| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 130/2024/00413/И |
| Дугаар | 212/МА2025/00041 |
| Огноо | 2025-07-04 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 212/МА2025/00041
Ж.А-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 302/ШШ2025/00301 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ******** багт оршин суух Б овогт Ж.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* багт оршин суух Х овогт А.Ж-д холбогдох,
“Талийгаач Б.Д-т зээлдүүлсэн мөнгөнөөс үлдсэн 161,200,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Х.Манар, нэхэмжлэгч Ж.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Бахыт, хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга:
1.1. Миний бие Х аймгийн төв, Ж суманд амьдардаг, хувиараа төрөл бүрийн бизнес эрхэлдэг. 2019 онд анх талийгаач Б.Д-той нөхөр бид хоёр танилцсан. Талийгаач Б.Д- бол Х аймгаас дандаа мал худалдаж авдаг байсан. Тухайн үед манайд ноолуур байсан тул би ноолуур авах уу хэмээн хэлсэн. Манай гэрт тухайн үед 600 кг ноолуур байсан. Уг ноолуурыг талийгаач Д- 1 сарын хугацаанд танд мөнгийг чинь өгөх болно хэмээн тохиролцож, уг 600 кг ноолуурыг надаас аваад явсан. Талийгаач сарын дараа тохирсон хугацаандаа ноолуурын мөнгийг надад өгсөн. Мөн түүний дараа 2019 оны намар надад 7,000,000 төгрөг зээлээч, би 10,000,000 төгрөг болгоод өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би 7,000,000 төгрөгийг өгөөд тохирсон ёсоор мөнгөө хугацаандаа авсан. Бид ийм байдлаар дотно харьцаж эхэлсэн. Улмаар 2021 оны намар Х аймгаас ирээд мал худалдаж авсан. Тэр үед би 400 толгой мал өгсөн. Гэхдээ тухайн үед уг авсан 400 толгой малын мөнгийг өгсөн. Тэгээд хэсэг хугацаа өнгөрсний дараа манайд ирээд надад мөнгө зээлээч гэхээр нь би хадам эрэгтэй дүүгээсээ 100,000,000 төгрөг, хадам эмэгтэй дүүгээсээ 150,000,000 төгрөг тус тус зээлж аваад талийгаач Б.Д-т зээлсэн. Би урьд нь 50,000,000 төгрөгийг бэлнээр нь зээлдсэн байсан. Тэгээд 50,000,000 төгрөгийг Төрийн банкны данс руу шилжүүлсэн. Тухайн үед надад 100,000,000 төгрөг өгөх бол 10,000,000 төгрөгийн хүү өгөх болно хэмээн хэлсэн. Харин 200,000,000 төгрөг өгөх бол 20,000,000 төгрөгийн хүү өгөхөөр болж тохиролцоод уг мөнгийг аваад явсан. Түүний дараа ч гэсэн манайд ирж хонож явдаг байсан. Улмаар бид нараас зээл авсаар байгаад талийгаач Б.Д-ын авсан мөнгө нь 500,000,000 төгрөгт хүрсэн.
1.2.Тэгээд Улаанбаатар хотод 3000 ширхэг арьс ачиж очих үед би нөгөө зээлсэн мөнгөө асуусан. Тухайн үед өнөөдрийн хариуцагч буюу А.Ж- талийгаач аавын хамт явж байсан. Би зээлсэн мөнгөө асуух үед миний данс руу 190,000,000 төгрөг хийсэн. Уг мөнгө нь арьс, ширний мөнгө байсан. Дараа нь дахин 10,000,000 төгрөг шилжүүлж байсан. Би зээлсэн мөнгөнөөсөө нийтдээ 338,800,000 төгрөг авсан байна. Одоо үлдэгдэл 161,200,000 төгрөг төлөгдөөгүй байна.
1.3.Тэгээд уг үлдэгдэл мөнгийг 2023 оны намраас эхлэн талийгаачаас асууж эхэлсэн. Сүүлд өгөхгүй байхаар нь Өлгийд ирээд түүнтэй уулзаж, мөнгөө өгөхгүй бол би шүүхэд хандах талаар хэлсэн. Тэгэхэд надад битгий шүүхэд хандаарай би мөнгөө төлөх болно хэмээн хэлсэн. 2023 оны 11 дүгээр сард Тосонцэнгэлийн Г гэх хүнээс 3000 тооны мал авч, түүнийг ачуулсан байна. Үүнийг сонссоны дараа би дахин мөнгөө асуухад, би энэхүү малын махыг хүлээлгэж өгөх үед чиний тооцоог дуусгах болно. Нэг ёсондоо 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тооцоог дуусгах болно хэмээн хэлсэн. 2023 онд урьд нь өгсөн мөнгөө авъя гэж очих үед надад мөнгө төгрөг өгөөгүй. 2023 оны 08 дугаар сараас эхлэн талийгаач Б.Д- ахад мессеж хүртэл бичсэн. Тэр үед өгнө гэдэг байдлаар хэлдэг байсан боловч одоо хүртэл өгөөгүй. Гэтэл Б.Д- нь 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр зуурдаар нас барсан юм.
