| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2024/02676/И |
| Дугаар | 210/МА2025/01341 |
| Огноо | 2025-08-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2025/01341
*******ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 191/ШШ2025/03770 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******ХХК, *******нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 449,237,718.61 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.Зээлдэгч *******ХХК, *******нар нь *******ХК-ийн Сөүл бизнес төвтэй 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ЗГ/202045499128 тоот зээлийн гэрээ байгуулж, 300,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай, ******* аймгийн ******* сумын 2 дугаар цэцэрлэгийн барилгын их засварын ажил гүйцэтгэхэд шаардагдах санхүүжилтийн зориулалтаар зээлсэн.
Уг зээлийн гэрээнд 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ/202045499128-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр зээлийн гэрээний хугацааг 11 сараар сунгаж, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ/202045499128-2 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр үндсэн зээлийн төлбөр хойшлуулсан хугацаанд хуримтлагдсан хүүг төлөхөөр зээл олголт, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан, мөн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ЗГ/202045499128-3 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр зээлийн гэрээний хугацааг 6 сараар сунгаж, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан.
1.2.Мөн зээлдэгч *******ХХК, *******нар нь 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ/202146251826 тоот зээлийн гэрээ байгуулж, 400,000,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, ажлын байрыг дэмжих зориулалтаар зээлсэн.
Уг зээлийн гэрээнд 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ЗГ/202146251826-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр зээлийн хүү жилийн 3 хувийг жилийн 19.8 хувь болгож, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн.
1.3.Талуудын хооронд байгуулсан 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ болон нэмэлт гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр БГХ/202045499128 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн засаг даргатай байгуулсан УТХО 2020/40 тоот Хэрлэн сумын 2 дугаар цэцэрлэгийн барилгын их засварын ажил гүйцэтгэх гэрээний орлогыг, 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ болон нэмэлт гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр БГУ/202146251826 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, *******ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн *******дугаартай, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол /13330/ Энхтайваны өргөн чөлөө гудамж ******* байрны ******* тоот хаягт байршилтай, 67 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлтийн *******дугаартай, Баянгол дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол /16094/ ******* байрны ******* тоот хаягт байршилтай, 63.84 м.кв талбайтай. 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн *******дугаартай, Баянгол дүүрэг, *******дугаар хороо, ******* дугаар хороолол /16094/ 626 байрны ******* тоот хаягт байршилтай, 84 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан.
1.4.Зээлдэгч нар нь 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 268,049,528.9 төгрөг, зээлийн хүүнд 78,220,915 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 321,353.4 төгрөг нийт 346,591,797.3 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 147,080,879.8 төгрөг, зээлийн хүүнд 19,426,549.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 32,625.2 төгрөг нийт 166,540,055 төгрөгийг тус тус төлсөн байна.
1.5.Зээлдэгч нар нь өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байх тул 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 36,910,190.2 төгрөг, зээлийн хүү 46,050,544.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,266,476 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 141,500 төгрөг, нийт 90,368,711 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 252,919,120.16 төгрөг, зээлийн хүү 91,066,149.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,024,738.25 төгрөг, нийт 359,010,007.61 төгрөг, бүгд 449,378,718.61 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Энэхүү зээлүүдийг хэвийн төлж байсан боловч дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал гарч, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр компанийн үйл ажиллагаа, орлого доголдож, зээл, зээлийн хүүг төлөхөд хүндрэл үүссэн. Мөн компанийн үндсэн орлого болох зарим барилгын гүйцэтгэл эргүүлэн татагдах, улсын санхүүжилт зогсох, Ковид-19 цар тахлын дараах үнийн өсөлтөөр зарлага нь орлогоосоо давах зэрэг хүчин зүйлүүд нөлөөлж зээл, зээлийн хүүг төлөхөд хугацаа шаардлагатай болсон.
Ажлын байрыг дэмжих жилийн 3 хувийн хүүтэй зээлийн гэрээний хүүгийн төлбөрийг энгийн зээл рүү шилжүүлэх гэрээг Хаан банкнаас шаардсан бөгөөд зээлийн хүүг үндсэн гэрээний хүүгээр тооцуулах, мөн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр үүсэж байсан шалтгааныг үндэслэн торгууль, алдангийг чөлөөлүүлэх үндэслэлийг харгалзан үзэж дахин нягталж өгнө үү гэсэн хүсэлтийг илэрхийлж байна.
