| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0193/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/199 |
| Огноо | 2019-07-03 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Б.Энхболд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2019/ШЦТ/199
2019 07 03 2019/ШЦТ/199
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхболд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,
Хохирогч Т.Д,
Хохирогчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,
Шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.М-д холбогдох эрүүгийн 1934002760223 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Э.М, 1988 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Төв аймгийн Борнуур сумын Мандал 2 дугаар баг, Пүүний дэнжийн 4-43 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй,хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Э.М-ийн өгсөн: 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр би найз найртайгаа хамт гэртээ архи ууж байгаад орой 18 цагийн үед Төрөөгийн хүүхдийг цэцэрлэгээс авахаар Төрөөгийн машинтай явсан. Тухайн үед Төрөө огт архи уугаагүй байсан болохоор өөрөөр нь машиныг бариулаад явсан. Төрөө машинаа Хишиг дэлгүүрийн урд талд тавиад машинаас буугаад цэцэрлэг рүү явсан. Цэцэрлэг нь Хишиг Төвийн баруун талд байдаг юм. Тэгээд намайг машиндаа сууж байгаад тамхи татахаар машинаас буусан тэр үед Хишиг дэлгүүрийн урд зогсож байсан Амгаланбаатар над руу дөхөж ирээд “Энэ бацаан их том болоод байгаа” гэхээр нь ах нараа дүүгээ битгий оролдоорой гэж хэлсэн чинь Т.Д Амгаланбаатарын цаад талд зогсож байснаа хүрч ирээд “чамайг оролдсон хүн яадаг юм бэ” гээд нэг удаа гараараа нүүр рүү цохисон. Тэгэхээр нь би цээж рүү хоёр гараараа түлхсэн чинь хойшлохдоо замын боржуурт тээглээд арагш уначхаад босож ирээд намайг өмсөж байсан цамцаар минь боогоод нэг удаа мөргөсөн. Тэр үед миний уур хүрээд шанаа руу нь гараараа нэг удаа цохиод миний цамцны энгэрээс зуураад тавихгүй байхаар нь нүүр рүү нь хоёр удаа өшиглөөд гарыг нь тавиулсан. Тэгсэн цаанаас цагдаа ирээд намайг хэсэг рүү авч явсан. ...би тэр үед архи уусан ч гэсэн өөрийнхөө хийж байгаа үйлдлээ бүрэн ойлгож ухамсарлаж байсан. Тэр үед болсон бүх явдлыг санаж байгаа. Миний архийг үлээлгэж шалгаагүй. ...Би хохирогчид 1 090 000 төгрөг өгсөн. Өөр төлсөн төлбөр байхгүй. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө гэх мэдүүлэг,
Хохирогч Т.Д-ын өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Амгаланбаатар, Баясгалан нарын хамт 3 шил 0.75 литрийн Хараа архи Соёлын төвийн ард талын балгасны үүдэнд хувааж дуусгасан. Тэр үед би уусан архиндаа нилээн муудсан тасарч эхэлж байсан. Тэгээд төв орж такси аваад харихгүй бол гэр рүүгээ явж чадахгүй юм байна гээд Хишиг төв рүү очсон. Тэр үед миний ухаан санаа орж гараад байсан. Би гэртээ байхдаа 1 литрийн Их монгол архийг танихгүй хоёр залуугийн хамт уугаад төв рүү орж ирээд Амгаланбаатар, Баясгалан нартай хамт нэмж 0.75 литрийн 3 шил Хараа архи хувааж уусан. Тэгээд уусан архиндаа өөрийн мэдрэлгүй болсон байсан. ...би тэр үед уусан архиндаа тасраад юу хийж байгаа талаар мэдээгүй. Би архиндаа тасраад эмнэлэг орсон, гэртээ яаж харьсан талаараа огт мэдээгүй. Маргааш өглөө нь босоод хүнтэй маргалдаж муудалцсан талаараа мэдсэн. ...