1.4. Ер нь Б.Д- нь бидэнтэй дотносоод бид нарын харилцан итгэлцлийн үндсэн дээр хоорондоо аман гэрээ хийж мөнгө зээлдээд заримыг нь буцааж аваад, улмаар мөнгөө нийлүүлж хамтран бизнес эрхэлж байсан. Манайх хашаандаа нүүрс, банз, мод зэргийг худалдан борлуулдаг тул байнга гэртээ бэлэн мөнгө байдаг болохоор хэд хэдэн удаа их хэмжээгээр бэлэн мөнгө Б.Д-т өгч байсан. Гэхдээ мөнгө өгсөн талаар ямар нэгэн гар баримт бичүүлж аваагүй нь талийгаачид маш их итгэсэн хэлбэр тул баримт аваагүй, хоорондоо ямар нэгэн бичгийн гэрээ байгуулаагүй болно. Миний бие Х гэх хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын хувьд компанийн данснаас болон өөрийн харилцах данснаас Б.Д-т шилжүүлсэн мөнгөө шүүхэд гаргаж өгсөн дансны хуулганд Б.Д-той холбоотой хэсгийг тэмдэглэсэн байгаа. Талийгаач Б.Д- зөвхөн манай аав биш нилээн олон хүмүүсээс мөнгө зээлдэж авсан байна. Манай аав Б.Д- ах дээр ноолуур, мөнгөө зээлдүүлдэг байсан. Б.Д- ах мөнгөний хэрэг гарлаа гэх үед хадам аав болон, хүргэн ахаас мөнгө авч талийгаач Б.Д- руу өгч байсан. Тухайн үед мөнгөний хэрэг гарч байна, би А компанид мал өгнө. Мөнгөө явуулахгүй байна. Чи надад мөнгө зээлдээч гэсэн учраас тэр хүмүүсээс мөнгө зээлдэж аваад өгч байсан. Талийгаач Эрдэнэбүрэн суманд амьдардаг манай хадам ахаас мөнгө зээлдэж авсан байна.
1.5.Иймд 2021 оны 8 дугаар сараас 2023 оны 10 дугаар сар хүртэл үргэлжилсэн байдлаар Б.Д-ын надаас зээлээр авсан мөнгө нь 500,000,000 төгрөгт хүрч байсан ба үүнээс 338,800,000 төгрөгийг төлсөн ба харин 161,200,000 төгрөгийг төлөөгүй байсан юм.
1.6.Тухайн үед талийгаач Б.Д- нь хүү А.Ж- болон бэрийн хамт амьдарч байсан тул талийгаачийн өмчлөлд байсан 2 давхар өвлийн сууц, 2 ширхэг тээврийн хэрэгсэл, контейнер, эзэмшил, өмчлөлийн газрууд мөн 70 толгой адуу, 60 толгой үхэр мал зэрэг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг хүү А.Ж- өвлөн авч зарим хөрөнгийг зарж борлуулсан байна. Хуульд зааснаар талийгаачийн нас барснаас хойших 1 жилийн хугацааг хүлээх юм бол түүний эд хөрөнгүүдийг хариуцагч зарж борлуулан үгүй хийх юм байна. Тодруулбал, хариуцагч А.Ж- нь банкны барьцаанд байгаагүй талийгаачийн Ланд-100 маркийн тээврийн хэрэгслийг болон мал хөрөнгийг бусдад худалдсан байна. Иймд 1 жилийг хүлээвэл талийгаачийн тоолуулсан малыг зарж дуусгах магадлалтай тул тэр бүхнээс болгоомжилж талийгаачийн өв залгамжлагч А.Ж-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан.
1.7.Миний хувьд үлдсэн мөнгөө 2023 оны 10 дугаар сараас эхлэн талийгаач Б.Д-оос шаардаж эхэлсэн ба одоо хугацаа алдаж сунжруулах юм бол хуулийн байгууллагад өгөх болно, та тооцоогоо дуусгачих гэж хэлэхэд түр тэсэж хүлээж байгаарай гэж хугацаа сунжруулаад намайг хууран мэхэлж хүлээлт үүсгээд байсан ба хамгийн сүүлд гэхэд Б.Д- нас бардаг өдөр ...чиний дансанд махан зоориноос өнөөдөр 50 сая төгрөг орно гэж хэлсэн боловч түүнээс 3 цагийн дараа зуурдаар өнгөрсөн гэж сонслоо.
