зарыг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байршуулсан, дараа нь хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 08:27 цагт “тус зарыг эхлээд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний зарын цахим хуудаст байршуулж, дараа нь тус газрын цахим хуудаст байршуулах ёстой” гэсэн шаардлага тавьсны дагуу Газрын даргад танилцуулж тухайн зарыг түр устгасан. 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хуулийн асуудал хариуцсан мэргэжилтнээс тодруулж, өмнөх зарын тухайн албан тушаалын индекс нь хэвээрээ, нэршил нь өөрчлөгдсөн, бусад мэдээллийг өөрчлөхгүйгээр тухайн байгууллагын Фейсбүүк хуудаст 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нийтэлсэн” гэсэн агуулгатай мэдүүлэг, 

- гэрч Х.Б-ийн /Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэн/ “тухайн сул ажлын байрны талаарх зарын мэдээллийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр албан бичгээр ирүүлсэн, 10-ны өдөр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын цахим хуудаст байршуулж, нээлттэй зарлаж иргэдэд мэдээлсэн. Зөвхөн ажлын байрны талаарх мэдээллийг байршуулсан, зар мэдээлэлд өөрчлөлт ороогүй, хэвээрээ байгаа, манай байгууллага сонгон шалгаруулалтад оролцдоггүй, Хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн 20.2-т заасны дагуу ажил олгогч байгууллагаас ирүүлсэн зарыг цахим хуудаст байршуулж, ажил хайж байгаа иргэнд бүртгүүлэх материалаа өгөөрэй гэж санал болгодог мэдээлэх л үүрэгтэй” гэсэн агуулгатай мэдүүлэг,

- 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр: Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын www.gazar1.gov.mn албан ёсны цахим хуудаст мэргэжилтний удирдлагын эрхээр нэвтэрч, тухайн зарлалтай холбоотой мэдээлэлд үзлэг хийхэд, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нийтлэгдсэн нээлттэй ажлын байрны зарлалд “Албан тушаал: Барилгын материалын лабораторийн шинжээч, Албан тушаалын ангилал, зэрэглэл: Төрийн үйлчилгээний мэргэжилтэн /ТҮМ-4/, Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх, Мэргэжил: Барилгын техник технологи /073204/, Барилгын бүтээц эдлэлийн технологи /073208/, Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи /073209/, Бүртгэл ажлын 5 өдрийн хугацаанд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт явагдах бөгөөд бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтыг тусгасан” мэдээллийг мөн өдөр нийтэлсэн байх бөгөөд уг мэдээллийг 709 хүн үзсэн төлөвтэй, тухайн өдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр уг зарыг байгууллагын Фейсбүүк хуудаст пост болгож байршуулсан талаар мэргэжилтэн Б.С- тайлбарласан нөхцөл байдал тогтоогдсон,

- Тухайн төрийн үйлчилгээний албан тушаалын сул орон тооны нээлттэй ажлын байрны зарын дагуу А.А, М.Ж-, Б.Ч, М.Ө, Е.Н нар зохих баримт бичгийг бүрдүүлж, өргөдөл хүсэлтээ өгсөн талаар Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 132 дугаар албан бичгээр тэдгээр иргэдийн өргөдөл, хяналтын картыг шүүхэд гаргаж өгсөн,

- тус газрын Барилгын материалын лабораторийн шинжээчийн сул орон тооны /төрийн үйлчилгээний албан тушаал/ сонгон шалгаруулалтад дээрх 5 иргэнээс 4-ийг нь оролцуулж 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулсан бөгөөд тухайн сонгон шалгаруулалтын дүнг үндэслээд хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх заалт, 104 дүгээр зүйлийн 104.1 дэх заалт, Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 238 дугаар тогтоолын 10 дугаар хавсралтыг тус тус үндэслэн М.Ж-ийг Барилгын лабораторийн шинжээчээр 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан,

