| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0198/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/205 |
| Огноо | 2019-07-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Хонгорзул |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2019/ШЦТ/205
2019 07 03 2019/ШЦТ/205
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хонгорзул,
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Шаргачин Батмэндийн Б.Эт холбогдох эрүүгийн 1934004290248 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б.Эт, 1991 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн Зуунмод сум Энхтайваны 0-Б-9 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Э-ын өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр манай эхнэр ажилдаа яваад би эхнэрийн ах болох Бямбажаргалын гэр рүү орсон. Тэгээд бид хоёр цай унд ууж сууж байгаад ярилцаад архи уухаар болоод төв рүү ороод 1 шил 0.75 алтан түрүү архи, 2 сав 2.5 литрийн боргио пиво аваад гараад замаасаа такси аваад гэр рүү явсан. Тэгээд бид хоёр хоол унд хийж идэнгээ авсан архиа ууж дуусгаад Бямбажаргал гэрт орж үлдсэн 2 сав пиво уугаад унтаж байхад манай эхнэр ажлаа тараад бид нар дээр ирсэн.Тэгээд намайг сэрээгээд явъя гэхээр нь би уурлаад эхнэрээ алгадсан. Тэгээд нэг мэдэхэд би ахтай маргалдаж байсан. Тухай үед би согтсон байсан болохоор юу болж байгааг мэдэхгүй орж гараад байсан. Тэгээд л удалгүй цагдаа нар ирээд намайг авч явсан. Би тэр талаараа санахгүй байна. Сүүлд манай эхнэр ярьж байгааг сонсоход би эхнэрээ дүүтэй нь хардаад зодсон байсан. Би 0.75 литрийн архи, 2 сав 2.5 литрийн боргио пиво хоёулахнаа хувааж уугаад тасраад унтаж байсан. Бямбажаргал, Мөнхчулуун, Баянмөнх нар байсан. Баяраа байж байгаад муудалцаж эхлэхээс өмнө алга болсон байсан. Би бүх зардлыг төлж барагдуулсан байгаа. Бид хоёр эвлэрсэн одоо ямар нэгэн асуудал байхгүй.” гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч Г.А-ын өгсөн: “....2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр өглөө 09 цагт ажилдаа яваад ажил дээрээ байж байгаад өдөр цайны цагаараа Мөнхчулуун руу чат бичиж байхад танай нөхөр Б.Э, Бямбажаргал ахтай хамт архи ууж байгаа гэсэн. Тэгээд би орой ажлаа тараад гэр лүүгээ явах замдаа Бямбажаргал ах руу залгаад нөхрөө асуухад манай гэрт байж л байна гэсэн. Би шууд Бямбажаргал ахын гэр лүү усны аж ахуй руу явсан. Намайг очиход Баяраа, Бямбажаргал нар манай нөхөртэй хамт архи уугаад сууж байсан. Тэгээд нөхрөө авч явах гэхэд намайг манай хамаатны дүү Баянмөнхтэй хардаад чи ажлаа хийхгүй юу хийж явж байгаа юм бэ, энэ хүнтэй гээд уурлаад миний толгой руу гараараа нэг удаа цохиод, газарт түлхэж унагаасан. Баянмөнх намайг өмөөрөхөд манай нөхөр Баянмөнхтэй маргалдаад цамцыг нь урсан. Тэгээд намайг гэрээс үсдэж гаргасан. Тэгсэн манай ах Бямбажаргал манай нөхөртэй намайг өмөөрөөч маргалдаад барилцаж авсан. Тэгэхээр нь миний уур хүрээд цагдаа руу дуудлага өгөөд нөхрөө бариулсан. Бид хоёр гэр бүл болоод 6 жил болж байна. Бид хоёр 3 хүүхдийн эцэг, эх болсон. Архи согтууруулах ундааны зүйл уулаа гэж маргалддаг байсан. Гэхдээ тэр болгонд надад гар хүрч байгаагүй. Урьд өмнө ганц хоёр удаа л гарч хүрч байсан. Миний толгой дух хэсгээр хавдсан. Гарны тохой хэсэг зулгарсан. Өөр гэмтэл байхгүй. Эм тариа авсан. Эмнэлэгт үзүүлсэн төлбөр нийлээд 300 000 төгрөг болсон. Эдгээр зардлыг манай нөхөр гаргасан. Миний бүх зардлыг төлсөн. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 16/,
Гэрч М.Мөнхчулууны өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 17 цагийн үед байх цагийн сайн санахгүй байна. Манай нөхөр бас найз Баяраа гэх залуутай Б.Э гурвуулаа ирээд архи, пиво аваад тэдний гэрт орж уусан. Тэгээд тэд нар архиа ууж дууссан гэрт нь унтаж байсан. Орой 18 цаг өнгөрч байхад Б.Эыг сэрээгээд явъя гэх хэлсэн. Тэгтэл нөхөр нь явахгүй гэж уурлаад юунаас болж уурласан юм мэдэхгүй эхнэрийнхээ нүүр лүү гараараа нэг удаа цохиод гэрээс эхнэрээ үсдэж гарсан. Тэгээд Г.А-ыг зодоод байхаар нь төрсөн дүү Баянмөнх салгасан тэр хойгуур нь би Г.Аыг зугтаа гэж хэлсэн. Тэгээд Г.А зугтаагаад цагдаа дуудаж ирэх хойгуур Б.Э нь манай нөхрийн толгой цээж рүүнь цохиж тоосго авч шидээд байсан. Б.Э архи уухаараа их агсам тавьдаг юм байна лээ. Эхнэрээ алах шахсан эхнэр нь зугтаагаагүй бол эхнэрийгээ яаж ч магадгүй хүн байна лээ..” гэх мэдүүлэг /хх 10/,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн №364 дугаартай дүгнэлт: “1.Г.А-ын биед тархи доргилт, дух, дагзанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохой, баруун шуунд нь зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” гэх /хх 18/,
