| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0158/Э |
| Дугаар | 160 |
| Огноо | 2019-06-03 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 160
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж
Улсын яллагч: Э.Гантулга
Нарийн бичгийн дарга: Н.Гантулга
Шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүгдэгч М.Мид холбогдох эрүүгийн 1914002160199 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй М.М,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч М.М нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн нутаг 6-2-33 тоот хашаанд байх иргэн М.Дгийн эзэмшлийн эзэнгүй байсан хүн байнга амьдрах зориулалтай орон байр буюу байшинд 2019 оны 02 сарын 15-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж М.Дд 660000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч М.Мийн мөрдөн байцаалтад өгсөн
... Би Бөмбөгөр сумаас 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймагт ирээд Б гэх эгчийнд байж байгаад 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 6-2-33 тоот айлд очсон чинь гэр нь эзэнгүй гэрийн хаалга нь онгорхой байхаар нь гэрт ороод том өрөөнд байсан шар өнгийн шкав онгойлгосон чинь дотор нь 6 ширхэг мөнгөн аяга байхлаар нь аваад гаргсан. Тэгээд би 6 ширхэг мөнгөн аягаа Б эгчийн хашаанд нуучихаад 7 хоногийн дараа зах дээр мөнгөн эдлэл авдаг хүнд 400,000 төгрөгөөр зарсан. Б эгчийн гэрийн хаягийг мэдэхгүй амьчуулын 30 айлын тэнд байдаг. Би 6-2-33 тоот айлаас ганцаараа хулгай хийсэн надтай өөр хүн байгаагүй. 6-2-33 тоот айлын эзэн С.Ба гэх ахтай 2019 оны 01 дүгээр сард танилцаж байсан юм. Би гэрт нь хамт очиж байсан тэрнээс хойш уулзаагүй байж байгаад 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр айл хэсэх гээд гэрт нь очсон чинь гэр нь эзэнгүй байхлаар нь гэрээс нь мөнгөн аяга хулгайж авсан. Би Есөн-Эрдэнэ зах дээр мөнгөн аяга зарсан хүнээ харахын бол танин нэр нь Батболд гэх хүнд зарсан надад одоо 6 ширхэг мөнгөн аяга байхгүй тэр Батболд гэх хүнд байгаа, зах дээр очоод зарсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 88-91 /
Хохирогч М.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн
... Манай гэр 6-2-33 тоот хашаанд байдаг. Нөхөр С.Ба бид хоёр 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 14 цагийн үед гэрээ цоожилж гараад Баянхонгор эрчим хүчний газар очиж гэрлийн мөнгө тушаачихаад тэндээсээ айлд оччихоод гэртээ буцаад 16 цагийн үед хашаандаа ороод гэртээ орох гэтэл манай байшингийн цонхны жижиг вакум цонх онгорхой байхаар нь бид хоёр хамт гэрт ороод гэрийн эд зүйлсээ бүртгэж үзэхэд авдар дотор байсан 6 ширхэг мөнгөн аяга байхгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн. ... Манай гэрт нөхөр бид хоёроос өөр хүн байгаагүй манай охин өглөө хичээлдээ яваад ирээгүй байсан. Би авдар дотроо 6 ширхэг мөнгөн аяга 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хийсэн,түүнээс хойш би авдар дотроос мөнгөн аяга гаргаж ирээгүй. Манай гэрт 2019 оны 02 дугаар сарын 13-ны өглөө М.М /Тоорой/ гэх залуу манай гэрт орж ирээд явсан. М.М /Тоорой/ гэх залуу манай гэрийн авдар дотор мөнгөн аяга байгаа талаар мэдэж байгаа өөр хүн мэдэхгүй ... М.М /Тоорой/-ийн аймагт ирэхээр нь орон гэргүй гэхээр нь манайд байлгадаг байсан ... Манай мөнгөн аяга нь 1 нь 7*7-той мөнгөн аяга, 1 нь 5*5-тай мөнгөн аяга, 4 нь мөнгөн аяга 5, тай мөнгөн аяга байсан юм. Манай хүүхэд 2016 онд 7*7-той мөнгөн аяганы 200,000 төгрөг, 5*5-тай мөнгөн аяганы 140,000 төгрөгөөр авч өгсөн 4 ширхэг жижиг мөнгөн аяга 2017 онд нэгийн 100,000 төгрөгөөр нийт 400,000 төгрөгөөр авч өгсөн. Би хулгайд алдагдсан мөнгөн аягаа тэр үнээр нь үнэлнэ ... гэх мэдүүлэг / хх-ийн 32-35 /
