| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
| Хэргийн индекс | 128/2019/0398/З |
| Дугаар | 221/МА2020/0151 |
| Огноо | 2020-02-20 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2020/0151
Ц.Ц нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгч Ц.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 879 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.Ц нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 879 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 9 дүгээр цэцэрлэгийн ард байрлах тус дүүргийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 164 дүгээр захирамж, 2004 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №000 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 1 тоот нэгж талбарын дугаар бүхий 48 м.кв газрыг нэхэмжлэгч Ц.Ц шинээр эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, уг газрыг эзэмших эрх олгохыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэгч Ц.Ц нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Ц“Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 9 дүгээр цэцэрлэгийн ард байрлах тус дүүргийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 164 дүгээр захирамж, 2004 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №000 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 9 тоот нэгж талбарын дугаар бүхий 48 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, уг газрын эзэмших эрхийн хугацааг сунгахыг хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагын 1 дэх хэсгээсээ хэсэгчлэн татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М давж заалдах гомдолдоо:
Нэхэмжлэгч Ц.Ц нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 164 дүгээр захирамжаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 09 дүгээр цэцэрлэгийн ард байрлах 1 тоот нэгж талбарын дугаар бүхий 48 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байдаг. Уг маргаан бүхий газрын эзэмших эрхийг анх олж авах үед Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь заалтад заасан “инженерийн шугам, сүлжээ бүхий газар”-т хамаарахгүй байсан тул дүүргийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд газар эзэмших эрх олгосон байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс газар эзэмших эрхийн хугацааг сунгуулахаар хүсэлт, гомдлууд холбогдох байгууллагуудад гаргаж, шүүхэд захиргааны хэрэг хянан шийдвэрлэгдэж байх үед уг маргаан бүхий газар нь “инженерийн шугам, сүлжээ бүхий газар”-т хамаардаг болсон байсан буюу өөрөөр хэлбэл уг газарт эзэмших эрх олгох бүрэн эрх Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасны дагуу нийслэлийн Засаг даргад шилжсэн байна. Үүнйг нэхэмжлэлчийн зүгээс огт мэдээгүй ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэж байх явцад бүхэлдээ давхцалтай болсон байсныг олж мэдсэн. Үүнийг судалж үзэхэд нийслэлийн Засаг даргын 2014 оны А/653 дугаар захирамж гарч, нэхэмжлэгч Ц.Ц эзэмшлийн маргаан бүхий газар инженерийн шугам сүлжээ бүхий газарт хамаарсан гэж үзэхээр байна. Иймд хариуцагч талын хууль бус үйлдэхүй нь 2014 оноос эхэлсэн гэж үзэж байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн “Үндэслэх хэсэгт” ....нөгөө талаар нэхэмжлэгч маргаан бүхий газрын эзэмших эрхийн хугацаа сунгуулахаар дүүргийн Засаг даргад хандахад Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3/417 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр тухайн газар нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасны дагуу Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний асуудал байх тул шийдвэрлэх боложгүй” тухай дурдаж хариу өгч байжээ. Гэтэл нэхэмжлэгч энэ талаар хариуг 2019 оны 03 дугаар сард хүлээн авч мэдсэн атлаа 2019 оны 09 дүгээр сар хүртэл хүсэлт гаргаж холбогдох байгууллагад хандаагүй байна” гэж дүгнэжээ. Нэхэмжлэгч нь 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3/417 дугаар албан бичгийг хүлээн авсан нь үнэн. Гэхдээ уг албан бичгээр дээрх нөхцөл байдлыг шууд мэдсэн гэж үзэх ямар ч үндэслэлгүй.
Нийслэлийн иргэдийн Төлөөллөгчдийн Хурлаас баталдаг жил бүрийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэг иргэн буюу иргэн Ц.Ц газар олгох асуудлыг тусгайлан тусгагдаагүй ба төлөвлөгөөнд тусгагдаагүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хэвээр бай гэсэн утгаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрвээ шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд 2020 оны төлөвлөгөө, нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар шийдэгдэх бүрэн боломжтой гэж үзэж байна. 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 35-д ажлыг хэрэгжүүлэхийг тодорхой тусгагдсан байдаг.
Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд газар эзэмших эрх дуусгавар болгох үндэслэлүүдийг тодорхой дурдсан бөгөөд нэхэмжлэгч Ц.Цн хувьд хуульд заасан үндэслэлүүдийн аль ч бүрдээгүй буюу газар эзэмших эрх хэвээр үргэлжилж, 2019 оны газрын төлбөрүүдийг бүрэн төлсөн байдаг. Газар эзэмших эрх, газрын харилцаа дуусгавар болоогүй, газар эзэмших эрх нь зөрчигдөж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, нэхэмжлэлээ хангуулах бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 879 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ц.Ц нь “...миний гаргасан газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг Чингэлтэй дүүргийн газрын алба болон Засаг дарга шийдвэрлэхгүй байсаар газар эзэмших эрхийн хугацааг дуусгасан бөгөөд тус газрын алба, Нийслэлийн газрын албанд хандахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглааагүй учраас газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн учраас хугацаа сунгах боломжгүй гэсэн. Гэтэл бодит байдалд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл бүрдээгүй” гэж, хариуцагчаас “...нийслэлийн Засаг даргад 2013 оны захирамжийг холбож яриад байгаа нь сонин байна. Инженерийн шугам сүлжээний асуудал байгаа эсэхийг дүүргийн газар зохион байгуулалтын алба тогтоох ёстой. Иймд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасныг баримтлан маргах хэрэгтэй. Ц.Ц маргаан бүхий газар 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд байхгүй” гэж тус тус маргажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ц.Цогбадрах нь маргаан бүхий 48 м.кв газрыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 164 дүгээр захирамжаар 15 жилийн хугацаатай гаражийн зориулалтаар эзэмшиж байсан бөгөөд маргаан бүхий газар нь эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвас газарт бүхэлдээ давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2/2666 дугаар албан бичиг түүний хавсралт зургаар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.
Нэхэмжлэгч Ц.Ц нь 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр нийслэлийн Засаг даргад хандаж, “Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 9 дүгээр цэцэрлэгийн ард байрлах 48 м.кв газар нь инженерийн шугам сүлжээ бүхий хамгаалалтын зурвас газарт орсон байна. Иймд хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд надад олгож өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргажээ.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.2.3-т “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна” гэж заасан.
Гэтэл хүсэлт гаргасан газар нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байх тул газар эзэмшүүлэх боломжгүй гэсэн хариуцагч нийслэлийн Засаг даргын шийдвэр дээрх хуулийн заалттай нийцсэн байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь маргаан бүхий газрынхаа эзэмших эрхийн хугацааг сунгуулахаар Чингэлтэй дүүргийн Засаг даргад хандахад тус дүүргийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3/417 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр тухайн газар нь Газрын тухай хуулийн 21.2.3-т заасан нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний асуудал учраас шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг аваад холбогдох байгууллагад хандаагүй болох нь тогтоогдсон байна.
Энэ тохиолдолд тухайн газрыг эзэмших хүсэлтээ хуульд заасан журмын дагуу эрх бүхий байгууллагад гаргаж шийдвэрлүүлж байгаагүй, газар эзэмших эрхийг баталгаажуулаагүй тул маргаан бүхий инженерийн шугам сүлжээ бүхий газрыг эзэмших эрх Ц.Ц үүссэн гэж үзэхгүй учраас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх дуусгавар болоогүй гэх гомдол үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.