| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2019/0114/Э |
| Дугаар | 111 |
| Огноо | 2019-09-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Болор |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,
Нарийн бичгийн дарга Б.А,
Улсын яллагч Э.Б,
Шүүгдэгч П.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт П.Н-т холбогдох эрүүгийн 1920001740121 тоот хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Х аймгийн Г суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодох мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймаг Замын-Үүд сум 4-р багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ц овогт П.Н,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Н нь 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4-р багт өөрийн гэртээ эхнэр Г.Б-г хардаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч П.Н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би 2019 оны 07 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4-р багт өөрийн гэртээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэрээ бусадтай хардаж үл ойлголцсоны улмаас өөрийн эхнэр Г.Б-г зодон биед нь хөнгөн гэмтэл учруулсан. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Би үл ойлгосноос болоод эхнэрээ зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би урд эхнэртээ гар хүрч байгаагүй. Бараг хэрэлдэггүй байсан. Энэ удаа архи согтууруулах ундааг тохируулж хэрэглээгүйгээс ийм асуудал гаргачихлаа. Би ийм зүйл хийсэндээ гэмшиж байна, дахиж ийм алдаа гаргахгүй. Би хийсэн хэргээ хүлээж байгаа болохоор хуулийн дагуу хариуцлагаа хүлээнэ... Миний дотор муухай оргиод байхаар нь бөөлжчихөөд жижиг өрөөндөө орж унтсан. С.Э нь эхнэрийг маань тэврээд үнссэн би харсан. Би дуудахад 2-уулаа ирсэн гэтэл гарнаас нь татаад том өрөө рүү аваад орсон... Эхнэрээ нүүр лүү нь нэг удаа цохьсон, үсдээд чирсэн тэгээд сайн санахгүй байгаа юм. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Эхнэртэйгээ эвлэрээд цуг амьдарч байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36/,
- Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “... 2019 оны 07 дугаар сарын 11-нд шилжих шөнө 05 цагийн үед бүгд архи уусан. Би нээх согтуу байгаагүй, Э согтуу, Т эгч унтаж байгаад сэрсэн эрүүл байсан. Э, Т бид гурав хоорондоо юм яриад сууж байтал нөхөр Н нилээн согтчихсон байсан ба жижиг өрөөнөөс гарч ирээд найз Э-гоо намайг хардаад шууд найз Э 2-3 удаа цохиж авсан. Тэгээд Э гэрээс зугтаагаад гартал над руу дайрч нүүрэн тус газар луу 1 удаа цохисон. Тэгээд ухаан алдчихсан юм шиг байгаан, 1 удаа цохисонг санаж байгаа ухаан алдсан байхад зодсон. Нэг сэрсэн Замын-Үүдийн эмнэлэг дээр ирчихсэн, нүүр хавдаад нүд юм харж болохгүй хавдсан байсан. Тэгээд эмнэлэгт 2 хоног хэвтэж байхад арай гайгүй болж үргэлжлүүлж хотод 10 хоног хэвтээд 2 нүдний доод яс цөмөрсөн. Хамар хугарсан. 10-р зүүн талын хавирга гэмтэлтэй, толгойд олон тооны гэмтэлтэй байсан. Ингээд бие өвдөөд мөн хамарны хагалгаанд орох шаардлагатай байсан учир 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод ирж 2019 оны 08 дугаар сарын 13-ны дотор Э эмнэлэгт хагалгаанд орсон. Одоо 21 хоног эмчилгээ хийлгэхээр байгаа. Өмнө зодож байгаагүй. Нөхөр Н нь жоохон хартай ба найзтайгаа хардсанаас болж зодсон юм шиг байгаан. Өмнө бол зүгээр хэрэлдээд маргалдах үе байсан. Намайг нэг удаа цохисон. Одоогоор гомдол санал хүсэлтийг хэлж мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8/,
