| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2024/03712/И |
| Дугаар | 210/МА2025/01359 |
| Огноо | 2025-08-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2025/01359
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/04422 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******ХХК, *******ХХК-д тус тус холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийн цонхны гадна талд байршуулсан хаяг буулгахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******ХХК-ийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.******* нь *******ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ байгуулсан ба Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол /17032/, Чингисийн өргөн чөлөө гудамж ******* байр ******* дугаар давхар ******* тоот хаягт байршилтай, 58.04 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр олгогдсоноор өмчлөгч болсон.
1.2.Үйлчилгээний талбайд өөртөө үйлчлэх гэрэл зургийн студи болох *******-г ажиллуулдаг бөгөөд өөрийн үйл ажиллагааны ашиг орлогыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг таниулах зорилгоор ******* хаягийг барилгын цонхны гадна талд байршуулахад бэлэн болсон. Гэтэл цонхны гадна *******ХХК-ийн *******гэсэн хаяг байршуулснаар ******* өөрийн хаягийг байршуулах боломжгүй болсон, мөн өдрийн турш нарны тусгалыг хааж өмчлөх эрхэд ноцтой халдаж байна.
Иймд *******гэсэн хаягийг буулгахыг *******ХХК, *******ХХК нарт даалгах өгнө үү гэжээ.
2.Хариуцагч *******ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:
Уг худалдааны төвийн гадна шилэн фасад нь нийтийн эзэмшлийн талбай бөгөөд *******ХХК нь менежментийг хариуцдаг. ******* гомдол гаргасны дагуу бид *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******тай уулзаж ярилцан 3 тал ямар нэгэн асуудал, санал, гомдолгүй болж, 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр дээрх хаягийг дээшлүүлж ******* гэх гэрэл зургийн студийн нарны тусгалд саад учруулахгүйгээр асуудлыг шийдсэн. Ер нь бол мэргэжлийн хяналт шалгалтын дагуу манайх хаягийг дээшлүүлсэн. Тухайн үед Хан-Уул дүүргээс ирж хүмүүс үзсэн.
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3.Хариуцагч *******ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:
*******ХХК, *******ХХК нар ******* гэдэг хүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг яаж зөрчөөд байгаа нь тодорхойгүй. *******гийн өмчлөлийн 205 тоот объектод шүүхээс үзлэг хийсэн бөгөөд үзлэг хийсэн тэмдэглэлийн зургийг харвал ямар нэг байдлаар *******ХХК-ийн рестораны энэ хаяг нарны тусгал хаасан, өмчлөх эрхэд халдсан гэх зүйл бол харагддаггүй. Өмчлөх эрхэд нь халдсан гэж байвал тэр хаяг ******* гэдэг хүний өмчлөлийн зүйлийн хүрээ хязгаарт нь нэвтэрч орчихсон байх ёстой. Гэтэл энэ хаяг бол 205 тоот объект дотор байршаагүй. Энэ барилгын фасад дээр байршиж, нийтийн эзэмшлийн талбай дээр байршиж байгаа. Мөн цонхны гадна талд байгаа хаяг нарны гэрэл үзэх боломжийг нь хаасан зүйл байхгүй. Цонхных нь байршлаас бүр дээшээ байршчихсан. Өөрөөс нь зөвшөөрөл аваагүй гэдэг зүйл яриад байдаг. Нэхэмжлэгчийн өмчлөлийн зүйл дээр хаяг байршуулаагүй, нийтийн эзэмшлийн талбай гадна фасад дээр хаяг байршуулсан байхад яагаад ******* гэдэг хүнээс зөвшөөрөл авах ёстой юм. Тухайн объектын орон сууцын менежментийг хэрэгжүүлж байгаа компани, сууц өмчлөгчдийн холбоонд хандаж зөвшөөрөл авах ёстой гэж үзэж байна.
Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага бол үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол /17032/ Чингисийн өргөн чөлөө гудамж, ******* байр, ****** давхар ******* тоот хаягт байршилтай, 58,04 м.кв талбайтай, үйлчилгээ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн цонхны гадна талд байршуулсан хаягийг буулгахыг хариуцагч *******ХХК, *******ХХК нарт даалгах тухай *******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
5.1.Шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлтийг зөв хийгээгүй тухайд
Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.1, 142.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т заасныг хэрэглэхдээ буруу тайлбарлаж, Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.3 дахь заалтыг орхигдуулсан.
*******үйлчилгээний төвд байрлах *******гийн өмчлөлийн талбайн 58.04 м.кв талбайн дундын өмчлөлийн гэх шалнаас тааз хүртэлх шилэн фасад, гадна хана даацын хана зэрэг нь үндсэн бүрдэл хэсэг төдийгүй хуулийн 142.3-т заасны дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсэгт өмчлөлд байгаа талбайн хэмжээ, нийт талбайн харьцаагаар тодорхойлогдож байна. Өөрөөр хэлбэл гадна хана буюу хаяг байршсан фасад нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд заасны дагуу 58.04 м.кв талбайн харьцаагаар тухайн хэсэг *******д оногдох юм.
Мөн Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт гол эд юмсын өмчлөх эрх болон үндсэн бүрдэл хэсгийг өмчлөх эрх нь хэд хэдэн этгээдэд зэрэг байж болохгүй юм. Энэ нь өмчийн эрх зүйн суурь ойлголт юм. Шилэн фасад нь 001098303 дугаарын гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийн Иргэний хуулийн 85.1-т зааснаар устгах буюу зориулалтыг нь алдагдуулахгүйгээр салгаж үл болох бүрдэл хэсэг. Эд юмсын үндсэн бүрдэл хэсэг нь бие даасан эрхийн зүйл байх боломжгүй бөгөөд эдгээр нь гол эд юмсын эрх зүйн ангилалтай салшгүй холбоотой байдаг. Хэрвээ холбогдсон эд зүйлсийг салгахад гэмтэл учрахаар юм уу, эсхүл зориулалтын шинж байдлаа алдаж байгаа бүхий л тохиолдолд тухайн эд зүйлийг салшгүй бэхлэгдсэн байна гэж үзнэ. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 26 дугаар тогтоолын 4.2 дахь хэсэгт 15.1-д нэрлэгдсэн боловч 15.5-д заасны дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийг шилжүүлэх боломжтойг агуулгын хүрээнд харгалзан үзэх шинжтэй гэж дүгнэж байна. Өрөө тасалгаа нь дундын өмчлөлийн хэсгээс тусгаарласан хаалтаар хязгаарлагдана. Тийнхүү Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.3-т дангаар өмчлөх хэсэг заавал бүрэн гүйцэд хязгаарлагдаж тусгаарлагдсан өрөө тасалгаанд үүсэхээр хатуу заагаагүй.
*******гэсэн хаягийн байгууламж өмчлөгчийн хэсэгт байрлах онцгой хэсэг юм. Тухайн гадна хэсгийг ашиглахдаа нийт өмчлөгчдийн зөвшөөрөл зайлшгүй байх ёстой. Хаяг нь үйлчилгээний газрын байршлыг заахаас гадна үйлчлүүлэгчдийг татах сурталчилгааны хэрэгсэл болж өгдгөөрөө бизнесийн үйл ажиллагаа, өрсөлдөхүйц байдалд шууд нөлөөлөхүйц хүчин зүйл.
