Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 16

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Сугар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар баг Өлт хаягт оршин суух иргэн Гал овогт Хайчаагийн Гоош /регистрийн дугаар: ЙЮ67032405/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өвөрхангай аймгийн Уянга сумын Улсын бүртгэгчид холбогдох

     “Х.Гоош миний төрсөн хүүхдүүд болох С.Оюунцэцэг, С.Оюунгэрэл, С.Оюунчимэг нарын төрсний гэрчилгээ болон улсын бүртгэлийн мэдээллийн санд ээжийн овог нэр хэсэгт миний овог нэрийг Качаагийн Кашмаа, Гачаагийн Кашмаа, Гачаагийн Гаашмаа гэж андуурагдан бүртгэгдсэн байгааг Хайчаагийн Гоош болгон залруулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 121/2017/0012/3 дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Гоош, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Гоош шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие 1967 Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн тухайн үеийн төрсний гэрчилгээн дээр Гачаагийн Кашмаа байсныг өвчин ээрч, нэр хүндэдээд Хайчаагийн Гоош хэмээн 2010 онд овог, эцгийн нэр өөрчилсөн. Одоо 50 нас хүрч тэтгэвэрт орох гэтэл миний хүүхдүүдийн төрсөний гэрчилгээн дээр миний нэрийг буруу бичсэн байх тул миний төрсөн хүүхдүүд болох С.Оюунцэцэг, С.Оюунгэрэл, С.Оюунчимэг нарын төрсний гэрчилгээ болон улсын бүртгэлийн мэдээллийн санд ээжийн овог нэр хэсэгт миний овог нэрийг Гачаагийн Башмаа, Качаагийн Кашмаа, Гачаагийн Кашмаа гэж андуурагдан бүртгэгдсэн байгааг Хайчаагийн Гоош болгон залруулахыг даалгаж өгнө үү”[1] гэв.  

     Хариуцагч Өвөрхангай аймгийн Уянга сумын Улсын бүртгэгч П.Ожидмаа бичгээр шүүхэд ирүүлсэн тайлбартаа[2]:

“Хайчаагийн Гоош нь 1967 оны 03 дугаар сарын 24-нд төрсөн. Гачаагийн Кашмаа нэртэй байж байгаад 2010 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн 177 тоот овог нэр өөрчилсний бүртгэлээр сумын Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 296 тоот захирамж эцгийн нэр, нэрээ өөрчлүүлсэн. Х.Гоош 4 хүүхэд төрүүлсөн. Хүүхдүүдээ бүртгүүлэхдээ эхийн мэдээллийг Качаа Кашмаа, Гачаа Гаашмаа, Гачаа Кашмаа гэх зэргээр төрсний бүртгэлд буруу бүртгүүлсэн байна. Тухайн үед залруулах боломж байсан боловч өөрөө залруулах хүсэлтээ ажилтанд гаргаж өгөөгүй өдийг хүрсэн. Иргэний улсын бүртгэлд хүүхдийн төрсний гэрчилгээнд эхийн мэдээлэл дээрх нэрээр бүртгэгдсэн байна. Энэхүү мэдээллийн бүртгэлийн байгууллага засаж залруулж өөрчлөх боломжгүй тул дээрх иргэний хүүхдийн эхийг нэг хүн болохыг тогтоосон шийдвэр гаргаж өгнө үү” гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Гоош нь Өвөрхангай аймгийн Уянга сумын Улсын бүртгэгчид холбогдуулан “Х.Гоош миний төрсөн хүүхдүүд болох С.Оюунцэцэг, С.Оюунгэрэл, С.Оюунчимэг нарын төрсний гэрчилгээ болон улсын бүртгэлийн мэдээллийн санд ээжийн овог нэр хэсэгт миний овог нэрийг Качаагийн Кашмаа, Гачаагийн Кашмаа, Гачаагийн Гаашмаа гэж андуурагдан бүртгэгдсэн байгааг Хайчаагийн Гоош болгон залруулахыг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны ирцийн тухайд: Хариуцагч Өвөрхангай аймгийн Уянга сумын Улсын бүртгэгч П.Ожидмаад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцох боломжгүй болохоо мэдэгдэж, өөрийг нь байлцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийхийг хүссэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн[3], нэхэмжлэгч хариуцагчийг байлцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийхийг зөвшөөрч байх тул хариуцагчийн хүсэлтийг хүлээн авч түүнийг байлцуулалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэв.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогчдын тайлбарт тулгуурлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 –т “Хүүхдийн эцэг, эхийн оршин суугаа, эсхүл хүүхдийн өөрийнх нь төрсөн газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгжийн ажилтан дараахь баримт бичгийг үндэслэн хүүхдийг иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгэнэ”,

12 дугаар зүйлийн 12.9-д “Энэ хуулийн 12.2, 12.5-д заасан баримт бичгийг хавсаргасан өргөдлийг хүлээн авмагц иргэний бүртгэлийн ажилтан хүүхэд төрснийг бүртгэж гэрчилгээ олгоно” гэж тус тус хуульчлан заажээ.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд хүүхэд төрснийг бүртгэх, төрсний гэрчилгээ олгох нь тухайн сумын улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгжийн ажилтан буюу иргэний бүртгэлийн ажилтны хуулиар хүлээсэн үүрэг байхаар хуульд зааж зохицуулсан байна.  