1.8.Талийгаач Б.Д-ыг нас барсныг сонсоод 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дэлүүн суманд очоод нөхөр бид хоёр ажил явдалд нь оролцсон. Тэр үед талийгаачийн төрсөн ах нь Хуат гэдэг хүн надад хандаж ...талийгаачтай ямар тооцоо байна гэж асуухад 250,000,000 төгрөгийн авлагатай гэж хэлсэн. Харин 7 хоног нь өнгөрсний дараа надад хүү Ж- нь миний дансанд 3,100,000 төгрөг шилжүүлж өгсөн боловч аавын дансанд мөнгө байхгүй тул дахин нэмж өгөх мөнгө байхгүй гэдгийг хэлсэн.
1.9.Талийгаач Б.Д- баруун 3 аймгийн иргэдээс амьдаар мал худалдаж аваад махны үйлдвэрүүдэд нийлүүлдэг байсан ба тэр үед надаас мал худалдаж авахын тулд мөнгө зээлж авдаг байсан. Би одоогоор өөрийн ХААН, Төрийн банкин дахь данснаас, мөн Капитрон банкин дахь Х хоршооны данснаас шилжүүлж байсан мөнгөө нэхэмжилж байна.
1.10. Эцсийн эцэст талийгаач Б.Д- нь биднээс олж авсан итгэлийг ашиглан улмаар их хэмжээний мөнгийг төлөхгүй чирэгдүүлж явсаар манай гэр бүлийг их хэмжээний өр төлбөрт унагааж, эдийн засгийн болон сэтгэл зүйн хямралд оруулж байна. Түүний өв залгамжлагч хүү А.Ж- болон ах дүү нар нь ухамсрын дагуу хүний мөс чанар гаргаж талийгаачийн зээлээр авсан мөнгийг талийгаачийн үлдсэн мал эд хөрөнгийг борлуулах замаар төлж өгнө гэж итгэж байна. Иймд хариуцагч А.Ж-оос талийгаач Б.Д-ын надад төлөх ёстой мөнгөнөөс үлдсэн нийт 161,200,000 төгрөгийг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү гэсэн.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:
2.1. Миний бие 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсон, одоо эхнэр А, хүү С, эмэгтэй дүү Я нарын хамт ******* багт амьдардаг, **********гаар цэцэрлэгт биеийн тамирын багшаар ажиллаж байна.
2.2.Миний аав Б.Д- нь 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр зуурдаар нас барсан. Харин ээж В маань 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр өвчний учир нас барсан. Миний бие эцэг, эхээс дөрвүүлээ. Том эгч Х нь Улаанбаатар хотод, эгч Ах нь Улаанбаатар хотод оюутан, эмэгтэй дүү Я нь Дэлүүн сумын Ерөнхий боловсролын сургуулийн 6-р ангид суралцдаг. Ээж В нас барсны дараа аав Д- нь баруун аймгуудаар явж худалдаа наймаа хийдэг, бараг гэртээ тогтдоггүй байсан.
2.3.Миний аав бол баруун таван аймагт танигдсан малын ченж хүн буюу малын түүхий эдийг худалдан авч борлуулдаг хүн байгаа. Ээж маань өвчний улмаас нас барсан. Аав маань 5 аймгийг тойроод худалдан борлуулалт хийгээд яваад, гэртээ жилд хэд хэдэн удаа л ирдэг. Бид аавын хувцас хунарыг угааж, явуулдаг байсан. Гэртээ хонодог хоног нь маш бага. Би оюутан байхдаа аав маань хааяа холбоо барьж байдлыг маань асуудаг байсан. Айлын ууган байсан тул хичээлээ ч суран гэртээ ч ирээд тусалдаг байсан. Аав маань амьдралдаа өөрийн хийж буй бизнесийн тухай нэг ч удаа хэлж байгаагүй. Хэнээс хэдэн төгрөг авч, хэдэн төгрөг өгөх ёстой гэдгийг бид нарт хэлээгүй. Мөн хэн нэгэнд мөнгө өгч авч байгааг ч мэдэхгүй. Зүгээр бид нар та мөнгөтэй, таны ажил юу болж байна гэж асуухад, бүх зүйл болж байгаа гэж хэлдэг байсан.