5.2.Нэхэмжлэгч бизнесийн үйл ажиллагааны өөрийн хаягаа байршуулах ёстой тухайд
Сууц өмчлөгчдийн холбооны зүгээс тодорхой тохиолдолд холбооны дүрэмд заасан бол дундын өмчлөлийн эд хөрөнгийг гэрээний үндсэн дээр тодорхой нэг этгээдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж болдог. Дээрх тохиолдол нь удирдах зөвлөл тус хуулийн 10.8.3-д заасны дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийг бусдад түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эсэхийг шийдвэрлэсэн бол гүйцэтгэх захирал 12.4.5-д заасны дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийг түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах талаарх гэрээг холбооны нэрийн өмнөөс байгуулах эрхтэй байдаг. *******доторх нийт үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчид нэгдэж тэр дундаас сайн дурын үндсэн дээр удирдах зөвлөлийн гишүүнийг томилж байгаа. Өөрөөр хэлбэл тухайн орон сууцны нийт өмчлөгчид маргаан бүхий гадна фасадыг дундаа өмчилж байгаа гэсэн үг. Сууц өмчлөгчдийн холбооны өмч, эзэмшил биш. Сууц өмчлөгчдийн холбооны дүрмээр эзэмшил, ашиглалтыг л зохицуулах үүрэгтэй. Уг хятад ресторан Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.1-д зааснаар дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, хадгалж хамгаалахдаа бусад өмчлөгчийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчихгүй байх, үүргээ удаа дараа зөрчөөд сууц өмчлөгчдийн холбоо үүнийг үл тоож байна. 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр бүх гишүүдийн хурлын тогтоолоор 7 асуудал хэлэлцэж дүрэм батлахдаа хуульд заасны дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах журам батлах ёстой байдаг. Гэтэл *******сууц өмчлөгчдийн холбооны дүрэмд энэ талаар тусгагдаагүй. Мөн тусдаа журам байхгүй бөгөөд дур зоргоороо шийдвэрлэсэн асуудал байна. Нотлох баримт цуглуулах ажиллагааны үед хавтаст хэрэгт энэ нотлох баримт авагдаагүй бөгөөд анхан шатны шүүх өмчлөгч *******г нэхэмжлэх эрхгүй этгээд хэмээн үзсэн.
Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн бөгөөд сууц өмчлөгчид буюу ******* нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхтэй. Дундын өмчлөлийн зүйлийг зориулалтын дагуу ашиглах, дундын өмчлөлийн зүйлсийг ашиглах, захиран зарцуулахад өөрт оногдох хэсгээр саналын эрхтэй оролцох талаар Иргэний хуулийн 148.1.2, 148.1.3-т зохицуулсан. ******* уг эрхээ хэрэгжүүлж чадаагүй. Шүүхийн шийдвэр, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл хаягийг өөр байршилд байршуулах дундын эд хөрөнгө эзэмших ашиглах журмын дагуу эрхээ хэрэгжүүлэх гарцаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймээс анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй бол хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
6.Давж заалдах гомдолд хариуцагч *******ХХК-ийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
6.1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж чаддаггүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар тайлбарлан дүгнэлт гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар мэтгэлцэх зарчмын хүрээнд явагдана. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа зөв тодорхойлж, юу хүсэж байгаагаа илэрхийлж чадахгүй байхад хариуцагч хариу тайлбар гаргаж, шүүх ажиллагаа хийх боломжгүй. Хаяг байршуулсан газар нэхэмжлэгчийн өмчлөлийн зүйлд хамааралгүй. Хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээ болон холбогдох баримтаас харахад тухайн барилга доторх 50 м.кв талбай нь нэхэмжлэгчийн өмчлөлд хамаарна, барилгын гадна талд байрлах фасад буюу шилэн хийцлэл нь нэхэмжлэгчийн өмчлөлийн зүйлд хамаарахгүй. Анхан шатны шүүх Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасныг үндэслэн зөв тодорхойлсон. Орон сууцны байшингийн гадна талын даацын хана нь хэн нэгний хувийн өмчлөлд хамаарахгүй. Тухайн байшингийн дундын өмчлөлийн талбайд хамаарна гэж дүгнэсэн. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шаардах эрхийг тодорхойлох ёстой бол үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь нэхэмжлэгч байх ёстой. Гэтэл гадна фасадны өмчлөгч нь нэхэмжлэгч биш. Хаягийг байршуулснаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хэрхэн зөрчиж байгаа нь тодорхойгүй. Маргаан үүсэхээс өмнө талууд ярилцан хаягийг дээш нь байрлуулсан. Харьцуулсан 2 зураг нь хэрэгт авагдсан. Хаягийг цонх хааж байршуулаагүй, давхар хоорондын байршилд байрлуулсан. Захиргааны хэргийн шүүх нарны тусгалыг хэдэн цагийн хугацаатай, хэрхэн хааж оршин суугчийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн талаар тогтоох ёстой. Үүнтэй холбоотой шинжээчийн дүгнэлт эсхүл холбогдох баримт байхгүй. Хариуцагчийн эрхийг зөрчсөн үйлдэл байхгүй.