- Гэрч Т.Ц мөрдөн шалгах ажиллагаанд: “... 2019 оны 07 дугаар сарын 12-ны өглөө 05:54 цагт Сайншандаас Г.Г гэх хүн ... дугаар утсаар манай дуудлага мэдээлэл авах тусгай дугаарт залган Замын-Үүдийн 4-р баг манай дүү Б-г нөхөр Н нь зодоод байгаа юм шиг байна. Хамт байсан хүнээс нь сонслоо гэсэн дуудлага өгсөн. Дуудлага өгсөн хаягаар шалгахад Н, Б нар нь согтуу байсан ба Б нь бусдад зодуулсан байдалтай байсан тул эмнэлэг дуудаж хүлээлгэн өгсөн. Харин Н-н эрүүлжүүлэхэд оруулан согтуурлыг шалгахад 0,90 хувийн согттолтой байсан. Б-г хэн зодсон талаар Н-с лавлахад манай эхнэр их сэжигтэй байсан тул би жаахан архи ууж байгаад худлаа тасраад унасан тэгтэл намайг тасарчихсан гэж бодоод Б манай найз О-той үнсэлцэж сүйд болсон. Тэгэхээр нь би тэсэлгүй Б-г босч очоод зодсон. Хамаагүй ээ нэгэнт зодчихсон чинь би ялаа үүрээд явна гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11/,
- Гэрч Ц.Т мөрдөн шалгах ажиллагаанд: “ ... 2019 оны 07 дугаар сарын 11-ний 21 цагийн үед Г.Б-н гэрийн гадаа Ц, Г.Б бид 3 уулзаад хүн хүний 2 шилтэй пиво уусан. Б бид 2 урд нь нэг газар хамт ажиллаж байсан ба ойрд уулзаагүй гээд уулцгаасан. Тэгээд Б-н гэрт ороод би шууд унтаад өгсөн. Унтахаас өмнө Н, Б, Ц нөхөртэйгөө, Э нар нөгөө өрөөнд архи ууж байх шиг байсан. Би унтаж шөнө /цагийг нь мэдэхгүй байна/ сэрсэн чинь зодоон цохион болоод байх шиг байхаар нь боссон. Том өрөөнд очоод харахад Н Б 2 маргасан ба Н Б-г барьж аваад толгой түрүү, бие хаа руу нь гараараа хэд хэд цохиод авсан. Би салгах гэтэл Н согтуу болохоор дийлдээгүй. Тэгэхээр нь би гэрээс нь гараад Ц-н гэрт очиж түүний нөхөр Б-д хэлж Б-н гэр лүү явуулсан. Тэгээд би тэндээсээ шууд гэрлүүгээ явсан, эргэж Б-д очоогүй. Намайг Б-нд сэрэхэд тэнд Н, Б 2 л байсан. Унтахаас өмнө байсан хүмүүс хэзээ явсныг мэдээгүй. Н, Б 2 юунаас болоод маргаж зодолдсоныг нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/,
- Гэрч С.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “ ...2019 оны 07 дугаар сарын 11-ний 20 цагийн үед Замын-Үүд сум 4-р баг гадаа найз Н, Г бид 3 уулзаад 2 шил 0.75 гр-ын архи, 1 шил 0.5 гр-ын архи хувааж уусан. Дараа нь Н-н гэр лүү 3-уулаа ороод үлдсэн жаахан архиа хувааж уусан. Н-д ороход Б, Т, Ц нар байсан ба тэд хэдэн пиво уусан гэж байсан. Т том өрөөнд нь унтлаа гээд хэвтээд өгсөн, Г-г эхнэр нь ирээд аваад явсан, Ц-г нөхөр нь аваад явсан. Ингээд том өрөөнд Н, Б бид 3 үлдээд 1 шил архи задалсан ба тэрнээс нэг нэг л татсан. Н муухай муухай орилж байгаад жижиг өрөөндөө ороод газар хэвтээд өгсөн. Н-н бие нь өвдөөд байгаа бололтой ёолоод байхаар босгож гар хуруу, нурууг нь дарж өгсөн. Энэ үйлдэл 2-3 удаа давтагдсан. Тэгээд явах гэтэл Б хоночихоод явахгүй юу даа гэхээр нь үлдээд нөгөө 1 шил архинаасаа уухаар болсон. Энэ үед цаг хэд болж байсныг мэдэхгүй, шөнө дунд л болчихсон байсан. Б бид 2 сэрүүн үлдээд том өрөөнд би архинаас 1 татсан. Т хажууд унтаж байсан. Н ахиад муухай орилоод байхаар нь би Н-н хажууд ирээд хэвтсэн чинь Н гэнэт босч ирээд та 2 яагаад намайг доромжлоод байгаа юм бэ гээд Б бид 2-луу дайрсан. Тэгсэнээ Н миний хамар луу 1-2 удаа гараараа цохисон. Миний хамраас цус гарсан. Би яах учраа олохгүй тэднийхээс гараад зугтсан. Хэсэг байж байгаад буцаад Н-нд ирээд хаалгыг нь тогштол хаалгаа нээхгүй байсан. Тэгээд би харьсан. Миний ойлгосноор Н намайг эхнэртэйгээ хардсан юм билээ. Яагаад Б-тэй хардсныг мэдэхгүй байна. Б бид 2-ын хооронд ямар нэгэн дотно харьцаа байхгүй, илүү дутуу асуудал байдаггүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/,
- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Г.Б-н биед зүүн нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, самалдаг хөндийн ар ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн 10-р хавирганы хугарал, тархи доргилт, 2 нүдний зовхи, баруун хацар, хамрын зөөлөн эдийн няцрал цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт, зүүн бугалга, тохой, баруун бугалга, хоёр шилбэ, зүүн гуянд цус хуралт, хүзүү, зүүн гуя, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “Хөнгөн” зэрэг хамаарна. Зүүн бугалга, тохой, баруун бугалга, хоёр шилбэ, зүүн гуянд цус хуралт, хүзүү, зүүн гуя, хоёр өвдөгний зулгаралт гэмтлүүд дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй, бусад гэмтэл дан дангаараа хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 19-20/,
- П.Н-н иргэний үнэмлэхийн хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43, 49-50/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтанд хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч П.Н, хохирогч Г.Б нар нь 2019 оны 07 дугаар сарын 12-нд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4-р баг өөрийн гэртээ найзуудтайгаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх ба шүүгдэгч П.Н нь найз С.Э-той эхнэр Г.Б-г хардаж улмаар эхнэрээ зодсон үйл баримт болсон байна.
Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч П.Н нь 2019 оны 07 дугаар сарын 12-нд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4-р баг өөрийн гэртээ эхнэр Г.Б-г хардаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч П.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Г.Б-н “...Тэгээд Э гэрээс зугтаагаад гартал над руу дайрч нүүрэн тус газар луу 1 удаа цохисон. Тэгээд ухаан алдчихсан юм шиг байгаан, 1 удаа цохисонг санаж байгаа ухаан алдсан байхад зодсон. Нэг сэрсэн Замын-Үүдийн эмнэлэг дээр ирчихсэн, нүүр хавдаад нүд юм харж болохгүй хавдсан байсан. Тэгээд эмнэлэгт 2 хоног хэвтэж байхад арай гайгүй болж үргэлжлүүлж хотод 10 хоног хэвтээд 2 нүдний доод яс цөмөрсөн. Хамар хугарсан. 10-р зүүн талын хавирга гэмтэлтэй, толгойд олон тооны гэмтэлтэй байсан. Ингээд бие өвдөөд мөн хамарны хагалгаанд орох шаардлагатай байсан учир 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод ирж 2019 оны 08 дугаар сарын 13-ны дотор Э эмнэлэгт хагалгаанд орсон...” гэсэн, гэрч Т.Ц “...Дуудлага өгсөн хаягаар шалгахад Н, Б нар нь согтуу байсан ба Б нь бусдад зодуулсан байдалтай байсан тул эмнэлэг дуудаж хүлээлгэн өгсөн... Б-г хэн зодсон талаар Н-с лавлахад манай эхнэр их сэжигтэй байсан тул би жаахан архи ууж байгаад худлаа тасраад унасан тэгтэл намайг тасарчихсан гэж бодоод Б манай найз О-той үнсэлцэж сүйд болсон...” гэсэн, гэрч Ц.Т “...Том өрөөнд очоод харахад Н Б 2 маргасан ба Н Б-г барьж аваад толгой түрүү, бие хаа руу нь гараараа хэд хэд цохиод авсан...” гэсэн мэдүүлгүүд болон Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд П.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч П.Н-г эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй боловч хохирогчийн биед учруулсан хохирол болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч П.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт П.Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц овогт П.Н-г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч П.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч П.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.
6. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н