Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 212/МА2025/00043

 

А.А-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 302/ШШ2025/00290 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч ****** багт оршин суух Б овогт А.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг (ажлын хэсгийн дарга Х.Ө-), хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар (дарга Ж.Е-)-т  нарт тус тус холбогдох,

 

“Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс зохион байгуулсан Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газрын Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн шинжээчийн албан тушаалын сонгон шалгаруулалтыг, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож сонгон шалгаруулалт дахин зарлахыг даалгах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Х.Манар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Е-, Х.Ө-, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга:   

1.1. Б овогт А.А- миний бие **** оны **дугаар сарын **-ний өдөр ***** төрсөн одоо ** настай. Миний бие 2024 онд ОХУ-ын Барнаул хотын Алтайн Улсын их сургуулийг Барилгын инженер, техник технологич мэргэжлээр төгссөн.

1.2. Миний бие 2024 оны 12 дугаар сард Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн шинжээчийн албан тушаалд томилогдон ажиллах тухай хүсэлтээ тус газрын даргад гаргасан. Үүний дараа 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн шинжээчийн албан тушаалд сонгон шалгаруулалт явуулсан.

 

1.3.Тус сонгон шалгаруулалтад өмнө нь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын барилгын хяналтын асуудал хариуцсан мэргэжилтнээр түр ажиллаж байсан М.Ж-ийг бүртгэсэн нь хууль бус юм. Угтаа бол барилгын инженер мэргэжил нь хэд хэдэн төрөлтэй байдаг ба М.Ж-ийн эзэмшсэн мэргэжил нь барилгын инженер үйлдвэр ба иргэний инженер юм. Харин миний эзэмшсэн мэргэжил бол барилгын техник технологич, барилгын материалын үйлдвэрлэл юм. Барилгын инженер үйлдвэрлэл мэргэжил нь бэлэн болсон барилгын материал болох арматур бетон зуурмаг, дулаалгын материал зэргийг барилга угсрах, барилга байгууламжид угсралт хийх зэрэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд барилгын материал үйлдвэрлэлтэй ямар ч хамааралгүй бөгөөд мэргэжил нь таарахгүй юм.

1.4. Харин барилгын техник технологич, барилгын материалын үйлдвэрлэл мэргэжил нь түүхий эдээр буюу бэлэн болоогүй барилгын материал болох арматур, бетон дулаалга зэргийн үйлдвэрлэлийг хэрхэн хийх, стандартын шаардлагад нийцүүлэх хүрээнд хамаарах юм. Мөн энэ нь Монголын барилгын инженерүүдийн сайтад тавигдсан барилгын инженер мэргэжлийн хүрээнээс тодорхой харагдах ба М.Ж-ийн мэргэжил нь гомдолд хавсаргасан хавсралтын 49-51 дэх хэсэгт заасан хүрээнд харин миний эзэмшсэн мэргэжил 9-15 дугаар хэсэгт заасан хүрээнд тус тус хамаарах юм.

1.5. Мөн сонгон шалгаруулалтын тухай, тус сонгон шалгаруулалт нь дипломын шаардлага, тестийн шалгалт, лабораторийн тоног төхөөрөмжийг тааж зорилгыг нь бичих, асуудал шийдвэрлэх буюу лабораторийн шинжилгээний хариунд дүгнэлт бичих зэрэг үе шатуудаас бүрдсэн ба миний бие тус сонгон шалгаруулалтад нийт 76 оноо авч тэнцсэн.

1.6.Тус сонгон шалгаруулалтын процесс болон үнэлгээг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Сонгон шалгаруулалтын тоног төхөөрөмжийг тааж зорилгыг нь бичих үе шатанд надаас нийт 3 тоног төхөөрөмжийг асуусан ба үүнээс хоёрт нь зөв хариулсан. Гэвч тухайн тоног төхөөрөмжийн зургууд нь А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр Зх4 см харьцаатай байсан ба чанарын нягтаршлын хувьд шаардлага хангахгүй буюу танигдах боломжгүй зургууд байсан юм. Угтаа бол ямар тоног төхөөрөмж юунд ашигладаг болохыг нь таалгах байсан бол тухайн тоног төхөөрөмжүүдэд биет байдлаар ажиллуулсан нь зүйтэй байх байсан ба чанарын шаардлага хангахгүй зураг таалгах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй юм.