2.4.Миний хувьд нэхэмжлэгчийг сайн танихгүй. Аав маань 2022 онд мах ачихаар болсон үед нэхэмжлэгчийн нөхрийн хамт гэрт нь нэг удаа очиж байсан. Түүний хэлж байгаачлан миний хуримд ирээд оролцсон. Нэхэмжлэгчийн хэлж байгаагаар хуримын үйл ажиллагаанд 70,000,000 төгрөг зарцуулаагүй. Хурим хийхээс өмнө байраа болон агуулахаа барьцаалж 90,000,000 төгрөгийн зээл авсан. Тухайн үед хамтран зээлдэгчээр би гарын үсэг зурсан. Уг авсан мөнгөө эргүүлж түүхий эд авсан. Улмаар миний хуримд нийтдээ 40,000,000 гаруй төгрөг гарсан. Мөн уг зарцуулсан мөнгөний тал нь хүмүүсээс цугларсан. Тэгээд орсон бүх мөнгийг аав маань аваад түүхий эд авах ажлаа хийгээд аймгуудыг тойроод явдаг байсан.
2.5.Аав маань гэртээ ирээд хэдэн хоногийн дараа зуурдаар нас барсан. Аав маань нас барсны дараа нэхэмжлэгч нөхрийн хамт ирсэн. Тэгэхэд манай аавын ах эдгээр хүмүүсээс авлагатай, өглөгтэй эсэх талаар асуусан байна. Тухайн үед бид нар өгөх зүйлгүй харин ч авах ёстой авлагатай гэдгийг хэлсэн байдаг. Тэгээд аавын маань 7 хоногийн ажил явдал өнгөрсний дараа аавын маань ах руу өдөрт 4-5 удаа залгаж, авах мөнгөтэй мөнгийг минь өгөөрэй хэмээн хэлдэг байсан. Тэгэхэд би аавынхаа дансыг үзээд мөнгө байгаа эсэхийг нягтлахад ямар ч мөнгө байгаагүй. Бид өөрсдөө аав маань нэхэмжлэгчээс мөнгө авах байх гэж бодсон. Гэхдээ сүүлдээ тийм биш юм шиг санагдсан. Нэхэмжлэгчид шууд өгчих тийм мөнгө надад ч гэсэн байхгүй. Өөрөө их хэмжээний зээл төлж байгаа залуу гэр бүл. Мөн уг аавын маань авсан гэх мөнгийг би ямар нэгэн байдлаар хувьдаа зарцуулаагүй. Би өөртөө байгаа бүх мөнгө төгрөгөө хурааж нийтдээ 3,100,000 төгрөг өгсөн. Одоо надад нэхэмжлэгчид өгөх ямар ч мөнгө байхгүй.
2.6.Миний бие бага насны буюу нярай хүүхэдтэй, мөн төрсөн хоёр дүү маань оюутан, тэднийг сургаад их хэмжээний зээл төлж байгаа залуу гэр бүл гэдгээ нэхэмжлэгчид хэлсэн. Нэхэмжлэгчийн хэлж буй олон тооны бод мал одоо байхгүй. Ааваасаа нийтдээ 30 гаруй тооны адуу, 6-7 гаруй тооны үхэртэй үлдсэн байсан. Өвөл надад уг адуу, үхрүүдэд тэжээл авч өгөх боломж байхгүй байсан тул нэг үхэр маань үхсэн. Мөн би 25 тооны адуугаа туранхай үед тэжээж чадаагүй тул 25,000,000 төгрөгөөр худалдсан. Уг мөнгийг 5 дугаар сарын дундуур авсан зээлд хийсэн. Зөвхөн сардаа зээлийн хүү хэмээн 1,500,000 төгрөг нэмэгддэг. Мөн Ланд-80 маркийн машин байсан. Түүнийг бас Д гэдэг хүнд 15,000,000 төгрөгөөр худалдан борлуулж зээлд хийсэн. Миний өмчлөлд өөрийн хөдөлмөрөөр авсан Пирус маркийн автомашин байдаг ба уг автомашины техникийн гэрчилгээ нь миний нэр дээр байдаг. Одоогийн байдлаар аавын ХААН банканд төлөх ёстой зээлээс 59,0 сая орчим төгрөгийн үлдэгдэл байна. Мөн хүү нь бодогдож явж байгаа. Миний бие ХААН банкнаас аавын авсан зээлийн хамтран зээлдэгч юм.
2.7.Надад одоо 10 тооны адуу, 6 тооны үхэр байгаа. Би тэд нарыг болон өөрийн унаж буй машинаа худалдсан ч гэсэн зээлээ бүрэн төлөх боломжгүй байдалтай байна. Хэрвээ аав маань нэхэмжлэгчийн мөнгөөр эд хөрөнгө аваад эсвэл мөнгөө дансанд хадгалсан бол өөр хэрэг байх байсан. Бид нэхэмжлэгчид мөнгө өгөх гэсэн ч ямар ч боломжгүй байна.