Аюулын зэргийн үнэлгээ /хх 12-13/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 32/ зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг Усны аж ахуйн 603 тоотод согтуугаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Г.Аын бусадтай хардан эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь "Тархи доргилт, дух, дагзанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохой, баруун шуунд нь зулгаралт" бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гаргасан шинжээчийн 364 дугаартай дүгнэлтийн хэсэг газрын үзлэгээр: Г.А-ын биед тархи доргилт, дух, дагзанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохой, баруун шуунд нь зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн гэх 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн №364 дугаартай шинжээчийн дүгнэлт, Хохирогч Г.А-ын өгсөн: “...манай хамаатны дүү Баянмөнхтэй хардаад чи ажлаа хийхгүй юу хийж явж байгаа юм бэ, энэ хүнтэй гээд уурлаад миний толгой руу гараараа нэг удаа цохиод, газарт түлхэж унагаасан. Тэгээд намайг гэрээс үсдэж гаргасан. Архи согтууруулах ундааны зүйл уулаа гэж маргалддаг байсан. Гэхдээ тэр болгонд надад гар хүрч байгаагүй. Урьд өмнө ганц хоёр удаа л гарч хүрч байсан. Миний толгой дух хэсгээр хавдсан. Гарны тохой хэсэг зулгарсан.” гэх мэдүүлэг /хх 16/, гэрч М.Мөнхчулууны өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 17 цагийн үед байх цагийн сайн санахгүй байна. Манай нөхөр бас найз Баяраа гэх залуутай Б.Э гурвуулаа ирээд архи, пиво аваад тэдний гэрт орж уусан. Тэгээд тэд нар архиа ууж дууссан гэрт нь унтаж байсан. Орой 18 цаг өнгөрч байхад Б.Э-ыг эхнэр нь сэрээгээд явъя гэх хэлсэн. Тэгтэл нөхөр нь явахгүй гэж уурлаад юунаас болж уурласан юм мэдэхгүй эхнэрийнхээ нүүр лүү гараараа нэг удаа цохиод гэрээс эхнэрээ үсдэж гарсан. Тэгээд Г.А-ыг зодоод байхаар нь төрсөн дүү Баянмөнх салгасан тэр хойгуур нь би Г.Аыг зугтаа гэж хэлсэн. Б.Э архи уухаараа их агсам тавьдаг юм байна лээ. Эхнэрээ алах шахсан эхнэр нь зугтаагаагүй бол эхнэрийгээ яаж ч магадгүй хүн байна лээ.” гэх мэдүүлэг /хх 10/ зэргээр тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Э-ын дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй. Шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсэж үйлдээгүй байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Г.А-ын "Миний нөхөр Б.Э нь миний хохирлыг барагдуулж эм тариа, эмчилгээ хийлгэж өгсөн тул гомдол саналгүй болно. Хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт /хх 44/-ээр шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Э, хохирогч Г.А нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж Б.Э-т ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.
Шүүгдэгч Б.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5-т заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т "Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно." гэж заасан бөгөөд шүүгдэгчийн хүсэлтийг харгалзан 650 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 216 700 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Б.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 1934004290248 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650 000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан 650 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 216700 /хоёр зуун арван зургаан мянга долоон зуу/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Эрүүгийн 1934004290248 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