1.7.Үүний дараагийн үе шат болох асуудал шийдвэрлэх буюу лабораторийн шинжилгээний хариунд дүгнэлт бичих үе шатанд нийт 4 шалгуулагчид тус бүр 2 лабораторийн хариунд дүгнэлт бичих ёстой буюу ямар стандартад нийцэж байгааг бичих ёстой байсан. Гэвч шалгалтын комиссоос ямар даалгавар гүйцэтгэх ёстой байсныг тайлбарлаж өгөөгүй мөн нийт шалгуулагчид дунд 1 стандартын жагсаалт өгсөн ба миний бие үүний улмаас шалгалтын даалгаврыг хугацаанд нь биелүүлж чадаагүй болно. Миний бие тухайн үед шалгалтын комисст энэ тухай гомдлоо мэдүүлсэн ба үүний дараа 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр бичгээр дахин гомдол гаргасан боловч хүлээж аваагүй болно.

1.8. Иймд Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс зохион байгуулсан Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газрын Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн шинжээчийн албан тушаалын сонгон шалгаруулалтыг, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож сонгон шалгаруулалт дахин зарлахыг даалгаж өгнө үү.

 

2.Хариуцагч тайлбар, татгалзал:

2.1.Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилгын лабораторийн шинжээчийн албан тушаалын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулж сонгон шалгаруулалтыг дахин зарлахыг хүссэн байна. Барилгын лабораторийн шинжээчийн сул орон тоог зарлахдаа аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/1112 дугаар захирамжийн дагуу Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт холбогдох маягтын дагуу 2025 оны 01 дүгээр сарын 07 өдрийн 05 дугаар албан бичгээр хүргүүлсэн. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тухайн ажлын байрыг нийтэд зарласан. Тухайн ажлын байрыг зарласан өдрөөс эхлэн ажлын 5 хоногт ажилд орох иргэдийн хүсэлтийг хүлээн авсан ба нийт 5 хүн бүртгүүлсэн.

 

2.2. Үүний дагуу аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Комисс томилох тухай А/05 дугаар тушаалаар томилогдсон 3 хүн аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/1112 дугаар захирамжийн дагуу хөндлөнгийн хяналтаар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас 2 хүний төлөөлөл, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүн 1 хүн, манай байгууллагын Мэдээлэл технологийн асуудал хариуцсан мэргэжилтэн нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулсан.

2.3.Нэхэмжлэгч нь М.Ж-ийн эзэмшсэн мэргэжил Барилгын инженер, Иргэний ба үйлдвэрийн барилга, байгууламжийн бакалавр нь Барилгын лабораторийн шинжээчийн ажлын байранд таарахгүй гэсэн нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01-р сарын 06-ны өдрийн А/02 дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсгийн баталж өгсөн “Албан тушаалын тодорхойлолт”-ын дагуу сонгон шалгаруулалтад оролцох хүмүүсийг бүртгэсэн болно. Албан тушаалын тодорхойлолтыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/146 тушаалаар баталсан Мэргэжлийн чиглэл хөтөлбөрийн нэр, индексийг мөрддөг болохоос Монголын барилгын инженерүүдийн сайтад тавигдсан барилгын инженер мэргэжлийн хүрээнээс тодорхойлох боломжгүй юм. А.А- нь Барилгын мэргэжил эзэмшсэн ба өөрийн нэхэмжлэлд бичсэнээр барилгын техник технологич, барилгын материалын үйлдвэрлэл мэргэжил эзэмшээгүй /өөрийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ирүүлсэн өргөдлийн дипломын орчуулгын хэсэгт тусгагдсан/. Тиймээс М.Ж- болон А.А- нарын мэргэжил нь тус ажлын байранд ажиллах бүрэн боломжтой.  