Гэрч С.Бын мөдөн байцаалтанд өгсөн
... 2019 оны 02 дугаар сарын 13-ны өглөө намайг ажилдаа явсан хойгуур манай гэрт М.М /Тоорой / гэж дууддаг залуу орж ирээд намайг сураад гарсан гэсэн бүтэн нэрийн мэдэхгүй. М.М /Тоорой/ гэх залууг манай гэрээс хулгай хийсэн байх манай гэрийн авдар дотор байсан мөнгөн аяга хаана байсан талаар мэдэж байгаа, цагаан сараас өмнө манай гэрт байж байгаад явсан, аймагт өөр очих газар байхгүй гээд төрсөн ах нь хэлээд байхлаар нь би гэртээ байлгаж байсан.... гэх мэдүүлэг / хх-ийн 38-39 /
Гэрч Д.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн
... 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн үед миний утас руу залгаад шинэ цагийн мөнгөн аяганууд өгөх гэсэн юм та авах уу гэхээр нь би авахгүй гэж хэлээд байж байхад 10 минутын дараа над руу утсаар дахин залгаад мөнгөний хэрэг гараад байна та авчихаач гэхээр нь өөрийнхөө гэрийн хаягийг зааж өгсөн юм. Манайд 16 цаг болж байхад ирсэн, хажуудаа нэг бандийг дагуулсан ирээд оройны автобусаар эмээгээ хот руу явуулах гэсэн а 200.000 төгрөгт авчих гэж надад 4 ширхэг мөнгөн аягыг үзүүлсэн. Би тэр 4 ширхэг мөнгөн аягыг нь үзчихээд би юм авахдаа баримттай авдаг юм хулгайны юм биш биз гэж хэлээд би өөрийнхөө гар утсаар аяга зарсан бандийн зургийг нь авсан. Надаас тал мөнгийг бэлнээр аваад үлдэгдэл мөнгийг нэг эмэгтэй хүний дансны дугаарыг өгөөд шилжүүлж авсан. Би тухайн үед хагас мөнгийг нь мобайлдаж байсан юм. Дээрх худалдан авсан 4 ширхэг мөнгөн аяга нь янз бүрийн содон шинж, тэмдэг байгаагүй шинэ цагийн мөнгөн аяга байсан. Тэдгээрийг хайлуулж хазаарын гархинд ашигласан байгаа. Одоо бол байхгүй. Бэлдэж гаргасан хазаарыг хүнд зарсан. Би тэдгээр аягануудыг зөвхөн мөнгийг нь авч ашиглах гэж худалдан авсан юм ... гэх мэдүүлэг / хх-ийн 48-49 /
Гэрч Ш.Бын мөрдөн байцаалтанд өгсөн
... Өдрийн 12-13 цагийн үед М.М надр уу залгаад утасны хэрэг байна хоёулаа уулзъя гэж хэлсэн. Бид хоёр арван мянгатад очиж уулзахад уутанд 4 ширхэг мөнгө аяга хийсэн байсан. Нэг хүн рүү утсаар ярьсан юу ярьсан эсэхийг нь сайн санахгүй байна надаас зайдуу зогсоод ярьж байсан. Хоёулаа айл руу ороод эд нарыг өгчихөөд ирий гэж хэлсэн. Хөх толгойн цаад үзүүр хүртэл алхаж очсон. М.М дахин утсаар залгаж яриад хоёулаа оръё гэхээр нь би цуг орсон. Гэрт нь нэг ах байсан М.М өөрийн барьж байсан 4 ширхэг мөнгөн аягаа зарсан ... Тэр ах бид нарт хандаж энэ хулгайн юм биш биздээ гэж асуухад М.М биш ээ, манай эмээгийн бие нь муудсан утгатай юм яриад байсан. Тэр ах баримтжуулж авна гээд М.Мийн зургийг нь утсаараа дарсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/
Энх нахай ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №84 дугаар “... эд зүйлсийг / мөнгөн аяга/ 660,000 төгрөгөөр...” үнэлсэн үнэлгээ /хх-ийн 57-58/,
Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 018 дугаартай
1. Папилон салбар станцад 2019-006-БНХ /11/ гэж дугаарлагдсан мөр нь 2019
оны 05 дугаар сарын 13-ны өдөр гарын дардсаа өгсөн УБ нэгдсэн санд MN003810011072 гэсэн дугаараар бүртгэлтэй Мөнхжаргал овогтой Мийн баруун гарын долоовор хурууны хээгээр үүсгэгдсэн байна. Харин бусад шинжилгээнд тэнцсэн гарын мөрүүдтэй тохирох мөр, дардас үгүй байна.