Хавтаст хэрэгт авагдсан баримт болох иргэн Х.Гоошийн иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбараас[4] үзэхэд Гал овогт Хайчаагийн Гоош нь ЙО67032405 регистрийн дугаартай, 1967 оны 3 дугаар сарын 24-ний өдөр төрсөн болох нь нотлогдож байна.   

Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын  06-ний өдрийн “Эцгийн нэр, нэр өөрчлөх тухай” 296 дугаар захирамжаар[5] 1967 оны 3 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, ЙО67032405 дугаар регисртийн дугаартай Гал овогт Качаагийн Кашмаагийн эцгийн нэр, нэрийг Гал овогт Хайчаагийн Гоош гэж өөрчилж, уг овог нэрийн өөрчлөлтийг 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр овог, эцгийн нэр, нэр өөрчилсний бүртгэлийн 177 дугаарт бүртгэж 0000226508 дугаартай гэрчилгээг Өвөрхангай аймгийн Уянга сумын Улсын бүртгэгч олгожээ[6].  

Дээрх үйл баримтаас үзэхэд Гал овогт Качаагийн Кашмаагийн овог Гал хэвээрээ харин эцгийн нэр, нэрийг Хайчаагийн Гоош гэж өөрчилжээ[7]

Мөн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 00/001974 дугаартай “Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа”-гаар[8] Удвалын Сүхбаатартай гэр бүл болсныг 1987 оны 3 дугаар сарын 29-ний өдөр гэрлэлтийн бүртгэлийн 14 дугаарт бүртгэсэн болох нь нотлогдож байна.

Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 4 дүгээр сарын     13-ны өдрийн 00/001442 дугаартай “Төрсний бүртгэлийн лавлагаа”-гаар[9] Сүхбаатарын Оюунгэрэл /регистрийн дугаар: ЙО88082007/-ийн эцэг Удвалын Сүхбаатар, эх Качаагийн Кашмаа,

Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 4 дүгээр сарын     13-ны өдрийн 00/001441 дугаартай “Төрсний бүртгэлийн лавлагаа”-гаар[10] Сүхбаатарын Оюунцэцэг /регистрийн дугаар: ЙО87032729/-ийн эцэг Удвалын Сүхбаатар, эх Гачаагийн Гаашмаа,

Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 4 дүгээр сарын     13-ны өдрийн 00/001444 дугаартай “Төрсний бүртгэлийн лавлагаа”-гаар[11] Сүхбаатарын Оюунчимэг /регистрийн дугаар: ЙО90031402/-ийн эцэг Удвалын Сүхбаатар, эх Гачаагийн Кашмаа гэж тэдний төрсний лавлагаанд дээр эцгийн нэр Удвалын Сүхбаатар гэж үнэн зөвөөр бичигдэж бүртгэгдсэн байх хэдий боловч эхийн нэрийг Качаагийн Кашмаа, Гачаагийн Гаашмаа, Гачаагийн Кашмаа гэж Хайчаагийн Гоош гэж өөрчлөгдөхөөс өмнөх нэрээр нь бичиж бүртгэжээ.

Гэсэн хэдий боловч хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар С.Оюунгэрэл, С.Оюунцэцэг, С.Оюунчимэг нар нь нэхэмжлэгч иргэн Х.Гоошийн төрсөн охидууд болох нь тогтоогдож байна.

С.Оюунгэрэл /регистрийн дугаар: ЙО88082007/, С.Оюунцэцэг /регистрийн дугаар: ЙО87032729/, С.Оюунчимэг /регистрийн дугаар: ЙО90031402/ нарын төрсний бүртгэлийн лавлагаан дээр тэдний эхийн нэр хэсэгт Гал овогт Хайчаагийн Гоошийг  “Качаагийн Кашмаа, Гачаагийн Гаашмаа, Гачаагийн Кашмаа[12] гэж буруу нэрээр овоглон бичиж бүртгэснээс шалтгаалан олон хүүхэдтэй эхийн нийгмийн халамж, цаашлаад олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эх, Монгол Улсын иргэний хувьд эдлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, Монгол Улсын иргэний хувьд нийгэм хамгаалал, халамжийн эрхээ буюу тэтгэвэр тэтгэмж халамжид хамрагдах боломжгүй байдалд хүрч болзошгүй байна.    

