Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2025/01339

 

 

 

 

*******нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 197/ШШ2025/08414 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******нэхэмжлэлтэй

Хариуцагч *******д холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 13,758,535 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зохигчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч *******нь хариуцагч *******д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 13,758,535 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй учир Улсын дээд шүүхийн тогтоол гарсан 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс ажилд эгүүлэн томилсон 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс 13,758,535 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон.

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...Монгол Улсын дээд шүүх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэгч давхар ажил эрхэлж байсан тул цалин хөлсөөр хохироогүй, хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар удаа дараа мэдэгдэхэд ажилдаа ороогүй гэж тайлбарласан.

 

4.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2023/05216 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 210/МА2024/00243 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ2024/00084 дугаар тогтоолоор **************ийн Орчны эрүүл мэндийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлээс ажилгүй байсан хугацааны олговорт 15,398,908 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

5.Улмаар *******ийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/174 дүгээр тушаалаар *******Орчны эрүүл мэнд, нөлөөллийн үнэлгээний албаны даргын албан тушаалд томилсон байна.

 

6.Ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр дуусгавар болгосон ажил олгогчийн хүлээх хариуцлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт тодорхойлсон ба ажилтны урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нөхөн олгох үүрэгтэй.

 

6.1.Дээрх шүүхийн шийдвэрээс үзэхэд, маргаан бүхий *******ийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар *******Орчны эрүүл мэндийн албаны даргын албан тушаалын үүрэгт ажлаас чөлөөлж, тус албаны хотжилтын асуудал эрхэлсэн эрдэм шинжилгээний ажилтнаар түр томилсон байх ба хяналтын шатны шүүхийн тогтоолд нэхэмжлэгч нь ажил олгогчийн тушаалыг зөвшөөрөөгүй хэдий ч өөр ажилд томилсноор уг ажлыг хийсэн бол цалин хөлсөөр хохирохгүй, хохирол учрахгүй байх боломжтой байсан, үүнд ажилтнаас шалтгаалсан байдал тогтоогдож байх тул ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах боломжгүй гэж дүгнэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан ба тус үйл баримт дахин нотлох шаардлагагүй үйл баримтад хамаарна.

 

6.2.Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч *******ажилгүй байсан хугацаанд цалин хөлс аваагүй нь нэхэмжлэгчээс өөрөөс нь шалтгаалсан, тодруулбал маргаан бүхий ажил олгогчийн тушаалын дагуу нэхэмжлэгч хотжилтын асуудал эрхэлсэн эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан бол цалин хөлсөөр хохирохгүй, хохирол учрахгүй байх боломжтой байсан болохыг нэгэнт тогтоосон, энэ үндэслэлээр хариуцагчаас олговор гаргуулахаар шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, тус шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.

 

6.3.Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг хангах боломжгүй бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь түүний нэхэмжлэлийн шаардлагаас 1,946,935 төгрөгт холбогдох хэсгийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд давж заалдах гомдол гаргасан ба дээр дурдсанаар нэхэмжлэл үндэслэлгүй тул гомдол мөн үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч *******д холбогдуулан гаргасан 13,758,535 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 197/ШШ2025/08414 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч *******д холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 13,758,535 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 46,101 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 203,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  М.БАЯСГАЛАН

 

Д.ЗОЛЗАЯА