Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2025/01361

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/05346 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******, ******* нарт холбогдох

Автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл, албан татварт төлсөн төлбөр, алдангид 83,491,950 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Миний бие ******* ХХК, *******ХХК-ийн хооронд 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээ, ******* ХХК, *******ХХК, *******нарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан Захиалагчийн үүрэг гүйцэтгүүлэх гурван талт гэрээ, 2021 оны 10 сарын 07-ны өдөр байгуулсан Эзэмшлийн газар дээр үйлчилгээтэй орон сууцны барилга барих эрхийг олгож барилгын тодорхой хэсгийг газар эзэмших эрхээр харилцан солилцох ерөнхий гэрээ зэрэг гэрээнүүдийг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ЗГ2021/10/05 дугаартай Авто зогсоол захиалгын гэрээг иргэн *******тэй байгуулж, Баянгол дүүрэг, *******дүгээр хороо, Энгельсийн гудамж ******* байрны зоорийн давхарт байрлах 10 ширхэг авто зогсоолыг авахаар тохиролцсон юм.

Дээрх гэрээнүүдэд дурдсан үүргээ ******* ХХК биелүүлж, 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 0762 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг захиалагчийн үүрэг гүйцэтгэгч *******тэй байгуулж, Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд байрлах 4105.3 м.кв талбайтай газрыг иргэн *******гийн нэр дээр шилжүүлснээр энэ нэхэмжлэлд дурдсан 10 ширхэг авто зогсоолын төлбөр 100 хувь төлөгдсөн юм.

1.2.*******нь 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нас барж, түүний охин ******* өв залгамжлагч болж, орон сууцууд, авто зогсоолуудыг захиран зарцуулах эрхийг хүлээн авч, тус байранд орон сууц худалдан авч төлбөрөө төлсөн иргэдийн нэр дээр шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргах ажлыг хариуцан ажилласан байдаг.

Тус ******* байрыг 2024 оны 03 дугаар сард улсын комисс хүлээн авч ашиглалтад орсон бөгөөд ******* нь *******болон бидний хоорондох Авто зогсоол захиалгын гэрээний үүргийг зөрчиж, тус байрны зоорийн давхрын бүх авто зогсоолыг 2024 оны 06 дугаар сард ******* гэх хүний нэр дээр шилжүүлсэн байна.

1.3.Захиалагчийн үүрэг гүйцэтгүүлэх гурван талт гэрээний 8 дугаар зүйлд "Иргэн *******нь хүндэтгэн үзэх шалтгаанаар захиалагчийн үүргийг биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд иргэн *******гийн үүргийг хүлээн авсан этгээд энэ хэлцлийг дагаж мөрдөх үүрэгтэй" гэж тодорхой заасан байдаг.

Миний бие ******* ХХК-ийн үүсгэн байгуулагч, эхнэр ******* нь ******* ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал юм.

Гэтэл *******, хариуцагч ******* нар 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Харилцан ойлголцлын гэрээ болон гэрээ дүгнэсэн актыг байгуулж, ирээдүйд барьж угсрах ******* байрны хажуу дахь 16 давхрын Б блокийн орон сууцны Б-1 давхрын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 тоот нийт 10 автозогсоолыг барилга ашиглалтад оруулсны дараа хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа боловч хариуцагч *******т ******* байрны хажуу дахь 16 давхрын Б блокийг өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон эсэх нь тодорхойгүй, үзүүлээгүй. Хэрэв хариуцагч өвлөх эрхтэй талаарх гэрчилгээг үзүүлсэн бол миний бие шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагагүй байсан.

Иймд 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ/2021/10/05 дугаартай гэрээний үүргийн дагуу Баянгол дүүрэг, ******* дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельсийн гудамж, ******* байрны зоорийн давхарт байрлах 10 ширхэг автозогсоолын өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч *******ийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Энэхүү маргаан 2013 оноос эхлэлтэй бөгөөд *******, ******* нар нь 2013 оны 06 дугаар сарын 16-ны өдөр бэлнээр 300,000,000 төгрөг, 178,000 ам.доллар авч, өөрийн эзэмшлийн ******* ХХК-ийн нэр дээрх 4948 м.кв талбайтай газрын эрхийг шилжүүлэхээр тохиролцон гэрээ хийсэн, авсан бэлэн мөнгөн дээрээ 1 давхрын үйлчилгээний талбайг бүтнээр нь, 2 болон 3 давхрын 16 орон сууц, 10 автомашины зогсоол авахаар тохиролцсон. Гэвч ******* нь газраа шилжүүлэхгүй саатуулж 2023 он хүргэсэн. Үүгээр ч зогсохгүй газраа шилжүүлж өгөхдөө 4948 м.кв газраас 843 м.кв газрыг өөрийн нэр дээр авч үлдэн бүтэн шилжүүлж өгөөгүй.

2.2.Миний аав *******нь 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр таалал төгсөж, миний бие өвийн эрх нээлгэж, хүмүүст үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгч байна. Миний бие *******тай 3 удаа уулзахдаа 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Харилцан ойлголцлын гэрээ болон гэрээ дүгнэсэн актын 5.1-д заасан 10 ширхэг авто зогсоолыг өгнө гэж тодорхой хэлсэн. *******тай авто зогсоолын гэрээг байгуулсан бөгөөд ******* байрны хажуу дахь 16 давхрын Б блокийг өвлөх эрх надад олгогдсон. Одоо тухайн барилгын ажил хэвийн явагдаж байгаа гэжээ.

 

3.Хариуцагч *******ийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1.******* нь *******тэй 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Авто зогсоол захиалгаар бариулах тухай 01, 02, 03, 06, 07, 13, 14, 15, 16, 19 дугаар гэрээг байгуулж, гэрээнд дурдагдсан авто зогсоолыг авахаар харилцан тохиролцсон. Гэтэл *******нь 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нас барсан бөгөөд түүний хууль ёсны өвлөгч охин *******ийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан холбогдох баримтууд болон хүсэлтийн дагуу Баянгол дүүрэг, ******* дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16030/ Энгельс гудамж ******* байр зоорийн давхрын 01, 02, 03, 06, 07, 13, 14, 15, 16, 19 тоот хаягтай 10 ширхэг авто зогсоолын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ *******ийн нэр дээр 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гарч хууль ёсны өмчлөгч болсон. Гэрчилгээ гаргуулан авахад барьцаа, үүрэг ногдуулсан хэлцэл бусад гуравдагч этгээдийн авто зогсоол захиалан бариулах гэрээг урьдчилан бүртгүүлсэн урьдчилсан тэмдэглэгээ байхгүй байсан.

3.2.Хэрэгт авагдсан 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******, хувьцаа эзэмшигч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нарын хооронд байгуулсан Харилцан ойлголцлын гэрээ болон гэрээ дүгнэсэн актаар 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаартай Хамтран ажиллах гэрээ, 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Хамтран ажиллах гэрээний хугацаа сунгах тухай гэрээ, 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Захиалагчийн үүрэг гүйцэтгэх 3 талт гэрээ, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Эзэмшлийн газар дээр үйлчилгээтэй орон сууцны барилга барих эрхийг олгож барилгын тодорхой хэсгийг газар эзэмших эрхээр харилцан солилцох ерөнхий гэрээ, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ2021/10/05 дугаартай Авто зогсоол захиалгын гэрээ, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ2021/10/01 дугаартай, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ2021/10/02 дугаартай, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ2021/10/03 дугаартай Орон сууц захиалгын гэрээнүүдийг тус тус дуусгавар болгож, гэрээнүүдийг 100 хувь дүгнэж төлбөр тооцоог бүрэн төлж барагдуулсан болохоо илэрхийлж баталгаажуулсан зэргээс харахад нэхэмжлэгч нь *******ийн хууль ёсны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох болон бусад шаардлага, нэхэмжлэл гаргах эрхгүй болох нь нотлогдож байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болсон 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ2021/10/05 дугаар гэрээг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Харилцан ойлголцлын гэрээ болон гэрээ дүгнэсэн актаар дуусгавар болгож, гэрээ дүгнэсэн акт үйлдсэн байна.