2.8.Нэхэмжлэгч аав маань надаас мөнгө зээлж авсан хэмээн ярьж байгаа. Гэхдээ аав маань нэхэмжлэгчтэй хамтран ажиллаж байсан хэмээн бид нар ойлгож байсан. Миний мэддэг зүйл гэвэл 2020 онд байх Улаанбаатар хотод 7000 ширхэг арьс ачаад үүнээс олсон бүх мөнгийг нэхэмжлэгч машин авна хэмээн авсан юм. Би хааяа аавдаа бага зэрэг тусалдаг байсан. Түүнээс биш би аавын нарийн тооцоонд оролцож байгаагүй. Хэнээс хэдэн төгрөг аваад хаана зарцуулж байгаа талаар надад мэдэх зүйл байхгүй.
2.9.Аав маань хэдэн толгой мал тоолуулсныг би мэдэхгүй, би өөрөө 2023 оны жилийн эцсээр эхнэр бид хоёрт ноогдох малаа тусдаа тоолуулсан, тусдаа өрх болж явдаг. Ер нь миний бие нэхэмжлэгч Ж.А-ийг сайн танихгүй, түүнтэй хамтарч ямар нэгэн наймаа худалдаа хийж байгаагүй учраас түүний манай талийгаач ааваас нэхэмжилж буй 161,200,000 төгрөг ямар учиртай гэдгийг огт мэдэх боломжгүй байдалтай байна. Иймд нэхэмжлэгч гэх Ж.А-ийн тус шүүхэд гаргасан надаас 161,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье.
3.Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 302/ШШ2025/00301 дүгээр шийдвэрээр:
3.1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А.Ж-оос талийгаач эцэг Б.Д-ын төлөх өр төлбөр болох 26,970,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.А-д олгож, илүү нэхэмжилсэн 134,229,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
3.2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 963,950 (есөн зуун жаран гурван мянга есөн зуун тавин) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Ж-оос улсын тэмдэгтийн хураамжид 292,802 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.А-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1.Анхан шатны шүүх Ж.А-ийн нэхэмжлэлтэй А.Ж-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэн, иргэний хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй буюу хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэж байна.
4.2. А.Ж- би 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр А-тэй гэр бүл болсон, одоо эхнэр А, хүү С, эмэгтэй дүү Я нарын хамт ********** багт амьдарч байна. А.Ж- би Баян-Өлгий аймгийн ******** цэцэрлэгт биеийн тамирын багшаар ажилладаг. Миний аав Б.Д- нь 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр зуурдаар нас барсан. Харин ээж В маань 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр өвчний учир нас барсан. Манайх эцэг, эхээс дөрвүүлээ. Том эгч Х нь Улаанбаатар хотод амьдардаг, эгч Ах нь Улаанбаатар хотод оюутан, эмэгтэй дүү Я нь *** Ерөнхий боловсролын сургуулийн 8-р ангид суралцдаг. Миний төрүүлсэн ээж В нас барсны дараа аав Д- нь баруун аймгуудаар явж малын худалдаа наймаа хийдэг, бараг гэртээ тогтдоггүй байсан. А.Ж- би аав Б.Д-ын хийж буй малын наймаа худалдааны ажилд өөрөө төсөвт байгууллагад ажилладаг тул оролцох шаардлага ч байхгүй байсан, аавын хаана юу хийж, хэнтэй наймаа хийж байгааг сонирхож мэдэхгүй байсан. Ер нь миний аав Б.Д- нь хувьдаа хэчнээн төгрөгтэй байсан, хэнээс хэдэн төгрөгийн авлагатай байсан, хадгаламжид хэчнээн төгрөгтэй байсан, хэнд хэдэн төгрөгийн өглөгтэй байсан гэдгийг би мэдэхгүй. Аав өөрийн хийж буй малын наймаа худалдааны талаар надтай ярьдаггүй байсан. Аав зуурдаар нас барсны дараа түүний ХААН банканд байгаа дансыг шалгаж үзэхэд дансанд 3,5 сая төгрөгийн үлдэгдэлтэй байсныг бидний одоогийн амьдарч байгаа 2 давхар өвлийн сууцыг ХААН Банкны барьцаанд байсан тул түүний зээлд хийсэн.