2.2.Анх 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээний төлбөр 268,049,528 төгрөг төлсөн, зээлийн хүүгийн төлбөрт 78,220,915 төгрөг төлсөн, зээлийн хүүгийн төлбөрт төлснийг үндсэн зээлд төлснөөр тооцож өгнө үү. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 320,353 төгрөг төлсөн байна. Нийтдээ 346,591,797 төгрөгийг төлсөн байна. Үүнийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаад хүү алдангийг тооцож өгнө үү. Дараагийн 2021 оны гэрээний хувьд үндсэн зээлийн төлбөрөөс 147,000,879 төгрөг, зээлийн хүүд 69,429,000 төгрөг, нийт 166,540,055 төлсөн. Өмнөх тайлбарын дагуу хүү, нэмэгдүүлсэн хүүд төлснийг үндсэн зээлд төлснөөр тооцож өгнө үү. Хүүг урьдчилж авна гэсэн хуулийн заалт байхгүй. Үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу шийдвэрлэж өгнө үү.
2.3.Банкны тухай хууль болон бусад хууль тогтоомжийг тоочиж байгаа боловч Иргэний хуулийг голчилж авч үзэх ёстой. Иргэний хуульд нийцсэн агуулгатай хуулийн зүйл заалт, үзэл баримтлалыг дагаж мөрдөх ёстой. Банк гэж бусад зээлдэгчээс илүү эрхтэй байх боломжгүй, тэгш эрхийн зарчимтай байх ёстой. 300,000,000 төгрөг зээлээд 345,000,000 төгрөг авчихаад 90,000,000 төгрөг нэхэж байна. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх заалтыг авч үзэхээс өөр аргагүй. Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бол гэсэн агуулга байгаа. Төлөх хугацаа болсон бол эхлээд үндсэн зээл, дараа нь хүүг төлнө гэж байгаа. Энэ бол ямар ч зээлийн гэрээ болон бусад хууль тогтоомжоос илүүтэйгээр нарийвчлан зохицуулагдана. Ковид цар тахалтай холбоотой асуудлыг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй, ажил гүйцэтгэх гэрээг барьцаалсан зээл олгосон.
2.4.Зээлтэй холбоотой зээлийн эргэн төлөлт шаардсан учир талууд төлбөрөө төлж чадахгүй байсан тул зээлийн гэрээний хугацааг сунгасан байдаг. Үүнтэй холбоотой өнөөдрийг хүртэл уг асуудал яригдаж байгаа. Хуулийн үндсэн санаа нь үндсэн төлбөрийн 50 хувиас хэтэрсэн зээл, зээлийн хүү, алдангийг төлүүлэхгүй байх боломж хуулиар олгогдсон. 90,000,000 төгрөг бус 36,000,000 төгрөгийн 50 хувьтай тэнцэх төлбөр бодогдох ёстой. Анхны зээлийн гэрээ 2022 оны 05 дугаар сард хугацаа дууссан. Энэ хүртэл зээлийн гэрээний хүү, алданги тооцогдох ёстой. Тэрнээс хойш банк болон хуулийн этгээд шүүхэд хандаад асуудлаа шийдвэрлүүлэх боломж байсан. Зээлийн гэрээний хугацаа зогссон үеэс тооцсон хүүг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Өмнөх 2020 оны зээлийн гэрээтэй холбоотой хүүг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 2 дахь зээлийн гэрээний хувьд 19 хувиар бодож тооцсон байгаа. Анх байгуулсан гэрээний үндсэн хүүг харгалзан үзэх ёстой. Жилийн 3 хувийн хүүг 19 хувийн хүүтэй болгоё гэвэл, дахин хүү тооцсон бол бичгээр байгуулагдах ёстой. Хууль үйлчлээгүй тул 19 хувиар зээлийн гэрээг тооцох боломжгүй. Дараагийн авсан зээлийн хүүг 3 хувиар тооцох ёстой.
2.5.Барьцаа хөрөнгөтэй холбоотой асуудалд эхний гэрээнд яригдахгүй. Сүүлийн гэрээнд зарим барьцаа хөрөнгөөр хангуулах тухайд төлөх шатанд хариуцагч өөрөө зохицуулаад явах боломжтой байх. Барьцаа хөрөнгө нь хэт бага үнэлсэн байсан. Нотариатын төлбөрийг ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа нь тодорхойгүй учир хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******ХХК, *******нараас 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ/202045499128 тоот зээлийн гэрээний үүрэгт 90,227,211 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ЗГ/202146251826 тоот зээлийн гэрээний үүрэгт 359,010,007.61 төгрөг, нотариатын зардалд 141,500 төгрөг, нийт 449,237,718.61 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ХК-д олгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч *******ХХК, *******нар 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ЗГ/202146251826 тоот зээлийн гэрээний үүрэгт 359,010,007.61 төгрөг төлөх шүүхийн шийдвэрийг сайн дураар үл биелүүлбэл барьцаа хөрөнгө болох *******ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн *******-р хороо, *******-р хороолол, /13330/ Энхтайваны өргөн чөлөө гудамж ******* байр ******* тоот хаягт байршилтай 67 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн *******дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, *******өмчлөлийн Баянгол дүүргийн *******-р хороо, *******-р хороолол, /16094/ 62б байр ******* тоот хаягт байршилтай 63.84 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн *******дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, *******өмчлөлийн Баянгол дүүргийн *******-р хороо, *******-р хороолол, /16094/ 62б байр *******тоот хаягт байршилтай 84 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн *******дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2,633,392 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ХХК, *******нараас 2,633,392 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ХК-д олгож шийдвэрлэсэн.
4.Хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
4.1.Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хэрэгт ач холбогдол бүхий дансны хуулга гаргуулах болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх, талуудын мэтгэлцэх, тайлбар гаргах боломжийг нээх зэрэг эрхийг хязгаарласан шийдвэр болсон. Хариуцагч нь 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ/202045499128 тоот зээлийн гэрээгээр 300,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүрэгт 268,049,528 төгрөг, зээлийн хүүд 78,220,915 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 321,354 төгрөг, нийт 346,591,797 төгрөгийг, 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ЗГ/202146251826/ тоот гэрээгээр 400,000,000 төгрөгийн зээлийг ажлын байр дэмжих зориулалтаар авсан ба үндсэн зээлд 147,080,879 төгрөг, зээлийн хүүд 19,426,549 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 32,625 төгрөг, нийт 166,540,055 төгрөг төлсөн байна. Гэтэл шүүхээс ЗГ/202045499128 гэрээний дагуу үндсэн зээл 36,910,190.2 төгрөг үлдсэн, зээлийн хүү 46,050,544.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,266,476 төгрөг, нийт 90,227,211 төгрөгийг гаргуулж, 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ЗГ/202146251826 дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 252,919,120 төгрөг, зээлийн хүү 91,066,149 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,024,738 төгрөг, нийт 359,010,007 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн шийдвэрийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнийг хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл бага байхад түүнээс хоёр дахин илүү хүү болон нэмэгдүүлсэн хүү гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 1.2-д заасан оролцогчийн эрх тэгш байх зарчмыг зөрчиж байна. Тодруулбал 36,910,190.2 төгрөг байхад түүнээс илт давсан хүү, нэмэгдүүлсэн хүү нийлээд 53,317,020 төгрөг болж үндсэн зээлийн үлдэгдлээс хүүгийн хэмжээ 16,406,830 төгрөгөөр илүү байхад шүүх энэ байдалд дүгнэлт хийгээгүй.
4.2.Хэрэгт авагдсан баримт болон зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх хугацаанд зээлдэгчээс шалтгаалаагүй хүнд нөхцөл байдал үүсч, барилгын материал, хүний нөөц, машин механизм, бусад нөхцөл байдал илтэд өсөж, төрийн байгууллагын шийдвэрээс шалтгаалан ажлаа хийж чадахгүй нөхцөл байдал үүссэн нь зээлийг хугацаанд нь төлж чадаагүй нэг нөхцөл юм. Мөн ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэж байсан ажлын гэрээг захиалагч талаас үл ялих зүйлээр шалтаглан цуцалж, зээлийг төлөх бодит боломжгүй болгосон нь хариуцагч нарт тулгарсан томоохон асуудал байсан. Шүүхээс дээрх нөхцөл байдалд нарийвчилсан дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит үйл баримттай нийцэхгүй байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа банк, санхүүгийн байгууллага нь Иргэний хууль, бусад хууль тогтоомжид орсон хуулийн давуу байдлаа ашиглаж, иргэн, хуулийн этгээдийг өрийн дарамтад оруулж байгаа нь нууц биш асуудал билээ.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэх эрх хэмжээ байхад хэрэгт авагдсан баримт, бусад нөхцөл байдалд нарийвчилсан дүгнэлт хийлгүй, дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлэхгүйгээр шийдвэр гаргасан.
4.3.Шүүхээс Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг анхаарч үзээгүй. 2020 оны зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон ба шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. Банк нь 300,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, нийтдээ 346,591,797 төгрөг төлчихөөд байхад дахин 90,227,211 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь буруу. Мөн 400,000,000 төгрөгийн зээл авчихаад нийтдээ 166,540,055 төгрөг төлчихөөд байхад дахин 359,010,007 төгрөг гаргуулж банкинд нийтдээ 525,550,062 төгрөг төлөхөөр болж байна. Банк нийтдээ 700,000,000 төгрөг зээлж, нийт 962,369,070 төгрөг буюу 362,369,070 төгрөгийг зөвхөн хүү, нэмэгдүүлсэн хүүнд өгөхөөр байгаа нь хариуцагчид илтэд хохиролтой байна. Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс гаргуулах шаардлагыг ч гэсэн хүлээн зөвшөөрөх боломжгүй буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эрх хэмжээнд халдсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар шийдвэрлэсэн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ/202045499128 тоот гэрээний үүргийг биелүүлсэн байхад 90,227,211 төгрөгийг шүүхээс дахин гаргуулсан нь үндэслэлгүй. 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ЗГ/202146251826/ тоот гэрээний зээлийн хүү 91,066,149 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,024,738 төгрөгийг гаргуулсан нь хариуцагчид илтэд хохиролтой байгаа нийт 181,293,360 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар 449,237,718 төгрөг гаргуулж *******ХК-д олгуулах гэсэн хэсгээс 181,293,360 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулах, барьцаа хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэснийг тус тус хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1.Гомдолд дурдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй нь үндэслэлтэй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаан удаа дараа хойшилсон. 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн товлогдсон шүүх хуралдаанд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Ирцтэй холбогдуулаад шүүх оролцогч нарын байр суурийг тодруулж асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтад заасан үндэслэлээр эзгүйд нь шийдвэрлэж өгөөч гэх хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваад эзгүйд нь шийдвэрлэсэн. Дансны хуулгыг нотлох баримтаар гаргуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн журмаар гаргах нотлох баримт биш юм. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа анхан шатны шүүхэд 1 жил гаруй хугацаанд үргэлжилсэн. Энэ хугацаанд хариуцагч банкинд очиж харилцах дансны мэдээлэл, гэрээ, зээлийн гэрээг гаргуулж авах эрх нь нээлттэй байсан.
5.2.Байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэхэд талууд маргадаггүй. Гэрээ хүчин төгөлдөр учраас зээлийн хүүг Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар тооцсон, гэрээний 2.4.5, 7.1, 7.6 дугаар зүйлд хүүг хэрхэн тооцохыг зохицуулсан. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт зээлдэгчийн хариуцлага хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд зээлийг төлж барагдуулах хүртэл хугацааны хүүг төлөхөөр зохицуулагдсан. Хариуцагчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэх ажлын гэрээг захиалагч тал цуцалснаас болж зээлийн төлбөрийг төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн талаар дурдсан. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4 дэх хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна. Харин үүргийг хугацаанд нь гүйцэтгэсэн ч тохиолдох байсан тохиолдлын улмаас үүссэн хохирлыг хариуцахгүй. Өөрөөр хэлбэл 2020 оны зээлийн гэрээний хувьд үүргийн гүйцэтгэлийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай байгуулсан Хэнтий аймагт баригдаж байгаа цэцэрлэгийн барилгын ажлын гэрээний орлогоор хангуулахаар тохиролцсон. Барилгаа бариагүй, хугацаа хэтрүүлсэн, гэрээ цуцлах асуудалд нь банк оролцоогүй учраас хамааралгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар хүүгийн хэмжээг зээлдэгчийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн тохиолдолд шүүх хүүг буулгах ёстойг буулгаагүй гэж хариуцагчийн тайлбарт дурдагдсан. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр хугацаа, хүүг тохиролцсон. Банк нь тусгай зөвшөөрөлтэй буюу Монголбанкны зөвшөөрлийн үндсэнд үйл ажиллагаа явуулдаг. Монголбанк нь арилжааны банк, тухайн банкны хадгаламжийн хүүтэй уялдуулаад зээлийн хүүний дээд хэмжээг тогтоодог. Арилжааны банк дээд хэмжээнээс давуулахгүйгээр зээлийн үйлчилгээний бүтээгдэхүүн, депозитоосоо хамаараад зээлийн хүүг өөрөө тогтоодог. Иймд энэхүү зээлийн хүүг бууруулах гэсэн гомдол үндэслэлгүй.
5.3.2020 оны зээлийн гэрээний хугацаа дууссан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх асуудлыг ярьж байгаа ч уг зээлийн гэрээнд 3 удаа нэмэлт өөрчлөлт оруулж, 2 удаа хугацааг сунгасан. Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа нөхцөл байдлаас хамааруулахад зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 10 дугаар хуудсанд дэлгэрэнгүй дурдсан байдаг. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дарааллыг зөрчсөн гэх гомдолд, анхан шатны шүүх зээлийн гэрээний маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсноор нийт хэдэн төгрөг нэхэмжилж байгааг шийддэгээс биш төлбөрийн график гаргаж төлүүлэхээр шийдэх хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээнд 90,368,711 төгрөг, үүнд үндсэн зээл, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал багтсан. 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээнд зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 359,010,007.61 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. 2020 оны зээлийн гэрээнд орлого барьцаалсан, 2021 оны ажлын байрыг дэмжих зээлийн гэрээнд үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан. Тэгэхээр анхан шатны шүүхээс 2021 оны зээлийн гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь зээлдэгчийн эрхийг зөрчсөн зүйл байхгүй. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрээ бөгөөд Иргэний хуулийн 175 дугаар зүйлд зааснаар ипотек буюу үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага албадан дуудлага худалдаагаар борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах хуулийн зохицуулалттай учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч *******ХК нь хариуцагч *******ХХК, *******нарт тус тус холбогдуулан 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 90,368,711 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 359,010,007.61 төгрөг, нийт 449,237,718.61 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3.Хариуцагч нарын өмгөөлөгч ******* нь 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд 2 зээлийн гэрээний эргэн төлөлтийн дансны хуулгыг 2020 оны 08 дугаар сараас 2025 оны 04 дүгээр сарыг хүртэлх хугацаагаар нэхэмжлэгч *******ХК-аас гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч *******ХК нь анх шүүхэд 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байх ба ингэхдээ 2 зээлийн гэрээний үүргийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөр тооцжээ. Нэмэгдүүлсэн шаардлагад хавсаргасан зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгуудаас үзэхэд, 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний тооцоог 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр, 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний тооцоог 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөр тус тус тасалбар болгосон байна.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөр тооцож байгаа нөхцөлд зээлийн дансны хуулгыг уг хугацаагаар гаргуулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, мөн хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлт нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, нотлох баримттай холбоотой байх бөгөөд анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэхдээ уг баримтыг өөрөө олж авах боломжгүй нотлох баримт гэх үндэслэл тогтоогдохгүй, мөн тухайн баримтыг нэхэмжлэгч талаас гаргасан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй байна.
4.Үүнээс гадна нэмэгдүүлсэн шаардлагад барьцаа хөрөнгө болох *******ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн *******дугаартай, Баянзүрх дүүрэг, *******дугаар хороо, ******* дүгээр хороолол /13330/ Энхтайваны өргөн чөлөө гудамж ******* байрны ******* тоот хаягт байршилтай, 67 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэмэгдүүлсэн байх боловч нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Нийслэлийн улсын бүртгэлийн ерөнхий газарт хаягласан уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх агуулга бүхий 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 5124/459 дүгээр албан бичгийн хуулбарыг хавсаргасан байна.
Өөрөөр хэлбэл тухайн үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа хүчинтэй эсэх үйл баримт тодорхой бус байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх нэхэмжлэгчээс тодруулаагүй, талууд мэтгэлцээгүй, түүнчлэн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаас хариуцагч тал татгалзаж байгаа нөхцөлд шүүхээс дүгнэлт өгөх шаардлагатай үйл баримт байна.
5.Давж заалдах шатны шүүхэд дээр дурдсан ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 191/ШШ2025/03770 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******аас 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 1,064,416 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Д.ЗОЛЗАЯА