Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2019/ШЦТ/204

 

 

 

 

 

 

 

 

 

     2019           07              03                                               2019/ШЦТ/204

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хонгорзул,

Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Дамиран Лувсандашийн Л.Бт холбогдох эрүүгийн 1934004940273 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Л.Б, 1983 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн 0-5 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Л.Б-ийн өгсөн: “...Би 2019 оны 6 дугаар сарын 17-ны орой гэртээ байж байхад манай гэрийн гадна машин ирээд сигнаалдсан. Тэгэхээр нь гартал гадаа миний дүү Отгонжаргал найз залуутайгаа хэрэлдэж байсан. Тэгээд юу болоод байгаа юм больцгоо гэж хэлтэл дүүгийн маань найз залуу А.О нь над руу ойртож ирээд үг хэлээр доромжилсон бас гартаа барьж явсан төмрөөрөө хашааны хаалга цохихоор нь би гэрийнхээ амбаарт ортол араас төмрөө бариад гүйгээд ирсэн. Тэгэхээр нь амбаарт байсан шалны модоор толгой руу нь цохиход эргээд зугтаагаад гарахаар нь ахиж нуруу руу нь нэг удаа цохисон. Тэгж байтал манай нөхөр Н.Батжаргал гарч ирээд салгаад амбаараас гаргасан. А.О ирэхдээ архи уусан согтуу байсан. А.Отгонбар нь миний төрсөн дүү Отгонжаргалын найз залуу байгаа юм. А.О нь архи уусан байсан. Хэнтэй уусныг нь би мэдэхгүй. Би эрүүл байсан архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би толгой, духны хэсэгт нь шалны модоор цохиж гэмтээсэн байгаа. Тухайн үед манай нөхөр Батжаргал, дүү Отгонжаргал, А.О бид нар л байсан. Өөр хүн байгаагүй. Би А.О-ыг цохиж гэмтээсэндээ харамсаж байна. Миний буруу.” гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Хохирогч А.О-ын өгсөн: “....Би 2019 оны 6 дугаар сарын 15-ны орой эхнэр Л.Отгонжаргалын хамт Усны аж ахуйгаас 5 дугаар хорооны 0-5 тоотод байх гэр рүүгээ явж байсан. Би замдаа явд байхдаа гудамжинд хашаа түшүүлсэн байсан трубаг аваад гэртээ очсон. Би гэрийнхээ хашааны гадаа эхнэр Л.Отгонжаргалтай маргалдсан тэгтэл хадам эгч Л.Б гэрээсээ гарч ирээд намайг зайл гээд хөөж тууж түлхээд хашаанд оруулахгүй гээд байхаар нь би уурандаа хашааны хаалгыг нь барьж явсан трубагаараа цохисон. Тэгсэн Л.Б гэр рүүгээ орсон. Тэгэхээр нь би төмрөө хашаан дотор хаяад гэр лүү нь араас нь орохоор гэрийнх нь амбаарт ортол миний толгойруу цохисон. Тэгэхэд би унасан тэгээд мөлхөөд амбаараас нь гартал миний араас Л.Б болон түүний нөхөр Батжаргал нар гарч ирээд намайг цохиод байхаар нь би хашаанаас гарч зугтаасан. Миний духны хэсэг язарч цус гарсан байсан тийм учраас Цагдаагийн байгууллагад хандсан. Яагаад намайг зодсоныг мэдэхгүй байна. Би архи уусан байсан. Би усны аж ахуйгаас эхнэр Л.Отгонжаргалын хамт ажилладаг гэх айлд архи уусан. Хараа нэртэй архи ууж байсан би гаднаас 0.5 литрийн Хараа нэртэй архи авч орж хувааж уугаад гарсан. Тухайн үед Отгонжаргал, Л.Б, Батжаргал нар л байсан. Өөр хүн байгаагүй. Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх 05-06/,

 

      Гэрч Л.Отгонжаргалын өгсөн: “...Би 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг Усны аж ахуйд Батсүх гэх айлд сууж байсан ба тэнд нөхрөө энд хүрээд ир гэж хэлсэн. Манай нөхөр 1 шил архитай орж ирсэн. Тэгээд архиа задалж ууж дуусаад тэндээс 21 цаг өнгөрч байхад гараад гэр рүүгээ харихаар алхаж явсан. Гадаа бороо орж байсан. Манай нөхөр А.О нь замдаа айлын хашаа түшүүлж тавьсан байсан трубаг аваад манай эгчийн хашааны хаалгыг цохисон. Тэгэхэд гэрээс эгч Л.Б гарч ирээд болиоч наад төмрөөрөө яах гээд байгаа юм бэ гэхэд эгчийг бариад авсан. Эгч маань гарыг нь тавиулж зугтааж гэрийнхээ амбаарт байсан шалны модоор толгой хэсэгт нь цохисон. Тэгсэн А.О хашаанаас гараад зугтсан тэгсэн толгой нь хагарсан. Эгч маань нэг удаа цохисон. Манай эгч Л.Б, миний нөхөр А.О, хүргэн ах Батжаргал нар байсан. Өөр хүн байгаагүй.” гэх мэдүүлэг /хх 08/,