4.3. Миний өмчлөлд “Приус” маркийн автомашин байдаг ба уг автомашины техникийн гэрчилгээ нь миний нэр дээр байдаг. Би уг автомашиныг өөрийн ариун цагаан хөдөлмөрөөр авсан би, эхнэр, хүүхдүүд бидний миний хуваарьт өмч, харин аавын эзэмшиж байсан гэх өмчлөлийн Ланд автомашиныг аав нас барсны дараа түүний ХААН банкнаас өвлийн сууц барьцаалж авсан их хэмжээний зээлийг төлөх зорилгоор Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэн Д гэдэг хүнд худалдсан. Ер нь аав нас барах үед аавын ХААН Банканд төлөх ёстой 77,0 сая орчим төгрөгийн зээлийн үлдэгдэл байсан. Ийнхүү аавын нэр дээр байгаа уг автомашиныг иргэн Д-д худалдсанаар өнгөрсөн хугацаанд 60 сая төгрөгийн зээлийг төлж барагдуулж одоогийн байдлаар аавын ХААН Банканд төлөх ёстой зээлээс 34,0 сая төгрөгийн үлдэгдэл зээлтэй байна. Мөн хүү нь одоо хүртэл сар бүр бодогдож байгаа нийт хүүд 25 орчим сая төгрөг төлсөн.
4.4. Ер нь аав маань хэдэн толгой мал тоолуулсныг би мэдэхгүй, би өөрөө 2023 оны жилийн эцсээр эхнэр бид хоёрт ноогдох малаа тусдаа тоолуулсан, тусдаа өрх болж тоологдож явдаг. Ер нь А.Ж- нь би нэхэмжлэгч Ж.А-ийг сайн танихгүй, түүнтэй хамтарч ямар нэгэн наймаа худалдаа хийж байгаагүй учраас түүний миний талийгаач аав Б.Д-оос түүний нэхэмжилж буй 161,000,000 төгрөг ямар учиртай гэдгийг огт мэдэх боломжгүй байдалтай байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.
4.5. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т ”Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ” гэж заасан. Би шүүхийн шийдвэр гарах хүртэл эцэг Б.Д-ын ямар нэгэн хөрөнгийг хууль ёсоор өвлөж аваагүй, өвлөх эрх нээгдээгүй юм. Аав, ээжийн амьдарч байсан өвлийн сууц, доорх газартайгаа ХААН банкны барьцаанд байгаа. Өөр ямар нэгэн хөрөнгө, мөнгө өвлөж аваагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
4.6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... Хариуцагч А.Ж-ын эцэг Б.Д- нь 2023.12.29-ний өдөр зуурдаар нас барсан, талийгаач Б.Д-ын хууль ёсны, ганц өвлөгч А.Ж- болох нь түүний шүүх хуралдаанд “..дээд шатны шүүхээс өвлөж авсан хөрөнгийн хэмжээгээр өр хариуцна гэж хэрэг хүчингүй болсон. Тийм учраас банкнаас талийгаач эцгийн 3 жилийн дансны хуулгыг авахын тулд аймгийн Дэлүүн сумын ЗДТГ даргаас талийгаачийн ганц өвлөгч хүү эсэх талаарх тодорхойлолт авч банкнаас эцгийнхээ дансны 3 жилийн хуулгыг авсан” гэх тайлбараар нотлогдож байгаа тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх заалтаар талийгаач Б.Д-ын хууль ёсны өвлөгч А.Ж- мөн болох нь тогтоогдсон” гэж дүгнэлт хийснийг зөвшөөрөхгүй байна. Учир нь иргэний хэрэгт Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын ЗДТГ-ын даргын тодорхойлолт гэх бичиг баримт авагдаагүй байна.
4.7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 001\ХТ2025\00021 дугаартай тогтоолын заалтууд хэрхэн хангагдсан талаар нэг ч үг, өгүүлбэр дурдаагүй байна. Нөгөө талаас нэхэмжлэгч талаас Улсын дээд шүүхийн тогтоолын заалтуудыг хангах талаар ямар нэгэн алхам, үйлдэл хийгээгүй, өмнөх байр сууринд хэвээр байсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн зарчмыг хангахгүй байна гэж үзэж байна.
4.8. Хариуцагч А.Ж- миний анхан шатны шүүхэд гаргасан тайлбар, өөрийн зүгээс гаргаж өгсөн олон хуудас бүхий бичгийн нотлох баримтуудаар Ж.А- болон талийгаач аав Б.Д- нарын хоорондох мөнгөний асуудал нь надад ямар ч хамааралгүй буюу харин ч Ж.А-ээс манай аав авлагатай байсан нь тогтоогдсоор байхад анхан шатны шүүх намайг Ж.А-ээс их хэмжээний зээл авсан мэтээр буруутган Иргэний хуулийн 520.1, 535.1 дэх хэсэгт зааснаар надаас 26,970,500 /хорин зургаан сая есөн зуун далан мянга, таван зуу/ төгрөг гаргуулан Ж.А-д олгохоор шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дугаар сарын 07-ны өдрийн 302\ШШ2025\00301 дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч гэх Ж.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.
5. Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
5.1. Миний данснаас нийт 419,115,000 (дөрвөн зуун арван есөн сая нэг зуун арван таван мянга) төгрөгийн гүйлгээ гарсан бөгөөд үүнээс 80,000,000 (наян сая) төгрөгийг хоёр удаа бэлнээр өгсөн болно. Гэвч энэхүү бэлэн өгсөн мөнгийг өмнөх шүүх хурлын шийдвэрт тусгаагүй байгаа. Талийгаач Д-ын данснаас надад А.Ж- гэх хариуцагчийн зүгээс нийт 392,144,500 (гурван зуун ерэн хоёр сая нэг зуун дөчин дөрвөн мянга таван зуу) төгрөг шилжүүлсэн болох нь шүүхэд гаргасан дансны хуулбараар нотлогдсон. Үүний улмаас надад 26,970,000 (хорин зургаан сая есөн зуун далан мянга) төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шүүхээс шийдвэрлэсэн.
5.2. Мөн талийгаач Д-ын нэр дээр байсан Land Cruiser 80 маркийн тээврийн хэрэгслийг тухайн үед зарсан бөгөөд зах зээлийн үнэлгээгээр 35,500,000 (гучин таван сая таван зуун мянга) төгрөгөөр үнэлэгдсэн. Мөн 10 үхэр нийт 10,000,000 (арав сая) төгрөгөөр зарсан баримт бий. Тэгэхээр Д-ын нэр дээр бүртгэлтэй байсан дээрх 55,500,000 (тавин таван сая таван зуун мянга) төгрөгийн хөрөнгө орлогын дүнг үндэслэн, миний гаргуулж авах үлдэгдэл 26,970,000 төгрөгийг уг хөрөнгөөс нөхөн төлүүлэхийг шүүхээс хүсье.
ХЯНАВАЛ:
6. Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг ойлгоно.
Гэтэл шүүх Иргэний хуулийн холбогдох заалтыг хэрэглэж хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн үйл баримт бодитой тогтоогдсон эсэх, хууль хэрэглэх урьдчилсан нөхцөлүүд бүрдсэн, хангагдсан эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй байдал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гараагүй байх нөхцөлийг бүрдүүлжээ.
8. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэг, 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх заалт, 527 дугаар зүйлийн 527.1 дэх хэсэг, 528, 535 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөл нь, тухайн маргааны хувьд (1) Ж.А- болон талийгаач /хариуцагч А.Ж-ын эцэг/ Б.Д- нарын хооронд үүссэн өр авлагын хэмжээ, (2) Б.Д- нас барснаар хариуцагч А.Ж-ын хүлээж авсан өвийн хэмжээнээс гадна (3) талийгаач Б.Д- нь 4 хүүхэдтэй бөгөөд хууль ёсны бусад өвлөгчдийн өв хөрөнгийн талаар болон Б.Д- болон Ж.А- нарын хооронд үүссэн өр төлбөрийн талаарх байр суурь тус тус тодорхой болсон байж Иргэний хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэж талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэх боломжтой болох юм. Энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 21 дүгээр тогтоолд тодорхой тусгасан бөгөөд хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх үед хариуцагч А.Ж-оос нэмэлт тайлбартай нь хамт талийгаач Б.Д-ын ХААН банк дахь *********** дугаар дансны хуулгыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар гаргаж өгсөн, нэхэмжлэгч Ж.А-ээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж тэмдэглэлийн дэвтрийн хуулбар, Ж.А-ийн Төрийн банк дахь данснаас 80,000,000 төгрөг бэлнээр авсан тухай, мөн бусад харилцах дансны хуулга зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн байна.
9. Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 21 дүгээр тогтоолд тусгасан, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлуудын талаар, тухайлбал талийгаач Б.Д-ын нэхэмжлэгч Ж.А-д төлбөл зохих үүргийн хэмжээний талаар анхан шатны шүүхээс “Ж.А-ийн ХААН болон Төрийн банкны тоот данс, Х ХХК-ийн Капитрон банкны данснаас Б.Д-ын ХААН банк дахь *********** дугаар данс руу бүгд 385,715,000 төгрөг, мөн ноолуурын үнэ 33,400,000 төгрөг, нийт 419,115,000 төгрөгийг зээл, малын үнэ гэсэн утгаар шилжүүлсэн, харин Б.Д-ын ХААН банк дахь дээрх данснаас Ж.А-ийн ХААН банк дахь ************ данс руу 389,044,500 төгрөг шилжүүлсэн ба хариуцагч А.Ж-оос 3,100,000 төгрөг төлсөн” зэргийг харьцуулж, Ж.А-ийн Б.Д-т шилжүүлсэн нийт 419,115,000 төгрөгөөс Б.Д- болон А.Ж-оос нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн 389,044,500 төгрөг, 3,100,000 төгрөг зэргийг тус тус хасаж Б.Д-ын нэхэмжлэгч Ж.А-д төлбөл зохих үүргийн нийт хэмжээг 26,970,500 төгрөгөөр тогтоожээ.
