| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0196/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/203 |
| Огноо | 2019-07-03 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2019/ШЦТ/203
2019 07 03 2019/ШЦТ/203
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд,
Шүүгдэгч Н.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Н.От холбогдох эрүүгийн 1934003360252 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Н.О, 1976 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, мал аж ахуй эрхэлдэг,ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Төв аймгийн Лүн сумын Цагаан Уул 1 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Н.О-ын өгсөн: “...Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр багийн нутаг “ Цэрэн даргын ар” гэх газарт байх шороон замд 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өглөө өөрийн эзэмшлийн 4728 УНЗ улсын дугаартай CEREC /серес/ маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байхдаа тээврийн хэрэгслээ зогсоосон үедээ консноосоо хөлөө авч, хөдөлгөөнөө үргэлжлүүлсний улмаас машины урд бие засахаар зогсож байсан Б.Бг мөргөж хөлд нь гэмтэл учруулсан. Б.Б нь миний хуурай дүү бөгөөд бид хоёр 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Баянхангай сум орж хоночхоод маргааш нь буцаад хөдөө гэр лүүгээ явж байсан. Төв аймгийн Лүн сумын нутаг Цэрэн даргын ар гэх газар явж байхад Б.Б бие засмаар байна гэсэн. Яг тэрүүхэн үед гадаа салхитай, шороогоор шуурч байсан бөгөөд Б.Б машины баруун урд талд машины нөмөрт цаашаагаа хараад машин луу нуруугаа харуулаад шээгээд зогсож байсан. Би анх ирж зогсохдоо машинаа унтраагаагүй 1 дүгээр араанд нь хийгээд зогсож байснаа мартаад гэнэт огцом консоо авсан. Тэгтэл бие засаж байсан Б.Б-г мөргөөд хөл дээгүүр нь гарчихсан. Би сандраад машинаас буухад Б.Б газар хэвтчихсэн ёолоод хөл эвгүй болчихлоо гэж хэлж байсан. Би Б.Б-г өргөж машинд суулгаад гэр рүү очоод эхнэрийн Приус 10 маркийн машинтай шууд Улаанбаатар хотын ГССҮТ-д ирж үзүүлээд эмнэлэгт хэвтүүлсэн. Би тэр үед архи уугаагүй эрүүл байсан. Урд өдөр нь жоохон юм уусан боловч хоночхоод маргааш нь явсан болохоор архи гарчихсан байсан. Тухайн үед би араатай нь консон дээрээ гишгээд зогсож байхдаа тамхи асаах хоорондоо өөрөө ч мэдэлгүй консон дээрээс хөлөө аваад огцом урагшаа хөдлөөд мөргөчихсөн. Өөрөөр бол ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Б.Б бид хоёрын хооронд ямар нэгэн өс, хонзонгийн асуудал байхгүй болно. Би В, С ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй. Анх 2006 онд жолооч болсон Бөө Улиас нэртэй жолооны курсэд сурч төгссөн. Тухайн үед унаж явсан 4728 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би Б.Б-тай өөрийн биеэр уулзаж уучлалт гуйсан. Эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан. Б.Б одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн. Би өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй.” гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч Б.Б-гийн өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 16-наас 17-ны өдрийн хооронд Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр багт саахалт айлын малчин Н.О-ын хамт хоёулаа Н.Оын гэрт архи уусан. 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өглөө 08 цагийн үед гэрлүүгээ харих санаатай Н.О маркийг нь мэдэхгүй цэнхэр өнгийн улсын дугаарыг нь мэдэхгүй автомашинтай Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр баг Цэрэн даргын ар гэдэг газар явж байгаад би шээмээр болоод машинаас нь буусан. Ингээд Н.О машиндаа сууж байсан. Би урд талд гарчихсан шээж байтал гэнэт урагшлаад баруун талын хөлийг мөргөчихсөн. Тэгтэл Н.О бууж ирээд араатай байснаа мартаад консноосоо хөлөө авчихлаа гэж хэлсэн. Тэгээд миний хөл эвгүй болчихсон учир Н.О машиндаа суулгаад явсан. Тэгээд Н.О машины тосоол нь тургиад явж болохгүй байсан тул Н.Оын эхнэр Мөөгий намайг Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт хүргэж ирсэн. Гэмтлийн эмнэлэгт ирэхдээ би өөрөө морниос унасан гэж хэлж худлаа бүртгүүлсэн. Эмнэлэгт үзүүлэхэд баруун хөлний шагайг хавчдаг хоёр савхан яс нь хугарсан байна гээд гипс тавьсан. Хагалгаанд орж магадгүй шагай голоороо хугарсан гэсэн. Өөр биед учирсан гэмтэлгүй биеийн байдал хэвийн байна. Н.Отай хамт байх хугацаанд хэрэлдэж маргалдаагүй. Санаандгүй байдлаас консноос хөлөө аваад тэгээд машин гэнэт урагшлаад дайрчихсан. Тэрнээс биш санаатай дайрсан зүйл байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Бид хоёр шөнөжин гадуур явж архи уусан учраас нилээн согтуу явж байсан. Болсон асуудлыг бүгдийг санаж байгаа.” гэх мэдүүлэг / хх 15, 16-17/,
Гэрч Н.Норовдоржийн өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр багийн нутаг Хөх даваа гэх газар гэртээ байж байтал шөнө 22 цагийн үед Н.О өөрийн цэнхэр өнгийн ачааны машинаа жолоодоод Б.Бтай хамт манайд ирсэн. Тэгээд Б.Б, Н.О бид гурав 0,75 литрийн Хараа нэртэй архи нэг шилийг уугаад унтсан. Өглөө нь 07 цаг гэж босоод цай уугаад Н.О, Б.Б хоёр гэр рүүгээ явлаа гээд манайхаас машинтайгаа явсан. Түүнээс хойш Н.О, Б.Б хоёртой уулзаагүй. Өглөө нь архи уугаагүй, манайхаас гарахдаа Н.О эрүүл байсан. Б.Б нь надтай шөнө бараг 04 цаг хүртэл архи ууж байгаад унтсан болохоор бага зэрэг согтуу байсан байж магадгүй. Н.О машинаа жолоодож явсан. Манайд байхдаа хэрэлдэж маргалдаагүй. Н.О нь хааяа архи уудаг. Эхнэр 3 хүүхдийн хамт мал маллан амьдардаг байгаа. Нутгийн хүмүүсийн дунд нэр хүндтэй, даруу төлөв ааш зан сайтай хүнтэй эвсэг сайн залуу. Б.Б насаар бага хүнтэй суугаагүй байгаа. Мөн нутгийн хүмүүсийн дунд нэр хүнд сайтай хүнд тусархуу, ааш зан сайтай залуу.” гэх мэдүүлэг /хх 20/,
Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн №61 дугаартай дүгнэлт:
1.Хэрэгт авагдсан нотлох баримтаар үзэхэд Н.О нь CERES маркийн 4728 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзэв. 2.Жолооч Н.О нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг, өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчсөн байна. 3.Жолооч Н.О нь Монгол Улсын замын хөдөлгөөн дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг, өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон. 4.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд осол болоход замын болон бусад нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэв. 5.Асуултад дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй гэж үзэв.” /хх 22/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн №7006 дугаартай дүгнэлт:
“1.Б.Б-гийн биед баруун шагайн үеийн гадна дотор хавчаар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх 26/,
Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-6/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч /хх 7-9/, авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11-13/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 35/, хохирогчийн өвчний түүх /хх 54-60/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч, хохирогч нарын хүсэлт, прокурорын тогтоол /хх 63-67/ зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Н.О нь Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр багийн нутаг, "Цэрэн даргын ар" гэх газар шороон замд 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн эзэмшлийн 4728 УНЗ улсын дугаартай KIA CERES маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана" гэх заалтыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгслээ зогсоож байхдаа, консноосоо хөлөө авч, хөдөлгөөнөө үргэлжлүүлсний улмаас зорчигч Б.Бг машиных нь урд бие засахаар зогсож байхад нь мөргөж, хөлийг нь дайран, эрүүл мэндэд нь "Баруун шагайн үеийн гадна дотор хавчаар ясны хугарал" бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь Жолооч Н.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг, өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэх Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн №61 дугаартай дүгнэлт, хохирогч Б.Б-гийн эрүүл мэндэд баруун шагайн үений гадна дотор хавчаар ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол тогтоогдсон гэх Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №7006 дугаартай дүгнэлт, шүүгдэгч болон хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Н.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.О улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаагүй болно.
Хохирогч Б.Б-гийн "Миний бие яллагдагч Н.О-аас хохирлоо бүрэн барагдуулж авсан сайн дураараа эвлэрсэн. Цаашид нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт /хх 65/-ээр шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Н.О, хохирогч Б.Б нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж Н.От 650 000 төгрөгийн торгох ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.
Шүүгдэгч улсын яллагчийн гаргасан торгох ялыг хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Н.Оын үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй.
Шүүгдэгч Н.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт торгох ялын доод хэмжээ 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Н.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 1934003360252 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Н.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Н.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.От оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Н.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Эрүүгийн 1934003360252 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.О нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