3.3.Нэхэмжлэгчийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх тухай албан бичиг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй байх тул шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Түүний нэмэгдүүлсэн шаардлага хэнд холбогдуулан гаргаж байгаа нь ойлгомжгүй, 10 ширхэг авто зогсоолын үнэлгээг 200,000,000 төгрөгөөр тооцож өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан атлаа зах зээлийн ханш 332,500,000 төгрөг гэж хөрөнгийн үнэлгээний дүнг үндэслэн зөрүү 132,500,000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

4.1.*******ХХК болон *******ХХК-ийн хооронд 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Хамтран ажиллах гэрээг байгуулж, *******ХХК нь 4952 м.кв талбайтай газрын эрхийг шилжүүлэн өгч, уг газар дээр *******ХХК нь 3 ширхэг 12 давхар орон сууц барих, газрын төлбөрт 1860 м.кв талбай бүхий орон сууц, 10 ширхэг авто машины зогсоолыг *******ХХК болон түүний санал болгосон иргэний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөхөөр тохиролцсон. Улмаар 2019 оны 07 дугаар сард Захиалагчийн үүрэг гүйцэтгэх гурван талт гэрээг *******ХХК, *******ХХК, *******нар байгуулж *******ХХК-ийн өмнө *******ХХК-ийн хүлээх үүргийг *******хүлээхээр болсон. 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр *******ХХК, *******нарын хооронд Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулж 4948 м.кв талбайтай газар шилжүүлэх ёстой байснаас 4105.3 м.кв талбайтай газрыг 556,612,995 төгрөгт үнэлж шилжүүлсэн юм.

Газрын эрх шилжүүлэх татварыг эрх шилжүүлэгч тал төлөхөөр тохиролцож байсан бөгөөд тухайн цаг хугацаанд газрын нийт төлбөр 556,612,995 төгрөгийн 10 хувь болох 55,661,300 төгрөг эрх шилжүүлэгч талд байхгүй байсан учир эрх хүлээн авагч талыг төлөөд өгөөч, удахгүй буцаагаад шилжүүлье гэж гуйсны дагуу түүний өмнөөс 55,661,300 төгрөгийг төлсөн юм. Үүнээс хойш удаа дараа дээрх төлбөрийг төлөхийг шаардаж байсан боловч шалтаг шалтгаан тооцсоор өнөөдрийг хүртэл төлөөгүй юм.

4.2.Миний аав *******нь 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нас барж, миний бие 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 0084 дугаар өвлөх эрхийн гэрчилгээний дагуу хууль ёсны өвлөгч болсон.

2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр *******ХХК-ийн гүйцэтгэх захирал *******, хувьцаа эзэмшигч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******тай уулзаж, өмнө байгуулсан гэрээнүүдийг 100 хувь дүгнэж төлбөр тооцоог бүрэн төлж барагдуулсан болохоо илэрхийлж Харилцан ойлголцлын гэрээ болон гэрээ дүгнэсэн акт үйлдсэн юм. Энэхүү гэрээ дүгнэсэн актын 8-д *******, ******* түүнийг төлөөлж ******* нь газрын эрх шилжүүлсний эрхийн гэрчилгээний шимтгэлийн орлогын албан татвар болох *******гээс төлсөн 55,661,300 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөх үүргийг хүлээж, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон.

Нэхэмжилж буй 55,661,300 төгрөгийн өдрийн 0.5 хувийн алданги 278,306 төгрөг, үүнийг хугацаа хэтрүүлсэн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 9 сар 27 хоног буюу 297 хоногоор тооцох ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасны дагуу 55,661,300 төгрөгийн 50 хувь болох 27,830,650 төгрөг байна.

