| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Цогт |
| Хэргийн индекс | 128/2024/0075/З |
| Дугаар | 001/ХТ2025/0097 |
| Огноо | 2025-11-11 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 001/ХТ2025/0097
“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хот байгуулалт, хотын стандартын газар,
нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч шүүгч: М.Батсуурь
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ц.Цогт
Нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0092 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2025/0316 дугаар магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 318 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Сайнбаяр, хариуцагч нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, М.Ч нарыг оролцуулан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын (хуучин нэрээр) даргын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Захиргааны актыг цуцлах тухай” А/31 дүгээр тушаалын “Н” ХХК-ийн *** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалсан хэсгийг хүчингүй болгуулах.
1.2.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Жагсаалт батлах тухай” 12/35 дугаар тогтоолын 142 дахь “Туул зоогийн газрын барилгыг дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад бүртгэсэн” хэсгийг хүчингүй болгуулах.
Хэргийн нөхцөл байдал:
2.1.Хот байгуулалт, хөгжлийн газрын (хуучин нэрээр) даргын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/31 дүгээр тушаалаар “нийслэлийн иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор 2016 оноос өмнө батлан олгосон боловч барилга угсралтын ажил эхлүүлээгүй” гэж 711 архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалсан дотор “Н” ХХК-ийн *** дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар багтжээ.
3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... тус барилгын талбайд олон улсын франчайз зочид буудлын төслийг хэрэгжүүлэхээр 2007 оноос судалгаа, уулзалтуудыг хийж ирсэн бөгөөд шинэ төсөл болох зочид буудлыг нээх зөвшөөрлийг 2023 оны 06 дугаар сард албан ёсоор авсан, ... энэ бүх хугацааны туршид манай компани зээл авч, өөрсдийн уйгагүй ариун шударга, хүч хөдөлмөрөөр дээрх бүтээн байгуулалтын ажлуудыг хийж хэрэгжүүлж, Барилгын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байхад ... А/31 дүгээр тушаалаар ... архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалсан. Хэрэв нийслэлийн иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа бол ямар эрхийг яаж зөрчиж байгаа нь тодорхой байх ёстой, ... барилга угсралтын ажлаа эхлүүлээгүй нь архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцлах үндэслэл болохгүй. Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу барилгын ажлын зөвшөөрлийг авч барилгын ажлаа эхлүүлэх боломжтой. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалалтын зэрэглэлд дэвшүүлэх бол өмчлөгчтэй нь зөвшилцсөн байх шаардлагатай. Гэтэл “Н” ХХК-ийн зөвшөөрөлгүй, харилцан тохиролцож зөвшилцөлгүйгээр манай компанийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад оруулан баталж байгаа нь Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг аймаг, нийслэлийн хамгаалалтын зэрэглэлд нэр дэвшүүлэх, хянан шийдвэрлэх журмын холбогдох заалтыг зөрчиж байна” гэж,
4.Хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газраас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ “... Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны А/31 дүгээр тушаал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалт, нийслэлийн Засаг даргын 2023 оны А/866 дугаар захирамж, Газрын дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1.1, нийслэлийн ерөнхий архитекторын 2023 оны 2023/01 дүгээр албан даалгаврыг тус тус үндэслэн хууль тогтоомжид нийцэж гарсан болно ...” гэж,