1. Шинжилгээнд тэнцсэн УБ нэгдсэн санд 5, 7, 8, 9, 10, 11, 12 гэж дугаарласан
гарын мөрүүд өөр хоорондоо тохирохгүй байгаа боловч нэг мөрний шинж тэмдгүүд нөгөө мөрөнд дүрслэгдэж үлдээгүй байж болох тул тогтоох боломжгүй байна ... гэх дүгнэлт /хх-ийн 75-76/
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 3-5/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-27/, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шүүгдэгч М.Мийн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3-р багийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 67 дугаартай тодорхойлолт /хх-ийн 92/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 21/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 20/, шүүгдэгч М.Мийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 95/, депозит дасны хуулгууд /15-17/ нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч М.М нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн нутаг 6-2-33 тоот хашаанд байх иргэн М.Дгийн эзэмшлийн эзэнгүй байсан хүн байнга амьдрах зориулалтай орон байр буюу байшинд 2019 оны 02 сарын 15-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж М.Дд 660000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч М.Мийн ...гэр нь эзэнгүй гэрийн хаалга нь онгорхой байхаар нь гэрт ороод том өрөөнд байсан шар өнгийн шкав онгойлгосон чинь дотор нь 6 ширхэг мөнгөн аяга байхлаар нь авсан, ... мөнгөн эдлэл авдаг хүнд 6 ширхэг мөнгөн аягыг 400,000 мянган төгрөгөөр зарсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 88-91 /
Хохирогч М.Дгийн ... манай байшингийн цонхны жижиг вакум цонх онгорхой байхаар нь гэрт ороод гэрийн эд зүйлсээ бүртгэж үзээд авдар дотор байсан 6 ширхэг мөнгөн аяга байхгүй байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 32-35/
Гэрч С.Бын ... М.М /Тоорой/ манай гэрийн авдар дотор байсан мөнгөн аяга хаана байсан талаар мэдэж байгаа, цагаан сараас өмнө манай гэрт байж байгаад явсан... гэх мэдүүлэг / хх-ийн 38-39 /
Гэрч Д.Бгийн ... манайд 16 цаг болж байхад ирээд 4 ширхэг мөнгөн аягыг үзүүлсэн,...би өөрийнхөө гар утсаар аяга зарсан бандийн зургийг авсан, тал мөнгийг бэлнээр аваад үлдэгдэл мөнгийг нь нэг эмэгтэй хүний дансны дугаарыг өгөөд шилжүүлж авсан,... гэх мэдүүлэг / хх-ийн 48-49 /
Гэрч Ш.Бын ... М.М надр уу залгаад утасны хэрэг байна гэхээр нь арван мянгатад очиж уулзахад уутанд 4 ширхэг мөнгө аяга хийсэн байсан, ...өөрийн барьж байсан 4 ширхэг мөнгөн аягаа зарсан ... тэр ах М.Мийн зургийг нь утсаараа дарсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/
Энх нахиа ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №84 дугаар “... эд зүйлсийг/ мөнгөн аяга/ 660,000 төгрөгөөр...” үнэлсэн үнэлгээ /хх-ийн 57-58/,
Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 018 дугаартай ... Папилон салбар станцад 2019-006-БНХ /11/ гэж дугаарлагдсан мөр нь 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гарын дардсаа өгсөн УБ нэгдсэн санд MN003810011072 гэсэн дугаараар бүртгэлтэй Мөнхжаргал овогтой Мийн баруун гарын долоовор хурууны хээгээр үүсгэгдсэн байна. Харин бусад шинжилгээнд тэнцсэн гарын мөрүүдтэй тохирох мөр, дардас үгүй байна ... Шинжилгээнд тэнцсэн УБ нэгдсэн санд 5, 7, 8, 9, 10, 11, 12 гэж дугаарласан гарын мөрүүд өөр хоорондоо тохирохгүй байгаа боловч нэг мөрний шинж тэмдгүүд нөгөө мөрөнд дүрслэгдэж үлдээгүй байж болох тул тогтоох боломжгүй байна ... гэх дүгнэлт /хх-ийн 75-76/ зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М.М нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.М нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн нутаг 6-2-33 тоот хашаанд байх иргэн М.Дгийн эзэмшлийн эзэнгүй байсан хүн байнга амьдрах зориулалтай орон байр буюу байшинд 2019 оны 02 сарын 15-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж М.Дд 660000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Уг гэмт хэргийн хохирогч М.Дгийн хулгайд алдсан эд зүйлийг 660,000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч хэн аль нь маргаагүй, шүүгдэгч М.М нь бусдын эд зүйлийг хулгайлж авсан өөрийн үйлдэл болон авсан эд зүйлийн тоо, хэмжээ болон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч М.Мийг хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч М.Мид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч М.М нь хохирогч М.Дгийн эд хөрөнгөнд учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээнд заасны дагуу хохирлыг шүүгдэгч М.Моос 660000 төгрөг гаргуулж, хохирогч М.Дд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы зардалгүй болохыг тус тус дурдав.
Түүнчлэн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч М.Мид яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой мэдээлэл бичигдэхээр тусгагдсан бөгөөд шүүгдэгчийн сар, өдрийг буруу бичигдсэнийг шүүхийн хэлэлцүүлэгт зөвтгөн залруулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Мийг хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч М.Мийг хоёр / 2 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч М.Мид оногдуулсан хоёр / 2 / жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.7-т зааснаар шүүгдэгч М.Моос 660,000 төгрөг гаргуулж хохирогч М.Дд олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч М.Мид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Мид хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА