| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 302/2025/00279/И |
| Дугаар | 212/МА2025/00044 |
| Огноо | 2025-07-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 212/МА2025/00044
Х.И-ийн хүсэлттэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 302/ШШ2025/00368 дугаар шийдвэртэй, хүсэлт гаргагч ********* багт оршин суух Б овогт Х.И-ийн хүсэлттэй,
“Ж овогтой Ж-тай 1995 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсон байдлыг тогтоолгох тухай” иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Бахытбек, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бахыт нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлтийн агуулга:
1.1. Миний бие **** онд тус аймгийн ***** төрсөн, одоо ** настай. 1995 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Ж овогтой Ж-тай гэр бүл болсон. Тухайн үед сумын иргэний бүртгэлийн ажилтнаас гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, гэрлэлтийн гэрчилгээ бичүүлж аваагүй юм байна.
1.2. Сүүлд Улсын бүртгэлийн байгууллагаас лавлагаа гаргуулахаар хандсан боловч гэрлэлтийн бүртгэлгүй гэсэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байгаа.
1.3. Бид хоёр гэрлэснээс хойш дундаа 6 хүүхэд төрүүлсэн. Үүнээс анхны хүүхэд маань төрөнгүүтээ эндсэн, дараагийн хүүхэд болох охин К- 1997 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр, хүү Т- 1999 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр, охин Ж- 2001 оны 02 дугаар сарын 21-ний өдөр, хүү Л 2003 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр, хүү Д- 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус тус төрсөн.
1.4.Гэтэл биднийг гэр бүл болсныг улсын бүртгэлд бүртгээгүй байх тул Х.И- миний бие Ж овогтой Ж-тай 1995 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсон байдлыг тогтоож өгнө үү.
2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 302/ШШ2025/00368 дугаар шийдвэрээр:
2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Б овогт Х.И-ийн Б овогт Ж-ийн Ж-тай 1995 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсон байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
2.2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
3.1. Хүсэлт гаргагч тус аймгийн Б- сумын иргэн Х.И- нь 1995 оны 06 дугаар сарын 20-ны өдөр мөн сумын иргэн Ж.Ж-тай гэр бүл болж, 6 хүүхэд төрүүлж түүнээс 5 хүүхэд нь эсэн мэнд бойжсон, гэрлэгсэд одоо хүртэл хамт амьдарч байгаа боловч гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн гэрчилгээ бичүүлж аваагүй байсан тул гэр бүл болсон байдлаа шүүхээр тогтоолгохоор хандсан. Тэдний гэрлэснийг нотлох тухайн багийн засаг даргын тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаанууд, нэр бүхий 2 гэрчийн бичгээр гаргасан тодорхойлолтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Мөн шүүхийн санаачилгаар Улсын бүртгэлийн хэлтсийн ирүүлсэн Х.И-, Ж.Ж- нарын ХААТР маягтуудад гэрлэсэн талаар тэмдэглэсэн байна. Тухайлбал: Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлийн 12-т Эхнэр Ж.Ж-, РД:БД*******, гэрчилгээний дугаар 11, Иргэний үнэмлэх авах өргөдөлд: Гэрлэсэн 1 дэх, эхнэр Ж-, хүү Т-, охин К-, охин Ж- гэж, мөн Ж.Ж-ы иргэний үнэмлэх авах өргөдөлд: гэрлэсэн 1 дэх, 1996 он, гэрчилгээний №26, нөхөр И-, охин К-, хүү Т-, охин Ж- гэж тус тэмдэглэсэн байна.
3.2. Харин анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа: Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2 дахь хэсэг, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Х.И- нь хуульд зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу гэр бүл болсон байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхийн дагуу хандсан.
3.3. Гэрлэгсэд гэр бүл болоод 30 жил өнгөрч байгаа энэ хугацаанд дундаасаа 6 хүүхэд төрүүлсэн, эд хөрөнгө хуримтлуулж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, хамтын амьдралаа босгосон ба өөрсдийн хайнга, боловсрол муутай байдал, хөдөө газар мал маллаж амьдардаг зэрэг байдлаас болж гэрлэлтээ бүртгүүлээгүй учир шүүхэд хандаж гэр бүл болсон байдлаа нотлох баримтын хүрээнд тогтоолгохоор хандаж байгаа нь ойлгомжтой юм түүнээс биш бүртгэл байсан бол юу гэж шүүхэд хүсэлт гаргах байсан бэ, одоо Х.И-, Ж.Ж- нар болон тэдний үр хүүхдүүд нь төрөл бүрийн иргэний харилцаанд ороход төрийн эрх бүхий зохих байгууллагуудын зүгээс гэрлэлтийн гэрчилгээ /бүртгэл/ шаарддаг болсон тул хожуу ухаарч шүүхэд хандсан байдаг. Шүүхийн зүгээс шийдвэр гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасныг үндэслээгүй байна гэж үзэж байна.