4.1.Хариуцагч нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “... Тогтоолыг батлан гаргахын өмнө Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасны дагуу өмчлөгч талуудад сонсох ажиллагааг зохион байгуулж, Чингэлтэй дүүргийн Засаг даргаас 2021 оны албан бичгээр түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг дүүргийн хамгаалалтын зэрэглэлд авах талаар мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, зөвшилцсөн хариуг албан бичгээр ирүүлэхийг мэдэгдсэн боловч ... тус компаниас хариу ирүүлээгүй, мөн Соёл урлагийн газрын даргаас ... саналаа албан ёсоор ирүүлэх тухай албан бичгийг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “Н” ХХК-д хүргүүлсэн байдаг. ... Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрт хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд, өргөн барьсан асуудлын танилцуулга, бүрдүүлбэрт үндэслэн хуульд нийцүүлэн тус тогтоолыг баталсан, “Туул” зоогийн газрын барилга нь 1948 онд баригдсан, Улаанбаатар хотын анхны нийтийн хоолны үйлчилгээний зориулалттай барилга учраас дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад оруулснаар үл хөдлөх дурсгалын эх төрх, бүрэн бүтэн байдлыг хамгаалах, сэргээн засварлах боломж бүрдсэн ...” гэж тус тус тайлбарлан маргажээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр:
5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0092 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 26 дугаар зүйлийн 26.1, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 30 дугаар зүйлийн 30.5, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 5 дугаар зүйлийн 5.1.6, 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/31 дүгээр тушаалын хавсралтын “Н” ХХК-д холбогдох хэсэг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12/35 дугаар тогтоолын хавсралтын 142 дахь “Туул зоогийн газрын барилга”-д холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлал:
6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2025/0316 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0092 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 26 дугаар зүйлийн 26.1, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 5 дугаар зүйлийн 5.1.6, 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12/35 дугаар тогтоолын хавсралтын 142 дахь тал Туул зоогийн газрын барилгад холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/31 дүгээр тушаалын хавсралтын “Н” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Сайнбаяр магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ. (гомдлыг агуулгаар нь тусгав)
7.1.Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулсныг эс зөвшөөрч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах болон эрх зүйн шинэ ойлголт, хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. 2016 оноос өмнө батлан олгосон боловч барилга угсралтын ажил эхлүүлээгүй гэх үндэслэлээр хугацаагүй олгосон архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалж байгаа нь эрх зүйн хувьд шинэ ойлголт төдийгүй хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой маргаан болно.
7.2.Анхан шатны шүүхийн шийдвэрийн 2.1.4-т “Тушаалын үндэслэлд дурдсан нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/866 дугаар захирамжийн төслийн танилцуулгаас үзвэл “2016 оны Барилгын тухай хууль, тогтоомжийн өөрчлөлтөд нийцүүлэх, мэдээллийн санг цэгцлэх” гэсэн зорилготой байх хэдий ч уг архитектур төлөвлөлтийн даалгавар олгогдсоноос хойш тухайн байршлын төлөвлөлтөд өөрчлөгдөөгүй, төлөвлөлттэй зөрчилдсөн гэх баримтгүй, тухайн байршилд төлөвлөлтийн баримт бичгээр өөрөөр төлөвлөгдсөн зүйлгүй” гэж үзэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна. Энэ нь шүүхээс татан авсан баримтуудаар бүрэн нотлогддог. Гэтэл давж заалдах шатны шүүх одоогийн барилгажилтын байдалтай нийцэж байгаа эсэх, төлөвлөлтийн шаардлага, нягтаршил, барилгын норм дүрмийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг нягтлах шаардлага гарч байгаа талаарх бодит нөхцөл байдал бий болсон гэж үзэн хэргийг шийдвэрлэхдээ чухам ямар хуулийн аль заалтад нийцэхгүй, мөн төлөвлөлтийн аль шаардлага, нягтаршил, барилгын норм дүрмийн аль шаардлагыг хангаагүйг тодорхой тусгаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 12.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.2, 14.1.4-т заасныг өөр, өөрөөр тайлбарлаж хэрэглэн хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхэд хүргэж байна.