Иймд газрын эрх шилжүүлсний эрхийн шимтгэлийн орлогын албан татварт төлсөн нийт 83,491,950 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

5.Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл нь хуулийн болон гэрээний үүргийн дагуу нэхэмжлэх үндэслэлгүй байх тул хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

 

6.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нарт холбогдуулан Баянгол дүүргийн ******* дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельсийн гудамж ******* байрны зоорийн давхрын 10 ширхэг автозогсоолыг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ 2021/10/05 дугаартай Авто зогсоол захиалгын гэрээний үүргийн дагуу өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэл, нэхэмжлэгч *******д холбогдуулан албан татварт төлсөн 55,661,300 төгрөг, алданги 27,830,650 төгрөг, нийт 83,491,950 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 1,978,400 төгрөг, хариуцагчийн 575,410 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

7.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

7.1.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг 10 автомашины зогсоолыг өмчлөх эрхгүй этгээд гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй бөгөөд нотлох баримтыг бодитоор, тал бүрээс нь үнэлэх, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн үзэж гомдол гаргаж байна.

******* ХХК нь хоёр хувьцаа эзэмшигчтэй, ******* болон эхнэр ******* болно. Манай компанийн нэр дээр байсан газар дээр захиалагчаар иргэн *******, гүйцэтгэгчээр *******ХХК барилга барихаар тохиролцож, хариуд нь ******* байрны 1 давхарт үйлчилгээний талбай, 2, 3 давхарт байр, мөн зоорийн давхарт 10 ширхэг автомашины зогсоол өгөхөөр 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ байгуулсан. Тус гэрээ Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, 199 дүгээр зүйлд заасны дагуу эрх үүсгэх хүчин төгөлдөр хэлцэл бөгөөд гэрээ байгуулсан этгээдийн эрх зүйн чадамж, гэрээний хэлбэрийн шаардлага, агуулга нь хуульд нийцсэн. Уг гэрээ хүчин төгөлдөр эсэх, гэрээгээр хүлээсэн үүргийн талаар талууд маргадаггүй болно.

7.2.Гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгө болох үйлчилгээний талбай, орон сууц, автомашины зогсоолын гэрчилгээг компанийн нэр дээр, эсхүл хувьцаа эзэмшигчдийн нэр дээр гаргахыг тодорхой болгох зорилгоор талууд 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Ерөнхий гэрээ байгуулж, 1 давхрын үйлчилгээний талбайг ******* ХХК-ийн үүсгэн байгуулагч *******ын нэр дээр, харин 2, 3 дугаар давхрын орон сууцуудыг Орон сууц захиалгын гэрээгээр, мөн 10 автомашины зогсоолыг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Автозогсоолын захиалгын гэрээгээр тус тус ******* миний нэр дээр гаргахаар тохиролцсон болно. Энэхүү гэрээнд талуудын эрх бүхий этгээд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлж, тамга тэмдэг дарж баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл юм. Энэ гэрээ хүчин төгөлдөр эсэх, гэрээний үүргийн талаар зохигчид маргадаггүй болно.

7.3.Анхан шатны шүүх маргааныг шийдэхдээ 10 автомашины зогсоолыг ******* компанид, эсхүл хувьцаа эзэмшигчид болох *******, ******* нарт өгөх ёстой гэдэг дээр зохицуулалт байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Гэтэл 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Авто зогсоолын захиалгын гэрээнд 10 ширхэг автомашины зогсоолыг *******гийн нэр дээр гаргах талаар заасан байхад шүүх зохих ёсоор үнэлээгүй, шийдвэр гаргахдаа харгалзаагүй нь хууль бус.

7.4.Талууд 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан Харилцан ойлголцлын гэрээн дээр маргадаг. Хариуцагч уг гэрээ нь талуудын өмнө байгуулсан өмнөх бүхий л гэрээ хэлцэл, тохиролцоог нэгтгэн дүгнэсэн акт гэж үздэг. Үүний дагуу одоо ашиглалтанд орсон ******* байрнаас биш, харин тус байрны хажууд шинээр баригдаж байгаа байраас 10 автомашины зогсоолыг *******д өгнө гэж маргадаг. Нөгөө талаас нэхэмжлэгч Харилцан ойлголцлын гэрээний автозогсоолтой холбоотой хэсэг хүчин төгөлдөр бус гэж маргадаг. Учир нь уг гэрээг ******* байгуулсан бөгөөд түүнд олгосон итгэмжлэлд 1 давхрын үйлчилгээний талбай болон 2, 3 дугаар давхрын орон сууцны асуудлаар хэлцэл хийх эрхийг олгосон. Харин автомашины зогсоолын асуудлаар хэлцэл хийх эрхийг олгоогүй. Энэ нь итгэмжлэлийн 3 дахь догол мөрт тодорхой тусгагдсан байдаг. Гэтэл ******* нь эрх олгогдоогүй асуудлаар гэрээ хийж, хариуцагч үүнийг баримтлан маргаж байна. Энэ талаар ******* шүүхэд баримт нотолгоогоор тайлбарласан боловч шүүх уг үйл баримтыг харгалзан үзэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Нэгэнт эрх олгогдоогүй этгээд авто зогсоолын талаар тохирсон нь хүчин төгөлдөр бус учир уг асуудлаар өмнө байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Авто зогсоол захиалгын гэрээ хүчин төгөлдөр үлдэж байгаа бөгөөд уг гэрээний заалтыг баримтлах нь зүйтэй.

7.5.Түүнчлэн хариуцагч тал шүүхийн хэлэлцүүлгийн үеэр нэхэмжлэгчид 10 автомашины зогсоол өгнө гэдгээ (гэхдээ энэ байранд биш дараагийн байрнаас өгнө гэж) удаа дараа мэдүүлсэн байхад анхан шатны шүүх уг үйл баримтыг харгалзан үзээгүй нь хууль бус байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэх зарчмыг зөрчсөн. Түүнчлэн тус хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн үндсэн шаардлагыг хангаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

 

8.Давж заалдах гомдолд хариуцагч *******ийн гаргасан тайлбарын агуулга:

8.1.Нэхэмжлэгч тал 10 авто зогсоол авах хүсэлтээ мэдэгдсэн ч ашиглалтад орсон барилгаас авто зогсоол өгөх боломж байгаагүй. Тухайн үед ******* бидний үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргах үйл явцыг зогсоож 10 авто зогсоол нэхсэн. Анх 4500 м.кв газрын эрхээр сольсны дараа үлдсэн 872 м.кв талбай дээр 4 давхрын 4 орон сууц, 10 авто зогсоол олгохгүй гэж тохирсон. Гэтэл ******* 1 давхрын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авсан буюу бусад орон сууцаа хүлээн авсны дараа 06 дугаар сарын 11-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн татгалзах бичиг өгч, бид 10 авто зогсоолын гэрчилгээгээ яг энэ орон сууцнаас авах ёстой гэх үндэслэлээр манай үйл ажиллагааг зогсоосон. Үүний дараа бид дахин ярилцаж талууд хоорондоо эвлэрсэн. Төлбөр тооцоогоо нэг мөр болгож өмнөх бүх гэрээгээ эцэслэн дүгнэж, цаашид ямар нэг маргаан, шүүхэд өргөдөл гомдол гаргахгүйгээр 10 авто зогсоолыг дараагийн барилгаас олгохоор гэрээ байгуулсан. Баригдаж буй барилга нь 95 хувьтай явагдаж байгаа тул *******тай байгуулсан гэрээний дагуу 5 автомашины зогсоол өгөхөөр болсон.

8.2.*******д шинээр баригдаж байгаа орон сууцны өвлөх эрхийн гэрчилгээ байгаа гэдгийг үзүүлэх боломжтой. Гэхдээ авто зогсоолыг ******* авах ёстой юу эсвэл ******* авах ёстой юу, мөн *******тай байгуулсан гэрээг хүчингүй болгож байж ******* эрхээ эдлэх ёстой юу гэдэг нь маргаантай хэвээр байна. Уг асуудлыг нэхэмжлэгчтэй хамтран ярилцан тохиролцох шаардлагатай гэж үзэж байна гэжээ.

 

9.Давж заалдах гомдолд хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

9.1.Анхан шатны шүүх хуралдааны явцад давж заалдах гомдлын үндэслэл болж буй 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр *******гаас *******д олгосон итгэмжлэл, 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан Харилцан ойлголцлын гэрээ ба гэрээ дүгнэсэн актад маргаан өрнөөгүй. Шүүх хуралдааны тэмдэглэлээс тодорхой харагдах бөгөөд ******* өөрийн биеэр итгэмжлэл олгосон. Уг итгэмжлэлийн дагуу дээрх гэрээг байгуулсан нь хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрсөн тул маргаангүй гэж хэлдэг. Гэтэл давж заалдах шатны шүүх хуралдааны явцад өөр агуулгатай тайлбар өгч байгаа нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн тайлбар хоорондоо зөрүүтэй харагдаж байна. Хэрэв 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бол дараа нь өвлөх эрхийн гэрчилгээ авсан нөхцөлд нэхэмжлэлээсээ татгалзах боломжтой гэж тайлбарлаж байгаа нь логик болон хууль зүйн үндэслэлгүй.

9.2.Мөн бидний зүгээс авто зогсоолын хууль ёсны өмчлөгч болсон. Нэхэмжлэлийн шаардлага нь өмчлөл тогтоолгох тухай боловч уг авто зогсоол нь манай нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байхад давхар өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан нь тодорхойгүй. Хэрэв хариуцагч *******ийн хэлснээр тухайн авто зогсоолоос өмчлөх боломжгүй бол хохирлоо өөр журмаар нэхэмжлэх боломжтой.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гэрээний дагуу 10 ширхэг авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч ******* нь нэхэмжлэгчид холбогдуулан албан татварт төлсөн 55,661,300 төгрөг, алданги 27,830,650 төгрөг, нийт 83,491,950 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Авто зогсоол захиалгын гэрээнд үндэслэсэн.

Хариуцагч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр *******ХХК-ийн гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******тай Харилцан ойлголцлын гэрээ болон гэрээ дүгнэсэн акт үйлдэж, өөр байрлалд буюу ******* байрны хажууд баригдаж буй 16 давхар Б блокод авто зогсоол өгөхөөр харилцан тохиролцсон гэж тайлбарласан ба нэхэмжлэгч нь өөрийн байгуулсан 10 ширхэг авто зогсоолын гэрээнд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус гэж татгалзсан.

Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ******* ХХК, хувьцаа эзэмшигч ******* нар оролцоогүй тул тэдгээрийн байгуулсан 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Харилцан ойлголцлын гэрээ болон гэрээ дүгнэсэн актын хүчин төгөлдөр байдлын талаар шүүхээс дүгнэлт өгөх үндэслэлгүйг анхан шатны шүүх анхаараагүй, энэ талаар зохигч талуудаас тодруулаагүй байна.

 

4.Үүнээс гадна хариуцагч *******ийн татгалзалтай холбоотойгоор нэхэмжлэгч нь ******* байрны хажууд баригдаж буй 16 давхар Б блокийг хариуцагч өвлөх эрхтэй эсэх, өвлөх эрхтэй тохиолдолд түүнтэй эвлэрэх боломжтой талаар тайлбарласан байх ба хариуцагч уг үл хөдлөх эд хөрөнгөд өвлөх эрхийн гэрчилгээг авсан гэх боловч хэрэгт нотлох баримтаар гаргаагүй тул уг үйл баримтын талаар дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

5.Дээр дурдсан ажиллагааг давж заалдах шатны шүүхэд нөхөн гүйцэтгэх боломжгүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/05346 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 1,820,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

Д.ЗОЛЗАЯА