толгой болон цээжиндээ гэмтэл авсан байсан. Э.М-ид зодуулсны улмаас би эдгээр гэмтлийг авсан. Хавтаст хэрэгт 2 сая төгрөгийн хохирлын баримт өгсөн бөгөөд шүүгдэгчээс 1 сая төгрөгийн хохирол авсан. Үлдсэн хохирлоо нэхэмжлэхгүй. Энэ гэмтлийн улмаас толгой жоохон өвдөнө, гар бадайрна бусдаараа гайгүй. Миний чих угаасаа сонсгол муутай.” гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Гэрч Б.Амгаланбаатарын өгсөн: “...Би Т.Д, Ням-Осор, Майга гэх залуу бид хамт архи уучихаад Хишиг төвийн үүдэнд гэр рүүгээ харих гээд байцгааж байснаа санаж байна. Би нилээн согтуу байсан. Нэг мэдсэн цагдаа ирчихсэн машинд суу гэж байсан. Гадаа гараад салхинд тасарчихсан байсан. Такси барих гэж байсан болохоор тэр залууг таксинд явах уу гэж асуусан. Тэгтэл над руу хандаж чамайг харахад би таксинд явчхаар харагдаж байна уу гэж байсныг санаж байна. Тэгээд нэг мэдсэн цагдаа ирчихсэн байсан.” гэх мэдүүлэг /хх 23-24/,
Гэрч Н.Ням-Осорын өгсөн: “...Би Т.Д, Амгаа, Майга гэх залуу бид хамт архи уугаад Хишиг төвийн үүдэнд гэр рүүгээ харих гээд байцгааж байсан. Би цаашаа айлд очоод иртэл Т.Д нэг залуутай хоорондоо зууралдаад зодолдож байсан. Тэгээд тэр залуу Т.Д-ыг газар унагаад гараараа дээрээс нь цохихоор нь бид хэд салгах гэсэн бид хэд рүү бас дайрсан. Тэгтэл цагдаа ирээд тэр залууг салгаад машиндаа суулгасан. ...толгой руу нь цохиод байсан.” гэх мэдүүлэг /хх 25-26/,
Гэрч Б.Нармандахын өгсөн: “...Би хүүхдээ сургуулиас аваад дэлгүүрийн үүдээр явж байтал Т.Д нэг залуутай зодолдож байхаар очиж болиоч гэж хэлэхэд болихгүй зодолдоод байсан. Тэгтэл Т.Д газар уначихсан. Нөгөө залуу дээрээс нь гурван удаа хөлөөрөө дэвсээд байсан. Тухайн үед багийн дарга ирээд тэр залууг чи болиоч хүн алахнуу гээд гар утсаараа цагдаа дуудсан. Цагдаа удалгүй хүрч ирээд нөгөө залууг цааш нь аваад эмнэлэг дуудсан. ...эхлээд хоорондоо зодолдоод байсан. Тэгтэл Т.Д хойшоо уначихсан. ...нээх удаагүй 20-30 минут л болсон байх Т.Д газар унаад дээрээс нь 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгж байхад цагдаа ирсэн. ...Толгой руу нь цохиод байсан.” гэх мэдүүлэг /хх 27-28/,
Гэрч Д.Зол-Эрдэнийн өгсөн: ...2019 оны 3 дугаар сарын 13-ны 18 цагийн орчим ажил дээрээ байхад 99152892 дугаарын утаснаас Өгөөмөр багийн дарга Алтанхуяг залгаад дэлгүүрийн үүдэнд зодоон болоод байна гэсэн. Тэгээд дуудлага аваад 4 минутын дараа зодоон болсон газарт очиход Т.Д гэгч нь замын хажууд боржуур дэрэлчихсэн, Э.М гэгчийг Алтанхуяг барьсан байдалтай байсан. Би очиж Э.Мийг машинд суулган Т.Дын хажууд очиход ухаангүй хэвтэж байсан. Эмнэлэг рүү залгаж дуудлага дуудсан. Тэгсэн эмч ойрхон байсан гээд удалгүй ирсэн. Тэгээд Т.Д-ыг үзэж эмнэлэг рүү авч явъя гэхэд Т.Д сэрсэн. Тэгээд би машиндаа суулгаад эмнэлэг дээр хүргэж өгөөд эргэж хэсгийн байранд Э.М гэгчийг авчраад эхнэр Мөнхтуяа нь утсаар дуудан батлан даалтад хүлээлгэн өгч энэ тухай жижүүрийн 102 дугаарт мэдэгдсэн. ...Хоёулаа согтуу байсан. Т.Д нь дэлгүүрийн үүдний зогсоол дээр хэвтэж байсан. Э.М нь цаана нь агсарсан байдалтай байсан. Тухайн үед Нармандах Амгаланбаатар, Ням-Осор нар байсан. Мөн тойроод төв дэлгүүр болохоор нэлээн олон хүн байсан. Хэн хэн байсан гэдгийг сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх 33-35/,