7.3.Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар хууль, захиргааны хэм хэмжээний актад хүчингүй болгохоор заасан эсхүл бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэх мэт шалтгаанаар л хүчингүй болгон шийдвэрлэнэ. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 2.1.5-т “... Барилгын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д заасан барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзах, олгосон зөвшөөрлийг хүчингүй болгох хуулийн 27.3.1, 27.3.3-т заасан үндэслэл тогтоогдоогүй хариуцагч энэ заалтыг шийдвэрийн үндэслэлээ болгоогүй” гэж үзэн хэргийг үндэслэл бүхий шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүх архитектур төлөвлөлтийн даалгаврыг нэхэмжлэгч хуулийн этгээдэд хугацаагүйгээр, хэзээд хүчинтэй байхаар олгосон гэх ойлголт биш хэмээн үзэж хэргийг шийдвэрлэсэн.
7.4.“Н” ХХК нь “Hard Rock” зочид буудлын франчайз салбар “REVERB” зочид буудлын үйлчилгээг Улаанбаатар хотод нээх зорилготойгоор 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн *** дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг авсан байдаг. 2008 онд архитектур төлөвлөлтийн даалгаврыг хугацаагүйгээр олгодог байсан ба 15 жилийн хугацаа өнгөрсөн нь нэхэмжлэгчийн архитектур төлөвлөлтийн даалгаврын эерэг нөлөөллийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Учир нь 2023 онд ч тухайн архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу барилгын ажлыг зураг хийлгэж, барилгын ажлын зөвшөөрөл хүсэх боломжтой байсан. Тодруулбал хугацаанаас үл хамааран эерэг нөлөөлөл нь хадгалагдаж буй захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд цуцална.
7.5.Мөн хариуцагч нь тухайлан *** дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцлах үндэслэлийг тогтоох талаар ажиллагаа хийгээгүй гэж үзсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Учир нь хариуцагчаас тухайлан архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцлах үндэслэлийг тогтоосон ямар ч баримтыг гаргаж өгөөгүйн дээр түүнийгээ нотолж чадаагүй байдаг. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж заасныг зөрчсөн тиймээс хууль бус захиргааны акт болно.
7.6.Сонсох ажиллагаа гэдэг нь зөвхөн захиргааны байгууллагаас мэдэгдээд тайлбар авах бус ирүүлсэн тайлбарыг үндэслэлтэй эсэхийг дүгнэн үзэж тус асуудлаар хэлэлцэж шийдвэрлэж, шийдвэрт тусгасан байх тухай ойлголт болно.
7.7.“Н” ХХК 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 02-101-2023НТК тоот албан бичгээр сонсох ажиллагааны тайлбар хүргүүлсэн байдаг. Гэтэл хариуцагч шийдвэр гаргахдаа тухайн тайлбар үндэслэлийг шийдвэр гаргахдаа харгалзан үзээгүй байдаг. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д заасныг зөрчсөн буюу шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно. Анхан шатны шүүх ч ийнхүү хуулийг тайлбарлаж шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүх сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлж тайлбар авсан нь сонсох ажиллагааг хийсэн гэж шууд үзэж, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6, 27.7-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
Иймд магадлалын шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсныг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү.
8.Хариуцагч нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ариунжаргал шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.
8.1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 02/16 дугаар албан бичгээр Соёлын өвийн үндэсний төвд “Туул” зоогийн газрын 2 давхар барилгыг түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын үзлэг тооллогод хамруулж, Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд оруулсан тухай холбогдох бүхий л баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн.
8.2.Мөн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагчийн төлөөлөгчөөс шүүх хуралдааны үеэр Соёлын өвийн үндэсний төвөөс албан бичгийн хариу ирэх хүртэл хугацаанд шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг гаргасан боловч шүүгч тус хүсэлт нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна гэж үзэн шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.