- М.Ж-ийг түүний хүсэлтээр анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан бөгөөд тэрээр “хариуцагч байгууллага тухайн сул орон тооны талаарх зарыг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт хүргүүлсэн, тус байгууллага 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нийтэд мэдээлсэн, харин хариуцагч байгууллага 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тухайн зарыг өөрийн цахим хуудсаар нийтэд мэдээлсэн байсан. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгууллагын цахим хаягаар 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн зарласан зарын мэдээлэлд өөрчлөлт оруулсан байсан, тухайн сонгон шалгаруулалтад 5 иргэн бүртгүүлсэн ба 1 иргэний материал шаардлага хангаагүй, 4 иргэнийг сонгон шалгаруулалтад оруулсан. 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын тушаалаар байгуулагдсан комисс /тус газрын 3 албан хаагч, хөндлөнгийн хяналт хэрэгжүүлэхээр Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын 2, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн, тус байгууллагын мэдээлэл технологийн мэргэжилтэн 1 хүн зэрэг нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулж, М.Ж- би эхний байр эзэлсэн тул тухайн ажлын байранд ажил олгогчтой хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж, одоог хүртэл ажиллаж байна” гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн зэрэг нөхцөл байдлууд тогтоогджээ.

 

14. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, талуудаас гаргаж өгсөн, шүүхээс хуульд заасан журмаар бүрдүүлсэн дээрх нотлох баримтуудыг харьцуулан дүн шинжилгээ хийвэл, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын төрийн үйлчилгээний албан тушаал болох Барилгын материалын лабораторийн шинжээчийн сул орон тоонд ажил олгогчоос өөрийн болон аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын цахим хаягаар дамжуулан нээлттэй сонгон шалгаруулалтыг олон нийтэд зарласан бөгөөд тухайн сонгон шалгаруулалтын зарыг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс өөрийн цахим хуудаст байршуулж эхэлсэн, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын цахим хуудаст байршуулсан ба өөрийн цахим хуудаст байршуулсан зарын мэдээлэлд 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гагцхүү албан тушаалын ангилал, зэрэглэлийн мэдээлэл дэх “Төрийн үйлчилгээ /ТҮ-6/” гэснийг “Төрийн үйлчилгээний мэргэжилтэн /ТҮМ-4/” гэж өөрчилж нийтэлсэн, харин Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын цахим хуудаст байршуулсан ерөнхий зарын мэдээлэлд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй байна.

 

15. Эхний буюу 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дээрх өөрчлөлт бүхий зарлал-мэдээлэлд тусгаснаар сонгон шалгаруулалтад оролцох иргэдийн бүртгэл нь зар тавигдсанаас хойш ажлын 5 өдрийн хугацаанд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын байранд явагдах бөгөөд бүрдүүлэх материал болон холбогдох утасны дугаар, бүртгэл болох газрын талаарх мэдээллийг нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар байршуулсан нь тогтоогдсон, анх тухайн сонгон шалгаруулалтын зарыг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс өөрийн цахим хуудсаар, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын цахим хуудсаар нийтэд зарласнаас хойш 5 хоног өнгөрсний дараа тухайн хугацаанд бүртгүүлсэн иргэдэд сонгон шалгаруулалт явуулах талаар мэдэгдэж, 1 иргэнийг бичиг баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр шалгалтад оруулахаас татгалзаж, 4 иргэнээс 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр сонгон шалгаруулалтын шалгалт авсан бөгөөд ажил олгогчийн энэхүү үйлдэл, үйл ажиллагаа нь тухайн сонгон шалгаруулалтад хугацаанд нь бүртгүүлээгүй нэхэмжлэгч С.Е-ын ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрлөхтэй холбоотой үндсэн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

