| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0186/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/195 |
| Огноо | 2019-07-01 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Энхболд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2019/ШЦТ/195
2019 07 01 2019/ШЦТ/195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхболд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Баяжих Бямбаагийн Б.Бд холбогдох эрүүгийн 1834006530361 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б.Б, 1963 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Номгон суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань 1 дүгээр багийн 4-8 тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй,хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Б-гийн өгсөн: 2016-2017 онуудад Төв аймгийн Баянчандмань сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Хятадын 100%-ийн хөрөнгө оруулалттай Монвольфрам ХХК-нд усны тэрэгний жолоочоор ажилладаг байсан ба хэсэг өөр ажил хийж байгаад 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс тус үйлдвэрт вольфрам хатаагчаар ажилд орсон. Ингээд ажлаа хийж байгаад 2018 оны 7 дугаар сарын 25, 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрүүдэд 2 удаа өдрийн цагаар хатаагчид орох гэж байсан вольфрамаас нийт 16-н шуудай вольфрам авч шуурхай хаалгаар гараад уг вольфрамаа цэнхэр өнгийн “Kia Frontier” маркийн 9717 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж Төв аймгийн Баянчандмань сумын бичил хорооллын 4-8 тоотод байх гэрийн ард талын гараашид хийсэн. Тэгсэн 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр манай гэрт манай сумын цагдаа Ганбат манайхаас сагсны самбар авах гэж ирээд үйлдвэрээс авсан байсан вольфрамыг олж мэдээд уурхайн инженер Батбаярт хүлээлгэж өгсөн. ...миний вольфрам авсан хэсэгт шороо элс ихтэй болохоор хяналтын камер байдаггүй. Нийт 554 кг вольфрам авсан бөгөөд би урьд өмнө вольфрам авч байгаагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.О-ын өгсөн: Миний бие Төв аймгийн Баянчандмань сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Монфольфрам” ХХК-нд ерөнхий инженер ажилтай. Манай байгууллагын баяжуулах үйлдвэрийн хатаагч дээр ажилладаг Б.Б хатаагч дээрээс нойтон фольфрамыг хууль бусаар завшиж авсан нь 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр тогтоогдсон байгаа. Тухайн үед би уурхай дээр байгаагүй. Манай инженер Батбаяр гэх залуу 16 шуудайтай 554 кг угаасан нойтон вольфрамыг Б.Бгийн гэрээс нь цагдаа нартай очиж аваад уурхай дээр аваачсан байдаг. Уул уурхайн яамны вольфрамийн жишиг үнэ нь одоогийн байдлаар 1 тонн 65 хувийн агуулгатай вольфрам /гянтболдын баяжмал/ нь 17.630.59 америк доллар болж байна. Тухайн үеийн зах зээлийн долларын ханш нь 2515 төгрөг гэхээр монгол мөнгөөр 44 340 933 төгрөг болж байна. Тэгэхээр манай алдагдсан 26.84 хувийн агууламжтай 554 кг вольфрамийн үнэ нь 10 143 404 төгрөг болж байгаа юм. Манай байгууллагаас гомдол санал,нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 53-54/,
Гэрч М.Батбаярын өгсөн: 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Баянчандмань сумын цагдаа Ганбат гэдэг хүн над руу утасдаж танай компанийн ууттай гянтболдын баяжмал айлын хашаанд байгаад байна гэхээр нь би тэр дор нь очиход манай компанийн баяжмал ажилтай Б.Б гэдэг хүний хашаанд байсан. Би Ганбатыг байлцуулж байгаад 16 шуудай 554 килограмм гянтболдын баяжмал байсныг хиллэж үзээд аваад явсан. Тухайн үед нь цагдаа Ганбат нь тэмдэглэл үйлдэж гарын үсэг зуруулаагүй. Тухайн үед хатаалган дээрээс нь авсан гэж Б.Б надад хэлж байсан. Гэхдээ уг вольфрам нь хатаалгад ороогүй байсан. 1 кг вольфрам нь хамгийн ихдээ буюу агуулгаасаа хамаараад өндөр агууламжтай нь 15 000 төгрөг болдог. Тэгээд бага агууламжтай нь түүнээс бага байж болно. Б.Б нь тухайн өдрүүдэд ажлын байран дээрээ ганцаараа ажиллаж байсан. Нэг хүнтэй хамт ажилладаг байсан нь тухайн үед байхгүй байсан. ...Б.Б-д хатаагчид орсон гарсан баяжмалын бүртгэл байхгүйгэх мэдүүлэг /хх 55-57/,
Гэрч Ц.Ганбатын өгсөн: Миний бие Төв аймгийн Баянчандмань сумын цагдаа зохицуулагч ажилтай бөгөөд 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр эргүүл шалгалт хийж байхдаа тус сумын бичил хорооллын 4-8 тоот хашаанд байх Б.Б гэдэг айлын гэрт Монвольфрам гэсэн цагаан өнгийн шуудайтай хар өнгийн нунтаг зүйл байхыг олж мэдсэн. Манай сум нь Монвольфрам нэртэй гянтболдын /вольфрам/ үйлдвэртэй мөн Б.Б өөрөө уг үйлдвэрт ажилладаг болохоор би Б.Бг үйлдвэрээсээ гянтболд хулгайлсан байж болзошгүй гэж үзээд тус үйлдвэрийн инженер Батбаяр гэдэг залуу руу утасдаж танай ажилтан Б.Б-гийн хашаанд шуудайтай хар өнгийн гянтболд мэт зүйл байна гэж хэлсэн. Ингээд тус өдрөө Батбаяртай хамт Б.Б-гийн хашаанд очиход нийт 16 шуудайтай 554 килограмм гянтболд байсан тул Батбаярт хүлээлгэн өгсөн гэх мэдүүлэг /хх 59/,
хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-12/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 14-15/, “Монвольфрам” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, хавсралтын хуулбарууд /хх 20-25/, Б.Бг 2018.7.20-ны өдөр тус компанид баяжуулагч албан тушаалд томилсон 18/99 дугаартай тушаалын хуулбар /хх 44/, Геологийн төв лабораторийн шинжилгээний 2018.9.19-ний өдрийн №ХФ 2018/2184 дугаартай дүн /хх 61-62/, “Хан-Үнэлэмж” ХХК-ийн 2018.9.20-ны өдрийн №18/10-02 дугаартай үнэлгээний тайлан /хх 64-67/, “Хан-Үнэлэмж” ХХК-ийн 2018.9.20-ны өдрийн 18/10-01 дугаартай үнэлгээний тайлан /хх 70-73/,Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний Олон улсын зах зээлийн үнийн мэдээлэл /хх 49-50/, шүүгдэгч Б.Б-тын “Kia Frontier” маркийн 9717 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, иргэний цахим үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгслийн гэрэл зураг /хх 75-76/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 92/, цагдаагийн ерөнхий газрын лавлагаа /хх 93-94/, улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх 97/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 98/, Төв аймгийн автотээврийн төв лавлагаа /хх 101-102/, данс эзэмшдэг эсэх талаарх Хас банк, Капитал банк, Хаан банкнуудын лавлагаа /хх 104-107/, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас /хх 109-149/, Төв аймгийн Баянчандмань сумын Эрүүл мэндийн төвийн амбулаторийн картын хуулбарууд /хх 157-164/ зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Б.Б нь хууль зүйн хувьд “шунахай” сэдэлтээр, санаатай үйлдлээр Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Монвольфром" ХХК-ний баяжмалын үйлдвэрээс 16 шуудай 554 кг вольфрам завшиж 12 051 000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б нь "Монвольфром" ХХК-нд баяжуулагч ажил эрхэлж байхдаа 2018 оны 7 дугаар сарын 28, 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрүүдэд Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Монвольфром" ХХК-ний баяжмалын үйлдвэрээс 16 шуудай 554 кг вольфрам завшиж 12 051 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.О, гэрч М.Батбаяр, Ц.Ганбат нарын мэдүүлэг, Б.Б-г 2018.7.20-ны өдөр тус компанид баяжуулагч албан тушаалд томилсон 18/99 дугаартай компаний тушаалын хуулбар /хх 44/, Геологийн төв лабораторийн шинжилгээний 2018.9.19-ний өдрийн №ХФ 2018/2184 дугаартай дүн /хх 61-62/, “Хан-Үнэлэмж” ХХК-ийн 2018.9.20-ны өдрийн №18/10-02 дугаартай үнэлгээний тайлан /хх 64-67/ зэргээр нотлогдон тогтоогджээ.
Иймд шүүгдэгч Б.Б-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэлд нь 1 жил хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлыг нөхөн төлсөн. 10 сарын хугацаанд мөрдөн шалгагдаж их зүйл ойлгосон. Шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлуудаас гадна гэмт хэргийн шинж, чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрхий бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн Kia Frontier маркийн тээврийн хэрэгсэл ашигласан болох нь тогтоогдсон дээрх тээврийн хэрэгслийн үнийг 1 700 000 төгрөгөөр үнэлжээ. Гэм буруутай этгээдийн гэмт хэрэг үйлдэхээ ашигласан техник хэрэгслийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар албадан гаргуулахаар заасан тул дээрх тээврийн хэрэгслийг хурааж, улсын төсөвт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн 1834006530361 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 4-т зааснаар шүүгдэгч Б.Б-гийн тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрхий бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
4.Шүүгдэгч Б.Б-гийн тэнссэн 1 жилийн хугацаанд хяналт тавихыг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Б.Б-гийн эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 700 000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий Kia Frontier маркийн 9747 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хурааж, улсын төсөвт оруулсугай.
6.Эрүүгийн 1834006530361 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлыг гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