8.3.Гэтэл Соёлын өвийн үндэсний төвөөс 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн 01/93 дугаар албан бичгийн нэгдүгээр хавсралтаар “Туул” зоогийн газрын Монгол Улсын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэлд бүртгэсэн тухай мэдээлэл (УМБС-ийн дугаар: ***), дурсгалын бүрдэл, хадгалалт, хамгаалалтын байдал, тодорхойлолт, дурсгалын товч түүх, дурсгалын нэмэлт мэдээлэл зэргийг, хоёрдугаар хавсралтаар түүхэн товчоон, архитектурын судалгаа, барилгын бүтээц, дурсгалт барилгын үнэ цэнийн үнэлгээ, шалгуур болон одоогийн хамгаалалтын зэрэглэл нь дүүргийн хамгаалалтад байгаа бөгөөд зэрэглэл ахиулан нийслэлийн хамгаалалтад авах тухай дүгнэлттэй танилцсаны үндсэн дээр шийдвэрээ гаргах байсан.
8.4.Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан “Туул” зоогийн газрын барилгыг түүх, соёлын дурсгал, биет өв гэж түүхийн хувьд, соёлын хувьд үнэ цэнэ, ач холбогдлыг нь баримт, судалгаагаар тодорхойлж, тогтоох боломжтой байсан гэж үзэж байна.
8.5.Мөн уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд Соёлын өвийн үндэсний төвөөс ирүүлсэн албан бичиг, түүний хавсралт, хавсралтад дурдсан “Туул” зоогийн газрын хоёр давхар барилгыг дурсгалын тооллогод хамрагдсан тухай болон дурсгалтай холбоотой хийгдсэн ажлын мэдээлэл, тайлан зэргийг Нийслэлийн бүртгэл, мэдээллийн сан буюу Нийслэлийн соёл, урлагийн газраас гаргуулах, барилгын анхны ажлын зураг Госстпройроект гупви МНР-ийн зураг, түүнтэй холбогдох баримтыг Архивын ерөнхий газраас гаргуулан авах нь “Туул” зоогийн газрын 2 давхар барилгыг түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад оруулах зайлшгүй шаардлагатай гэдгийг нотлох чухал ач холбогдолтой байсан.
8.6.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүх болон хэргийн оролцогчид нь хуульд заасан журмын дагуу нотлох баримтыг цуглуулдаг. Гэтэл анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг харгалзаж үзэхгүйгээр шийдвэр гаргасан нь шүүх хуулийн дээрх заалтад заасан үүргээ биелүүлээгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэж үзэж байна.
Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.
9.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэнгээс нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Сайнбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж буй талаар тайлбар бичгээр ирүүлсэн байна.
10.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 318 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2, 123.2.4-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
11.Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж маргаан бүхий актуудыг дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.
12.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12/35 дугаар тогтоолын 142 дахь тал “Туул зоогийн газрын барилгыг дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад бүртгэсэн” хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
13.Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “түүх, соёлын үл хөдлөх дурсгал гэж унаган газартаа хүрээлэн байгаа орчны хамт үнэ цэнэ, ач холбогдол нь илэрхийлэгдэх дангаар болон цогцолбор байдлаар орших дурсгалыг” гэж, 5 дугаар зүйлийн 5.1-д “Дараах соёлын биет өвийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр түүх, соёлын үл хөдлөх дурсгалд хамааруулна” гээд, 5.1.6-д “эртний хот суурин, сүм хийдийн үлдэгдэл, түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгал” гэж тус тус заасны дагуу унаган газартаа хүрээлэн байгаа орчны хамт үнэ цэнэ, ач холбогдол нь илэрхийлэгдэх түүхэн дурсгалт барилгыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр түүх, соёлын үл хөдлөх дурсгал гэж үзэхээр байна.
14.Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “Туул” зоогийн газрын барилгыг түүх, соёлын үл хөдлөх дурсгалын үзлэг тооллогод хамааруулсан эсэх тухай, түүх, соёлын хувьд үнэ цэнэ ач холбогдлыг нь илэрхийлэх тухай, өөрөөр хэлбэл “Туул” зоогийн газрын барилгыг дээрх хуульд заасны дагуу түүх, соёлын үл хөдлөх дурсгалд хамааруулсантай холбоотой баримтууд байгаа гэх боловч хавтас хэрэгт энэ нь авагдаагүй байна.