 

      Гэрч Н.Батжаргалын өгсөн: “...Би 2019 оны 6 дугаар сарын 15-ны орой 22 цагийн үед бид нар гэртээ унтаж байсан. Тэгэхэд манай хашааны гадаа машин сигнаалдсан. Тэгэхээр нь манай эхнэр Л.Б гэрээсээ гарсан. Тэгэхэд манай хашааны төмөр хаалга дуугарсан. Тэгээд гэрийн хаалга дуугараад манай эхнэр намайг аллаа гээд ороод ирсэн. Тэгэхээр нь би босоод гэрийн амбаарт гарч тэр хоёрыг харахад А.О труба барьчихсан байхаар нь би салгаад амбаараас А.О-ыг хашааны хаалгаар гаргаад би гэртээ эргэж орсон. Ийм л зүйл болсон. Эхнэр бид хоёр эрүүл байсан. Би цохиж зодоогүй хашааны хаалгаар л түлхэж гаргасан. Манай эхнэр Л.Б, эхнэрийн дүү Отгонжаргал, мөн А.О байсан. Өөр хүн байгаагүй ” гэх мэдүүлэг /хх 10/,

 

      Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн №417 дугаартай дүгнэлт: “1.А.О-ын биед хамар ясны хугарал, духанд шарх, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Уг гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 5.Цаашид хөдөлмөрийн ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх /хх 13/,

 

   Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 25/ зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

 

Шүүгдэгч Л.Б нь 2019 оны 6 дугаар сарын 17-ны шөнө 22 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн 0-5 тоотод А.О-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар толгойн тус газар нь шалны модоор цохиж эрүүл мэндэд нь "Хамар ясны хугарал, духанд шарх, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацарт зулгаралт" бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь Шүүгдэгч Л.Бийн өгсөн: “...амбаарт байсан шалны модоор толгой руу нь цохиход эргээд зугтаагаад гарахаар нь ахиж нуруу руу нь нэг удаа цохисон. Тэгж байтал манай нөхөр Н.Батжаргал гарч ирээд салгаад амбаараас гаргасан.” гэх мэдүүлэг, хохирогч А.Оын өгсөн: “....хадам эгч Л.Б гэрээсээ гарч ирээд намайг зайл гээд хөөж тууж түлхээд хашаанд оруулахгүй гээд байхаар нь би уурандаа хашааны хаалгыг нь барьж явсан трубагаараа цохисон. Тэгсэн Л.Б гэр рүүгээ орсон. Тэгэхээр нь би төмрөө хашаан дотор хаяад гэр лүү нь араас нь орохоор гэрийнх нь амбаарт ортол миний толгой руу цохисон. Тэгэхэд би унасан ...намайг цохиод байхаар нь би хашаанаас гарч зугтаасан. Миний духны хэсэг язарч цус гарсан байсан тийм учраас Цагдаагийн байгууллагад хандсан.” гэх мэдүүлэг /хх 05-06/, гэрч Л.Отгонжаргалын өгсөн: “...Тэгэхэд гэрээс эгч Л.Б гарч ирээд болиоч наад төмрөөрөө яах гээд байгаа юм бэ гэхэд эгчийг бариад авсан. Эгч маань гарыг нь тавиулж зугтааж гэрийнхээ амбаарт байсан шалны модоор толгой хэсэгт нь цохисон. Тэгсэн А.О хашаанаас гараад зугтсан тэгсэн толгой нь хагарсан.” гэх мэдүүлэг /хх 08/, гэрч Н.Батжаргалын өгсөн: “...Би 2019 оны 6 дугаар сарын 15-ны орой 22 цагийн үед бид нар гэртээ унтаж байсан. Тэгэхэд манай хашааны гадаа машин сигнаалдсан. Тэгэхээр нь манай эхнэр Л.Б гэрээсээ гарсан. Тэгэхэд манай хашааны төмөр хаалга дуугарсан. Тэгээд гэрийн хаалга дуугараад манай эхнэр намайг аллаа гээд ороод ирсэн. Тэгэхээр нь би босоод гэрийн амбаарт гарч тэр хоёрыг харахад А.О труба барьчихсан байхаар нь би салгаад амбаараас А.О-ыг хашааны хаалгаар гаргаад би гэртээ эргэж орсон.” гэх мэдүүлэг /хх 10/,Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн №417 дугаартай дүгнэлт/хх 13/ зэргээр нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Л.Б-ийн дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй. Шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсэж үйлдээгүй байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Л.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч А.О-ын гаргасан "Бид хоёр хамаатан садан улс тул гомдол санал байхгүй. Хэргийг миний хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү" гэх хүсэлт /хх 32/-ээр шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Л.Б, хохирогч А.О нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж Л.Бт ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

Шүүгдэгч Л.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5-т заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т "Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно." гэж заасан бөгөөд шүүгдэгчийн хүсэлтийг харгалзан 480 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 160 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч Л.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн 1934004940273 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Л.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Л.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480 000 /дөрвөн зуун наян мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Л.Б-т оногдуулсан 480 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 160 000 /нэг зуун жаран мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Л.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5.Эрүүгийн 1934004940273 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