С.Е- нь барилгачин мэргэжилтэй, тухайн сонгон шалгаруулалтад ямар нэгэн саадгүйгээр оролцох боломжтой, ажил олгогч байгууллага нь тухайн сул орон тооны талаарх нээлттэй сонгон шалгаруулалтыг олон нийтэд мэдээлэхдээ тухайн зарын үндсэн агуулгад өөрчлөлт оруулахгүйгээр 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн өөрийн цахим хуудаст байршуулж эхэлсэн мэдээллээс “Төрийн үйлчилгээ /ТҮ-6/” гэснийг “Төрийн үйлчилгээний мэргэжилтэн /ТҮМ-4/” гэж л өөрчилсөн, харин 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын цахим хуудаст байршуулсан ерөнхий мэдээлэлд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, тухайн өөрчлөлт нь нэхэмжлэгчийн тухайн сонгон шалгаруулалтад оролцох боломжийг хязгаарлаагүйгээс гадна тэрээр энэ талаар аль ч зарын хуудаст тусгагдсан утасны дугаараар ажил олгогч байгууллагаас лавлах боломжтой байсан зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж үзвэл, нэхэмжлэгчийн тухайн нээлттэй сонгон шалгаруулалтад хугацаандаа бүртгүүлж, оролцох ямар нэгэн эрх, боломжийг хязгаарласан гэх үндэслэл, бодит нөхцөл байдал, түүнийг тухайн сонгон шалгаруулалтад оролцоход тухайн зарын өөрчлөлт ямар нэгэн байдлаар саад учруулсан гэх үйл баримт тогтоогдоогүй учраас түүний гомдолд заасан “сонгон шалгаруулалтад орох эрхийг нь зөрчсөн” гэх үндэслэл бодит байдалд нийцээгүй.

 

16. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт төрийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор мэдээлэл хариуцагчийн чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалт, хүний нөөц, төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа, үзүүлж байгаа үйлчилгээ болон хуулиар хаалттай, хязгаарлалттай гэж тогтоосноос бусад мэдээллийг ил тод, нээлттэй байлгана гэж, мөн зүйлийн 8.3.1 дахь заалтад ажлын байрны сул орон тооны талаарх мэдээллийг мэдээлэл хариуцагч төрийн байгууллага нь байнга ил тод, нээлттэй байлгана гэж заасан бөгөөд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт ажил олгогч нь ажиллах хүч болон ажлын байрны холбогдолтой мэдээллийг аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, хөдөлмөрийн биржид гарган өгөх, эсхүл түүний бүртгэл, мэдээллийн сүлжээнд бүртгүүлж, мэдээллээ байршуулах, мэдээлэлд оруулж байгаа өөрчлөлтийг тухай бүрд нь хийж байх үүрэгтэй бөгөөд сул чөлөөтэй ажлын байрны талаарх мэдээллийг тухай бүрд нь маягтын дагуу харьяалах аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, сум, хорооны хөдөлмөр эрхлэлтийн ажилтан, хөдөлмөрийн биржид гаргаж өгнө гэж хуульчилсан.

 

            Хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан, төрийн үйлчилгээний албан тушаал болох тус газрын Барилгын материалын лабораторийн шинжээчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлах, зохион байгуулах талаар хууль болон журмаар тодорхойлсон хэм хэмжээ, хуульчилсан журам дүрэм байхгүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан үл ялгаварлан гадуурхах, хөдөлмөрлөх эрх чөлөөг баталгаажуулах, ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангагдах, шударга бус үйлдлийг хориглох буюу иргэдэд хөдөлмөр эрхлэх тэгш боломж, бололцоо олгох зорилгоор хөдөлмөрлөхтэй холбоотой эрх зүйн харилцааны эдгээр суурь зарчмуудыг хангаж Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай /Шинэчилсэн найруулга/ болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн холбогдох зохицуулалтуудыг хэрэгжүүлж, өөрийн байгууллагад шинээр үүссэн төрийн үйлчилгээний албаны сул орон тооны талаарх нээлттэй сонгон шалгаруулалтыг олон нийтэд урьдчилан мэдээлж, иргэдийг бүртгэж, улмаар сонгон шалгаруулалт явуулсан нь ажил олгогч төрийн байгууллагын хувьд Монгол Улсын Үндсэн хуульд заасан шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх талаарх  төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцсэн, тухайн үйл ажиллагааг эрхлэн явуулахдаа нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан, хассан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М-ийн давж заалдах гомдол хууль зүйн болон бодит үндэслэлд нийцээгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            17. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно гэж хуульчилсан, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар төрийн үйлчилгээний албан тушаал нь төрийн жинхэнэ албанд хамаарахгүй ба мөн хуулиар төрийн үйлчилгээний албанд иргэдийг сонгон шалгаруулж томилох тухай зохицуулалтгүй, харин тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заасан бол 4.3 дахь хэсэгт “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж, 4.4 дэх хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна” гэж тус тус хуульчилсан. Өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээний албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль болон энэ хууль, хууль тогтоомжийн бусад актаар тогтоох ба түүнийг сонгон шалгаруулж, ажилд томилохтой холбоотой харилцаанд Төрийн албаны тухай хуулиар тухайлан зохицуулаагүй тул Хөдөлмөрийн тухай хууль, мөн бусад хуулиар журам тогтоосон бол тухайн хуулийн зохицуулалт үйлчлэхээр байна.