15.Түүнчлэн Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Нийтийн өмчийн соёлын биет өвийн талаарх мэдээллийг бүртгэл, мэдээллийн санд заавал бүртгэнэ” гэж, 22.3-т “Энэ хуулийн 22.2-т зааснаас бусад соёлын биет өвийг өмчлөгч, эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн зохих шатны бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлж болно” гэж тус тус заасан. Мөн Соёлын сайдын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дугаар А/348 дугаар тушаалаар батлагдсан “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг аймаг, нийслэлийн хамгаалалтын зэрэглэлд нэр дэвшүүлэх, хянан шийдвэрлэх журам”-ын 2.5-д “Сум, дүүргийн Засаг дарга хувийн өмчийн дурсгалыг аймаг, нийслэлийн хамгаалалтын зэрэглэлд нэр дэвшүүлэх бол өмчлөгчтэй нь урьдчилан зөвшилцсөн байна” гэж заасан байна.
16.Өөрөөр хэлбэл, нийтийн өмчийн бус буюу хувийн өмчид байгаа соёлын биет өвийг бүртгэхэд зайлшгүй тухайн биет өвийн өмчлөгч, эзэмшигчтэй харилцан тохиролцож түүний хүсэлтийг авсан байх шаардлагатай.
17.Гэтэл маргаан бүхий тохиолдолд Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон нийслэлийн Соёл урлагийн газар хоорондоо “Туул” зоогийн газрын барилгыг дүүргийн хамгаалалтад авах тухай харилцсанаас бусдаар тухайн барилгын өмчлөгч болох нэхэмжлэгч “Н” ХХК-тай зөвшилцсөн эсэх нь тогтоогдохгүй байна.
18.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу “Туул” зоогийн газрын барилгыг түүх, соёлын үл хөдлөх дурсгалд хамааруулсан, бүртгэсэн тухай баримтыг үндэслэх, тухайн барилгын өмчлөгчтэй харилцан тохиролцох үйл ажиллагаа нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул маргаан бүхий нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12/35 дугаар тогтоолын 142 дахь “Туул зоогийн газрын барилгыг дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад бүртгэсэн” хэсгийг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.
19.Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/31 дүгээр тушаалын “Н” ХХК-ийн *** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалсан хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
20.Хариуцагчаас нэхэмжлэгчийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцлах болсон нэг үндэслэл нь “Туул зоогийн газрын барилгыг дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад бүртгэсэн” нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн тогтоол гэж тайлбарласан тул маргаан бүхий Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/31 дүгээр тушаалын “Н” ХХК-ийн *** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалсан хэсгийг мөн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
21.Өөрөөр хэлбэл, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/31 дүгээр тушаалын “Н” ХХК-ийн *** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалсан хэсэг хүчин төгөлдөр болох эсэх нь хариуцагч энэ тогтоолын хянавал хэсгийн 13-19-д заасан ажиллагааг гүйцэтгэж, дахин гаргасан шинэ актаас хамаарна.
Иймд маргаан бүхий актуудыг дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж, шийдвэр, магадлалд холбогдох өөрчлөлтийг оруулав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0092 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2025/0316 дугаар магадлалын ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12/35 дугаар тогтоолын 142 дахь “Туул зоогийн газрын барилгыг дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад бүртгэсэн” хэсэг, Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/31 дүгээр тушаалын “Н” ХХК-ийн *** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалсан хэсгийг тус тус дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, “2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12/35 дугаар тогтоолын 142 дахь “Туул зоогийн газрын барилгыг дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад бүртгэсэн” хэсэг, Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/31 дүгээр тушаалын “Н” ХХК-ийн *** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалсан хэсэг тус тус хүчингүй болохыг дурдсугай” гэсэн заалт нэмж, ТОГТООХ хэсгийн 2 дахь заалтын дугаарлалтыг 3 болгон өөрчилсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТСУУРЬ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