Гэвч анхан шатны шүүх хариуцагчаас гаргаж өгсөн, талийгаач Б.Д-ын ХААН банк дахь *********** дугаар дансны 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаарх хуулгыг үндэслэж “Б.Д- нь энэхүү хуулгаар Ж.А-ээс 101,844,500 төгрөгийн авлагатай байна” гэсэн хариу тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээж авах нь зүйтэй ба энэхүү нөхцөл байдлыг анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан “шүүх шийдвэртээ хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэсэн хууль зүйн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.
10. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий дээрх нөхцөл байдлуудаас нэхэмжлэгч Ж.А- болон талийгаач /хариуцагч А.Ж-ын эцэг/ Б.Д- нарын хооронд үүссэн өр авлагын хэмжээний талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэсэн боловч бусад нөхцөл байдлуудын талаар, тухайлбал хариуцагч А.Ж-ын хүлээн авсан өвийн хэмжээ, үүнтэй холбогдуулан тухайн өвлөгчийн үүргийн хэмжээ, талийгаач Б.Д-ын нэр дээр тоологдсон мал, үл хөдлөх хөрөнгө, автомашин зэрэг эд хөрөнгийг хариуцагч өвийн журмаар хүлээн авч захиран зарцуулсан эсэх, энэ нь түүний хүлээж авсан гэх өвийн хэмжээг тогтооход ач холбогдолтой эсэх, хариуцагч А.Ж- болон түүний хоёр эгч, мөн дүү нь өв хүлээн авсан эсэх, авсан бол ямар хэмжээгээр хүлээж авсан эсэх, тэдгээр хууль ёсны өвлөгчдийн өвийн талаар болон Ж.А-, Б.Д- нарын хооронд үүссэн үүрэг, Б.Д-ын бусад үүргийн талаарх байр суурь, түүнчлэн талийгаач Б.Д-ын өөр бусад үүргийн хэмжээ зэрэгт Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолд заасанчлан дүгнэлт өгөхгүйгээр орхигдуулсан нь тухайн шийдвэрийг хууль ёсны байх зарчмыг хангасан гэж үзэхэд учир дутагдалтай болжээ.
11. Тухайлбал, анхан шатны шүүхийн “...бусад хууль ёсны өвлөгч нар нь талийгаачийн нэр дээрх хуваарьт хөрөнгүүдийг өвлөж аваагүй, ганц хүү нь болох хариуцагч А.Ж-оос худалдан борлуулж, захиран зарцуулж байгаа эс үйлдэл нь хариуцагчийг өвлүүлэгчийн эд хөрөнгийг өвлөж авсан гэж үзнэ” гэх, мөн “талийгаач Б.Д-ын хууль ёсны ганц өвлөгч нь А.Ж- болох нь түүний шүүх хуралдаанд ... гэж гаргасан тайлбар зэргээр тогтоогдсон” гэсэн дүгнэлтүүд хэргийн жинхэнэ нөхцөл байдалтай нийцэхгүй, хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудад үндэслэгдээгүй байх тул “шүүх Иргэний хуулийн 515 дугаар зүйл, 520 дугаар зүйлийн 520.1.1, 535 дугаар 535.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, шүүх нотлох баримт дутуу үнэлж, хариуцагчийн хариу тайлбарын үндэслэлийг анхаарч үзээгүй” гэсэн агуулгатай хариуцагч А.Ж-ын давж заалдах гомдлын зарим үндэслэлийг хүлээн авч шийдвэрлэв.
12. Хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нөхцөл байдлууд бүрэн тогтоогдоогүй, энэ талаар талуудын тайлбар, дүгнэлтийг үндэслэж анхан шатны шүүхээс хангалттай тодруулаагүй, тухайн маргааны үйл баримтын талаар шүүхээс эцэслэн дүгнэж Иргэний хуулийн холбогдох заалтыг хэрэглэх нөхцөл бүрдээгүй буюу хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 301 дүгээр шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим үндэслэлийг хүлээн авч, түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 963,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 302/ШШ2025/00301 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагч А.Ж-ын давж заалдах гомдлын зарим үндэслэлийг хүлээж авсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 963,950 төгрөгийг мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар, шүүгчийн захирамжаар төрийн сангийн зохих данснаас гаргуулж А.Ж-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК