| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 102/2024/06673/И |
| Дугаар | 210/МА2025/01358 |
| Огноо | 2025-08-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2025/01358
*******ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/04539 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******т холбогдох
Орон сууц хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Манай компани нь иргэн *******тэй 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 33-02/02-70 тоот орон сууц захиалгаар барих гэрээг байгуулж, Баянгол дүүрэг, *******хороо, Алтай хотхонд байрлах, 3 өрөө орон сууцыг 108,594,000 төгрөгөөр тооцож, гэрээ байгуулахдаа 5 сая төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 5 caя төгрөг, 18 сарын хугацаанд cap бүр 2 сая төгрөг тогтмол төлж, үлдэгдэл төлбөрийг харилцан тохиролцож шийдвэрлэхээр тохиролцсон.
Захиалагч нь 2019 оны 10 дугаар сард багтаан банкны зээлээр үлдэгдэл төлбөрийг барагдуулахаар тохиролцож байранд орох зөвшөөрөл өгнө үу гэсний дагуу 2019 оны 10 дугаар сард байрыг хүлээлгэн өгсөн.
Гэвч үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 02/348 тоот албан бичгээр гэрээг цуцалж байгааг мэдэгдэж, байрыг 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн дотор чөлөөлж өгөхийг шаардсан боловч байрыг чөлөөлж өгөхгүй хаалгаа тайлахгүй байсан болно. Компанийн зүгээс Баянгол дүүргийн шүүхэд орон сууцыг авахаар хандахад хариуцагчийн хаяг тодорхойгүй гэдгээр 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 102/Ш32021/15581 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж гарсны дагуу хариуцагчийг эрэн сурвалжилсан бөгөөд Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс хаяг тодорхойлсон.
Иймд Баянгол дүүрэг, *******хороо, ******* хотхон, ******* байр, ******* тоот орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ийг Баянгол дүүрэг *******хороо, ******* хотхон, ******* байр, ******* тоот орон сууцыг нэхэмжлэгч *******ХХК-д чөлөөлж өгөхийг даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Нэхэмжлэгч тал гэрээний төлбөр төлөхийг шаардаж хугацаа тогтоосон, гэрээнээс татгалзах санал гаргаж байсан баримтыг шүүхэд гаргаагүй байх бөгөөд хариуцагч гэрээний үүргээ зөрчсөний улмаас гэрээнээс татгалзах үндэслэл нэхэмжлэгч талд үүссэн, ийнхүү татгалзах саналаа захиалагч буюу үүрэг гүйцэтгэгч талд мэдэгдсэн, хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй байх урьдчилсан нөхцөл бий болсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд гэрээний дагуу шилжүүлсэн орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байх бөгөөд хариуцагч нь Орон сууц захиалгаар барих гэрээний дагуу орон сууцыг нэхэмжлэгч талаас шилжүүлэн өгсний үндсэн дээр эзэмшиж, ашиглаж байх тул бусдын өмчийг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэхгүй бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн боловч Үндэслэх нь хэсгийн 7-а ".. Хэдийгээр нэхэмжлэгч нь орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн агуулга, хэрэгт цугларсан баримтаас үзвэл тухайн орон сууцыг хариуцагч захиалсан боловч гэрээнд заасан орон сууцны үнийг бүрэн төлөөгүй гэх үндэслэл зааж байгаа нь захиалагч гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр гэрээнээс татгалзаж байна гэж ойлгогдохоор байна" гэсэн байгаа нь шүүх нэхэмжлэлээр шаардаагүй зүйлийг нэхэмжлэгч шаардсан мэтээр санаачилгаараа нэхэмжлэлийн шаардлагын талаар өөрчилсөн дүгнэлт хийж илт хууль бус шийдвэр гаргажээ гэж үзэхэд хүргэж байна.
4.2.Анхан шатны шүүх маргааны үйл баримт, хэргийн нөхцөл байдлыг үнэлэн нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах, орон сууцыг буцаан шаардах эрх үүсээгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үүрэгтэй байсан атал нэхэмжлэгч ******* ХХК-аас Орон сууц захиалгаар барих гэрээ цуцлагдсан гээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******ийн гэрээний төлбөр төлсөн 66,340,000 төгрөгийг хариуцагчийн дансаар буцаан шилжүүлсэн гэж шилжүүлгийн баримтыг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагч нь орон сууцны үнийг төлөөгүй үндэслэлээр орон сууцыг чөлөөлүүлэхээр шаарджээ гэсэн нь нэхэмжлэгч шүүхэд хандан нэхэмжлэл гаргаснаас хойш анхан шатны шүүх хэрэг маргааныг шийдвэрлээгүй, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байх үед нэхэмжлэгч талын дур зогоороо хариуцагч талд дахин огт мэдэгдээгүй хийсэн үйлдлийг зөвтгөж хэт нэг талд үйлчилж байна гэж үзэхээр ойлголтыг төрүүлж байна.
Дээрх бүх байдлууд нь анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй болсныг нотлож байна гэж үзэж давж заалдах журмаар гомдол гаргаж байгаа бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:
5.1.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Орон сууц захиалгын гэрээний 5.1, 5.2 болон Иргэний хуульд зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч компани нь 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 02/348 дугаар албан бичгээр гэрээг цуцалж, мөн оны 08 дугаар сарын 16-ны өдрийн дотор орон сууцыг чөлөөлөх тухай албан бичгийг хариуцагчид гардуулсан.
5.2.Хариуцагч нь гэрээнээс татгалзсан гэх шаардлагыг өөрчилж дүгнэсэн гэх агуулгаар анхан шатны шүүхийг буруутгасан. Хавтаст хэрэгт гэрээнээс татгалзсан талаарх албан бичиг авагдсан. Хариуцагч нь мөнгийг төлөхгүй байсан учраас нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсан. Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл хариуцагч буруу тайлбарлаж давж заалдах гомдол гаргасан.
5.3.Мөн орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой байсан гэж маргадаг. Хохирол нэхэмжлэхгүйгээр өгсөн, авсан зүйлээ буцаах буюу хариуцагчийн төлсөн мөнгийг буцаан өгөөд 7 жилийн хугацааны хохирлыг нэхэмжлээгүй. Гэрээний хугацаа 2018 оноос 18 сарын хугацаатай төдийгүй 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төлж дуусах ёстой байсан. Хариуцагчийг гэрээнээс татгалзсан мэдэгдлийг өгсөн өдрөөс хойш эрэн сурвалжилсан, шүүхэд албадан ирүүлсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.
2.Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч *******т холбогдуулан орон сууц хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.*******ХХК, ******* нарын хооронд 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч *******ХХК нь Баянгол дүүрэг, *******дүгээр хороо, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах, 60.33 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьж хүлээлгэн өгөх, захиалагч ******* нь орон сууцны төлбөрт 108,594,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар зохигч маргаагүй байна.
4.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
4.1.Хариуцагч нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 66,340,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь орлогын ордер, орлогын баримтын тасалбар, талуудын тайлбараар тогтоогдсон.
4.2.Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2019/508 дугаар дүгнэлтээр Баянгол дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан 3 давхар үйлчилгээтэй, 10 давхар 132 айлын, 27 автомашины дулаан зогсоол, 6 агуулахтай барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн байна.
4.3.Нэхэмжлэгч нь хариуцагчийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн маргаан бүхий орон сууцыг түүний эзэмшилд шилжүүлжээ. Уг хүсэлтэд хариуцагч нь тухайн 10 дугаар сард багтаан банкны зээлд хамрагдаж төлбөр тооцоогоо барагдуулах хүсэл зоригоо илэрхийлсэн байна.
5.Талуудын байгуулсан гэрээний 2.1-2.4 дэх хэсэгт тусгагдсан төлбөр тооцооны нөхцөлөөс үзвэл, хариуцагч нь 2019 оны 12 дугаар сард багтаан нийт 46,000,000 төгрөг төлөх, үлдэх төлбөрийг орон сууц ашиглалтад орох үед талууд харилцан тохиролцож шийдвэрлэхээр тохиролцжээ.
5.1.Хариуцагч нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 32,000,000 төгрөг төлж, үлдэх төлбөрийг тухайн 10 дугаар сард багтаан банкны зээлд хамрагдаж төлөх нөхцөлөөр орон сууцыг эзэмшилдээ шилжүүлэн авсан боловч төлбөр тооцоог бүрэн хийгээгүй байна.
Тодруулбал, хариуцагч нь үүнээс хойш 2020 онд 2,300,000 төгрөг, 2021 онд 11,450,000 төгрөг, 2023 онд 9,000,000 төгрөг, 2024 онд 11,590,000 төгрөг (үүнээс 11,000,000 төгрөг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлөгдсөн), бүгд 66,340,000 төгрөгийг төлсөн бөгөөд гэрээний үнээс 42,254,000 төгрөг төлөгдөөгүй байна.
5.2.Худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээх бөгөөд анхан шатны шүүх хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
6.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 02/348 тоот албан бичгээр гэрээг цуцалж байгааг мэдэгдэж, байрыг 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн дотор чөлөөлж өгөхийг шаардсан боловч байрыг чөлөөлж өгөхгүй хаалгаа тайлахгүй байсан болно. Компанийн зүгээс орон сууцыг авахаар Баянгол дүүргийн шүүхэд хандахад хариуцагчийн хаяг тодорхойгүй гэдгээр 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 102/Ш32021/15581 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж гарсны дагуу хариуцагчийг эрэн сурвалжилсан бөгөөд Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс хаяг тодорхойлсон гэж дурджээ.
6.1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон, эсхүл үүрэг гүйцэтгэхийг урьдчилан сануулсан боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.
6.2.Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 30ё1-3/3589 дугаар албан бичгээс үзэхэд, нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 102/ШШ2024/02903 дугаар шийдвэрээр эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоожээ. Түүнчлэн уг шийдвэрт дурдагдсанаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 102/Ш32021/15581 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан байна.
Дээрх нөхцөл байдлыг Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй нөхцөл байдал гэж үзэхээр байна. Тодруулбал, хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй байгаа нөхцөлд нэхэмжлэгчээс хариуцагчид үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох, эсхүл үүрэг гүйцэтгэхийг урьдчилан сануулах боломжгүй болох бөгөөд ийм нөхцөл байдлыг ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт болсон гэж дүгнэх үндэслэлтэй.
6.3.Анхан шатны шүүх хариуцагчийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
6.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэгч тал гэрээний төлбөр төлөхийг шаардаж хугацаа тогтоосон, гэрээнээс татгалзах санал гаргаж байсан баримтыг шүүхэд гаргаагүй байх бөгөөд хариуцагч гэрээний үүргээ зөрчсөний улмаас гэрээнээс татгалзах үндэслэл нэхэмжлэгч талд үүссэн, ийнхүү татгалзах саналаа захиалагч буюу үүрэг гүйцэтгэгч талд мэдэгдсэн, хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй байх урьдчилсан нөхцөл бий болсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй.
7.Гэрээнээс татгалзсаны үр дагаврыг зохицуулсан Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг анхан шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэж, маргаан бүхий Баянгол дүүрэг, *******хороо, *******хотхон, ******* байр, ******* тоот (гэрээнд 113 тоот гэж тусгагдсан нь орон сууц ашиглалтад орох үед өөрчлөгдсөн) хаягт байрлах орон сууцыг нэхэмжлэгчид чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
7.1.Нэхэмжлэгчийн гаргасан хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх шаардлагыг шүүх нэхэмжлэлийн үндэслэлд тодорхойлсноор гэрээнээс татгалзсаны үр дагаврыг шийдвэрлүүлэх агуулгыг илэрхийлсэн гэж дүгнэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй. Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд шүүх нэхэмжлэлээр шаардаагүй зүйлийг нэхэмжлэгч шаардсан мэтээр санаачилгаараа нэхэмжлэлийн шаардлагын талаар өөрчилсөн дүгнэлт хийж илт хууль бус шийдвэр гаргасан гэж дурдсан нь үндэслэлгүй.
7.2.Түүнчлэн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7 дахь хэсэгт Энэ хуулийн 205.1-д заасан үүргийг гэрээний талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй гэж заасан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагчийн төлсөн 66,340,000 төгрөгийг буцаан шилжүүлснийг буруутгах үндэслэлгүй. Энэ талаарх гомдлыг мөн хангахгүй.
8.Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/04539 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 700,920 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Д.ЗОЛЗАЯА