2.4. Сонгон шалгаруулалтын процессын хувьд, шалгалтад оролцогчдод шалгалт авах дэс дараалал болон тухайн бэлтгэсэн материалуудыг нээлттэй танилцуулсан. Тухайн үед шалгалтад оролцогчид болон А.А- нь шалгалтын материалыг зөвшөөрөхгүй байгаа талаар санал гомдол хэлээгүй, авсан оноогоо хүлээн зөвшөөрч өөрөө гарын үсэг зурж баталгаажуулсан. Тоног төхөөрөмжүүдийн зарим нь 380 кВт-аар ажиллах тул тухайн шалгалт өгч байгаа иргэдийг газар дээр нь ажиллуулах нь Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7 дахь заалтын дагуу хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй ба тухайн ажилд томилогдсон хүн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн заавар зааварчилгааг авч, ажиллуулж сурсны дараа тоног төхөөрөмжтэй харьцаж ажиллах ёстой. Тиймээс шалгалтад оролцогчдыг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг хангах үүднээс лабораторид оруулж ажиллуулаагүй. Лабораторийн тоног төхөөрөмжүүдэд биет байдлаар ажиллуулахад бүх багаж, тоног төхөөрөмжүүдэд ямар багаж, яаж ажиллуулах талаарх зааварчилгааг төхөөрөмжүүдийн хажууд байрлуулсан болохоор лабораторийн тоног төхөөрөмжид ажиллуулах боломжгүй байсан. Мөн тухайн тоног төхөөрөмжийг буруу ажиллуулбал эвдрэх эрсдэлтэй. Иймд А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр Зх4см харьцаатай байсан ба чанарын нягтаршлын хувьд шаардлага хангахгүй буюу танигдах боломжгүй зураг байсан гэдэг нь шалтгаан биш шалтаг байна. Учир нь зөвхөн А.А-т биш шалгалтад оролцогчдын бүгдэд нь ижил хэмжээний материал олгосон болно.

2.5. Асуудал шийдвэрлэх буюу лабораторийн шинжилгээний хариунд дүн шинжилгээ бичих үе шатанд 2 лабораторийн хариунд дүгнэлт бичих ёстой байсныг тухайн үед бүгдэд нь тайлбарлаж өгсөн ба шалгалтын комиссоос дахин тайлбарлаж өг гэсний дагуу дахин шалгалтад оролцогчдод тайлбарласан. Тоосгоны шинжилгээний хариунд шаардлагатай бол стандартаас харж тайлбарлаж болно гэсэн ба стандартыг шалгалтад оролцогчдын дунд өгсөн. Үүнийг зөвхөн шалгалтад оролцогч М.Ө үзэж байсан.

2.6. А.А- нь тухайн үед гомдлоо мэдүүлсэн гэж худлаа бичсэн байна. Шалгалтад авсан бүх оноог хүлээн зөвшөөрч, гомдолгүй гэдгээ мэдэгдэж 4 шатны шалгалтын материалд нэг бүрчлэн тус бүрд нь гарын үсэг зурж баталгаажуулсан. Шалгалтын комисст 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр бичгээр гаргасан гомдлын хариуг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр А.А-ийн 94242999 дугаарт залгахад холбогдох боломжгүй байсан учраас 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээлгэж өгсөн. Хүлээж авсан тухай он, сар, өдрийг бичиж гарын үсэг зурсан нь нотлогдож байгаа. Иймээс А.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 302/ШШ2025/00290 дүгээр шийдвэрээр:

3.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5, 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.А-ийн Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс зохион байгуулсан Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн шинжээчийн албан тушаалын сонгон шалгаруулалтыг, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож сонгон шалгаруулалт дахин зарлахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3.2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх нэхэмжлэл болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгч А.А-т буцаан олгож  шийдвэрлэжээ.   

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх маргаан бүхий иргэний хэрэгт Иргэний хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй, хэргийн үйл баримт, маргааны зүйлийг зөв дүгнэж чадаагүй, хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн хэм хэмжээг анхан шатны шүүх зөрчсөн болно.

4.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13 дахь заалтад “Тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 дугаартай “Комисс томилох тухай” тушаалаар байгуулагдсан Барилгын лабораторийн шинжээчийн орон тооны сонгон шалгаруулалтыг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулах комисс нь сонгон шалгаруулалт явуулахдаа шалгалтад оролцогчдын эрхийг хязгаарласан, шалгалтад оролцогчдод арга зүйн талаар дутуу мэдээлэл өгсөн талаар нотлох баримтгүй байх ба хэрэгт авагдсан нотлох баримтаар шалгалтад оролцогч нь шалгалтын явцад шалгалт авах комиссоос шалгалтын арга зүйн талаар мэдээлэл авах боломж нь нээлттэй байсан гэж үзэхээр байна” гэжээ. Гэвч нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсанчлан сонгон шалгаруулалтын тоног төхөөрөмжийг тааж зорилгыг нь бичих үе шатанд нэхэмжлэгчээс нийт 3 тоног төхөөрөмжийг асуусан ба үүнээс хоёрт нь зөв хариулсан. Гэвч тухайн тоног төхөөрөмжийн зургууд нь А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр 3x4 см харьцаатай байсан ба чанарын нягтаршлын хувьд шаардлага хангахгүй буюу танигдах боломжгүй зургууд байсан. Угтаа бол тоног төхөөрөмжийг юунд ашигладаг, хэрхэн ашигладаг болохыг нь таалгах байсан бол тухайн тоног төхөөрөмжүүдэд биет байдлаар ажиллуулсан нь зүйтэй байх байсан ба чанарын шаардлага хангахгүй зураг таалгах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй бөгөөд мөн М.Ж- нь өмнө нь тухайн байгууллагад ажиллаж байсныг анхан шатны шүүхээс анхаараагүй явдалд гомдолтой байна.

