Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 4519

 

2016 оны 06 сарын 30 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/04519

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэгийг суулцуулан, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага наран .. дүгээр гудамжны .. тоотод оршин суух, .. регистртэй, Бөндгөө ургийн овогт Д.Б-н,

            Хариуцагч: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 10 дугаар байрны ..тоотод оршин суух, ..регистртэй, Ренчин ургийн овогт Б.Б-т хологдуулан,

            Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 21,400,000 /хорин нэгэн  сая дөрвөн зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Д.Б нь Б.Б-тэй 2014 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 2 сарын хугацаатайгаар Хэнтий аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулдаг алтны уурхайд газар шорооны зориулалттайгаар сарын 13,200,000 төгрөгөөр эксковатор түрээслүүлсэн. Гэвч Б.Б нь анх гэрээ байгуулах үед 3,000,000 төгрөг, 1 сарын дараа 2,000,000 төгрөг өгч, үлдэгдэл төлбөр болох 21,400,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй зугтааж байна. Хариуцагч хариу тайлбартаа нэг жолоочтой байсан учир 12 цагаар ажиллуулсан гэх зэргээр тайлбарласан байна. Талууд гэрээгээр хэдэн жолоочтой бол хэдэн төгрөг, хэдэн цаг ажиллуулвал хэдэн төгрөг гэх байдлаар тохиролцоогүй. Эксковаторыг хэдэн цагаар, хэдэн жолоочтой ажиллуулах нь түрээслэгчийн эрхийн асуудал бөгөөд түрээслүүлэгчид огт хамааралгүй юм. Мөн эксковаторыг авч ирэхэд гарсан зардлыг түрээслэгч хариуцсан гэж тайлбарласан байна. Гэрээнд зааснаар 2 сарын хугацаанд түрээсийн зүйлийг түрээслээд, буцааж авч ирэх үүргийг хариуцагч хүлээсэн байсан. Мөн хариуцагч 7,000,000 төгрөг төлсөн гэж тайлбарладаг боловч үүнийг нотлосон баримт байхгүй. Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээний үлдэгдэл 21,400,000 төгрөгийг хариуцагч Д.Батдэлгэрээс гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.Б 2014 оны 9 дүгээр сарын 20-нд Д.Б-с LC32900 эксковатор түрээслэж авсан болно. Уг эксковаторыг 24 цаг ажиллахаар нэг сарын 13,200,000 төгрөгөөр түрээслэж авсан, өдрийн 12 цагаар ажиллуулбал 6,600,000 төгрөг байхаар тохиролцсон. Уг техникийг ажлын нөхцөл байдлаас шалтгаалан өдрийн 12 цагаар ажиллуулсан. Д.Б-гийн эксковатор нь нэг ээлжийн жолоочтой байсан тул 12 цагаар ажиллуулсан. Д.Б нэхэмжилсэн мөнгө үндэслэлгүй байгаа тул анх тохиролцсон нэг сарын 6,600,000 төгрөгөөр тооцож түрээсийн төлбөрийг төлөх хүсэлтэй байна. Эксковаторын ажиллуулсан хоног нь 40 хоног байгаа учраас 8,800,000 төгрөг төлөх ёстой болно. Иргэн Д.Б 7,000,000 төгрөгийг бэлэн өгсөн болно. Түүний эксковатор нь ажлын шаардлага хангахгүй, явах эд анги нь эвдэрхий байсан тул ажилд саад болсон. Анх тохирохдоо хөдөө аваачих зардлыг манайхаас гаргаж, буцах зардлыг Д.Б хариуцахаар тохирсон боловч манайх буцах зардал болох 2,000,000 төгрөгийг төлсөн. Иймд Д.Б-ийн нэхэмжилсэн мөнгөн дүнг үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас үнэн мөнийг олж үндэслэлтэй мөнгөн дүнг гаргах хүсэлтэй байна гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.Б холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 21,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан бөгөөд түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй. /хх 21/

Зохигчид 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Автомашин түрээслэх гэрээ байгуулж, түрээслүүлэгч нь өөрийн өмчлөлийн ... улсын дугаартай, ...арлын дугаар бүхий эксковаторыг газар шорооны ажилд зориулан түр хугацаагаар буюу 2014 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаатай ашиглуулахаар түрээслэгчид шилжүүлэх, түрээслэгч нь автомашиныг түрээсээр эзэмшсэний төлбөрт сард 13,200,000 төгрөгийг сар бүрийн 15, 30-ны өдөр төлөх, гэрээний үүргийн дагуу алданги, торгууль тооцохгүйгээр харилцан тохиролцож байгуулсан нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлд нийцсэн, хүчин төгөлдөр түрээсийн гэрээ байна. /хх 3/

Гэрээний зүйл болох Хьюндэй маркийн ... улсын дугаартай эксковатор нь нэхэмжлэгч Д.Бгийн өмчлөлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон ба зохигчид энэ талаар маргаагүй. /хх 4/

Харин хариуцагч Б.Б  нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, талууд түрээсийн зүйлийг нэг өдрийн 12 цагаар ажиллуулбал сарын 6,600,000 төгрөгийн түрээсийн төлбөр тооцохоор тохиролцсон бөгөөд түрээсийн зүйл нь ажлын шаардлага хангахгүй, явах эд анги нь эвдэрхий байсан учраас ажилд саад болсон, мөн түрээслэгчийн зүгээс түрээсийн зүйлийг ажиллуулсан нийт 40 хоногийн төлбөр 8,800,000 төгрөг төлөх ёстойгоос гэрээний үүргийн дагуу 7,000,000 төгрөгийг төлж барагдуулан, техникийг түрээслүүлэгчид буцаан хүргүүлэхэд гарсан 2,000,000 төгрөгийн зардлыг хариуцсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргасан.

Түрээслүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж түрээслэгчид түрээсийн зүйлийг ашиглуулахаар шилжүүлсэн боловч түрээслэгч тал гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлэлгүй, түрээслүүлэгчид гэрээ байгуулах үед 3,000,000 төгрөг, түүнээс хойш 2,000,000 төгрөг, бүгд 5,000,000 төгрөг төлснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, түрээсийн төлбөрөөс хасч тооцсон байна.

Хэдийгээр хариуцагч нь нэхэмжлэгчид 7,000,000 төгрөгийг төлж барагдуулсан гэж, мөн түрээсийн зүйлийг өдөрт 12 цаг ажиллуулбал сарын төлбөрийг 6,600,000 төгрөгөөр тооцохоор тохиролцсон гэж тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан өөрийн тайлбарыг баримтаар нотлох үүргээ хангалттай биелүүлээгүй гэж шүүх дүгнэв.

Талууд хүсэл зоригоо илэрхийлэн, харилцан гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан хүчин төгөлдөр Түрээсийн гэрээгээр нэг сарын түрээсийн төлбөр 13,200,000 төгрөг байх, мөн өдөрт ажиллах цагийн талаар тусгайлан зохицуулаагүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.Б-с түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 21,400,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй гэж шүүх дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул шүүхийн зардлыг хариуцагчид хариуцуулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ...регистртэй, Ренчин овогт Б.Б 21,400,000 /хорин нэгэн сая дөрвөн зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Бөндгөө овогт Д.Б олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,950 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 264,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах шатны журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        А.САРАНТУЯА