6.2.Мөн фото зургийн студи ажиллуулдаг гэж тайлбарладаг. Өмчлөгчийн хувиар фото зургийн студид түрээслүүлдэг. Түрээслэгч буюу эзэмшигчийн хувиар Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасныг үндэслэн фото зургийн студи нь маргах ёстой. Хууль ёсны эзэмшигч нь маргаж байгаагүй. Хотын стандарт, хаяг байршилтай холбоотой хууль зөрчсөн зүйл байхгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн. Хууль зөрчсөн үйлдэл гаргасан бол энэ нь талуудын хоорондын маргааны зүйлд хамааралгүй. Захиргааны байгууллага холбогдох актыг гаргаж буулгах эсэхийг шийдэх ёстой. Маргааны зүйл нь нэхэмжлэгчийн өмчлөлийн зүйл биш, мөн эзэмших, ашиглах, өмчлөх эрхэд нь халдсан талаарх нотлох баримт байхгүй, хууль зөрчсөн ашиг сонирхол байхгүй.
Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв дүгнэж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэж үндэслэлтэй шийдвэр гаргасан. Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ХХК, *******ХХК-д тус тус холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн цонхны гадна талд байршуулсан хаягийг буулгахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3.Нэхэмжлэгч нь *******үйлчилгээний төвийн 2 дугаар давхарт байрлах, 58.04 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх ба тус үл хөдлөх эд хөрөнгийн цонхны гадна талд *******гэсэн хаяг байршсан нь түүний эрхийг зөрчсөн гэж үзжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт Нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж заасан ба нэр бүхий компаниудыг ямар үндэслэлээр хариуцагчаар тодорхойлсныг нэхэмжлэгчээс тодруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлд дурдсан захиалгын гэрээний үүрэгтэй холбоотой, эсхүл дангаар, мөн дундаа өмчлөх эрх хэрэгжүүлэхтэй холбоотой зэргийн аль нь болох, үүнд хариуцагч *******ХХК, *******ХХК нарын ямар үйлдэл (эс үйлдэхүй) хэрхэн холбоотой болох нь тодорхой бус байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байгааг нэхэмжлэгчээс тодруулах ажиллагааг хийгээгүй тул зохигч талуудыг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мэтгэлцсэн, маргааны үйл баримт бүрэн тогтоогдсон гэж үзэх боломжгүй.
4.Үүнээс гадна нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алины тайлбарт нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн эзэмшил, ашиглалтыг хариуцдаг *******сууц өмчлөгчдийн холбооны чиг үүрэг, үйл ажиллагааны талаар дурдагддаг боловч түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, уг этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөх эсэхийг шүүх талуудаас тодруулаагүй. Хариуцагч *******ХХК нь барилгын менежментийг хариуцдаг гэх боловч энэ талаар хэрэгт ямар нэгэн баримт авагдаагүй учир уг байгууллагыг ямар чиг үүрэгтэй этгээд болохыг дүгнэх боломжгүй.
5.Дээр дурдсан ажиллагааг давж заалдах шатны шүүхэд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов. Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул шүүхийн хууль хэрэглээний асуудлаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дүгнэлт өгөөгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/04422 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Д.ЗОЛЗАЯА