4.3. Мөн дараагийн үе шат болох асуудал шийдвэрлэх, лабораторийн хариунд дүгнэлт бичих үе шатанд нийт 4 шалгуулагчид тус бүр 2 лабораторийн шинжилгээний хариуд дүгнэлт бичих ёстой буюу ямар стандартад нийцэж байгааг бичих ёстой байсан. Гэвч шалгалт зохион байгуулах комиссоос ямар даалгавар гүйцэтгэх ёстой байсныг тайлбарлаж өгөөгүй мөн нийт шалгуулагчдын дунд зөвхөн 1 стандартын жагсаалт өгсөн ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ үүний улмаас даалгавраа хугацаандаа биелүүлж чадаагүй тухайгаа дурдсан байдаг. Мөн зөвхөн нэхэмжлэгч бус өөр нэгэн оролцогч ч гэсэн энэ талаар тухайн үед гомдлоо мэдүүлж байсан ба анхан шатны шүүхээс нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй хэмээн үзэж байна. Хариуцагчаас сонгон шалгаруулалтын зураг таалгах үе шатанд таалгасан зургууд чанарын шаардлага хангахгүй зураг байсан талаар болон стандартын жагсаалт зөвхөн нэгийг нийт шалгуулагчид өгсөн талаар маргадаггүй бөгөөд харин татгалзлын үндэслэлээ сонгон шалгаруулалт явагдах үед гомдлоо гаргаагүй хэмээн тайлбарладаг юм.

4.4. Иймд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 302/ШШ2025/00290 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Е-н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилгын лабораторийн шинжээчийн албан тушаал нь өндөр мэргэжлийн ур чадвар шаардсан, онцгой чухал мэргэжил юм. Уг албан тушаал нь аймгийн төвд баригдаж буй нийт барилга байгууламжид ашиглагдаж буй барилгын материалын найрлага, бүтэц, чанар, стандартын шаардлагад нийцэж байгаа эсэхийг шинжилж, дүгнэлт гаргах үндсэн үүрэгтэй бөгөөд энэ нь барилгын чанарт шууд нөлөөлдөг, хариуцлагатай ажлын нэг юм. Иймд тус албан тушаалд ажиллах хүнийг сонгон шалгаруулахдаа бид аль болох олон хүний оролцоог хангаж, мэргэжлийн ур чадвар, ажлын туршлага, ёс зүйн хэм хэмжээг хангасан, чадварлаг, хариуцлагатай хүнийг сонгон ажиллуулахыг зорьж ажилласан болно. Садан төрлийн хүнтэй холбоотой асуудал үүсэхээс сэргийлж, энэхүү албан тушаалд ажиллах хүсэлтэй, тухайн чиглэлээр мэргэжлээрээ төгссөн хүмүүсээс сонгон шалгаруулалтыг шударгаар зохион байгуулсан. Жишээ болгон дурдахад, Ө гэх залуу сонгон шалгаруулалтад оролцсон бөгөөд Улаанбаатар хот дахь Барилгын төв лабораторид тухайн чиглэлээр гурван сар ажилласан туршлагатай байсан. Бид тухайн албан тушаалд хамгийн өндөр ур чадвартай, шалгалтад бодитоор тэнцсэн хүнийг сонгохыг зорьсон бөгөөд шалгаруулалтыг тухайн нөхцөл байдалд нийцүүлэн зохион байгуулж, хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчийг сонгон томилсон болно.