Шүүхээс С.Оюунгэрэл /регистрийн дугаар: ЙО88082007/, С.Оюунцэцэг /регистрийн дугаар: ЙО87032729/, С.Оюунчимэг /регистрийн дугаар: ЙО90031402/ нарын төрсний бүртгэлд эхийн овог, эцгийн нэр, нэрийг ташаарч буру нэрээр бүртгэсний улмаас Монгол Улсын хууль тогтоомжид заасан иргэний эрхээ тэдний эх Хайчаагийн Гоошийн эдэлж, нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдах, Монгол Улсын иргэнд хуулиар олгогдсон эрхээ эдэлж тодорхой төрлийн нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байдалд хүрч, хөгжлийн бэрхшээлтэй Монгол Улсын өндөр настай, олон хүүхэдтэй эх Х.Гоошийн эрх ноцтойгоор зөрчигдөж болзошгүй байна гэж үзлээ.          

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд “Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах” тухай харилцааг хуульчлан заасан байна.

Уг хуулийн мөн зүйл буюу Иргэний бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Иргэний бүртгэлийн ажилтан дор дурдсан үндэслэлээр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна” гээд 31.1-31.5 дахь хэсэгт нэрлэн заасан 5 тохиолдолд л иргэний бүртгэлийн ажилтан иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулж болох тухай хуульчлан зохицуулж өгчээ.

 Иргэний бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4-т “шүүхийн шийдвэр” гэж заасан байх ба хуулийн уг заалтаас үзэхэд шүүхийн шийдвэрээр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд өөрчлөлт оруулж болох хууль зүйн зохицуулалт өдгөө Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж үйлчилж байна. 

Мөн Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт шүүх нь “хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох” эрхэм зорилготой болохыг хуульчлан зааж өгсөн байна.  

Иймд шүүхээс нэхэмжлэгч Х.Гоошийн “Х.Гоош миний төрсөн хүүхдүүд болох С.Оюунцэцэг, С.Оюунгэрэл, С.Оюунчимэг нарын төрсний гэрчилгээ болон улсын бүртгэлийн мэдээллийн санд ээжийн овог нэр хэсэгт миний овог нэрийг Качаагийн Кашмаа, Гачаагийн Кашмаа, Гачаагийн Гаашмаа гэж андуурагдан бүртгэгдсэн байгааг Хайчаагийн Гоош болгон залруулахыг даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж нэхэмжлэгч Монгол Улсын иргэн Х.Гоошийн хууль ёсны ашиг сонирхол, эрхийг шүүхээс хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Х.Гоошийн Х.Гоош миний төрсөн хүүхдүүд болох С.Оюунцэцэг, С.Оюунгэрэл, С.Оюунчимэг нарын төрсний гэрчилгээ болон улсын бүртгэлийн мэдээллийн санд ээжийн овог нэр хэсэгт миний овог нэрийг Качаагийн Кашмаа, Гачаагийн Кашмаа, Гачаагийн Гаашмаа гэж андуурагдан бүртгэгдсэн байгааг Хайчаагийн Гоош болгон залруулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Өвөрхангай аймгийн Уянга сумын Улсын бүртгэгчид С.Оюунгэрэл /регистрийн дугаар: ЙО88082007/, С.Оюунцэцэг /регистрийн дугаар: ЙО87032729/, С.Оюунчимэг /регистрийн дугаар: ЙО90031402/ нарын төрсний бүртгэл болон төрсний гэрчилгээнд эхийн овог нэрийг “Хайчаагийн Гоош” гэж зөвтгөн өөрчилж бүртгэхийг даалгасугай.    

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

3. Энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш       14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.СУГАР

 


[1] Хавтаст хэргийн 1 дэх тал.

[2] Хавтаст хэргийн 12-13 дахь тал.

[3] Хавтаст хэргийн 31 дэх тал.   

[4] Хавтаст хэргийн 6 дахь тал.

[5] Хавтаст хэргийн 20 дахь тал.

[6] Хавтаст хэргийн 6, 20-22, 25-26 дахь тал.

[7] Хавтаст хэргийн 6, 20, 25 дахь тал.

[8] Хавтаст хэргийн 24 дэх тал.

[9] Хавтаст хэргийн 3 дахь тал.

[10] Хавтаст хэргийн 4 дэх тал.

[11] Хавтаст хэргийн 5 дахь тал.

[12] Хавтаст хэргийн 3-5 дахь тал.