            Гэтэл Иргэний хуулийн Гучин гуравдугаар бүлэгт заасан, ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбоотой үүргийн харилцааны нэгэн төрөл болох хөдөлмөрлөхтэй холбоотой иргэний эрх зүйн харилцаанд, тухайлбал төрийн байгууллагад ажилладаг төрийн үйлчилгээний албан хаагчтай ажил олгогч мөн хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулах ба мөн зүйлийн 369.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээнд Иргэний хуулийн ерөнхий ангийн үндэслэл бусад гэрээний нэгэн адил хамаарч, талууд тэгш эрхийн үндсэн дээр, сайн дураараа, гэрээний агуулгыг Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн өөрсдөө тодорхойлох зэрэг гэрээний эрх чөлөөний суурь зарчмууд үйлчилдэг.

18. Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл, журмыг хуулиар тогтооно” гэж, Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх заалтад “хөдөлмөрийн гэрээ” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1 дэх заалтад ажилтан нь ажил олгогчтой сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ байгуулах, өөрчлөх, цуцлах үндсэн эрхтэй гэж, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулна гэж тус тус хуульчилсан, төрийн байгууллагад гарсан төрийн үйлчилгээний албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах талаар хуулиар тусгайлан эрх олгосон захиргааны болон бусад эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр, тогтоосон дүрэм журам, хуулийн зохицуулалт байхгүй учраас ямарваа нэгэн эрх зүйн эх сурвалжийг шалгуур болгож Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын төрийн үйлчилгээний албан тушаал болох Барилгын материалын лабораторийн шинжээчийн сул орон тоонд ажил олгогчоос сонгон шалгаруулалт зарлаж, нэр бүхий иргэдийг бүртгэж, тэдгээрээс шалгалт авч, нэг иргэнийг сонгон шалгаруулж, улмаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Ж-ийг тухайн байгууллагын даргын тушаалаар ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан үйл ажиллагааг хууль тогтоомжийг зөрчсөн, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх аливаа үндэслэл тогтоогдоогүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Хариуцагчийн хариу тайлбарын үндэслэл, нэхэмжлэгчийн төлөөлөгч, бие даасан гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тайлбарт дурдагдсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/1112 дугаартай, төрийн байгууллагад үүссэн төрийн үйлчилгээний албаны сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах тухай захирамж нь хэм хэжээ тогтоосон акт биш, тухайн актыг хуулиар тусгайлан эр холгосон захиргааны байгууллагаас бүх нийтээр, заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэл, нотолгоо хэрэгт авагдаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

19. Иймд дээр дурдсан үндэслэлээр гомдол гаргагч С.Е-ын хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, тус газраас байгуулсан ажлын хэсэгт холбогдуулж гаргасан “тус ажлын хэсгээс зохион байгуулсан Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн шинжээчийн албан тушаалын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох, сонгон шалгаруулалтыг дахин зарлахыг даалгах, мөн тус газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн б/02 дугаартай “М.Ж-ийг ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгох тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            20. С.Е-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 302/ШШ2025/00273 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Е-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                            Ж.ОТГОНХИШИГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК