| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0183/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/193 |
| Огноо | 2019-06-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2019/ШЦТ/193
2019 06 28 2019/ШЦТ/193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламжав,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяр,
Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1934003240256 дугаар, 1 хавтас хэргийг 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б.С , 1982 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 3-31 тоотод засаг захиргааны бүртгэлтэй, одоо Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн Хоолтын 9-7 тоотод түр оршин суух, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Хорих 415 дугаар ангид хамгаалалтын ажилтан ажилтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.С өгсөн: "Би эхнэрээ орж ирэхийг хүлээгээд орон дээр хэвтэж байтал эхнэр гаднаас орж ирсэн. Тэгээд намайг босооч пизда минь галаа түлээч хүүхдүүд хөлдөж үхлээ гэхээр нь би чамд явахдаа мод түлээ бэлдэж өгсөн биз дээ өөрөө галаа түлчихгүй яасан юм гэж хэлтэл хуц банзал пизда минь чи хаагуур банзалтаж яваад ирж байгаа юм ажлын газрынхан чинь ирчихээд байхад чи яахаараа ирдэггүй юм гэх зэргээр доромжилж хэрүүл өдөөд байсан. Бид хоёр хэрэлдээд байж байтал манай эхнэр чамд ингэж дээрэлхүүлнэ гэж байхгүй шүү банзал пизда минь гээд миний толгой, бие рүү цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд түлхсэн. Надтай зууралдаж газарт унахдаа булан болон газарт бие нь цохигдоод биед нь гэмтэл учирсан байх. Тэрнээс би цохиогүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү" гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч П.Б өгсөн: “...би С-г чи босоод гал түлээд өгчих гэсэн чинь чадахгүй пизда минь гээд хөл рүү өшиглөхөөр нь би хүүхэд даарчихлаа гал түлээд өгөөч гэтэл зайлахгүй юугаа хийж байгаа пизда гичий янхан минь гэхээр нь чи хоногоор явж ирчхээд ямар сонин юм бэ гэж хэлтэл босож ирээд миний баруун мөр рүү цохиод ор руу түлхээд унагаахаар нь зөрүүлээд цохиод хөл гар руу өшиглөөд, ална чамайг гээд хоолой боогоод байсан. Манай том охин болиочээ дүү нар айгаад байна гэсэн чинь охиныгоо С цааш нь түлхэхээр нь би босож очоод өөрийг нь түлхээд нэг удаа цохиод автал эргэж хараад намайг орон дээр дараад дахиад миний нүүр, нүд рүү зодоод байхаар нь би охиноо дуудаад хажуу айлын Нараа эгчийг дуудчих гэсэн чинь С охины араас босоод явахаар нь би охиныг цохиод авчих байх гэж айгаад араас нь очоод С-гийн цамцнаас нь татаад авсан чинь тавь пизда минь гээд шалан дээр унагаагаад үсдээд шал мөргүүлэхээр нь би өөдөөс нь жийж байгаад цамцнаас нь зулгаагаад авсан чинь үсдэж дөрвөн хөллүүлж байгаад сандлаар нуруун тус газар нэг удаа цохисон чинь сандал нь цаашаа ойчоод өгсөн. Тэгээд байж байтал Нараа эгч орж ирээд салгасан. ...утсаа аваад эцэг, эх рүүгээ залгах гэсэн чинь миний утсыг булааж авч шидээд усны сав аваад миний толгой руу /шар 20 литрийн шар саваар/ цохиж зодсон. Манай нөхөр өмнө нь Улаанбаатар хотод байхдаа дунд хүүгээ гэдсэнд байхад 2015 оны наадмын дараа анх намайг зодож эхэлсэн. Төв аймгийн Баян сумын хориход курс төгсөж томилогдож ирснээс хойш архи уух болгондоо шөнө орой болгон зоддог байсан. Одоогоор 200 000 гаруй төгрөгийн хохирол учирсан байгаа.” гэх мэдүүлэг /хх 14-16/,
Гэрч Д.Нарантуяагийн өгсөн: “...хорихын хянагч ажилтай С-ын охин аав, ээж хоёр зодолдоод байна гээд манайд уйлчихсан орж ирэхээр нь би дагаж гараад гэрт нь орсон чинь Б.С эхнэртэйгээ гал тогооны өрөөндөө Б. Сдээр гаргачихсан эхнэрээ доороо хийчихсэн цохиод зодож байхаар нь би очоод С-г хориод болиулсан. ...Б.С одоо тэгвэл жинхэнээсээ зодно гээд эхнэртэйгээ ноцолдоод эхэлсэн. Тэгэхээр нь би та хоёр болиоч гээд салгах гэсэн чинь болихгүй байсан.” гэх мэдүүлэг /хх 23-24/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019.4.29-ний өдрийн №5102 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.П.Б ы биед цээж баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх /хх 29/,
ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 42/, Аюулын зэргийн үнэлгээгээр эрсдэлийн түвшин 10 буюу дунд гарсан талаархи дүгнэлт /хх 48-49/ зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Б.С нь хууль зүйн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, үл ялих зүйлээр шалтаглан “танхайн” сэдэлтээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч П.Б-ны биед санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.С нь 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн Хоолтын 9-7 тоотод байх гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч П.Б ы эрүүл мэндэд цээж баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Иймд шүүгдэгч Б.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Хохирогч П.Б-ы хавтаст хэрэгт хавсаргасан нотлох баримтаар 124 900 төгрөгийн хохирлыг хангаж, шүүгдэгч Б.С-с нь гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч улсын яллагчийн гаргасан 700 000 төгрөгийн торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Торгуулийн ялыг боломжит хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.С, хохирогч П.Б нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж Б.С-д ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.
Шүүх шүүгдэгч Б.С-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн шинж, чанар, шүүгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулах талаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан, улсын яллагчийн дүгнэлтээр гаргасан эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч Б.С-д оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 1934003240256 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Б.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан 700 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 233 333 /хоёр зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Б.С-аас 124 900 /нэг зуун хорин дөрвөн мянга есөн зуу/ төгрөг гаргуулж Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 8-р хороо Эрдэнэтолгойн 40-119 тоотод оршин суух хохирогч П.Б -д олгосугай.
6.Эрүүгийн 1934003240256 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