Гэрч Т.Удвалын өгсөн: 2019 оны 3 дугаар сарын 13-ны өглөө над руу Борнуур суманд оршин суудаг нэг хүн /би нэрийг нь хэлмээргүй байна. Тэр хүний мэдээллийг нууцалж байна/ утсаар залгаад танай дүү чинь хүнд зодуулсан. Эмнэлэг рүү явж байна гэсэн. Тэр өдрөө сумын эмнэлэгт үзүүлээд маргааш нь Улаанбаатар хот руу дуудаж авчруулаад гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Тэгээд гавал тархины тасагт 10 хоног хэвтэж эмчлүүлсэн. Эмнэлэгт эмчилгээгээ хийлгэж дуусгаад эмнэлгээс гараад шууд Борнуур сум руу явсан. Бид нар Борнуур сум руу хоёр удаа эргэхээр очиж эм тариа, хоол унд аваачиж өгсөн. ...одоогийн байдлаар эмчилгээний зардал 2 000 000 төгрөг болж байна. ...Гавал яс хугарсан, толгой цус хурсан, үүдэн шүд хөдөлсөн, хавирганууд нь гэмтсэн, нуруу гэмтсэн байсан. Өөр нарийн сайн мэдэхгүй байна. ...эрүүл мэндийн дэвтэр бөглүүлэх гээд 70 000 төгрөг авсан. Өөр мөнгө авсан зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 36-37, 38/,
Гэрч С.Оюунцэцэгийн өгсөн: ...2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 18:10 цагт манай эмнэлэгт ирсэний дараа очиход цагдаа ирчихсэн. Т.Д газар хэвтэж байхаар нь биеийн байдлыг нь үзэхэд нүүрний зүүн чамархай хэсэгт зулгаралт, хамраас нь цус гарсан байдалтай ухаантай, асуусан асуултад хариулсан байдалтай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нилээн согтуу байсан. Хамт явж байсан гэх хоёр залуу бас нилээн согтсон хөл дээрээ тогтож чадахааргүй байсан. Тэгээд цагдаа Т.Дыг өргөж эмнэлэг дээр авчирсан. Тэгээд даралтыг үзэхэд даралт нь ихэссэн байсан. Тэгээд нүүрийг нь цэвэрлээд, шархыг цэвэрлээд, даралт бууруулах эм хэлэн доорнь тавьж өгсөн. Тэгээд амин үзүүлэлт хэвийн өөрөө ярих чадвартай ухаан алдаж хүндрэлд орсон зүйлгүй байсан болохоор гэмтлийн эмнэлэгт үзүүлэхээр зөвлөгөө өгөөд цагдаатай хамт гаргасан. ...Бусдад зодуулсан гэх үедээ ухаантай байсан. Миний асуусан асуултад өөрөө хариулж байсан. Зүүн чамархай хэсэг халцарсан байдалтай, хамраас цус гарсан байсан. Өөр ил харагдах шарх гэмтэл байгаагүй гэх мэдүүлэг /хх 39-40/,
Гэрч Д.Батсүхийн өгсөн: Тэр өдөр би дэлгүүртээ зогсож байсан. Хоёр гурав хоногийн дараа манай дэлгүүрээс бараа авч байсан хүмүүс “Т.Д хүнд зодуулсан” гэж ярьж байсныг сонсож байсан. Гэхдээ би зодуулсан талаар өөрийн нүдээр хараагүй. ...манай дэлгүүр гадна талыг харуулсан 6 камер, дотор талдаа 16 ширхэг камертай. Гэхдээ манай эсрэг талын дэлгүүр болох Хишиг төв рүү харсан камерын хард диск нь гэмтсэн байсан.” гэх мэдүүлэг /хх 41/,
Гэрч Н.Ганболдын өгсөн: “...Би тэр өдөр бараанд явсан байсан. Би бараандаа явж ирээд эхнэрээсээ зодоон болсон талаар мэдсэн. ...бид нар нэг нутгийн хүмүүс байгаа юм. Сумын төвөөр архи уугаад явж байдаг. Нийлдэг хүмүүс нь архины хамаарал бүхий хүмүүс. Дэлгүүрийн үүдэнд суугаад л архи ууж байдаг.” гэх мэдүүлэг /хх 42/,
Гэрч Ц.Алтанхуягийн өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр би 18 цагийн үед хүүхдээ цэцэрлэгээс авахаар Хишиг төвийн баруун талд байх цэцэрлэг рүү явж байх замд Хишиг төвийн үүдэнд хүмүүс бөөгнөрөөд байсан. Тэгээд очиж харахад Т.Дыг Э.М зодож байсан. Тэгээд би үүргээ биелүүлээд салгах гэхэд над руу дайрах гээд байсныг хараад цаанаас нь Очирбат ирж салгаж холдуулсан. Э.М агсраад байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Цагдаа удалгүй ирээд Э.Мийг аваад явсан. ...Газар толгойгоо дараад хэвтэж байсан. Т.Д нь ухаантай хэвтэж байсан. ...Намайг харахад Э.М нь Т.Дын нүүр рүү өшиглөж байсан. Миний харснаар 5 орчим минут болсон.” гэх мэдүүлэг /хх 43/,
Гэрч М.Очирбатын өгсөн: “...Хишиг дэлгүүрийн урд талд хүмүүс зодолдоод байсан. Тэгэхээр нь би очиход Т.Д, Э.М /Дэлдээ/ нар хоорондоо барилцаж аваад зогсож байхаар нь би Э.Мийг хойш нь татахад “Энэ намайг дээрэлхээд байна шүү дээ” гэж Э.М хэлэхээр нь би боль ахын дүү хэрэггүй гээд салгаад холдуулсан. Тэгээд би ажилтай байна явлаа гээд яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх 44/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн №3515 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Т.Д-ын биед зүүн чамархайн урд доод хэсгээс суурь яс руу үргэлжилсэн хугарал, зүүн чамархайн тархины эдэд цус хуралт, няцрал, хамрын таславчны мурийлт, тархи доргилт, баруун, зүүн дух, чамархайн хэсгийн сорви, хамрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой." гэжээ /хх 48-49/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 17-19/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 66/, эмнэлгээс өвчтөн илгээх хуудас /хх 118/, яаралтай тусламжийн хуудас хх /119/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Э.М нь хууль зүйн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Т.Д-ын эрүүл мэндэд санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Хишиг төвийн үүдэнд 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 18 цагийн орчим иргэн Т.Д-ыг зодож эрүүл мэндэд нь "Зүүн чамархайн урд доод хэсгээс суурь яс руу үргэлжилсэн хугарал, зүүн чамархайн тархины эдэд цус хуралт, няцрал, хамрын таславчны мурийлт, тархи доргилт, баруун зүүн, дух чамархайн хэсгийн сорви, хамрын зулгаралт" бүхий хүнд хохирол учруулсан болох нь шүүгдэгч Э.Мийн өгсөн:"...Т.Д Амгаланбаатарын цаад талд зогсож байснаа хүрч ирээд “чамайг оролдсон хүн яадаг юм бэ” гээд нэг удаа гараараа нүүр рүү цохисон. Тэгэхээр нь би цээж рүү хоёр гараараа түлхсэн чинь хойшлохдоо замын боржуурт тээглээд арагш уначхаад босож ирээд намайг өмсөж байсан цамцаар минь боогоод нэг удаа мөргөсөн. Тэр үед миний уур хүрээд шанаа руу нь гараараа нэг удаа цохиод миний цамцны энгэрээс зуураад тавихгүй байхаар нь нүүр рүү нь хоёр удаа өшиглөөд гарыг нь тавиулсан." гэх мэдүүлэг, хохирогч Т.Дын өгсөн: “...Би архиндаа тасраад эмнэлэг орсон, гэртээ яаж харьсан талаараа огт мэдээгүй. Маргааш өглөө нь босоод хүнтэй маргалдаж муудалцсан талаараа мэдсэн. ...толгой болон цээжиндээ гэмтэл авсан байсан. Э.М-д зодуулсны улмаас би эдгээр гэмтлийг авсан.” гэх мэдүүлэг, гэрч Н.Ням-Осорын өгсөн: “...Би цаашаа айлд очоод иртэл Т.Д нэг залуутай хоорондоо зууралдаад зодолдож байсан. Тэгээд тэр залуу Т.Дыг газар унагаад гараараа дээрээс нь цохихоор нь бид хэд салгах гэсэн бид хэд рүү бас дайрсан. ...толгой руу нь цохиод байсан.” гэх мэдүүлэг /хх 25-26/, гэрч Б.Нармандахын өгсөн: “...Би хүүхдээ сургуулиас аваад дэлгүүрийн үүдээр явж байтал Т.Д нэг залуутай зодолдож байхаар нь очиж болиоч гэж хэлэхэд болихгүй зодолдоод байсан. Тэгтэл Т.Д газар уначихсан. Нөгөө залуу дээрээс нь гурван удаа хөлөөрөө дэвсээд байсан. Тухайн үед багийн дарга ирээд тэр залууг чи болиоч хүн алахнуу гээд гар утсаараа цагдаа дуудсан. ...эхлээд хоорондоо зодолдоод байсан. Тэгтэл Т.Д хойшоо уначихсан. ...нээх удаагүй 20-30 минут л болсон байх Т.Д газар унаад дээрээс нь 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгж байхад цагдаа ирсэн. ...Толгой руу нь цохиод байсан.” гэх мэдүүлэг /хх 27-28/, гэрч Д.Зол-Эрдэнийн өгсөн: "...2019 оны 3 дугаар сарын 13-ны 18 цагийн орчим ажил дээрээ байхад 99152892 дугаарын утаснаас Өгөөмөр багийн дарга Алтанхуяг залгаад дэлгүүрийн үүдэнд зодоон болоод байна гэсэн. Тэгээд дуудлага аваад 4 минутын дараа зодоон болсон газарт очиход Т.Д гэгч нь замын хажууд боржуур дэрэлчихсэн, Э.М гэгчийг Алтанхуяг барьсан байдалтай байсан. Би очиж Э.Мийг машинд суулган Т.Дын хажууд очиход ухаангүй хэвтэж байсан....Хоёулаа согтуу байсан. Т.Д нь дэлгүүрийн үүдний зогсоол дээр хэвтэж байсан. Э.М нь цаана нь агсарсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хх 33-35/, гэрч Т.Удвалын өгсөн: "...Тэр өдрөө сумын эмнэлэгт үзүүлээд маргааш нь Улаанбаатар хот руу дуудаж авчруулаад гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Тэгээд гавал тархины тасагт 10 хоног хэвтэж эмчлүүлсэн. Эмнэлэгт эмчилгээгээ хийлгэж дуусгаад эмнэлгээс гараад шууд Борнуур сум руу явсан. Бид нар Борнуур сум руу хоёр удаа эргэхээр очиж эм тариа, хоол унд аваачиж өгсөн. ...одоогийн байдлаар эмчилгээний зардал 2 000 000 төгрөг болж байна. ...Гавал яс хугарсан, толгой цус хурсан, үүдэн шүд хөдөлсөн, хавирганууд нь гэмтсэн, нуруу гэмтсэн байсан." гэх мэдүүлэг /хх 36-37, 38/, гэрч Ц.Алтанхуягийн өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр би 18 цагийн үед Хишиг төвийн үүдэнд хүмүүс бөөгнөрөөд байсан. Тэгээд очиж харахад Т.Дыг Э.М зодож байсан. ...Намайг харахад Э.М Т.Дын нүүр рүү өшиглөж байсан. Миний харснаар 5 орчим минут болсон.” гэх мэдүүлэг /хх 43/, гэрч М.Очирбатын өгсөн: “...Хишиг дэлгүүрийн урд талд хүмүүс зодолдоод байсан. Тэгэхээр нь би очиход Т.Д, Э.М /Дэлдээ/ нар хоорондоо барилцаж аваад зогсож байхаар нь би Э.Мийг хойш нь татахад “Энэ намайг дээрэлхээд байна” гэж Э.М хэлэхээр нь би боль ахын дүү хэрэггүй гээд салгаад холдуулсан.” гэх мэдүүлэг /хх 44/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн №3515 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 48-49/зэргээр нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдлийг, мөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тус тус тооцно гэж заасан бөгөөд уг үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн санаатай гэмт хэрэгт” тооцогдоно гэж заасан тул шүүгдэгч Э.Мийн хохирогч Т.Д-ын эрх чөлөөнд халдаж Монгол улсын Үндсэн хуульд заасан хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд шүүгдэгч Э.М-ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Хохирогч Т.Д-ын шүүх хуралдаанд өгсөн: "хавтаст хэрэгт 2 сая төгрөгийн хохирлын баримт өгсөн бөгөөд шүүгдэгчээс 1 сая төгрөгийн хохирол авсан. Үлдсэн хохирлоо нэхэмжлэхгүй." гэх мэдүүлгээр шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Хэдийгээр хохирогч хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн хохирлоосоо татгалзаж байгаа ч хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргээс шалтгаалан цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Э.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлд нь 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар миний үйлчлүүлэгч гэм буруугийн асуудал болон хэргийн зүйлчлэлд маргаагүй. Хохирогчийн буруутай үйл ажиллагаа гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн, тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулах тул торгуулийн ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
гэрч П.Батсүхийн өгсөн: "Э.М бид хоёр бие биенээ мэддэг болоод 20 гаруй жил болж байна. Бага байхаасаа найзалж ирсэн. Бусадтай нийтэч эелдэг харьцаатай, хүмүүстэй маргалдаж муудалцаад байдаггүй, алиа хошин, хамт байх үед элдэв төрлийн хошин зүйл ярьж нэгнээ баясгадаг, хамт олон болон найз нөхөд гэр бүл дундаа нэр хүнд сайтай, ар гэртээ анхаарал халамж сайтай сайн эцэг, сайн нөхөр байгаа юм. Архи дарс хэрэглэсэн үедээ биеэ зөв авч явдаг. Өөрийн гэсэн бодолтой. Ноён нуруутай сайн хүн" гэх мэдүүлэг /хх 31/, гэрч М.Пүрэвдагвын өгсөн: "Э.М нь зан аашийн хувьд төлөв даруу зантай, хүнтэй маргалдаад муудалцаад байдаггүй, дуугүй бүрэгдүү, найз нөхөд гэр бүл дундаа нэр хүнд сайтай, спортлог нөлөө ихтэй хүн. Архи согтууруулах ундааны зүйл найз нөхдөөрөө цугларсан үедээ хэрэглэдэг гэхдээ хүнтэй согтуурхаж маргаад байдаггүй, биеэ зөв авч явдаг. Би тэр талаар нь огт мэдэхгүй байна. Миний мэдэхийн холбогдож байсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 32/, урьд ял шийтгэгдэж байгаагүй талаархи ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 66/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /3 сар, 1 нас, 4 настай 3 хүүхэдтэй/ /хх 124-126/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 61/ зэрэг авагджээ.
Шүүгдэгч Э.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлын төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Э.М-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний хувийн байдалтай холбоотой хэрэгт авагдсан нотлох баримт, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэгт дүгнэлт хийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ялын доод хэмжээгээр оногдуулж, дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар санал оруулсан миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт торгох ялын доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт торгуулийн ялын доод хэмжээ арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 /арван сая/ төгрөг байхаар хуульчилсан бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлын нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмын дагуу, мөн түүний хөрөнгө орлого, ажил эрхлэлтийг харгалзан хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Эрүүгийн 1934002760223 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.М нь цагдан хоригдсон хоног, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.М-ийг 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн 1934002760223 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
5.Хохирогч Т.Д нь эрүүл мэндийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