3.4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 1-д заасны дагуу Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 302/ШШ2025/00368 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.
ХЯНАВАЛ:
4. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг ойлгоно.
Онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хүсэлт гаргагч шүүхэд хандах болсон бодит нөхцөл байдал буюу түүний хэрэгцээ шаардлага, үндэслэл нь ямар учир шалтгаантай болохыг тодорхойлж, тухайн хүсэлтийнхээ үндэслэл, шаардлагаа заавал тусгах ёстой бөгөөд энэ нөхцөл байдлыг шүүх тодруулснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарах нэгэн нөхцөл бүрддэг.
6. Гэтэл анхан шатны шүүх Х.И-ийн “Ж овогтой Ж-тай 1995 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсон байдлыг тогтоолгох тухай” тухай хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхдээ хүсэлтийн бодит үндэслэл, шаардлагыг тодруулахгүйгээр, тэрээр Ж.Ж-тай хамтын амьдралтай байсан гэх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг сэргээн тогтоох, эсхүл гэрлэлтийг бүртгүүлсэн байдлыг сэргээн тогтоох хүсэлтийн шаардлага гаргасан эсэхийг тодруулахгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3 дахь заалтыг хэрэглэж хүсэлтийг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байдал нь шийдвэрийг мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтаар хүчингүй болгох үндэслэлд хамаарна.
7. Түүнчлэн хүсэлт гаргагчийн хүсэлтдээ хавсаргасан нотлох баримтууд болон шүүхийн журмаар бүрдүүлж хэрэгт хавсаргасан Х.И- болон Ж.Ж- нарын ХААТР маягтуудад тусгагдсан асуумжид, тухайлбал Ж.Ж-ы ХААТР маягтын 2001 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн бүртгэлд “Гэр бүлийн байдал: Гэрлэсэн, хэд дэх: 1 дэх, гэрлэсэн он: 1996 он, Гэрчилгээний дугаар: 26, Эхнэр, нөхөр 16 хүртэлх насны хүүхэд: Нөхөр И, РД:БД******, охин К- РД:БД********, гэрчилгээний дугаар 93, хүү Т- РД: БД*********, гэрчилгээний дугаар 79, охин Ж- РД:БД******* гэрчилгээний дугаар 49” гэж тусгагдсан баримтат мэдээлэл зэрэг нотлох баримтуудын хууль зүйн болон бодит үндэслэлийг Х.И-ийн хүсэлтийн шаардлагад холбогдуулан хэрхэн үнэлж, дүгнэсэн талаарх хууль зүйн үндэслэлийг анхан шатны шүүхийн шийдвэрт тусгаагүй байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэсэнтэй нийцээгүй байна.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар мэтгэлцэх зарчим нь мөн хуулийн 133 дугаар зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарахгүй учраас хүсэлт гаргагчийн хүсэлтийн үндэслэл, шаардлагыг тодруулсны эцэст, түүнд холбогдуулан Х.И-ээс шүүхэд гаргаж өгсөн К.Б, Ш.А нарын тодорхойлолтыг үндэслэж тэдгээрээс гэрчийн мэдүүлэг авах замаар, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх, түүнчлэн тухайн хүсэлтийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулах, хэргийн бодит байдлыг сэргээн тогтоохын тулд иргэн Ж.Ж-ыг, шаардлагатай бол Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн холбогдох албан тушаалтныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах нь хууль ёсны болон хэргийн бодит байдлыг тогтоох зарчмуудад нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “гэрлэлт” гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт гэрлэхийг хүсэгчид хуульд заасан баримт бичгийг бүрдүүлж, гэрлэсний бүртгэлд өөрийн биеэр бүртгүүлнэ гэж тус тус хуульчилсан байна.
9. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай анхан шатны шүүхийн шийдвэрт тусгаагүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлууд тогтоогдоогүй учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, “шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар хүсэлтийг хангаж шийдвэрлэх тухай” хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
10. Хуульд зааснаар Х.И-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 302/ШШ2025/00368 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ШҮҮГЧ Д.КӨБЕШ