5.2. Гомдол гаргаж буй А- нь Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга А-ын хүү бөгөөд уг хэлтэс таван хүний бүрэлдэхүүнтэй. А- нь тухайн хэлтсийн даргын шууд удирдлагад ажиллах бүтэцтэй, хамаарал бүхий этгээд бөгөөд ашиг сонирхлын зөрчил үүсэх магадлалтай байсан ч, бид түүнийг шалгаруулалтад оролцуулах боломжийг нээлттэй олгосон. Хэрэв А- шалгаруулалтад нэгдүгээр байр эзэлсэн бол Авлигатай тэмцэх газарт холбогдох мэдээллийг хүргүүлж, ашиг сонирхлын зөрчлийн талаарх хяналт, зөвлөмж авч байж томилгоо хийхээр төлөвлөж байсан. Гэвч тухайн шалгаруулалтад тэрээр хоёрдугаар байрт орсон тул бид хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

5.3. Түүнчлэн, энэхүү албан тушаалд ажиллах ажилтныг сонгон шалгаруулахтай холбоотойгоор хууль, эрх зүйн хувьд албан ёсоор батлагдсан, үйлчилгээний төвийн ажилтныг сонгон шалгаруулах журам байхгүй тул бид тухайн нөхцөл байдалд нийцүүлэн, аль болох нээлттэй, шударга байдлаар, олон хүний оролцоог хангаж, судалгаа хийсний үндсэн дээр зохион байгуулалттайгаар шалгаруулалт явуулсан. Улмаар шалгалтад өндөр үнэлгээ авсан хүнийг хуульд нийцүүлэн томилсон болно.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө-ы давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн захирамжид зааснаар тус захирамжийн дагуу бид сонгон шалгаруулалтыг явуулсан. Сонгон шалгаруулалтын явцад процессын ил тод байдлыг хангах үүднээс хөндлөнгийн гурван гэрчийг оролцуулсан. Тухайлбал, Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас хоёр хүн, үйлдвэрчний эвлэлийн нэг хүнийг гэрчээр суулгаж, сонгон шалгаруулалтын үйл явцыг хянаж ажиллалаа.

6.2. Сонгон шалгаруулалтад таван хүн оролцсон бөгөөд шалгалтын дүнд нэг хүнийг хасаж, дөрвөн хүний нэгийг мэргэжил шаардлага хангаагүй гэж тогтоосон. Тус хүмүүсийн дүнг бичгээр тэмдэглэж, тухайн номын хуудсаар нотолж, тэндээс тестийг боловсруулан тухайн газар дээр нь бичүүлсэн бөгөөд оролцогчид зөвшөөрч гарын үсэг зурсан. Ийнхүү сонгон шалгаруулалтын процесс бүрэн ил тод, журмын дагуу явагдсан болно.

 

7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

7.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.

 

 

ХЯНАВАЛ:

 

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн гомдлоор авч хэлэлцсэн А.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, тус газрын ажлын хэсэгт холбогдох иргэний хэргийг бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

9. Нэхэмжлэгч А.А- нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, тус газраас байгуулсан ажлын хэсэгт холбогдуулж “тус ажлын хэсгээс зохион байгуулсан Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн шинжээчийн албан тушаалын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах, сонгон шалгаруулалтыг дахин зарлахыг даалгах, мөн тус газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/02 дугаартай “М.Ж-ийг ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгох тухай гомдол гаргаж, үндэслэлээ “Тус сонгон шалгаруулалтад өмнө нь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын барилгын хяналтын асуудал хариуцсан мэргэжилтнээр түр ажиллаж байсан, тус ажлын байранд мэргэжил таарахгүй М.Ж-ийг бүртгэсэн нь хууль бус, тус сонгон шалгаруулалтын процесс болон үнэлгээг эс зөвшөөрч байна, тухайлбал, сонгон шалгаруулалтын тоног төхөөрөмжийг тааж зорилгыг нь бичих үе шатны тухайн тоног төхөөрөмжийн зургууд нь А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр Зх4 см харьцаатай байсан ба чанарын нягтаршлын хувьд шаардлага хангахгүй буюу танигдах боломжгүй зургууд байсан ба чанарын шаардлага хангахгүй зураг таалгах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй, мөн лабораторийн шинжилгээний хариунд дүгнэлт бичих үе шатанд шалгалтын комиссоос ямар даалгавар гүйцэтгэх ёстой байсныг тайлбарлаж өгөөгүй, мөн нийт шалгуулагчид дунд 1 стандартын жагсаалт өгсөн ба миний бие үүний улмаас шалгалтын даалгаврыг хугацаанд нь биелүүлж чадаагүй болно. Миний бие тухайн үед шалгалтын комисст энэ тухай гомдлоо мэдүүлсэн ба үүний дараа 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр бичгээр дахин гомдол гаргасан боловч хүлээж аваагүй болно” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч нар дээрх гомдлын шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд хариу тайлбар ирүүлсэн бөгөөд үндэслэлээ “М.Ж- болон А.А- нарын мэргэжил нь тус ажлын байранд ажиллах бүрэн боломжтой. Сонгон шалгаруулалтын процессын хувьд, шалгалтад оролцогчдод шалгалт авах дэс дараалал болон тухайн бэлтгэсэн материалуудыг нээлттэй танилцуулсан. Тоног төхөөрөмжүүдийн зарим нь 380 кВт-аар ажиллах тул тухайн шалгалт өгч байгаа иргэдийг газар дээр нь ажиллуулах нь Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7 дахь заалтын дагуу хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй ба тухайн ажилд томилогдсон хүн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн заавар зааварчилгааг авч, ажиллуулж сурсны дараа тоног төхөөрөмжтэй харьцаж ажиллах ёстой. Тиймээс шалгалтад оролцогчдыг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг хангах үүднээс лабораторид оруулж ажиллуулаагүй. Асуудал шийдвэрлэх буюу лабораторийн шинжилгээний хариунд дүн шинжилгээ бичих үе шатанд 2 лабораторийн хариунд дүгнэлт бичих ёстой байсныг тухайн үед бүгдэд нь тайлбарлаж өгсөн ба шалгалтын комиссоос дахин тайлбарлаж өг гэсний дагуу дахин шалгалтад оролцогчдод тайлбарласан. Тоосгоны шинжилгээний хариунд шаардлагатай бол стандартаас харж тайлбарлаж болно гэсэн ба стандартыг шалгалтад оролцогчдын дунд өгсөн. А.А- нь шалгалтад авсан бүх оноог хүлээн зөвшөөрч, гомдолгүй гэдгээ мэдэгдэж 4 шатны шалгалтын материалд нэг бүрчлэн тус бүрд нь гарын үсэг зурж баталгаажуулсан. Шалгалтын комисст 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр бичгээр гаргасан гомдлын хариуг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр А.А-ийн 94242999 дугаарт залгахад холбогдох боломжгүй байсан учраас 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээлгэж өгсөн. Хүлээж авсан тухай он, сар, өдрийг бичиж гарын үсэг зурсан нь нотлогдож байгаа. Иймээс А.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэж тус тус тайлбарлажээ.

 

10. Анхан шатны шүүх А.А-ийн Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын төрийн үйлчилгээний албан тушаал болох Барилгын материалын лабораторийн шинжээчийн сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, тухайн орон тоонд тус сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэн иргэн М.Ж-ийг томилсон ажил олгогчийн шийдвэрийг хүчингүй болгохтой холбоотой гомдлыг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан, маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх заалтад “... аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хуульд заасны дагуу гаргасан гомдол”-ыг шүүх гомдлоор авч хэлэлцэнэ гэсэн хуулийн зохицуулалтад нийцсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан хэргийн харьяаллыг зөрчөөгүй гэж дүгнэв.

 

11. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, дараах үйл баримтууд, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлууд тогтоогдов. Үүнд:

-Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилгын лабораторийн шинжээчийн сул орон тоог зарлахдаа аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/1112 дугаар захирамжийн дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох маягтын дагуу 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 05 дугаартай сул орон тооны захиалгыг хүргүүлсний дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тухайн ажлын байрыг нийтэд зарласан,  

- тус газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 дугаартай “Комисс томилох тухай” тушаалаар тус газрын Барилгын лабораторийн шинжээчийн сул орон тооны сонгон шалгаруулалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулах комиссыг томилж, сонгон шалгаруулалтыг зохих журмын дагуу зохион байгуулж, газрын даргад танилцуулахыг комисст үүрэг болгосон,

- тус газрын Барилгын материалын лабораторийн шинжээчийн сул орон тооны /төрийн үйлчилгээний албан тушаал/ сонгон шалгаруулалтад А.А-, М.Ж-, Б.Ч, М.Ө нарыг оролцуулж 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулсан бөгөөд тухайн сонгон шалгаруулалтын дүнг үндэслээд хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх заалт, 104 дүгээр зүйлийн 104.1 дэх заалт, Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 238 дугаар тогтоолын 10 дугаар хавсралтыг тус тус үндэслэн М.Ж-ийг Барилгын лабораторийн шинжээчээр 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан,

- М.Ж-ийг түүний хүсэлтээр анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан бөгөөд тэрээр “хариуцагч байгууллага тухайн сул орон тооны талаарх зарыг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт хүргүүлсэн, тус байгууллага 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нийтэд мэдээлсэн, харин хариуцагч байгууллага 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тухайн зарыг өөрийн цахим хуудсаар нийтэд мэдээлсэн байсан. М.Ж- миний эзэмшсэн мэргэжил Барилгын лабораторийн шинжээчийн ажлын байрны аймгийн ГХБХБГ-ын даргын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/02 дугаартай тушаалаар байгуулсан ажлын хэсгийн баталж өгсөн “Албан тушаалын тодорхойлолт”-ын дагуу /Барилгын инженерчлэл 073204/ индекстэй тохирч байна. Сонгон шалгаруулалтад орсон 4 иргэн адилхан А4 хэмжээтэй бичгийн цаас дээр 3x4 см харьцаатай, нягтаршлын хувьд шаардлага хангахгүй буюу таних боломжгүй зураг байсан гэдэг нь шалтгаан биш гэж үзэж байна. Асуудал шийдвэрлэх буюу лабораторийн шинжилгээний хариунд дүн шинжилгээ бичих үе шатанд 2 лабораторийн хариунд дүгнэлт бичих ёстой байсныг тухайн үед шалгалт өгсөн бид дөрөвт тайлбарлаж өгсөн ба тайлбарлаж өгөөгүй байсан бол бид хариулахааргүй байсан ийм учраас нэхэмжлэгч А.А- нь нэхэмжлэлдээ худлаа шалтаг зааж байна. 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын тушаалаар байгуулагдсан комисс /тус газрын 3 албан хаагч, хөндлөнгийн хяналт хэрэгжүүлэхээр Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын 2, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн, тус байгууллагын мэдээлэл технологийн мэргэжилтэн 1 хүн зэрэг нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулж, М.Ж- би эхний байр эзэлсэн тул тухайн ажлын байранд ажил олгогчтой хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж, одоог хүртэл ажиллаж байна” гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн зэрэг нөхцөл байдлууд тогтоогджээ.

 

12. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, талуудаас гаргаж өгсөн, шүүхээс хуульд заасан журмаар бүрдүүлсэн дээрх нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 дугаартай “Комисс томилох тухай” тушаалаар тус газрын Барилгын лабораторийн шинжээчийн сул орон тооны сонгон шалгаруулалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулах комиссыг томилж, сонгон шалгаруулалтыг зохих журмын дагуу зохион байгуулахдаа нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан, хассан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тухайлбал, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Барилгын лабораторийн шинжээчийн орон тооны сонгон шалгаруулалт явуулахдаа хурлын тэмдэглэл хөтлөгдсөн байх ба хурлын тэмдэглэлд тухайн сонгон шалгаруулалт явагдсан газар, огноо, оролцсон хүмүүс, сонгон шалгаруулалтын үйл явцын талаар тодорхой тусгагдсан байна.

Мөн түүнчлэн хариуцагч байгууллагаас Барилгын лабораторийн шинжээчийн орон тооны сонгон шалгаруулалтад оролцогч бүрийн үнэлгээний хуудас болон шалгалтын материалыг, шалгалтад оролцогчдоос шалгалтын даалгаврыг гүйцэтгэсэн талаарх материалуудыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн бөгөөд уг шалгалтын материалаас үзэхэд шалгалтад оролцогч нар нь шалгалтын даалгаврыг ямар байдлаар гүйцэтгэсэн болох нь тусгагджээ.  Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.

 

13. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан, төрийн үйлчилгээний албан тушаал болох тус газрын Барилгын материалын лабораторийн шинжээчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлах, зохион байгуулах талаар хууль болон журмаар тодорхойлсон хэм хэмжээ, хуульчилсан журам дүрэм байхгүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан үл ялгаварлан гадуурхах, хөдөлмөрлөх эрх чөлөөг баталгаажуулах, ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангагдах, шударга бус үйлдлийг хориглох буюу иргэдэд хөдөлмөр эрхлэх тэгш боломж, бололцоо олгох зорилгоор  хөдөлмөрлөхтэй холбоотой эрх зүйн харилцааны дээрх суурь зарчмуудыг хангаж Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн 8.3.1 дахь заалт, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлж, өөрийн байгууллагад шинээр үүссэн сул орон тооны талаарх нээлттэй сонгон шалгаруулалтыг олон нийтэд урьдчилан мэдээлж, иргэдийг бүртгэж, улмаар сонгон шалгаруулалт явуулсан нь ажил олгогч төрийн байгууллагын хувьд төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцсэн бөгөөд тухайн үйл ажиллагааг эрхлэн явуулахдаа нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан, хассан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М-ийн давж заалдах гомдол хууль зүйн бодит үндэслэлд нийцээгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            14. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно гэж хуульчилсан, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар төрийн үйлчилгээний албан тушаал нь төрийн жинхэнэ албанд хамаарахгүй ба мөн хуулиар төрийн үйлчилгээний албанд иргэдийг сонгон шалгаруулж томилох тухай зохицуулалтгүй, харин тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заасан бол 4.3 дахь хэсэгт “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж, 4.4 дэх хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна” гэж тус тус хуульчилсан. Өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээний албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль болон энэ хууль, хууль тогтоомжийн бусад актаар тогтоох ба түүнийг сонгон шалгаруулж, ажилд томилохтой холбоотой харилцаанд Төрийн албаны тухай хуулиар тухайлан зохицуулаагүй тул Хөдөлмөрийн тухай хууль,  мөн бусад хуулиар журам тогтоосон бол тухайн хуулийн зохицуулалт үйлчлэхээр байна.

            Гэтэл Иргэний хуулийн Гучин гуравдугаар бүлэгт заасан, ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбоотой үүргийн харилцааны нэгэн төрөл болох хөдөлмөрлөхтэй холбоотой иргэний эрх зүйн харилцаанд, тухайлбал төрийн байгууллагад ажилладаг төрийн үйлчилгээний албан хаагчтай ажил олгогч мөн хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулах ба мөн зүйлийн 369.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээнд Иргэний хуулийн ерөнхий ангийн үндэслэл бусад гэрээний нэгэн адил хамаарч, талууд тэгш эрхийн үндсэн дээр, сайн дураараа, гэрээний агуулгыг Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн өөрсдөө тодорхойлох зэрэг гэрээний эрх чөлөөний суурь зарчмууд нэгэн адил үйлчилдэг.

15. Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл, журмыг хуулиар тогтооно” гэж, Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх заалтад “хөдөлмөрийн гэрээ” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1 дэх заалтад ажилтан нь ажил олгогчтой сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ байгуулах, өөрчлөх, цуцлах нь үндсэн эрхтэй гэж, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулна гэж тус тус хуульчилсан, төрийн байгууллагад гарсан төрийн үйлчилгээний албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах талаар хуулиар тусгайлан эрх олгосон захиргааны болон бусад эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр, тогтоосон дүрэм журам, хуулийн зохицуулалт байхгүй учраас ямарваа нэгэн эрх зүйн эх сурвалжийг шалгуур болгож, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын төрийн үйлчилгээний албан тушаал болох Барилгын материалын лабораторийн шинжээчийн сул орон тоонд ажил олгогчоос сонгон шалгаруулалт зарлаж, нэр бүхий иргэдийг бүртгэж, тэдгээрээс шалгалт авч, нэг иргэнийг сонгон шалгаруулж, улмаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Ж-ийг тухайн байгууллагын даргын тушаалаар ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан үйл ажиллагааг хууль тогтоомжийг зөрчсөн, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх аливаа үндэслэл тогтоогдоогүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

16. Иймд дээр дурдсан үндэслэлээр гомдол гаргагч А.А-ийн хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, тус газраас байгуулсан ажлын хэсэгт холбогдуулж гаргасан “тус ажлын хэсгээс зохион байгуулсан Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн шинжээчийн албан тушаалын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох, сонгон шалгаруулалтыг дахин зарлахыг даалгах, мөн тус газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн б/02 дугаартай “М.Ж-ийг ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгох тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            17. А.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 302/ШШ2025/00290 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                            Ж.ОТГОНХИШИГ

 

ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